• Өнөөдөр 2024-05-18

МАН-ын генсек Д.АМАРБАЯСГАЛАНГ Ардчилсан намын дарга болгоё

2021-02-04,   1096

-АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД, ҮНЭНЧ ДЭМЖИГЧИЙГ НЬ ХОЁР ТАЛД ХУВААЖ, ХООРОНД НЬ “ҮЗЭЛЦҮҮЛЖ” БАЙХААР ЭСРЭГ НАМЫНХ НЬ ГЕНСЕКЭЭР УДИРДУУЛААД Ч БОЛТУГАЙ АРД ТҮМНЭЭ ЭВТЭЙ БАЙЛГАСАН НЬ ӨЛЗИЙТЭЙ-

С.Эрдэнэ, Ц.Туваан нар тамга тэмдгээ ээлжлэн хүчингүй болгож, бие биеэ намаасаа хөөснөөр Ардчилсан нам бүр ч эзгүйдэв бололтой. Тэд “Манай нам хоёр хуваагдаагүй, намын үйл ажиллагаа хэвийн байгаа” гэж ээлж дараалан мэдэгдэх боловч эрхийг нь барьж, бодлогыг нь зангидах ёстой хүмүүс ийм байхаар тус намынхан аль аль шатандаа боож үхэхийн наагуур юм болж байгаа ойлгомжтой. 
 
Ардчилсан намд одоо өрнөж буй үйл явдлууд ч, өмнөх 4-5 жилийн үйл ажиллагаа ч сайн менежер сох дутагдаад байгааг тод хэлээд буй. Тиймээс Ардчилсан намын даргаар МАН-ын генсек Д.Амарбаягаланг томилчихвол цаг, нүдээ олсон томилгоо болох гээд байна.
Ардчилсан нам угаасаа ямар ч удирдлагагүй, тамга, тэмдэг ч үгүй болсон юм чинь “гудамжинд” хэвтсэнээс  л дээр биз. 
МАН-ын өнөөгийн байр суурийг өдий зэрэгт авчирсан, дотоод эвлэрэл, эдвэрснийг нь “эвлүүлэх”, энд тэндэхийн том, жижиг даргын жин панг тааруулах гээд бүгдийг нь зохицуулж буй нууц ноёнтон нь Д.Амарбаясгаланг хэмээн намынхан төдийгүй улстөрчид үнэлдэг. Энэ нь ч үнэний ортой. Тэгэхээр дотоод хагарал нь доод цэгтээ унасан энэ намыг тэр  богино хугацаанд сэв хийтэл “өргөөд” босгоод ирэх нь гарцаагүй.
 
Нэгэнт удирдах хүнгүй, С.Эрдэнэ Ц.Туваан нар эв түнжингүй, “Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг” тэрсэлдээд, эвлэрэхээсээ нэгэнт өнгөрсөн юм бол ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед тэр нь бараг шулуухан болохоор байна. Намын гишүүд, үнэнч дэмжигчдээ хоёр талд хувааж, хооронд нь “үзэлцүүлж” байхаар эсрэг намынх нь генсекээр удирдуулаад ч болтугай ард түмнээ эвтэй байлгасан нь өлзийтэй ч юм шиг. 

Нөгөөтэйгүүр Ардчилсан намын “том толгойтой”, дураараа улстөрчдийг нэгдсэн бодлогоор зангидчих зангаргатай улстөрч энэ намд одоогоор даанч алга. Сүхбаатарын талбайд “Хонхны дуу” дуулж ардчилсан нийгмийг авч ирэхээр тэмцэж байхдаа намын үүсгэн байгуулагчид нь 30 жилийн дараах Ардчилсан намыг арай өөрөөр төсөөлж байсан болов уу. 30 нас гэдэг хүнээр бол ид хийж бүтээх нас. Гэтэл жижиг, сажиг явган хэрүүлээсээ салаагүйгээр барахгүй “Хүүхэд, нохойн доог болох” гэж хэмээн халаглах гишүүд, дэмжигч олон байна.

Монголын ард түмэн ардчилсан намд дургүйдээ МАН-ыг сонгочихсон хэрэг биш. Зөвхөн тэдний зохион байгуулалтгүй, туйлбаргүй байдал нь тэднийг ялагдалд хүргэсэн. УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнг танилцуулсны дараа өдөр л Ардчилсан намынхан “Намын дүрмээ шинэчилж, шинэ удирдлага зохион байгуулалтад орох шаардлагатай юм байна” гэж мэдэгдэл хийж байсан. Тэр бүү хэл намын дарга С.Эрдэнэ “УИХ-ын сонгуульд Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллаагүй нь ялагдал хүлээхэд хүргэсэн” гэх мэдэгдлийг өөрийн биеэр хийсэн удаатай.
 
Гэвч энэ нь хариуцлагаа ухамсарласан мэдэгдэл биш, тухайн үед ард иргэдийг аргалсан яриа төдий байсан нь өнөөдрийг хүртэлх замналаас нь тодхон харагдана. Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл дараагийн УИХ-ын сонгуульд оролцох тэнхэл АН-д үлдэхгүй биз ээ. Тиймээс л эртхэн сайн удирдлага, тулхтай менежерийн гарт намын бодлогоо өгчихвөл ерөнхийлөгчийн сонгууль биш юмаа гэхэд дөрвөн жилийн дараах УИХ-ын сонгуульд арай өөр түвшнөөс “үзэх” боломжтой байж мэднэ. Иймээс л “МАН-ын генсекийг АН-ын дарга болгоё” хэмээн тэрслүү үг унагаж буй хэрэг. 
 
 

МАН-ын генсек Д.АМАРБАЯСГАЛАНГ Ардчилсан намын дарга болгоё
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-06 08:27:55
    Зочин: Хайран нам харамсалтай юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-04 10:48:27
    ЗАЛУУ: ЕР ЯВЖ ЯВЖ ТЭР НЬ ДЭЭР ЮМ ШИГ БАЙНА ДӨӨ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-04 10:48:27
    ЗАЛУУ: ЕР ЯВЖ ЯВЖ ТЭР НЬ ДЭЭР ЮМ ШИГ БАЙНА ДӨӨ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188