• Өнөөдөр 2024-05-05

Сангийн сайд Б.ЖАВХЛАН ТА Үндсэн хуулиа зөрчиж, байгаль, амьтдаа сүйтгэж, иргэдийнхээ халаасыг "сэгсрэх" төлөвлөгөөтэй хуулийн төслөө эргэн харна уу

2021-10-07,   408

            
            Манай Засгийн газар зэрлэг амьтдаа хяналтгүй агнуулж, тусгай хамгаалалттай газруудаа ухуулж, сэндийчүүлж, мансууруулах ургамал тариалж экспортлох, мөнгө нь багтаж ядсан гадаадын баячуудыг авчирч казинодуулах, морин тойруулгад бооцоо тавиулж “сэгсрэх” замаар улсаа ядуурлаас гаргаж, хямарсан эдийн засгаа сэргээх гойд мэргэн санаа олж, бүхэл бүтэн хуулийн төсөл болгон боловсруулжээ. Бохир мөнгөний урсгалыг эх орон руугаа татах энэ төлөвлөгөөгөө “Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хууль” гээд их л гоёор нэрлэчихсэн. Бэлэн болсон энэ хуулийн төслөө УИХ-ын намрын чуулган эхэлмэгц нэн яаралтай горимоор хэлэлцүүлж, батлуулахаар зэхэж байгаа гэх. Хэрвээ батлагдвал Монгол Улс Азийн зугаа цэнгэлийн нэгэн төв болох ажээ. 

Эх орноо зугаа цэнгэлийн төв болгох агуулгатай энэ хууль Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилга, Сангийн сайд Б.Жавхлангийн тооны тооцоолол, Х.Нямбаатарын хуулийн найруулгын нийлбэрээр бүрэлдэн бий болжээ. Ингэхдээ “эдийн засгийн” гэсэн тодотголтой хуулийн төсөл учраас Сангийн сайд Б.Жавхлан гардан ажилласан гэх. 

            Уг нь Сангийн сайд Б.Жавхланг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, улсдаа томд тооцогдох Худалдааны хөгжлийн банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай, ясны эдийн засагч гэж саймширч, магтан дуулж байж Сангийн сайдаар томилсон. Тэгвэл бүхэл бүтэн улсын, тэр тусмаа байгалийн баялгаар асар баян улсын төсөв санхүү хариуцаж байгаа мань сайд том төслүүдээ хөдөлгөх, экспортын орлогоо нэмэх байдлаар цар тахлын хямралаас гарах бус харин эсрэгээрээ казино, бооцоотой морин тойруулга, мансууруулах ургамлын бизнес цэцэглүүлж, бохир мөнгөний урсгалын татах замаар эдийн засгаа сэргээх төлөвлөгөө боловсруулжээ.  
 
          Сангийн сайд Б.Жавхлангийн Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хууль нэртэй эдийн засгаа сэргээх төлөвлөгөө ёсоор бол казино ажиллуулах аж ахуйн нэгжээс 100 мянган ам.доллар, хурдан морины бооцоот уралдаан зохион байгуулах аж ахуйн нэгжээс 35 мянган ам.долларын хураамж авч, цаашлаад долоо хоног тутамд ашгийнх нь 25 хувийг татвар байдлаар улсын төсөвт татан төвлөрүүлж байх юм гэнэ. Тэгээд л бид цар тахлын үеийн эдийн засгийн хямралаас гарчих юм байх. 
 
Тэгвэл Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн казино, хурдан морины бооцоот уралдаан, мансууруулах ургамлын тариалалт, экспорттой холбоотой заалтуудад задаргаа хийж үзье. 
 

МАНСУУРУУЛАХ УРГАМЛЫН ХЭРЭГЛЭГЧЭЭС УЛСААС НИЙЛҮҮЛЭГЧ УЛС БОЛЖ “ҮСРЭХ” ҮҮ

 
Гуравдугаар бүлэг. Дотоодын үйлдвэрлэл, экспортыг дэмжих 
 
  • 3.13.5  Эмийн найрлагад ордог мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг зөвхөн экспортлох зорилгоор харуул хамгаалалтын дэглэмтэй бүсэд тарьж ургуулж болно.
  • 3.13.6 Энэ хуулийн 13.5-д заасан тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгож, бүсийн дэглэм, үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой журмыг тогтооно.
  • 3.13.7 Энэ хуулийн 13.6-д заасан тусгай зөвшөөрөлтэй этгээдийн тарьж ургуулсан мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг экспортоор гаргахыг зөвшөөрнө.
 
            Засгийн газар энэ хуулийн төсөлд мансууруулах ургамлын бизнесээ “эмийн найрлагад ордог мансууруулах үйлчилгээ бүхий ургамал” гэж ихэд зөөлчилж, тодорхойлжээ. Үнэн хэрэгтээ хар тамхины цэвэр түүхий эд гэж шууд ойлгож болох юм л даа. Тухайлбал, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх танилцуулгад “Байгальд зэрлэг байдлаар ургадаг олсны ургамал, намуу цэцэг, мексикийн мөөг, кокийн бут зэргийг мансууруулах ургамал гэх бөгөөд эдгээр мансууруулах үйлчилгээтэй түүхий эдийг химийн урвалд оруулах, нийлэгжүүлэх буюу синтетик хэлбэрт оруулснаар цэвэр кокайн, героин буюу дэлхий нийтээр хэлж хэвшсэн “хар тамхи”-ыг гаргаж авдаг. Бусад хар тамхи, мансууруулах бодисын бүх төрлүүдийг дээрх кокайн, героиноос гарган авдаг ба түүнээс гаргаж авсан бусад бодисоор анагаах ухаанд олон төрлийн тайвшруулах, өвчин намдаах зэрэг эм, тариа үйлдвэрлэдэг” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл, мансууруулах үйлчилгээтэй ургамлууд нь дэлхий нийтэд аюулын харанга дэлдэж буй хар тамхины үндсэн түүхий эд гэсэн үг. Тэгэхээр энэ хууль батлагдаад манай улс мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалж, экспортлоод эхэлбэл хар тамхины түүхий эдийн хууль ёсны нийлүүлэгч болно гэж ойлгож болох нь л дээ. 
 
Манай улс хар тамхи, мансууруулах бодисын хэрэглэгч, дамжин өнгөрүүлэгч улс гэгдэж, мансуурахтай тэмцэх олон улсын байгууллагуудын анхааралд байж ирсэн. Тэгвэл одоо түвшин ахиж, мансууруулах ургамлын хэрэглэгчээс нийлүүлэгч улс болохоор бэлтгэл хангаж, хууль хүртэл гаргаж байгаа юм байна гэж харагдаж байна. Ингэхдээ ямар аж ахуйн нэгж хаана мансууруулах ургамал тариалах, хашааг нь хэн хамгаалах, хаашаа гаргах, хэнд худалдахыг нь Засгийн газар өөрөө журамлах юм байх, энэ хууль батлагдвал. 
 
Тэгвэл Засгийн газраас, дамаа Сангийн сайд Б.Жавхлангаас асуух асуулт байна. 
 
Нэгдүгээрт, Засгийн газар өөрөө мансууруулах ургамал тариалах, экспортлох зөвшөөрлийг олгож, зохицуулалт хийх гэнэ. Тэгвэл Засгийн газар өөрөө мансууруулах ургамлын наймаа хийж байгаагаас ялгаа юу байна вэ. Дамаа дэлхий нийтээр дуу нэгтэй эсэргүүцдэг хар тамхины үндсэн түүхий эдийн нийлүүлэгч болсны дараа олон улсын түвшинд ямар нэг асуудал үүсвэл Засгийн газар өөрөө хариуцлага хүлээх юм уу. 
 
Хоёрдугаарт, Монгол Улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэж заасны дагуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол 15 жил хүртэл хорих ялаар шийтгэдэг. ЦЕГ-ын дэргэд Хар тамхитай тэмцэх газар жил тутам энэ зүйл ангиар хэдэн зуун залууг төмөр торны цаана суулгадаг. Гэтэл Засгийн газрын зөвшөөрлөөр мансууруулах ургамал экспортлоод эхлэхээр энэ залуучуудын хэрэг юу болж хувирах вэ. “Мөнгө хэрэгтэй байсан учраас манай улс мансууруулах бодисын экспортлогч болчихлоо, одоо та нар гэмгүй” гээд суллах юм уу. 
 
Гуравдугаарт, нүүрсний экспортоо хянаж, зохицуулж, өгөөжийг нь бодитоор хүртэж чаддаггүй Засгийн газар мансууруулах ургамлын экспортоо зохицуулж, тэндээсээ эдийн засгаа сэргээх орлого олж чадах юм уу, мансууруулах ургамал тариалж, экспортлоод жил хэчнээн мянган ам.доллар халааслах юм. Бас төрийн томчуудын гар хөл, хамаарал бүхий этгээдүүдийн сүүдэр энэ төрлийн бизнест тусахгүй гэх баталгаа байна уу.
 
Дөрөвдүгээрт, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь хууль хяналтынхан, хил гаалийнхны халаасанд хэд гурван төгрөг хийгээд, тариалсан мансууруулах ургамлаа экспортолж байгаа гэж худал мэдүүлчихээд, дотоодын хэрэгцээнд нийлүүлж, мансуурагчдыг тэжээгээд байхыг үгүйсгэх аргагүй. Тэр байтугай, Тавантолгойгоос хэдэн зуун вагон нүүрс хаашаа алга болсон нь мэдэгдэхгүй сох дутаж, хариуцсан дарга нар нь толгойгоо маажаад сууж байсныг бид мэднэ. 
 
Тавдугаарт, улаанбуудай, төмс хүнсний ногоогоор дотоодын зах зээлээ бүрэн хангаж чаддаггүй байж, мансууруулах ургамал тариалаад гадаад зах зээлийг хангаж чадна гэдэгтээ Засгийн газар үнэхээр итгэлтэй байна уу. 
 

20 ЖИЛ ЯРИГДАЖ, ҮЕ ҮЕИЙН ПАРЛАМЕНТААС БУЦААГДСАН КАЗИНОГИЙН ХУУЛИЙГ ОЛОНХ БОЛСНОО АШИГЛАЖ БАТЛАХ УУ

 
Дөрөвдүгээр бүлэг, 18 дугаар зүйл. Казиногийн үйл ажиллагаа эрхлэх
 
  • 4.18.1 Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгоно.
  • 4.18.2 Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эдийн засгийн үр өгөөжтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой хоёр хүртэлх бүс нутагт олгоно. Казиногийн аялал жуулчлалын бүс нутгийн Засгийн газар тогтооно.
  • 4.18.3 Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаагаар олгоно.
  • 4.18.4 Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлага, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сунгах, хүчингүй болгох нөхцөл, журмыг Засгийн газар батална.
  • 4.18.6 Казиногийн үйл ажиллагаанд баримтлах журам, тавих хязгаарлалтыг Засгийн газар батална. 
  • 4.18.7 Казино дотор тоглуулж болох бооцоот тоглоомын төрлийн жагсаалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
Сангийн сайд Б.Жавхлангийн тооцоолж боловсруулсан эл хуулийн төслийн казино байгуулахтай холбоотой заалтуудад хэд хэдэн тодорхой зүйл байна. 
 
Нэгдүгээрт, Монгол Улсад лавтай хоёр казино байгуулахаар заажээ. Аль, аль аймагт казино байгуулах вэ гэдгийг Засгийн газар шийдэх юм байна. Таамаглаж үзвэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгоно гэж сүүлийн гурван жил тасралтгүй ярьж яваа. Энэ утгаараа Хэнтий аймагт лав нэг казино байгуулагдах биз. Харин өөр нэг аймаг нь давхар дээлтэй сайд нарын тойрог эсвэл Засгийн газарт аль илүү тал засаж чадсан УИХ-ын гишүүний тойрог л байна байх. 
 
Хоёрдугаарт, казиногийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, сунгах, хүчингүй болгох бүх эрхийг Засгийн газар өөртөө авч байгаа юм байна. Ингэхдээ энэ зөвшөөрлийг 10 жилийн хугацаатайгаар олгоно. Цар тахал намжиж, эдийн засаг сэргэсний дараа ч Засгийн газар тусгай зөвшөөрлийг нь цуцлахгүй л бол монгол казинотой чигээрээ үлдэх нь ээ гэж ойлгогдож байна.
 
Гуравдугаарт, казино ажиллуулахдаа Монгол Улсын иргэнд үйлчлэхгүй, зөвхөн гадаад хүмүүст үйлчилнэ. Ингэхдээ 21 нас хүрээгүй гадаадын иргэн, харьяалалгүй хүнд үйлчлэхгүй байхаар журамлах гэнэ. Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 100.000 ам.долларын хураамж төлнө. Мөн долоо хоног бүр нийт орлогын 25 хувьтай тэнцэх татварыг улсын төсөвт төлдөг байхаар хуулийн төсөлд тусгажээ. Сангийн сайд Б.Жавхлангийн казиногоор эдийн засгаа эрчимжүүлэх ашиг нь энэ байх аж. Өөрөөр хэлбэл, хэдий чинээ олон хүн казиногоор үйлчлүүлнэ, улсын төсөвт орох ашиг нь их байна гэсэн үг. Тэгэхээр хэрвээ энэ хууль батлагдвал манай Засгийн газар гадаадын баячуудыг онгоц онгоцоор нь л эх орон руугаа зөөдөг ажилтай болох бололтой юм. 
 
Дөрөвдүгээрт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар казино дотор ямар төрлийн тоглоом тоглуулахыг шийдэх эрхтэй болох юм байна. 
 
Тавдугаарт, 1999 оноос хойш л Монголд казино байгуулах яриа гардаг байсан. Казино байгуулах сонирхолтой хэсэг бүлгийнхэн ч бий. Өнгөрсөн хугацаанд УИХ-д хэд хэдэн удаа хуулийн төсөл нь орж ирж байсан. Гэхдээ эдийн засгийн аюулгүй байдлын чадамж, мөнгө угаахтай тэмцэх олон улсын гэрээ, конвенц зэрэг асуудлаас болж үе үеийн парламентэд дэмжлэг авалгүй өнөөг хүрсэн. Тэгвэл одоо МАН бүх шатанд олонх болсноо ашиглаж, цар тахлын нөлөөгөөр хямраад байгаа эдийн засгаа сэргээх далимаар казино байгуулахаар шулуудчихсан юм байна. 
 
Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлангаас асуух асуулт байна.
 
Нэгдүгээрт, “Казино ажиллуулахдаа Монгол Улсын иргэнд үйлчилж болохгүй” гэдэг заалтаа үнэхээр хэрэгжүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу. Төрийн сангууд, тендер, төсөв юу л байна ил цагаанаар цөлмөдөг цайчихсан төрийн түшээд цүнх дүүрэн мөнгө бариад казиногоор гүйгээд байхгүй гэсэн баталгаа байна уу. 
 
Хоёрдугаарт, казино бол бохир мөнгийг эргэлтэд оруулж угаах шалгарсан арга гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ. Гэтэл манай улсын хууль бус мөнгөтэй тэмцэх технологи, чадамж ямар билээ. УИХ-ын гишүүний хамаатан, нэг сайдын дүү нь улсын төсвөөс улайм цайм хулгай хийчихээд байхад л илрүүлж чадахгүй, эсвэл чадахыг хүсэхгүй байх тохиолдлууд бишгүй л гардаг. Ийм атлаа казинод эргэлдэх хэдэн зуун сая ам.долларын эргэлтийг зохицуулж чадах уу. 
 

УЯАЧ СЭТЭРТЭЙ, УЛС ТӨРД НӨЛӨӨТЭЙ БАЯЧУУДЫН ЗУГААГАА ГАРГАХ МОРИН ТОЙРУУЛГЫН БИЗНЕСИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ЦЭЦЭГЛҮҮЛЖ ӨГӨХ ҮҮ

 
Дөрөвдүгээр бүлэг, 20 дугаар зүйл. Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх
 
  • 4.20.1 Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагааг Засгийн газраас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ 
  • 20.2 Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо Засгийн газар эдийн засгийн үр өгөөж, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг харгалзан 2 байршил тогтооно. 
  • 20.3 Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгож, мөн хугацаагаар сунгана. 
  • 20.4 Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлага, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох нөхцөл, журмыг Засгийн газар тогтооно.
        Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 35.000 ам.долларын хураамж төлнө. Мөн долоо хоног бүр нийт орлогынхоо 25 хувьтай тэнцэх татварыг улсын төсөвт тушаана. Бусдаар бол тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх бүх харилцааг казинотой ижил Засгийн газар зохицуулна. 
 
Морин тойруулгын бизнес анх удаа яригдаж байгаа шинэ тутам зүйл биш. Улс төрд нөлөөтэй, уяач сэтэртэй баячууд уламжлалт аргаар морь уралдуулж, зугаагаа гаргах нь орчинд цагт олон шүүмжлэл дагуулах болсон. Унаач хүүхдийн асуудлаас эхлээд л цааш хөвөрнө. Тиймээс ч морин тойруулга байгуулах нь зүйтэй гэж баячууд жиг жуг хийж, дээгүүр ч хатгаас явуулах болсон. Морин тойруулгатай болчихвол хэдэн арван саяын үнэтэй морьдоо хүссэнээрээ уралдуулж, хүссэн бооцоогоо тавьж зугаацах эрхтэй болно гэсэн үг. Харин цөөнхийн энэ хүслийг Засгийн газар гүйцэлдүүлж өгөхөөр цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих гоё нэртэй хуульдаа хавчуулж байгаа бололтой. 
 

МАНСУУРУУЛАХ УРГАМАЛ, КАЗИНО, МОРИН ТОЙРУУЛГЫН БИЗНЕСИЙГ ДАРХАН ЭРХТЭЙ БАЙЛГАХ ЗОРИЛГОТОЙ ЗАРИМ ЗААЛТУУД

 
Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөлд сонирхолтой хэд хэдэн заалт байна. 
 
Тухайлбал, 
 
Уг хуулийн төслийн 2.4 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн байгууллага нь улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрлэж, энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заажээ. Мөн 2.5.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэж, тусгай зөвшөөрөл олгох эсэхийг өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ” , 2.5.4 дэх хэсэгт “Хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийг бусдад шилжүүлж болох бөгөөд тусгай зөвшөөрөл шилжүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шилжүүлэх эсэхийг шийдвэрлэж цахим хэлбэрээр мэдэгдэнэ” гэж тусгажээ. Ухаандаа, казино, бооцоот морин уралдааны зөвшөөрөл эзэмшигч нь энэ зөвшөөрлөө өөр бусдад шилжүүлж, хар үгээр бол дамлаж болох, ингэхдээ ердөө тавхан хоног л зарцуулах эрхзүйн орчныг нь нээж өгч байгаа ажээ. 
 
Мөн уг хуулийн төслийн 2.7 дугаар зүйл Төрийн хяналт шалгалт гэсний 1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэх хугацаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалтыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хэрэглэгч гомдол гаргаснаас бусад тохиолдолд зөвхөн төлөвлөгөөт хяналт шалгалт, эсхүл гүйцэтгэлийн шалгалт хийнэ” гэж заажээ. Мөн 7.2 дахь хэсэгт “Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь үйл ажиллагааг нь шууд зогсоохоос бусад төрлийн зөрчилд тэргүүн ээлжинд албан шаардлага хүргүүлнэ” гэжээ. Тэгмэгцээ тайлбар хэсэгт “албан шаардлага нь зөвлөн туслах шинжтэй байна” гэжээ. Мөн 2.7.6 дахь хэсэгт “Хил, гаалиар оруулж байгаа бараа, бүтээгдэхүүнд зайлшгүй шаардлагатай тохиолдолд дээж, сорьц авах бөгөөд дээж, сорьцын дээд хэмжээг Засгийн газар тогтооно” гэжээ. 
 

Энгийн логикоор бол, казино, бооцоот морин уралдааны бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хууль хяналтынхан хүссэнээрээ хяналт шалгалт хийх эрхгүй байхаар хязгаарлаж байгаа юм байна гэж ойлгогдож байна. Зөвхөн үйлчлүүлэгч гомдол гаргасан нөхцөлд л шалгалт хийж болно гэнэ. Хэрвээ хяналт шалгалтаар зөрчил илэрвэл тусгай зөвшөөрлийг нь цуцлах, хаах, торгох бус албан шаардлага л хүргүүлэх юм байна. Тэр албан шаардлага нь зөвлөн туслах шинжтэй буюу анхааруулсан маягийн хуудас цаас байх нь ээ гэж ойлгогдож байгаа юм. Мөн хилээр ямар ч төрлийн бараа оруулж ирсэн зайлшгүй биш л бол мэргэжлийн хяналт, гаалийнхан дээд, сорьц авах нь. Гэхдээ авах эсэхийг Засгийн газар л мэдэх юм байна. 

 
               Энэ мэтээр Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хууль нэртэй хуулийн төслийг задалж үзвэл цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлж, сэргээж, улсаа ядуурлаас аврах гээд байгаа биш ердөө л казино, морин тойруулгын хэдэн тэрбум төгрөг эргэлдэж байдаг бизнесийг л монголд оруулж ирэх гээд байгаа гэж харагдаж байна. Харин цар тахал бол ердөө л шалтаг төдий аж. Нөгөөтэйгүүр, Засгийн газар, Сангийн яам цар тахлын хямралтыг хохирол багатай даван туулах, эдийн засгаа дэмжих зорилгоор 10 их наядын багц хөтөлбөр хэрэгжүүлж буй. Улсын төсвийн орлого тасалдсан, улаан данстай гэж байгаа мөртлөө 10 их наядын хөтөлбөр зарлаад, аж ахуйн нэгжүүдэд 300, 500 саяар тарааж байгаагын цаана энэ их мөнгийг хаанаас, яаж босгоод байна вэ, эргээд эдийн засгаа элгээр нь хэвтрүүлэх хэмжээний аюулд оруулах юм биш биз гэсэн болгоомжлол бий. Тэгвэл Засгийн газар эх орноо зугаа цэнгэлийн улс болж, бохир мөнгөний урсгалыг татах замаар өнөөх 10 их наяд төгрөгөө босгох гээд байгаа юм биш үү гэсэн хардлага ч төрж байна. 
 
        Түүнчлэн, орхиж болохгүй бас нэг өнцөг байна. Манайд төрөөс төрсөн тэрбумтнуудын бүхэл бүтэн бүлэглэл бий. Захаасаа оффшор бүсэд нуусан хөрөнгүүд нь илрээд дэлхийд даяар улсынхаа нэрийг цуурайтуулж байна. Зарим нь одоо ч төрийн зөөлөн сэнтийд заларсан хэвээрээ. Тэд байгалийн баялагаа зарж, үрж, дамлаж, шаглаж, олборлож өм цөм баяжицгаасан. Гэтэл тэгээд ч ханахгүй, одоо эх орондоо казино, морин тойруулга нээж хууль бусаар олсон мөнгөөрөө гадаадын баячуудтай зугаалахаар Засгийн газарт захиалга өгөөд сууж байж ч болох. Тэгээд бүр Сангийн сайд нь мөнгөний төлөө байгаль орчин, зэрлэг амьтад, ургамал, ус гээд баялаг бүхнээ золионд гаргаж, хэм хэмжээнээсээ хэтэрхий хэтэрсэн, олон улсын конвенциуд төдийгүй Монголд хүчин төгөлдөр үйлчилж буй олон арван хууль тэр ч бүү хэл Үндсэн хуулиа зөрчсөн хуулийн төсөл санаачлаад, тоо тооцооллыг нь гаргачихаад танилцуулах гээд сууж байх ч гэж дээ. 
       Сангийн сайд Б.Жавхлан та, Монголынхоо онгон дагшин байгаль, зэрлэг ан амьтад, ховор ургамал, тунгалаг ус мөрнийг хэдхэн төгрөгний төлөө зольж, дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргүүд, амласан амлалтуудаасаа буцаж, ковидын улмаас өдөр ирэх тусам доройтож буй иргэддээ "Мөнгө олж л байвал Монголын хууль, дүрэм, журмууд огт хамаагүй" гэж үзүүлэх гэж байгаа юм уу. Хэрвээ тийм биш бол байгаль орчин хийгээд үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэх хэмжээний айдас дагуулсан энэ хуулийн төслөө эргэн харна уу. 
 

Сангийн сайд Б.ЖАВХЛАН ТА Үндсэн хуулиа зөрчиж, байгаль, амьтдаа сүйтгэж, иргэдийнхээ халаасыг "сэгсрэх" төлөвлөгөөтэй хуулийн төслөө эргэн харна уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188