АН-ын дарга Лу.Гантөмөр Хамтарсан Засгийн газраас “хөөгдсөн”-ийхөө хариуцлагыг хүлээж, ажлаа өгнө гэж аль тавдугаар сард мэдэгдсэн. Гэвч найр, наадмууд ар араасаа залгаж, Лу.Гантөмөрийн АН-ын даргын албан тушаал, арслантай тамгыг хэн авах вэ гэдэг асуулт хариултгүй гурван сар болсон. Тэгвэл АН-ын ҮБХ-ны хурал маргааш, Их хурал нь ирэх Бямба гарагт зарлагдсан. ҮБХ-гоор нам даргаа тохирч, залгуулаад Их хурлаараа баталгаажуулна гэсэн үг.
Энэ удаагийн АН-ын даргын сунгаа Х.Баттулгын МоАХ, Ц.Элбэгдоржийн “ОД” фракц, МАН-ын артай гэх О.Цогтгэрэлийн “Нэг Монгол” фракц дунд өрнөх нь бараг л тодорхой болжээ. Өөрөөр бол, ахиад Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэх хоёр ахтай, ардын намын оролцоотой сонгууль болох нь. Зодоон бол аль хэдийнэ эхэлсэн. Х.Баттулгын МоАХ-ны талаас О.Цогтгэрэлийн “Нэг Монгол” фракцыг МАН-ынх гэж дайрч буй бол, Ц.Элбэгдоржийн “ОД” фракцын талаас Х.Баттулгын МоАХ руу гол хүчээ төвлөрүүлж "Женко" гэх ажиллагаандаа орсон байна. Харин О.Цогтгэрэлийн “Нэг Монгол” фракцын хувьд одоогоор хэт тайван байгаа нь “МАН-д найдсан” гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
“ОД” ФРАКЦААС БУЮУ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ТАЛААС УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯРМАА ДЭВШИНЭ
Энэ сарын 25-нд АН-ын М.Тулгат, О.Магнай, Ж.Баярмаа нарын “Open Democrary” буюу “ОD” фракц Шадивланд байх “Ойн жим” амралтанд уулзалт хийсэн. Гэхдээ энэ уулзалтыг “ОD” фракцаас гадна АН-ын экс дарга С.Эрдэнийн Ардчилсан хүчний холбоо, Да.Ганболдын Шинэ дэвшил холбоо, Р.Амаржаргал, Д.Эрдэнэбат нарын тэргүүлдэг “МҮДН” фракц, Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Б.Хурц, Ч.Өнөрбаяр нарын тэргүүлдэг “Олуулаа” клуб, “Элийрэгч” Ц.Уянгын “RR” клуб хамтран зохион байгуулсан байгаа юм. Товчхондоо, экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүний тойрон хүрээлэгчдийн фракц, клубууд нэгдэж, “ОD” фракцын нэр дээрээс энэ удаагийн АН-ын даргын сунгаанд оролцож байна гэсэн үг.
“ОD” фракцын энэ уулзалтыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа удирдсан. Харин зочдоор Да.Ганболдын “Шинэ дэвшилт холбоо”-ны дэд тэргүүн Н.Цэнгэл, Ц.Элбэгдоржийн найз, Осака хотод Ерөнхий консулаар сууж асан Ч.Куланда, НИТХ-ын дарга асан, “халзан” хочит Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү, Хүүхдийн төлөө газрын дарга асан И.Нарантуяа, НИТХ-ын төлөөлөгч асан М.Тулгат, МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч асан О.Амартүвшин, ЧД-ийн АН-ын дарга Ж.Сугарсүрэн, Орхон аймгийн АН-ын дарга асан Д.Алтанхуяг, АН-аас нэр дэвшээд унасан “Нэт капитал”-ын эзэн Д.Алтангэрэл, “Элийрэгч” Ц.Уянга, Д.Монголхүү, “Ноорог”-ийн О.Уламсайхан, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ нарын 60 гаруй хүн оролцсон. Улмаар “OD” фракцаас УИХ-ын гишүүн Ж.Баярмааг АН-ын даргад нэр дэвшүүлэхээр тохирцгоожээ. УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн тухайд хэзээнээс “С.Баярцогтын хүн” гэх хаяг шошготой явж ирсэн. Харин С.Баярцогтын хувьд Ц.Элбэгдоржийн “цэрэг” гэдгийг нь нурших илүүц.
Тайлбар: "OD" фракцын уулзалт
Ноцтой бас нэг асуудал нь, “OD” фракцын энэ уулзалтанд Хамтарсан Засгийн газрыг унагаасан “Огцрох амархан” хөдөлгөөний толгойлогчид цөмөөрөө оролцсон. Энэ уулзалтын үеэр “Огцрох амархан” хөдөлгөөнийг удирдсан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, “Элийрэгч” Ц.Уянга, “Ноорог”-ийн О.Уламсайхан гурав тун ч халуун дотно байсныг дурдах нь зүйтэй. Эндээс, Хамтарсан Засгийн газрыг унагаах “Огцрах амархан” хөдөлгөөнийг анхнаасаа АН-ын талаас, тэр тусмаа Ц.Элбэгдоржийн талаас зохион байгуулсан нь тодорхой болж байна.
Тайлбар: Ц.Элбэгдоржийн найз, Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Ч.Куланда, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа
Тайлбар: "Огцрох амархан" хөдөлгөөний удирдагч О.Уламсайхан, Ц.Элбэгдоржийн найз, Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Ч.Куланда, "OD" фракцын үүсгэн байгуулагч М.Тулгат
Тайлбар: Да.Ганболдын "Шинэ дэвшилт холбоо"-ны дэд тэргүүн Н.Цэнгэл, "Огцрох амархан" хөдөлгөөний удирдагч, "Элийрагч" Ц.Уянга
МоАХ БУЮУ Х.БАТТУЛГЫН ТАЛААС Ч.ЛОДОЙСАМБУУ, О.АЛТАНГЭРЭЛ, Л.МӨНХБАЯСГАЛАН ГУРАВ НЭР ДЭВШИНЭ ГЭДГЭЭ МЭДЭГДСЭН
Экс ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулгын МоАХ-ны талаас УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан хоёр нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн тухайд 2020 оны сонгуулиар Х.Баттулга ахынхаа уриаг хуулбарлаж “Өвөрхангай ялна” уриатай нэр дэвшиж явсан нэгэн. Хамтарсан Засгийн газарт Хууль зүйн сайдаар томилогдсон нь ч Х.Баттулгын ач гэгддэг. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн тухайд Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж ирсэн, илүү тайлбар илүүц биз.
Дээрээс нь нэмээд, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу АН-ын даргын сунгаанд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэж, УИХ-ын гишүүн О.Алтангэрэлтэй хамтран хэвлэлийн хурал хийсэн. Ингэхдээ УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Х.Баттулгын туган доороос нэр дэвшихээр бэлтгэж буй. Хоёр хоногийн өмнө АН-ын “OD” фракцын нууц ноёдын нэг, Ц.Элбэгдоржийн үнэнч хамтрагч Б.Хурц “Саяхан л засгийг огцруулна гээд гүйж явсан Ч.Лодойсамбуу одоо Х.Баттулгатай хамтарчихсан явж байна. MCS, Женко хоёр нийлчихсэн нь эндээс харагдаж байна” гэх ярилцлага өгсөн. Эндээс үзвэл Ч.Лодойсамбуу Х.Баттулгатай хамтарч эхэлсэн нь үнэн болж таарч байна. Бас Хамтарсан засгаас гаргасан, гарсан Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл хоёр сүжирч гүйх болсон нь ч Х.Баттулга, Ч.Лодойсамбуу хоёр хамтарч эхэлсний бас нэг нотолгоо.
Гол нь, экс ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу гурвыг нэр дэвшүүлэхэд нэг асуудал тулгараад буй нь АН-ын Үндсэн дүрэм гэх. Тодруулбал, АН-ын албан ёсны цахим хуудаст байршуулсан байгаа Үндсэн дүрмийн 5.17.4-т “Намын даргад нэр дэвшигч нь Үндсэн дүрэм зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүн (ҮБХ, ҮЗХ)-ээр 4-өөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн байна” гэсэн заалт байна. Гэтэл О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу гурвын хэн хэн нь энэ шаардлагыг хангахгүй буюу нэр дэвших боломжгүй болчихоод буй гэх.
Тиймдээ ч УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгалан, нэмээд Х.Баттулгын туслах асан УИХ-ын гишүүн Ө.Шижир нар нэгэн зэрэг “Эхлээд намын үндсэн дүрмээ шинэчилье. Намын даргын асуудлаа дараа нь яръя” гэж ярилцлага өгцгөөж буй.
Тухайлбал,
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл “АН-ын удирдлагууд 2017 оны сунгаанаас хойш гишүүд дээрээ очсонгүй. Эхлээд эгэл жирийн гишүүдтэйгээ уулзаж, тэднээсээ асууж байж намын дүрмээ батлах ёстой. Дараа нь даргын асуудлаа ярих ёстой. Гэтэл гэнэт яаралтайгаар Их хурлаа зарлаад, хэдхэн хүний дундаас намын дарга сонгох гэж байгаа нь буруу. Намын даргын асуудлыг ийм яаралтай шийдэж болохгүй” гэж мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “АН-ын даргын сунгаанд би нэрээ дэвшүүлнэ. Гэхдээ Их хурлаараа намын дүрмээ шинэчилж батлъя. Дараа нь даргаа сонгоё” гэж мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн Ө.Шижир “Ах нарын дүрэмгүй дүрмээр ахиж тогломооргүй байна. Тиймээс эхлээд дүрмээ шинэчилж, дараа нь даргынхаа асуудлыг яръя” гэж мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Би АН-ын даргад нэрээ дэвшүүлж байгаа. Гэтэл МАН-ынхан манай намын дарга хэн байхыг захиалчихсан байна. Одоо ҮБХ-гоор батлаад өгөх гэж байгаа юм байна. Тиймээс нэн түрүүнд ҮБХ-г шинэчлэх ёстой. Дараа нь Үндсэн дүрмээ шинэчилье. Дараа нь даргаа сонгоё. Тиймээс яарах хэрэггүй. Эгэл жирийн гишүүдийнхээ саналыг эхлээд сонсоё” гэж мэдэгдсэн.
Анзаарвал, Х.Баттулгын талын дөрвөн хүний яриа, тавьж буй шаардлага яг адилхан байгаа юм. Тэгэхээр Х.Баттулгын талынхан маргааш болох ҮБХ-ны хурлаар намын даргын даргын асуудлыг хэлэлцүүлэхгүйгээр хойшлуулж, оронд нь АН-ын үндсэн дүрмийг өөрчилж, өөрсдийг нь нэр дэвшихэд саад болж буй заалтыг хасаад, дараа нь намын даргын томилгооны асуудлыг хэлэлцүүлэхээр зүтгүүлж буй бололтой.
“НЭГ МОНГОЛ” ФРАКЦ: УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛ
Энэ сарын 21-нд АН-ын “Нэг Монгол” фракц Нүхтэд уулзалт хийсэн. Уулзалтад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан, Г.Очирбат, Б.Жаргалан, Г.Хосбаяр, Э.Одбаяр, С.Одонтуяа, Б.Бейсен, О.Амгаланбаатар, Д.Батбаяр нарын гишүүд оролцсон. Улмаар “Нэг Монгол” фракцынхан УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг АН-ын даргад нэр дэвшүүлэхээр тохирсон мэдээлэл бий.
Экс ерөнхийлөгч Х.Баттулгын талаас нэр дэвшихээ мэдэгдээд буй УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Эрх баригч МАН-ынхан манай намын дарга хэн байхыг захиалчихсан байна. Одоо ҮБХ-гоор оруулаад, Их хурлаар батлаад өгөх гэж байгаа юм байна” гэж мэдэгдсэн.
АН-ын “Нэг Монгол” фракцыг толгойж буй Ц.Туваан, Э.Одбаяр, С.Одонтуяа нар Хамтарсан Засгийн газарт сайдын сэнтийд заларч, жил шахам МАН-ынхантай тохироо, томилгоогоо хуваалцсан. “Нэг Монгол” фракцыг толгойж буй УИХ-ын гишүүн Г.Очирбат гэхэд Хамтарсан Засгийн газарт Эрүүл мэндийн сайд байсан Т.Мөнхсайханы гэр бүлийн “Хүчит шонхор” захад хүүхэд ахуйгаасаа тэрэгчин, грушигээр ажиллаж, хожим нь Т.Мөнхсайханы төрсөн ахтай хэд хэдэн компани байгуулж хөл дээрээ боссон нэгэн. “Нэг Монгол” фракцаас нэр дэвшихээр болсон гэх УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гэхэд сая Увсын 100 жилийн ойн санхүүжилтийг Б.Чойжилсүрэнтэй хамтарч босгосон. Тэгэхдээ О.Цогтгэрэл Хамтарсан Засгийн газрын сайд С.Одонтуяа, Ж.Батсуурь хоёрын төсвөөс хоёр тэрбум гаруй төгрөг гаргуулж, Увсын цэнгэлдэхэд зарцуулсан мэдээлэл бий.
Ингэж харвал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн “Эрх баригч МАН-ынхан манай намын дарга хэн байхыг захиалчихсан байна” гэх мэдэгдлийн хариулт нь “Нэг Монгол” фракцаас нэр дэвшихээр болсон гэх О.Цогтгэрэл байж болзошгүй ажээ.
АН-ЫН ДАРГЫН СУНГАА АХИАД Л АХ НАРЫН ДУНД, АРДЫН НАМЫН ОРОЛЦООТОЙ ӨРНӨХ НЬ |
|