АТГ-ынхан хоёр хоногийн өмнө хэвлэлийн хурал хийж “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн их хэмжээний авлигын хэргийн сэжүүрийг цухуйлгасан. Тодруулбал, АТГ-аас Б.Ганхуягийн тухай “Таван толгойн ордод хөрс хуулалт, олборлолт хийж байгаа компанийн удирдах албан тушаалтнаас их хэмжээний хахууль авсан. Улмаар хахуульд авсан мөнгөөрөө ХУД-ийн нутаг дэвсгэрт 4.6 га газарт Спорт цогцолбор, орон сууцны хотхоны барилгын ажлыг эхлүүлж, санхүүжүүлж байсан” гэж мэдэгдсэн.
Бид өчигдрийн дугаартаа, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нь авлигын мөнгөө “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдоржийн бэр Б.Мандчирмаагийн “МД трейвэл” ХХК-д өгч, тус компаниар ХУД-ийн 23-р хороо буюу Нүхтийн аманд Спорт цогцолбор, орон сууцны хотхон бариулж байсан баримтыг дэлгэсэн.
Дэлгэрэнгүйг энд дарж уншаарай
Тэгвэл энэ удаад “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нь “Овоот толгой ресурсес” ХХК-ийг эзэмшигч М.Батгэрэл гэгчээс их хэмжээний авлига авч, тэр мөнгөөрөө Спорт цогцолбор, орон сууцны хотхоны барилгын ажлыг санхүүжүүлж байсныг баримтыг илчилж байна. Эхэнд нь сануулахад, М.Батгэрэл гэгчийг цаана О.Энхмандах гэгч байдаг, О.Энхмандахын цаана Ерөнхийлөгч асан Х.Баттулга байдаг буюу асар том схем байгаа юм.
Б.ГАНХУЯГ “ОВООТ ТОЛГОЙ РЕСУРСЕС” ХХК-ИЙГ ХӨРС ХУУЛАЛТЫН АЖИЛД ТЕНДЕРГҮЙ ШАЛГАРУУЛЖ, 799.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСНЫХАА ХАРИУД ИХ ХЭМЖЭЭНИЙ АВЛИГА АВЧЭЭ
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг 2020 оны хоёрдугаартай сард “ЭТТ/202001036” дугаартай, 799.3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй “Цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах” нэртэй тендерийг зарлажээ. Тус тендерт “Монголиан контракт майнинг сервис” ХХК, “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК гэх хоёр компани оролцсон ч Б.Ганхуяг хоёуланг нь хассан байгаа юм.
Улмаар хоёр сарын дараа буюу 2020 оны дөрөвдүгээр сард Б.Ганхуяг “Цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, олборлолтын ажил” гүйцэтгэгчээр “Овоот толгой ресурсес” ХХК-ийг тендергүйгээр шалгаруулж, тус компанитай 799.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Б.Ганхуяг ийнхүү 799.3 тэрбум төгрөгийн тендерийг зориуд цуцалж, “Овоот толгой ресурсес” ХХК-ийг хууль бусаар шалгаруулж, гэрээ байгуулсныхаа хариуд их хэмжээний авлига авсан ажээ.
Б.Ганхуягт их хэмжээний авлига өгсөн “Овоот толгой ресурсес” ХХК-ийг Мягмарсүрэнгийн Батгэрэл гэгч нь “Абсолют авто трейд” ХХК-иараа дамжуулан эзэмшдэг бол эцсийн өмчлөгчөөр нь Беларусь улсын иргэн Slobodskiy Leonid гэгч бүртгэлтэй байдаг. Тэднээс “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт их хэмжээний авлигыг биечлэн өгсөн хүн нь Мягмарсүрэнгийн Батгэрэл гэгч ажээ.
ТАЙЛБАР: "ОВООТ ТОЛГОЙ РЕСУРСЕС" ХХК-ИЙН БҮРТГЭЛ, УБЕГ
ТАЙЛБАР: "АБСОЛЮТ АВТО ТРЕЙД" ХХК-ИЙН БҮРТГЭЛ, УБЕГ
Тэгвэл М.Батгэрэл болон Slobodskiy Leonid гэгч нь хэн болохыг танилцуулъя.
М.БАТГЭРЭЛИЙН ХАДАМ ДҮҮ НЬ ЦЕГ-ЫН ХМТ-ИЙН ДАРГА АСАН, СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БААТАРХҮҮ АЖЭЭ
“Овоот толгой ресурсес” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Мягмарсүрэнгийн Батгэрэл нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас гаралтай. 2017 он хүртэл аав В.Мягмарсүрэнтэйгээ хамтран эзэмшдэг “Монскан” ХХК-иараа төрийн байгууллагуудад автомашин нийлүүлэх 50-80 сая төгрөгийн жижиг тендерүүдэд оролцдог байсан. Харин 2017 онд “Овоот толгой ресурсэс” ХХК-ийн эзэмшигч болж, Сэлэнгэ, Сүхбаатар аймагт байрлах нүүрсний уурхайнуудад хөрс хуулалт хийж эхэлснээр огцом хөрөнгөжсөн.
М.Батгэрэлийн эхнэр Б.Наранцэцэг нь ХУД-т байрлах нэр бүхий сургуульд Сургалтын менежерээр ажилладаг. Харин эхнэрийнх нь төрсөн дүү нь ЦЕГ-ын ХМТ-ийн даргаар ажиллаж байгаад Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдсон Б.Баатархүү ажээ. М.Батгэрэлийн намтрын хувьд товчхондоо ийм. Гэхдээ хүргэн ах нь бусдад орон сууцны хороолол барих хэмжээний асар их авлига өгч байхад хадам дүү нь Цагдаагийн байгууллагад тушаал дэвшээд явж байх нь хэр зохимжтойг уншигч та тунгаах биз.
“ОВООТ ТОЛГОЙ РЕСУРСЕС” ХХК-ИЙГ ЭЗЭМШИГЧ SLOBODSKIY LEONID НЬ “ЮНАЙТЕД МЕРЕС МАШИНЕРИ” ХХК-ИАР ДАМЖУУЛАН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д 60 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕХНИК, СЭЛБЭГ НИЙЛҮҮЛЖЭЭ
“Овоот толгой ресурсес” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй Беларусь улсын иргэн Slobodskiy Leonid гэгчийн тухайд Монголд 2015 онд орж ирсэн. Өдгөө Монголд уул уурхайн хүнд даацын машин техник, сэлбэг хэрэгсэл нийлүүлдгээрээ толгой цохидог “Юнайтед мерес машинери” ХХК-ийн Ерөнхий захирлаар нь ажилладаг. “Юнайтед мерес машинери” ХХК нь Беларусийн төрийн өмчит “Белаз” компаниас хүнд даацын автомашинууд шууд нийлүүлдэг. Тэр тусмаа “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-т хүнд даацын техник, сэлбэг нийлүүлэх монопол эрхтэй эрхтэй гэж болно.
Жишээ нь, “Юнайтед мерес машинери” ХХК нь Б.Ганхуягийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед буюу 2020 онд 56.2 тэрбум төгрөгөөр Автосамосмал, 2021 онд 1.8 тэрбум төгрөгөөр Дугуйт түрэгч, 2022 онд 2.3 тэрбум төгрөгөөр Белаз автосамосмалын сэлбэг тус тус нийлүүлсэн байна.
Сонирхуулахад, “Юнайтед мерес машинери” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-д 2020 онд 26 тэрбум төгрөгийн техник, 2021 онд 30 тэрбум төгрөгийн техник, сэлбэг, 2022 онд 31 тэрбум төгрөгийн техник, сэлбэг тус тус нийлүүлсэн баримт ч байна.
Ингэж харвал, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нь М.Батгэрэлийн “Овоот толгой ресурсес” ХХК-тай нь 799.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулаад зогсохгүй, хүнд даацын техник, сэлбэгээ ч М.Батгэрэлийн хамаарал бүхий “Юнайтед мерес машинери” ХХК-иас нь авч байсан болж таарч байна.
Тэгвэл одоо “Овоот толгой ресурсес” ХХК-ийг эзэмшигч М.Батгэрэл, Slobodskiy Leonid нарын цаана хэн байдгийг буюу “Овоот толгой ресурсес” ХХК-ийн жинхэнэ эзэн байж болзошгүй О.Энхмандах гэгчийг танилцуулъя.
“ОВООТ ТОЛГОЙ РЕСУРСЕС” ХХК-ИЙГ ЭЗЭМШИГЧ М.БАТГЭРЭЛ, SLOBODSKIY LEONID НАР ЭЦСИЙН ЦЭГТ О.ЭНХМАНДАХ ГЭГЧ ДЭЭР ОГТЛОЛЦДОГ БУЮУ “ОВООТ ТОЛГОЙ РЕСУРСЕС” ХХК-ИЙН ЖИНХЭНЭ ЭЗЭН
“Овоот толгой ресурсес” ХХК-ийг эзэмшигч Мягмарсүрэнгийн Батгэрэл, өмчлөгч Беларусь улсын иргэн Slobodskiy Leonid нарыг судалж үзвэл эцсийн цэгт Октябрийн Энхмандах гэгч дээр огтлолцож байна.
Тодруулбал, М.Батгэрэл нь О.Энхмандахтай гэгчтэй нэгдүгээрт, тун ойрын хамаатнууд, хоёрдугаарт, бизнесийн хамтрагчид. Жишээ нь, М.Батгэрэл, О.Энхмандах нар 2015 өөрсдийнхөө нэрийг оролцуулсан “Мандах бат трейд инвестмент” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж байсан. Харин Slobodskiy Leonid ба О.Энхмандахын холбоо хамаарлын тухайд, дээр дурдсан “Юнайтед мерес машинери” ХХК-иар дамжуулан холбогддог. Тодруулбал, О.Энхмандах нь “Юнайтед мерес машинери” ХХК-ийг 2012 онд байгуулагдах үед ТУЗ-ийн гишүүнээр нь ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, О.Энхмандах гэгч нь өөрийн хамаатан Б.Батгэрэл, бизнесийн хамтрагч Slobodskiy Leonid нараар дамжуулан “ОВООТ ТОЛГОЙ РЕСУРСЕС” ХХК-ийг удирддаг буюу жинхэнэ эзэн нь байж болзошгүй баримтууд байна. Мөн “ОВООТ ТОЛГОЙ РЕСУРСЕС” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хөрс хуулалт, олборлолтын ажлыг “Юнайтед мерес машинери” ХХК-ийн оруулж ирсэн техникүүдээр гүйцэтгэж байгаа нь бас нэгэн баримт юм.
ТАЙЛБАР: М.БАТГЭРЭЛ, О.ЭНХМАНДАХ НАР
О.Энхмандахын бизнесийн тухайд, “Монгол хьюндай автомотив” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилладаг. Тус компани төрийн байгууллагуудад автомашин нийлүүлэх тендерүүдийг “түүдэг”-ээрээ зартай. Хувийн амьдралын тухайд, “Гурван охин” хамтлагийн ахлагч Д.Солонгын нөхөр гэдгээрээ шар хэвлэлүүдэд үе үе бичигддэг. Улсын төрийн холбоо хамаарлын хувьд, Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэг нутаг төдийгүй, “дагуул” нь гэгддэг. Х.Баттулгыг хаа явсан газар нь дагаж, шадар туслах нь мэт байж ирснийг улс төрийн хүрээнийхэн андахгүй.
Х.Баттулга ба О.Энхмандах нарын холбоо хамаарлыг хөөвөл эхлэл цэг нь дээр дурдсан “Юнайтед мерес машинери” ХХК. Тодруулбал, “Юнайтед мерес машинери” ХХК-ийг 2012 онд Монголд анх байгуулсан хүн нь Беларусь улсын иргэн В.Г.Яприцев. Тэр Самбо бөхийн дэлхийн аварга бөгөөд Х.Баттулгатай 1980 оноос тив, дэлхийн тэмцээнүүд хамт барилдаж байсан найзууд. Ингээд зогсохгүй, В.Г.Яприцев “Юнайтед мерес машинери” ХХК-ийг 2012 онд Монголд байгуулмагцаа Х.Баттулгын тухайн үеийн туслах М.Отгонжаргалыг гүйцэтгэх захирлаараа томилж, О.Энхмандахыг ТУЗ-ийн гишүүнээрээ томилсон баримт бий. Өөрөөр хэлбэл, “Юнайтед мерес машинери” ХХК-ийн Монгол талын жинхэнэ эзэд нь Х.Баттулга ба О.Энхмандах гэгдэж ирсэн.
Эцэст нь нэгтгэж харвал, О.Энхмандах нь “Юнайтед мерес машинери” ХХК-ийн машин техникүүдийг түшиглэн “Овоот толгой ресурсес” ХХК-ийг байгуулж, улмаар өөрийн хамаатан М.Батгэрэл, бизнесийн хамтрагч Slobodskiy Leonid нараар удирдуулсан. Улмаар төрийн талаас Х.Баттулгаар нөлөөлүүлж, Б.Ганхуягт авлига өгөх замаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хөрс хуулалтын 799.3 тэрбум ажилд “Овоот толгой ресурсес” ХХК-иа шалгаруулсан дүр зураг харагдаж байна.
Б.ГАНХУЯГТ СПОРТ ЦОГЦОЛБОР, ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИХ ХЭМЖЭЭНИЙ АВЛИГА ӨГСӨН М.БАТГЭРЭЛ ГЭЖ ХЭН БЭ |
|