• Өнөөдөр 2024-04-26

Нэг тэрбум төгрөгийн үнэтэй хяналтын камерын талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ

2021-05-19,   1581

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын өргөн мэдүүлсэн биелэлээ олдоггүй хуулийн төслүүдийг Их хурал ногоон гэрлээр баталсаар байна. Тэгвэл эдийн засгийн хүндрэлтэй амаргүй цаг үед тэрбээр дахиад л их хэмжээний хөрөнгө санхүү шаардагдах, хуулийн төсөл өргөн барьчихсан батлуулахаар “улайрч” байна.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн чуулганы ээлжит хуралдаанаар  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлсэн. Хуулийн төслийн талаар тэрбээр “Камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлж, зөрчил болон эрүүгийн хэргийн байгууллагын мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах ажилд санхүүжилтийн эрх зүйн орчинг тодорхой болгох хэрэгтэй. Ингэснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэргийн гаралтыг бууруулах, гарсан гэмт хэргийг илрүүлэхэд эерэг үр дүн гарах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нутгийн захиргааны байгууллагын харьяа нутаг дэвсгэрт орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник хэрэгсэлд байнгын хяналт тавьж, хамгаалалт хийнэ” хэмээн танилцуулсан. Улмаар дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэг тэрбум төгрөг шаардагдах юм. 

Хуулийн төсөлтэй холбоотой гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

Хүний эрх эрх чөлөөг хангах, аюулгүй байдлыг хамгаалах гэмт  хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын бичлэг байршуулах шаардлагатай. Хуулийн төслийн зүйл заалтад ярилцаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүний эрх зөрчихгүй байхад анхаарах хэрэгтэй. Хувь хүний нууцад илтэд халдахаас бусад газарт камер байршуулна гэдгийг тодорхой тайлбарламаар байна. Монгол Улс камертай болсноор гэмт хэргийг хэчнээн хувиар бууруулах вэ. Хүний нөөц бий болоход хэрхэн зохицуулах юм. Ач холбогдлыг нь тайлбарлах хэрэгтэй. 

ХЗДХ-ийн сайд Х.НЯМБААТАР:

Тухайн жилд нь торгосон торгуулийн орлогын 40 хувийг орон нутагт ИТХ-д хуваарилж, дээд шатны байгууллага нь баталж өгч байгаа. Тухайн мөнгөний 20 хувийг камерт зориулалтаар нь ашиглах талаар ярьж байгаа. Цаашид камержуулалтын системийг өргөтгөхийн тулд гаднын төсөл хөтөлбөр гээд олон зүйлийг илэрхийлж байгаа. 40 гаруй тэрбумаар хэрэгжүүлэх гэж байсан цахим гавыг 1.8 тэрбумаар хэрэгжүүлсэн. Энэ мөнгийг камер руу оруулж болно. Ямар ч байсан камерт эхлээд арчлалт хийж эхлэх ёстой. ЦЕГ-аас суурь судалгаа хийсэн. 2019 онд Стандартчилал, хэмжил зүйн төвөөс камерын нэгдсэн стандартыг баталсан.
 
Манай улсад 6000 гаруй камер байгаа. Үүний 30 хувь нь огт ажилладаггүй. 30 хувь нь ашиглалтын шаардлага хангадаггүй, 30 хувь нь шаардлага хангасан. Цагдаагийн байгууллага болон бусад судлаачид хамтраад гэмт хэрэг зөрчлөөс камер хэдэн хувиар хамгаалахыг судалсан. Дүнгийн хувьд 300 гаруй сая долларын асуудал яригдаж байгаа. Торгуулийн орлогын 40 хувийг дүүргийн иргэдийн хурал өөрсдөө хуваарилдаг. Торгуулийн орлогоос жил бүр камераа нэмж стандартын дагуу суурилуулна. Жил бүр камерын ашиглалтын зардлыг орон нутагт энэ мөнгөнөөс нь олгоно. Улсын төсөвт нэг их наяд төгрөгийн дарамт учруулах боломжгүй учраас торгуулийн орлогын 40 хувийнхаа 20 хувийг камерын арчлалт хамгаалалт, шинээр камер суурилуулахад зориулъя гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

Гурав хоногийн өмнө өргөн барьсан хуулийг зүтгүүлэх хэрэг байгаа юм уу. Хувь хүний аюулгүй байдлыг хамгаалах асуудалд баталгаа алга. Камержуулалт чухал ч иргэний халдашгүй дархан байдал чухал. Эрүүл саруул ухаанд багтахуйц юм яримаар байна. Одоо байгаа 6000 гаруй камерынх нь тал ажилладаггүй юм билээ. Тэгэхээр 1 их наяд гаруй төгрөг гээд их мөнгөн дүн яриад байна. Миний бодлоор яг шаардлагатай цэгүүддээ тавибал энэ мөнгөн дүн багасна. Хэрэгтэй хэрэггүй газар тавьж баахан мөнгө үрэх гээд байна.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

Энэ асуудалд нухацтай хандах ёстой. Иргэдээ тагнаж, чагнадаг асуудал 2012 оноос эхэлсэн. Үндэсний аюулгүй байдал, терроризмтэй тэмцэнэ гэж тухайн үеийн Засгийн газрын харьяа байгууллагууд, төрийн албан хаагчдын зоогийн газар, контор болон ресторан зоогийн газрын вип өрөөнүүдэд байрлуулдаг байсан. Гэтэл өнөөдөр камерыг гудамж талбайд байрлуулж иргэдээ тагнах Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан орон сууц, захидал харилцаа хувь хүний нууцыг хамгаална гэсэн үндсэн суурийг зөрчсөн хуулийг оруулж ирэхгүй байхыг хүсэж байгаа юм.
 

Нэг тэрбум төгрөгийн үнэтэй хяналтын камерын талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188