Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг эцэслэн баталсныг энэ сарын 3-ны өдөр Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулсан.
Тодруулбал, Боловсролын яамнаас математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй иргэн;
Дээрх чиглэлүүдээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа 3, 4-р түвшний оюутнууд та бүхнийг багшлах эрх олгох сургалтад хамрагдахыг урьсан.
Энэхүү журам батлагдсанаар гадаад, дотоодын их, дээд сургууь төгссөн боловсон хүчинг богино хугацааны сургалтад хамруулан багшлах эрх олгож, боловсролын салбарт ажиллах боломж бүрдүүлнэ хэмээн мэдэгдээд байна. Ингэснээр боловсролын салбарт үүсээд байгаа ажиллах хүчний хомсдолыг шийдэх боломжтой гэж үзсэн юм.
Энэ шийдвэртэй холбоотой нийгэмд олон асуудал хөндөгдөж, иргэд байр сууриа илэрхийлж байна. Тиймээс бид багшлах эрхийн гэрчилгээ олгох 45 хоногийн сургалтын талаар салбартаа ажиллаж буй багш нар, багш бэлтгэдэг их дээд сургуулийн оюутнууд болон Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны ТУЗ-ийн даргын байр суурийг хүргэж байна.
БИД ЗҮГЭЭР ГУДАМЖИНД ЯВЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ 45 ХОНОГИЙН КУРСЭЭР СУРГАХГҮЙ
Боловсролын сайд П.Наранбаяр: Одоогийн байдлаар 4200 орчим багшийн сул орон тоо байна. Бид зүгээр гудамжинд явж байгаа хүмүүсийг 45 хоногийн курсээр сургахгүй. Гадаад, дотоодын их дээд сургуулийг 2.7-оос дээш голчтой төгссөн багшлах хүсэлтэй хүмүүсийг англи хэл, физик, хими, математик технологийн багшаар ажиллахыг урьж байгаа. Эдгээр хүмүүст үндсэн багшийн үнэмлэх олгохгүй. Багшлах эрхийг л олгож байна. Цаашдаа дөрвөөс таван жил ажиллаад үндсэн багшаар ажиллахыг хүссэн хүнд тусгай шаардлага тавина.
ГЕОМЕТРИЙН ПРОГРЕССООР ӨСӨЖ БАЙГАА БАГШ МЭРГЭЖЛИЙН ХОМСДОЛЫГ, АРИФМЕТИК ПРОГРЕССООР ӨСӨХ ЦАЛИНГААР ХЭЗЭЭ Ч ЗОГСООХГҮЙ
Ачаалал ихтэй орчин нөхцөлд ажиллаж, түүнийгээ шударга үнэлүүлж чадахгүй байгаад гол асуудал байна. Багшийн ажлыг багш мэргэжлээр төгссөн хүн хийж чадна. Энэ бол сурган хүмүүжүүлэх ухаан, шинжлэх ухааны үндэслэлтэй тогтолцоо. Багш мэргэжил олгодог их дээд сургуулиудад үндсэн ангиар дөрвөн жил суралцаж, бусад мэргэжлээр их сургууль төгсчихөөд, багшлахаар төлөвлөж буй хүмүүс хөрвөх ангид суралцдаг. Хөрвөх ангид 1.5-2 жилээр сэтгэл судлал, боловсрол судлал, мэргэжлийн заах арга зүй зэрэг суурь хичээлүүдийг судалж, хэд хэдэн шатны дадлага хийснээр багш мэргэжлийг эзэмшдэг байсан. Гэтэл зүгээр нэг химич мэргэжилтэй хүнийг 45 хоногийн сургалтад хамруулаад химийн багш болгоно гэж байна. Энэ журмыг хэрэгжүүлж болох хамгийн муу шийдвэр гэж харж байна. Геометрийн прогрессоор өсөж байгаа багш мэргэжлийн хомсдолыг, арифметик прогрессоор өсөх цалингаар хэзээ ч зогсоохгүй. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар улсын сургуулийг орхиж байгаа дараагийн асуудал нь хувийн сургуулиуд борооны дараах мөөг шиг олшрох болсон. Хувийн сургуулиуд Монголын боловсролын салбарын тодорхой хувийг нуруун дээрээ үүрч байгаа боловч бүгд ашгийн төлөөх байгууллагууд. Хувийн сургуулиуд олширсноор улсын сургуулийн туршлагатай, чадварлаг багш нарт илүү цалин, боломжуудыг амлаад ажиллуулж байна. Энэ шилжих хөдөлгөөн дээр хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн багш нарын амьдрах байр, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, эрүүл мэнд, хөдөлмөрийн нөхцөл, ажлын ачааллыг тэнцүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.
Монгол гуравдугаар сургуулийн физикийн багш Х.Кулшакер: 4200 орчим багш мэргэжлийн хомсдолоос үүдэн мянга, мянган хүүхэд мэдлэг, мэдээлэлгүй хохирч байгаа нь харамсалтай. ШУТИС, МУИС-ийн инженерийн ангийг төгссөн мэргэжилтэн тодорхой хэмжээгээр физикийн шинжлэх ухааныг гүнзгийрүүлж судалдаг. Тиймээс анхан шатны бодлого бодох арга барил, физикийн олон янзын туршилтуудыг хийж үзсэн хүмүүс химич, физикч гэдэг мэргэжлийг эзэмшдэг. Мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулиуд нь ч мэргэжлийн дипломыг ийм хүмүүст олгож буй. Үнэхээр мэргэжлийн чадварлаг хүмүүс нь тодорхой шаардлага нөхцөлүүдийг хангаж чадаж байвал багшлах эрх олгох нь зүйтэй. 45 хоногийн тухайд бол сурган хүмүүжүүлэх арга зүй, хүүхдийн сэтгэл судлал талаас нь сургалт хичээлүүд орох байх. Хүүхдүүдтэй ажиллана гэдэг хүн бүрийн хийж чадах амар ажил биш. Хүүхэд хамгаалал, харилцааны тал дээр зөрчил үүсэхгүй бол сургалтын чанар талаас онцын зөрүү гарахгүй болов уу.
Ховд аймгийн Алтай сумын ЕБС-ийн захирал Т.Цэцэгбадам: Хөдөлмөрийн орчин нөхцөл хүнд, бага цалинтай энэ ажил руу гадаад, дотоодын их дээд сургуулийг төгссөн чадварлаг боловсон хүчин ирж ажиллах эсэх, эргэлзээтэй байна.Энэ шийдлээр багшийн хомсдолыг арилгаж чадахгүй. Эхлээд багшаар ажиллаж байсан багш нараа авч ирэх, тэтгэвэртээ сууж байгаа ахмад багш нараа урьж багшлуулах гэх мэт шийдлүүдийг хэрэгжүүлж, дараагаар нь гэрээт багшийн асуудлыг хөндөх нь зүйтэй. Мэргэжлийн сургуулийг нь төгсөөд багшилж байгаа багш нар хүүхэдтэй ажиллах арга зүй тал дээр асуудал гаргадаг. 45 хоног сургалтад хамрагдаад багшлах эрх авна гэдэг маш буруу. Хэдий багш мэргэжлийн хомсдол хөдөө орон нутагт байгаа ч мэргэжлийн бус хүнийг багшлуулах нь учир дутагдалтай. Хүүхэдтэй ажиллана гэдэг нь багшаас маш олон ур чадвар шаарддаг. Тиймээс хүүхэд хамгаалал, харилцаан дээр асуудал, зөрчил гарах эрсдэлтэй. Энэ тал дээр мэргэжлийн хүний хувьд санаа зовж байна.
МУБИС-ийн математик байгалийн ухааны сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан О.Наранзул: 2.7 голч бол тийм ч сайн голч биш. Гэтэл 2.7 голчтой мэргэжлийн бус хүмүүсийг 45 хоногийн сургалтад суулгаад, дөрвөн жил сурч бакалаврын диплом авдаг багш нартай адил багшлаад явна гэдгийг сонсоод шударга бус санагдсан. Бид их сургуульд онолын мэдлэг эзэмшээд дараагаар нь арга зүйн хичээлүүдийг судалдаг. Мөн практик дээр дадлага хийж туршлага судалдаг. Манай мэргэжлийн хувьд өмнө нь дөрвөн удаа дадлага хийдэг байсан. Одоогоор танилцах болон судлах дадлага хасагдсан. Бид туршин заах дадлагыг нэг сар, багшлах дадлагыг хоёр сарын хугацаанд хийдэг. Багшийн хомсдолыг арилгахыг хүсэж байвал эхлээд цалинг нь нэмэх хэрэгтэй. Багшаар сурч буй оюутнуудыг үнэгүй сургаж, босго оноог нь бууруулаад ч нэмэргүй. Харин ч өндөр шаардлага тавих хэрэгтэй. Нийгэмд багш нарын ур чадвар, заах арга барил муу гэж үргэлж шүүмжлэлтэй ханддаг. Тиймээс цалин хөлс өндөр ажиллах орчин нөхцөл асуудалгүй бол хүүхдүүд энэ мэргэжил рүү өөрсдөө хошуурцгаана. Боловсролын сайдын журмын тухайд бол багш мэргэжлийн үнэ цэн улам буурна гэж харж байна.
МУИС-ШУС-ХУС-ын түүхийн тэнхим, багш нийгмийн ухааны боловсролын дөрөюдүгэр дамжааны оюутан Т.Нарангэрэл: Анх энэ шийдвэрийг сонсоод багш мэргэжлийн үнэ цэнийг бууруулж олон нийтэд хэн ч багш болж болно гэдэг “мессеж”- ийг өгч байгаа юм шиг санагдсан. Зарим сургуульд багшийн орон тоо байхгүйгээс хүүхдүүд хохирч болохгүй. Тиймээс хүүхдүүдэд хичээл орохгүй байснаас мэргэжлийн суурьтай хүмүүсийг сургалтад хамруулж, хичээлийг ямар нэгэн байдлаар орох нь зөв гэж харж байна. Энэ шийдвэрийг 100 хувь зөв гэх нь бас учир дутагдалтай. Багшийн үнэлэмж өндөр, цалин хөлс нь хангалттай байсан бол өнөөдөр багш бэлтгэдэг их дээд сургууль элсэгч үгүй, Монгол Улсын боловсролын салбар багш хайгаад зогсохгүй байсан. Багшаар төгссөн хэр нь мэргэжлээрээ ажилладаггүй хүмүүс ч олон байна. Энэ хүмүүсийг боловсролын салбарт эргүүлэн авч ирэх дээр гарц шийдэл эрэлхийлэх нь зүйтэй. Бид онолын мэдлэгээс гадна сурагчдын сэтгэл зүйг ойлгох, тухайн хичээлийг сурагчдын онцлогт тохируулан хэрхэн ямар аргаар заах вэ, гээд олон зүйлсийг дөрвөн жилийн хугацаанд суралцдаг. Манай сургуулийн хувьд мэргэжлээрээ гурван удаа дадлагад гардаг. Танилцах болон мэргэжлийн дадлагыг нийт гурваас дөрвөн сарын хугацаанд хийдэг. Багшаар төгсөөгүй хүн 45 хоногийн сургалтад суугаад, хүүхдүүдэд хичээл заах нь тэдэнд бас амаргүй байх болов уу.
Ийн боловсролын салбарт хомсдож буй мэргэжлээр ажиллаж буй нийслэлийн төвийн сургуулийн багш, хөдөө орон нутгийн алслагдсан сумын сургуулийн захирал, их дээд сургуульд багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын төлөөлөл, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн тус бүр өөрсдийн үзэл бодол, байр суурийг илэрхийлж байна.
БАЙР СУУРЬ: БАГШЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ 45 ХОНОГИЙН СУРГАЛТ ЯВУУЛАХ НЬ ЗӨВ, БУРУУ |
|
2025-01-16 17:51:24
2025-01-16 16:21:01
2025-01-16 15:25:21
2025-01-16 15:12:00
2025-01-16 14:53:46
2025-01-16 14:07:49
2025-01-16 13:45:09
2025-01-16 13:40:58
2025-01-16 13:26:54
2025-01-16 13:19:33
2025-01-16 13:02:41
2025-01-16 12:55:40
2025-01-16 12:43:23
2025-01-16 12:35:00
2025-01-16 12:30:00
2025-01-16 12:28:17
2025-01-16 12:18:51
2025-01-16 11:58:29
2025-01-16 11:15:00
2025-01-16 10:56:11
2025-01-16 10:55:06
2025-01-16 10:24:28
2025-01-16 09:55:05
2025-01-16 09:48:33
2025-01-16 09:44:15
2025-01-16 09:00:00
2025-01-16 08:57:34
2025-01-16 07:00:00
2025-01-16 07:00:00
2025-01-16 07:00:00
2025-01-16 07:00:00
2025-01-16 07:00:00
2025-01-16 07:00:00
2025-01-16 06:00:00
2025-01-16 06:00:00
2025-01-15 17:13:14
2025-01-15 17:01:01
2025-01-15 16:10:27
2025-01-15 14:41:04
2025-01-15 13:39:32
2025-01-15 13:04:31
2025-01-15 12:04:38
2025-01-15 10:57:56
2025-01-15 10:02:16
2025-01-15 09:51:05
2025-01-15 09:09:20
2025-01-15 09:07:59
2025-01-15 09:05:26
2025-01-15 09:01:42
2025-01-15 09:00:18
2025-01-15 07:00:29
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |