• Өнөөдөр 2024-04-25

БАЙР СУУРЬ: Төсөвт тодотгол хийх ШААРДЛАГАТАЙ, ШААРДЛАГАГҮЙ

2021-01-24,   1060

Найм дахь удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрдсэн парламентын анхны намрын чуулган ирэх долоо хоногт хаалтаа хийнэ. Нэг нам олонх учраас товлосон хуулийн төслүүд ногоон гэрлээр батлагдаж, зарим түвэгтэй асуудлыг дуу нэгтэй шийдчих нь цаг хугацааны хувьд монголчуудад ашигтай байна уу гэмээр. Гэхдээ хэт олонхийн хэнийрхлийн “гай” эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх вий.

Учир нь, Монгол Улсын 2021 оны төсвийг 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг уруудаж, манайх ч ялгаагүй амаргүй нөхцөлтэй нүүр тулаад байгаа. Гаднын зээл тусламжаар амь зогоож буй энэ цаг үед их хэмжээний алдагдалтай төсөв батлах нь тийм ч оновчтой шийдвэр биш байв. Зарим эдийн засагч “Энэ оны төсөвт үр ашиггүй зардал нэлээд бий, зарим төсөл хөтөлбөрийг хойшлуулж болох байсан” гэдгийг удаа дараа учирласан. Тэр бүү хэл Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан ч МАН-ынхан хүлээж авалгүй хэт өөдрөг төсвөө баталчихсан. Гишүүд “Төд удалгүй тодотгоно” гэсэн хэмээн ам гарч байсан ч намрын чуулган хаах хуулийн хугацаа юу юугүй болчихлоо.  
Энэ оны төсөвт тодотгол хийх шаардлагатай эсэх талаарх УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонслоо.
 

УИХ-ын гишүүн Ж.БАТЖАРГАЛ: Төсөвт тодотгол хийх шаардлага үүсээгүй

Тэрбээр төсвийн тодотголын асуудлаар “Би төсөвт одоохондоо тодотгол хийх хэрэгцээ шаардлага гараагүй гэж үзэж байна. Батлагдсан төсвийнхөө хүрээнд асуудлаа зохицуулаад явах ёстой. Он гараад удаагүй байна. Тиймээс орлогын бүрдэл хэсэгт ямар хэмжээний өөрчлөлт гарах төлөвтэй, энэ нөхцөл байдалд зарлагын санхүүжилт ямар хэрэгцээ шаардлага үүссэн гэдгийг ажиглах хэрэгтэй. Батлагдсан төсвийнхөө хүрээнд асуудлаа шийдэх боломж бүрэн байгаа.
 
Үр ашиггүй зардал гэдгийг сайн ойлгохгүй байна. Уг нь бүтээн байгуулалтын ажил нь хийгдэж байвал улс орны хөгжил, цаашдын ирээдүйд хэрэгтэй. Бид олон тулгуурт эдийн засагтай болох зорилго тавьж, тэр дундаа аялал жуучлалын салбарыг хөгжүүлэх талаар ярьдаг. Тиймээс соёл, уламжлалаа хөгжүүлэхэд дэлхийн стандартад нийцсэн барилга байгууламжтай байх нь чухал. Хамгийн гол нь орж ирсэн орлогоо хэрхэн үр ашигтай зарцуулах вэ гэдэг асуудал бий. Дан ганц одоогийн нөхцөл байдлаа бодоод томоохон төсөл, хөтөлбөрүүдээ гацааж болохгүй. Цаашид эдийн засаг идэвхжинэ. Эдийн засгаа идэвхжүүлэхэд дэм болох бэлтгэл ажлаа одоо л хийх хэрэгтэй. Гол нь асуудлаа эрэмбэлэх нь чухал. Оны эхэнд нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй ч нэмэгдсээр байгаа. Мөн дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ ханш тогтвортой өсөлттэй байна. Тиймээс төсөвт тодотгол хийх шаардлагагүй” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ: Хаврын чуулганаар хамгийн эхэнд төсвийн тодотголыг хэлэлцэх шаардлагатай

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж “Төсвийн тодотголыг намрын чуулганаар хэлэлцэх боломжгүй. Нэгдүгээрт, цаг хугацааны хувьд боломжгүй. Хоёрдугаарт, эрх баригчид өөрсдөө хийхгүй. Төсвийн орлого тасалдаж, үрэлгэн зардал гаргахаар төлөвлөсөн учраас гуравдугаар сарын 25-нд эхлэх хаврын чуулганаар төсөвт тодотгол хийх нь гарцаагүй. Анх 2021 оны төсвийг хэлэлцэх үеэр би хэлж байсан. Хэд хэдэн саналыг зайлшгүй тусгах шаардлага байгаа юм.
 
Гэвч энэ саналыг хүлээж авахгүй олонхоороо хүч түрээд төсвөө баталчихсан. Цаашид төсөвт тодотгол хийхдээ цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, эрүүл мэнд, боловсролын салбараас бусад төрийн байгууллагын зардлыг 20 хувиар танаж, эндээс хэмнэсэн хөрөнгөө болзошгүй эрсдэлд зориулж, нэг их наяд төгрөгийг Эрсдэлийн санд авч үлдэх шаардлагатай. Ингэж хэмнэсэн хөрөнгөөрөө вакцин худалдан авах зэрэг цар тахлын үед арга хэмжээ авах хэрэгтэй.
 
Хоёрдугаарт, 2021 оны төсөвт барихаар төлөвлөсөн 430 гаруй контор, музей, номын сан, нутгийн удирдлагын ордон зэрэг барилга байгууламжийн ажлыг түр хойшлуулж, түүнээс хэмнэх 110 тэрбум төгрөгийг  жижиг, дунд үйлдвэрлэлийн санд хуваарилах нь зүйтэй. Мөн дэд сайд, яам, тамгын газрын орлогч дарга зэрэг өндөр зардал бүхий албан тушаалтнуудын орон тоог хасах замаар төсөв хэмнэлт бий болгох зэрэг саналыг зайлшгүй авч хэлэлцэх ёстой. Тиймээс хаврын чуулганаар хамгийн түрүүнд төсөвт тодотгол хийх шаардлага бий” гэв.
 
 
 

БАЙР СУУРЬ: Төсөвт тодотгол хийх ШААРДЛАГАТАЙ, ШААРДЛАГАГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188