• Өнөөдөр 2024-03-29

С.Эрдэнэ: Би Ардчилсан намын дарга хэвээрээ

2020-12-22,   901

Энэ сарын 18-нд Ардчилсан нам X Их хурлаа цахим хэлбэрээр зохион байгуулж, намын дүрмээ шинэчилсэн. Гэвч намын дүрмийг хэлэлцэх үеэр АН-ын дарга асан С.Эрдэнэ намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааныг  шударга бусаар намын хурлыг зохион байгуулж байна хэмээн эсэргүүцсэн. Энэ талаарх түүний байр суурийг хүргэж байна.
 
-Ардчилсан нам дүрэмдээ өөрчлөлт оруулахаар болж, Их хурлаа зохион байгуулж байна. Харин энэ хурлыг та эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Яагаад хурлыг эсэргүүцэх болсон юм бэ?
 
-Байгууллага байна уу, хувь хүн байна уу аль нь ч ялгаагүй дүрэм, журмын дагуу ажилладаг байх ёстой. Үүнтэй адилхан үндэсний хэмжээний том намын хувьд Ардчилсан нам дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, хурал цуглаанаа зохион байгуулах үүрэгтэй. Ардчилсан нам үндсэн дүрмээ батлаад хоёр жил ч болоогүй байна. Гэтэл энэ дүрмийг зөрчиж, Их хурлаа зохион байгуулсан. Үүнийг би эсэргүүцэж байгаа юм. Миний намын даргын үүрэг дуусгавар болоогүй. Намынхаа өмнөөс үүрэг хариуцлага хүлээж байгаа гэсэн үг. Аль ч шатны хурлыг зарлах  эрх бүхий албан тушаалтан байх ёстой.
 
Манай намын дүрмээр Үндэсний бодлогын хороо хурлаа зарлах ёстой байсан. Анх би долдугаар сарын 2-нд хурлын товоо гаргаж наймдугаар сарын 23-нд хуралдуулах чиглэл өгөөд ажлаа хүлээлгэж өгсөн. Үүнээс өмнө намын даргын сунгаанаа зохион байгуулж, Их хурлаараа намын даргаа батламжлах зохицуулалттай байв.
 
Гэтэл намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан эрхээ хэтрүүлэн хэрэглэж, дүрмээр олгогдоогүй эрх хэмжээг эдлээд байгаа юм. Ц.Туваанд намын Их хурлыг хуралдуулах эрхгүй. Үндэсний бодлогын хороо огт хуралдаагүй байхад Их хурлаа хийх боломжгүй. Өмнө нь ҮБХ-г хуралдуулахаар тов зарласан ч ирц нь хүрээгүй. Мөн намын дүрмийн өөрчлөлт хангалттай бус байна. Намын олонх гишүүн дүрмийн өөрчлөлтөө хараагүй гэж байгаа шүү дээ. Үүнийг нь би эсэргүүцээд байгаа юм.
 
-Та өөрөө намын даргаас буух хүсэлтээ ҮБХ-нд өгч, түр орлон гүйцэтгэгчээр дэд дарга Ц.Тувааныг сонгосон шүү дээ?
 
-Намын даргын эрхийг түр шилжүүлэх тогтоол гэж байдаг. Сонгуулийн дараа би тамга тэмдгээ гардуулж өгөхдөө “Түр эрхийг шилжүүлж байна” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл дараагийн намын дарга сонгогдох хүртэл түр үүрэг гүйцэтгэнэ гэж тамга, тэмдгээ  өгсөн. Түүнээс давуу эрх эдлээд дүрмээр олгогдоогүй зүйлийг хий гэж өгөөгүй. Дүрмээрээ бол Ц.Туваан сонгуульд ялагдал хүлээгээд намын удирдлагын эрхээ надтай хамт огцорчихсон хүн.
 
-Улсын бүртгэлийн ерөнхий газарт та өөрийгөө Ардчилсан намын дарга хэвээрээ гэж мэдэгдээд, Ц.Тувааныг намын даргын тамга, тэмдгийг буцааж өгөхийг шаардсан байна. Та өөрөө үүрэг гүйцэтгэгчээрээ томилчихоод ийм шаардлага тавьсан нь ямар учиртай юм бэ?
 
-Улсын бүртгэл, Улсын дээд шүүхэд АН-ын дарга нь С.Эрдэнэ гэх бүртгэл хэвээр байгаа. Хамгийн гол нь түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо намын даргын сунгааныг зохион байгуулж, намын даргаа батламжих ёстой. Ц.Туваан гаргасан тушаалыг дүрмийн дагуу биелүүлсэн бол ийм маргаан гаргахгүй байсан. Намын даргын сунгаа зохион байгуулбал маргаан эцэслэгдэнэ.
 
 
 

С.Эрдэнэ: Би Ардчилсан намын дарга хэвээрээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188