• Өнөөдөр 2024-04-26

Х.Ганхуяг: Банкны хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Үүний төлөө тууштай явна

2021-01-28,   1305

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
- Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр Таны хамаарал бүхий компанийн авсан гэх зээлийн талаар багагүй мэдээлэл цацагдлаа.  Үүнд бодитой тайлбар өгөхгүй юу? 
 
- Энэ асуудалд миний зүгээс маш тодорхой тайлбараа хийсэн. Тодруулбал, Хөгжлийн банкнаас зээл авсан “Вертекс майнинг партнер” ХХК-д би нэг ч  хувьцаа эзэмшдэггүй. Нэгэнт огт хувьцаагүй учраас надад энэ асуудлыг шууд хамаатуулах шаардлагагүй. Компанийн зүгээс ч банкнаас тавигддаг шаардлага,  журмын дагуу барьцаа хөрөнгөө байршуулж авсан бизнесийн зээл. Эргэн төлөлт нь хэвийн байгаа гэх мэдээллийг ирүүлсэн. 
 
- Зээлийн хүүг 50 хүртэлх хувиар бууруулах тогтоолын төслийг та бусад гишүүдийн хамт өргөн барьсан. Уг тогтоол хэрэгжиж эхэлбэл яг хэн, ямар журмаар хамрагдах вэ,  зээл авсан гэх компани хамрагдах уу? 
 
- Өнгөрөгч 12-р сард 5,000 гаруй ААН-ийн дунд МҮХАҮТ-аас явуулсан судалгаагаар иргэд, компаниудад тулгамдаж буй хамгийн том бэрхшээл нь зээлийн хүүгийн төлбөр байна гэсэн үр дүн гарсан. Хэдийгээр Засгийн газраас тог, ус, дулаан зэрэг суурь хэрэглээний төлбөрийг хөнгөвчлөх шийдвэр гаргасан боловч энэ нь хөл хорионы үед нэгэнт ажиллаагүй бизнес эрхлэгчдэд нөлөө үзүүлэхгүй байна. Тийм учраас ажлын байр бий болгож, улс оронд татвараа төлдөг жижиг, дунд бизнес эрхлэгчдийнхээ өмнө тулгамдаж буй хамгийн гол асуудал руу чиглэх нь уг төслийг санаачлагч 22 гишүүний зорилго байсан. Энэ тогтоолын төсөлд зээлийн хэмжээ, үйл ажиллагааны чиглэл, салбар зэрэг аль ч шалгуураар таны асуугаад байгаа компани орохгүй. Цар тахлын энэ хүнд үед хамгийн их нэрвэгдэж, хамгийн их дэмжлэг шаардлагатай байгаа ЖДҮ, бизнес эрхэлдэг иргэд, ААН-үүддээ л хүрэх бодлого агуулсан юм, уг нь. 
 
- Хөл хорионы үед долдугаар сарын 1 хүртэл зээлийн төлөлтийг хойшлуулж болно гэсэн Засгийн газрын шийдвэр гарсан шүү дээ? Тогтоолын төсөл энэ шийдвэрээс ямар ялгаатай вэ? 
 
- ЗГ-ын шийдвэрээр зээлийн үндсэн төлөлтийг хойшлуулсан боловч зээлийн хүүг тооцсон хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл зээлийн хүүгээ төлж чадахгүй байгаа иргэд, ААН-үүд маань алданги тооцуулаад, хүнд байдалд орж байна. Өмнө нь тэр хүмүүс боломжоороо ажлын байр бий болгож, ард нь буй олон ам бүлийг тэжээж байсан. Гэтэл цар тахлын улмаас зээлийн хүүгээ ч төлж чадахгүй аргаа бараад ажлын байраа цомхотгож  эхэлсэн. Аргагүй шүү дээ, хоёр гурван сар үйл ажиллагаа явуулж чадаагүй, дээрээс нь хүүгийн алданги тооцуулж байгаа. Ийм учраас л бид ирэх долдугаар сарын 1 хүртэл зээлийн хүүг 50 хувиар хөнгөлөх тогтоолын санаачилсан юм.  Зээлийн хүүг нь бууруулаад, хойшлуулчихвал бизнес эрхлэгчид маань ядаж ажлын байраа хадгалж үлдэх боломжтой болох боловуу. 
 
- Хэрэв энэ тогтоолын төсөл хэрэгжвэл санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ?
 
- Засгийн газар бонд гаргаж, Төв банкнаас санхүүжилт олгох байдлаар зохицуулах боломжтой. Гэхдээ зээлийн хүүгийн зөрүүг хөнгөлөх бизнес эрхлэгч иргэд, ААН-үүдэд тодорхой шалгуур тавьж, эрэмбэлнэ. Нэгдүгээрт, хөл хорионы үед хэвийн ажиллаж байсан ААН-үүд хамаарахгүй. Хоёрдугаарт, жижиг дунд бизнес эрхлэгчид буюу 2.5 тэрбум хүртэл төгрөгийн зээлтэй иргэн, компаниуд л хамаарна.  Гуравдугаарт 12 хувиас дээш хүүтэй зээл авсан ААН-ийн зээлийн хүүг бууруулна. 
 
- Тодорхой шалгууртай учраас зорилтот бүлэгт хүрэх юм байна гэж ойлголоо. Нийт хичнээн бизнес эрхлэгчид хамрагдах тооцоо бий юу? 
 
- Урьдчилсан байдлаар 50 гаруй мянган хуулийн этгээд хамрагдах тооцоолол гарсан. Хэрэв батлагдчихал 600 мянган ажлын байрыг хамгаалах боломж бүрдэнэ. Гол зорилго нь жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид болон тэнд ажиллагсдын ажлын байр, орлогыг хамгаалахад л чиглэгдэж байгаа. 
 
- Цаашид ер нь ипотек, хэрэглээний гэх мэт бүх төрлийн зээлийн хүүг бууруулах бодит хэрэгцээ шаардлага бий. Энэ утгаараа яг одоо Банкны тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэж байна гэж ойлгоод байгаа. Энэ хуулинд яг ямар өөрчлөлт орж байгаа юм бэ?
 
- Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр системийн томоохон арилжааны банк IPO гаргах зарчмаар олон нийтэд хувьцаагаа санал болгоно. Ингэхдээ хамгийн том хувьцаа эзэмшигч нь 20 хүртэлх хувийг эзэмшихээр зааж өгсөн. Нийт 70 гаруй улсад банкны хувь эзэмшлийн хэмжээг хязгаарласан хууль хэрэгждэг. Энэ хууль хэрэгжвэл хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэж, банкны засаглал сайжирна. Өөрөөр хэлбэл арилжааны банкуудыг Төв банк, СЗХ хянахаас гадна хувьцаа эзэмшигчид нь хянах боломж бүрдэнэ. Үр дүнд нь банкны эзэд юм бүхэнд оролцож, салбар бүрт бизнес хийж, улс төрд нөлөөлөх байдал буурна. Цаашлаад эрүүл өрсөлдөөн бий болж зээлийн хүү буурах нөхцөл бүрдэж, иргэдэд очих зээлийн хүртээмж сайжирна. Ер нь бол бид Шүүхийн хууль, Банкны хууль гэх мэт хуулиудыг шинэчилж, гол салбарууддаа тодорхой хэмжээний өөрчлөлт хийж,  шударга ёсыг тогтоохын төлөө зорьж, ажиллаж байна. Цаашдаа ч эргэж няцахгүй, эрчээ алдахгүй тууштай явах болно. 
 
- Таньд баярлалаа. 
 

Х.Ганхуяг: Банкны хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Үүний төлөө тууштай явна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188