• Өнөөдөр 2024-05-06

ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...

2024-01-02,   5041

               Цагаан зээрийн сүрэгтэй уралдаад Монгол Улсын зүүн хязгаар, Хянганы нурууны салбар уулсын баруун зах, зэрлэг амьтдын жаргалын орон Халх, Нөмрөгийг зорьж явна. Дорнын өргөн уудам талд цагаан зээрээс өөр бараа болж байгаа амьтангүй цэлийсэн тал аниргүйд автана. Талаар нэг тарж, сүрэглэн давхих энэ амьтан өндөр өвсөн дундаас гэнэтхэн гарч ирээд, машины урдуур зүг чиггүй давхиж, мөргүүлчих гээд мөн ч хэцүү юм. Жолооч Н.Сэргэлэн машиныхаа хүрдийг хоёр тийш нь шаламгай гэгч мушгиж, тоормосоо огцом дарж, “Зээрийн аминд хүрчихгүй Хамар даваа орчих юм сан” гэж амандаа үглээд, хурдаа нэмж байна. Төд удалгүй “Яг ингэдэг юм. Эд нар ингэдэг юм” гээд л муухай хашхираад явчихлаа. Энхэл, донхол замаар өөд, уруугүй “шидүүлж”, машины тааз, суудлын хооронд ойж, буугаад арай чүү тогтов. “Яг балрах гэж байна. 20 гаруй жил энэ замаар явахдаа өвсөн дундаас гэнэт гараад ирдэг гэдгийг нь ёр юм шиг мэдсээр байж мөргөчих гээд байх юм. Цагаан зээр яг ингэдэг амьтан. Заавал ч үгүй машины урдуур гардаг. Ухарна, буцна, зогсоно гэдгийг даанч мэдэхгүй дураараа амьтан даа” гэсээр машиныхаа хамар доогуур тонгойж харав. Азаар гайгүй бололтой, цонхны цаанаас толгой дохиод “Та хэд бууж нуруугаа амраахгүй юу. Эндээс Халхгол сум 50 км. Юухан байх вэ, нар мандахад л Ялалтын хөшөөн дээр оччихно” гэлээ. Шөнөжин давхисаар үүр цайж байхад Буйр нуурын урдуур гарч, нар мандахтай зэрэгцээд Мэнэнгийн тэнүүн талыг ийнхүү “эвхэж” дууслаа. “Хаана явж байна” гэхээр “Мэнэнгийн тал, Мэнэнгийн тал” гэж хариулах нь ашгүй нэг юм алсарч, Халх, Нөмрөгийн бараа руу дөхөж байх шиг байна. Тэнд биднийг хотлоо дагуулан салхи сөрөн эв хавгүйхэн шогших дорнын молцог хандгай, Халх, Нөмрөгийн харзанд өвөлжин шумбах өхөөрдөм голын халиу, үрийнхээ төлөө өглөөнөөс үдшийн бүрий хүртэл тонгочих гахайн сүрэг тэргүүтэй  зэрлэг амьтад өвсний сайхан, ургамлын сор, усны тунгалагийн гүндээ униартаад хүлээж байгаа.

 ХӨШӨӨН ДУНДАХ ХАЛХГОЛ СУМ

    Олон аавын хүүгийн халуун амь, бүлээн цусаа урсган байж хамгаалж, үлдээгээд үүрд нойрссон Халхголын дайны туурь одоо ч “эдгээгүй”. Хаашаа л харна хөшөө дурсгал, хүмүүсийн нойрсож буйг илтгэх пайз тэмдэг, их түүхийн жим дурайх ажээ. Тал дундуур туучсаар “Монгол ардын армийн 17 дугаар морьт хорооны дарга Л.Дандарын тулалдааны талбарт Монгол Улсын гарамгай баатар цолоо авсан газар” гэж цэнхэрээр бичиж, пайз хатгасан Хамар даваанд хүрлээ. Эндээс Халхгол сум хариугүй ойрхон. Хүний хамар шиг налуу толгодыг уруудаад л сум руу орчихно гэнэ. Хамар даваан дээр Ялалтын хөшөө сүндэрлэх нь дуу алдам сүрлэг юм. Хэдэн мянган тонн зэсээр Халхын голын дайнд ялалт, ялагдал хүлээж, эх нутгийнхаа хөрсөнд шингэсэн аавын хөвгүүдэд зориулсан эл хөшөө бахдам ажээ. Халхгол сумынхан их түүхийн “хэвлий”-д, тэднийг гэрчлэх хөшөөн дунд амьдардаг юм байна лээ.

           Даваа уруудаад л зээрийн сүргийн уудам тал ард хоцорч, бор гөрөөс цахилж “замчлаад”, Халхгол сумын төв рүү ороод ирлээ. Шинэ байгуулсан энэ сум сумын төвөөс баруун хойш, хөдөөгийн буйдад гэхэд давгүй сайхан барилгуудыг нэгэн жигд барьж, сүндэрлүүлжээ. Хайлааст манхны араар Халхгол тохойрон урсаж,  Нөмрөг рүү чиглэдэг аж. Бид сумын төв дотуур явсаар Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байранд ирлээ. Байгаль хамгаалагч залуу мэнд мэдээд, “Нөмрөг рүү нэг сараас гуравдугаар сар хүртэл зам цасанд хаагдчихдаг. Энэ хугацаанд хэр баргийн хүн зүглэдэггүй юм даа. Та хэд ямар зоригтой ирж байна” гэж толгой сэгсэрсээр угтав.

БААВГАЙН БАМБАРУУШАА ХАРУУЛДАХ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД

        

Өнгөрсөн хаврын түймрээр Нөмрөгийнхөн сүйджээ. Дархан цаазат 587 га талбайнх нь тал гаруй хувь нь шатаж, зэрлэг ан амьтад үргэж, дүрвээд нэлээд хэцүүдсэн бололтой. Түймрийн үеэр байгаль хамгаалагчид эхээсээ төөрч, өлсөж, тураалдаа орсон баавгайн бамбаруушийг Хамгаалалтын захиргааныхаа гадаа гурван сар тэжээсэн гэнэ. Нялх бамбаруушаа Төрхүү гэж нэрлэж, өнөөх нь хавар, зунжингаа л нялхарсан юм байх. Сумын иргэд, аялагчид Халхголын дэлгүүрийн сүү, алим, молоког хуу хамж, Төрхүүд өгөх гээд дугаарлаж зогссон өдөр ч байсан гэнэ. Сүүлдээ бамбарууш нь шингэн сүүгээ голоод, молокогоо “нэхээд” байдаг болж. Бүр “Төрхүүд туслацгаая” аян зохион байгуулж, иргэдээс 200 гаруй мянган төгрөг цуглаж, бамбаруушаа “тансаглуулсан” байгаа юм. Хүнээр бол баавгайн бамбарууш төрснийхөө дараа нярайн сувилалд байж байгаад буцаж. Төрхүүг байгальд нь буцааж тавьсаны дараа Халхгол сумын дэлгүүрт молоконоос их юм үлдээгүй гэнэ. Хамгаалалтын захиргааныхан “Төрхүү яваад молоконы бизнес дууссан. Одоо манай сумын дэлгүүрүүдийн молоконы хадгалах хугацаа бараг дуусаж байгаа байх. Хоёр жил зарах молоконы нөөцөө Төрхүүгийн ачаар аваад ирсэн улс шүү дээ” гээд инээлдэнгээ цай, хоол болов.

           Төрхүүг өнгөрсөн намар Дархан цаазат газарт нь буцаан тавьжээ. Нялх амьтан 100 хоног сумын төвд байж байгаад байгальдаа очсон байна. Сүү, молоког хувин хувингаар нь ууж, алим жимсийг авдар, авдраар нь идсэнээ мартчихаад өнөөх амьтан чинь торноосоо үсэрч гараад, давхичихсан гэнэ. Давхиж байснаа гэнэтхэн эргэж хараад байгаль хамгаалагчид руу ширтээд суучихаж. Байгаль хамгаалагчид “Төрхүү маань эсэн мэнд л өвлийг давж байгаасай. Баруун чихэнд нь тэмдэг тавиад явуулсан. Бид ажлаа хийгээд, Төрхүү мэнд байвал тааралдах байлгүй дээ. Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэдгийн адилаар зэрлэг араатны төл учраас эргээд уулзахад бараадахгүй байх даа” гээд уярч байна. Тэд Төрхүүг явнаас хойш баавгай нутагладаг Хадатын булаг, Дэгээ гол, Туулайт өндрөөр давхиж, хяналтын камерыг нь шалгах бүрдээ “Камерт үзэгдсэн болов уу” гээд догдолж хардаг болсон юм байх. Даанч тэдний хүссэн бараа сураг дуулдаагүй байгаа гэнэ. Хүүхдээ цэцэрлэгт явуулчихсан хүмүүс шиг л байх ажээ, тэд. Төрхүүгийн цуснаас шинжилгээ авч, гадаадын лаборатори руу шинжлүүлэхээр явуулжээ. Хариу нь гарсны дараа Нөмрөгийнхэн ямар төрлийн баавгайтай, хэдэн зуун жил амьдарч байгааг баараггүй мэдэх, судалгааны асар их мэдээллийн зангилаа тайлагдах учир хариуг нь хүлээж ядаж байгаа гэнэ.


ХАРУУЛ ТОЛГОЙН БАРУУН ЭНГЭРТ ДОРНЫН МОЛЦОГ ХАНДГАЙ ХОТОЛОО ДАГУУЛААД ДАВХИЖ ЯВНА
 

          Бид машинаа сольж аваад хүн хүрээгүй, нэн ховор зэрлэг амьтдын диваажин болсон Халх, Нөмрөгийн сав газар руу хөдөллөө. Хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн К.Тэрбиш бидэнд газарчилж яваа. Цас ихтэй учраас өдөртөө амжиж буцаж ирэхгүй гэнэ.

        Хайлааст манхан, элсэн толгойг уруудаад, Харуул толгойн хойд талд давхиж явтал ердөө хажуу талын модтой жалганаас дөрвөн хандгай шогшуулаад гараад ирлээ. Бид “Хандгай, хандгай, хурдлаарай” гээд орилохоороо ярьж, машин дотроо гүйх нь холгүй тэмцэв. Зурагчин маань цонхны цаанаас зургийг нь шүршиж, К.Тэрбиш “Эндээс Дархан цаазат газар эхэлж байгаа юм. Харуул толгойд хэдэн хандгай байгаа гэсэн сураг дуулдаад байсан. Ийшээ бүүр ороод ирж л дээ. Нэг нь хотлоо дагуулчихсан явна” гэхтэй зэрэгцээд жолооч машинаа унтрааж орхилоо. Мань эр бидний яриаг сонсож, хандгайн чигт хамаг харцаа явуулаад, хааз, тоормосоо ээлжилж байх хооронд машин нь хүч алдаад, унтарчихжээ. Машинаа асаах гэж мунгинасаар байтал хоёр дэлдэн чихээ солбин чимээ авсан хандгай Харуул толгойн хойд энгэрийг бараадаад, бараа сураггүй давхичихлаа. Жижигхэн эврээ “дааж” ядаад, сэрвээгээ хотолзуулаад, дэнхэр данхар давхих нь говийн тэмээ хангайд бөндгөнөтөл хатируулж байгаа юм шиг харагдах. Сүрлэг, сүрдэм амьтан хэрнээ үнэр, чимээнээс ихэд сэрэмжилж, бургасан төгөл, гуу жалга, өндөр өвс, бутан дундуур идээшиж явдаг гэнэ.

           К.Тэрбиш “Бидний таарсан хандгайг Дорнын молцог хандгай гэдэг юм. Зөвхөн Монгол орны Нөмрөгийн сав газарт байдаг хамгийн том хөхтөн амьтан. Сав газрынхаа гүнд эзэн шиг нь л нам гүмхэн байж байдаг. Сүрдэм том бие шигээ хэнэггүй амьтан байгаа юм. Аюулыг заавал таньж байж хөдөлдөг. Нутгийнхан бугын эвэртэй адилхан эвэртэй болохоор нь буган хандгай гэж ярьдаг юм. Яах аргагүй манай нутгийн бахархал. Энэ амьтныг хамгаалахын тулд бид зүтгэж байна шүү дээ. Хүссэн хүн болгон хандгайтай таараад байх боломжгүй. Хэдүүлээ ч хийморьтой явж байна даа. Дорнын молцог хандгай 1970-аад оны үед Нөмрөгийн гол, Соёлз уулын орчимд ердөө 3-4 толгой байсан юм байна лээ. Харин 1990-ээд оны эхээр тархац нутагтаа 70-80 толгой болж, устах аюулаас аврагдсан. Хамгийн сүүлийн судалгаагаар 350-400 хандгай Нөмрөгт байгаа барагцаа гарсан. Хамгаалалт тогтвортой байгаа учраас хандгайн тоо тогтворжиж, өсөх хандлагатай байна” гэлээ. Хандгайн гол дайсан нь талын саарал, уулын хөх чоно. Чонон сүрэг залуу хандгайг “байлгадаггүй” гэнэ. Цас ихтэй өвөл бол нас биед гүйцсэн хандгайг эр, эмгүй ноолдог гэнэ. Цасан дундуур бахардтал нь хөөж байгаад хэдэн талаас нь хашаад барьчихдаг ажээ.

             Газрын гайхамшиг, усны тунгалаг, өвсний сайн сорчлон ургадаг Нөмрөгийн сав газарт халдварт өвчин гараад Дорнын молцог хандгайг сүргээр нь хиаруулж устгачих вий гэхээс байгаль хамгаалагчид сүнсээ зайлтал айдаг юм байна лээ. Ганцхан дорнын молцог хандгай ч гэлтгүй Нөмрөгийг нөмөрлөж амьдардаг араатан амьтдаа бүрэн бүтнээр нь үр хойчдоо үлдээх хүсэл зорилго нь тэдний мөрөөдөл бас үүрэг нь. Ямар сайндаа айлын бэлчээрийн мал дархан цаазат газар руу орвол баасыг нь түүж цэвэрлэдэг гэнэ. К.Тэрбиш “Хандгайн нутгаар айлын мал давхцаж явахыг хуулиараа хориглодог. Айлын мал дархан цаазат газрын хил давж, хандгайн бэлчээрийг бохирдуулах өндөр эрсдэлтэй байдаг. Малын гэдсэн дотор байгаа өтгөн, шингэн ялгарлаа гэхэд янз бүрийн халдвар тээгч байвал яана. Энэ эрсдэл биднийг их айлгадаг юм даа. Сүүлийн жилүүдэд манай суманд малын гоц халдварт өвчин гарах нь нэмэгдсэн. Монгол бөхөнгийн эмгэнэлийг мэдэж байгаа биз дээ. Түүн шиг зүйл болох вий л гэж болгоомжлоод байгаа юм. Харин дурын аялагч Дархан цаазат газраар аялж болно. Бид байнга хяналт тавьж, эрсдэлгүй, аюулгүй байх арга хэмжээ аваад явуулдаг юм. Гэхдээ туулах чадваргүй “Приус” унаж ирчихээд “Халх, Нөмрөгийн хараа булаам сайхан газрыг үзнэ. Олуулаа яваа учраас машинаа түрээд гаргачихна” гээд байдаг. Эсвэл “Нarrier” унаж ирээд “Том оврын жийп шүү. Ямар ч асуудалгүй явчихна” гээд таахалзаад байдаг юм. Суудлын тэрэг тийм ч амархан Нөмрөгт хүрдэггүй юм аа. Иргэдийн аюулгүй байдлын төлөө л машин тэргийг нь шалгаж, явуулна, явуулахгүй гэж хэлээд байгаа юм шүү дээ. Аялагчдыг элдэв хог, идсэн хоолны үлдэгдлээ энд, тэнд битгий хаяасай гэж залбирч явдаг даа. Манайхан чинь хэнэггүй. Хоол ундны үлдэгдлээ шууд хаяад л нохой, шувуу иднэ биз гэж боддог. Хаясан хог, хоол нь янз бүрийн вирустэй, халдвартай байвал яана. Эрх дураараа, байгальдаа амьдарч байгаа амьтдад л хор хөнөөл учирна шүү дээ” гэсээр урд талын суудлын голоор бидэн рүү өндөлзлөө.


СОЁЛЗ УУЛЫН ОРОЙГООС НАР МАНДАХАД МОНГОЛЫН ӨГЛӨӨ ЭХЭЛДЭГ

                  Цасны аясаар гэлдэрсээр Хадатын булаг, Дэгээ голын эхээр өгсөж, Салхит өндөрт ирлээ. Нөмрөгийн сав газар гэдэг чинь олон голын уулзвар, нөмөр хоргодох талбай ихтэй, намхан бэсрэг уулсын нийлбэр юм байна. Баруун аймгуудын хадан хясаатай, тэнгэр баганадсан өндөр уул энд нэгээхэн ч байхгүй. Дандаа л намхан толгод, орой нь хавтай, уулс, гол горхины уулзвар байх ажээ. Салхит өндөрийн баруунаар даяанчлаад Хойт гүү, Азарга уул, Ламын ухаа, Гурван уул, Хадат өндөр, Тарвагатай өндөр, Зүрх, Салхит, Чандагат, Хадан худагийн оройгоор дамжаад Соёлз ууланд хүрнэ гэнэ. Соёлз уулын оройгоор хоёр улсын хилийн зурвас явж байгаа. Монгол Улсын хамгийн зүүн хязгаар нь Соёлз уулын орой гэсэн үг ажээ.

                 Байгаль хамгаалагч залуу К.Тэрбиш “Соёлз уулын оройгоос зүүн хойд зүгт 7-8 километрийн зайд Монгол Улсын хамгийн зүүн цэгийг хатгасан соёмбот хүрэл хөшөө байгаа. Мандаж байгаа нар Модот хамар, Соёлз уулын оргил дээр тусахад Монголын өглөө эхэлдэг юм даа. Зүүн захыг илтгэх хүрэл хөшөөнд хүссэн хүн бүр хүрэх боломжгүй. Өвөлдөө цас нь, дулааны улиралд намаг, шавар нь яагаад ч явуулахгүй. Бид ч тэр баганад тийм амархан хүрч байгаагүй. Хилийн цэргийн ангийнхан, байгаль хамгаалагчид тусгай бэлтгэгдсэн мориор 6-7 хоног явж байж хүрдэг. Төрийн өндөрлөгүүд зүүн захыг эргэж ирэхдээ нисдэг тэргээр Соёлзод буудаг юм. Үе үеийн Ерөнхийлөгч Соёлзын мөнгөн оргил дээр нисдэг тэргээр бууж байсан даа” гэв.

ЗЭГС ДУНДУУР ХАДРАХ ЗЭРЛЭГ ГАХАЙН ГЭР БҮЛ 

             Дархан цаазат газрын баруун хэсгээр нуган хээр зонхилдог ажээ. Гол, булаг ихтэй, өндөр өвстэй, алсын бараа харагдахуйц тал нутаг аж. Тарвагатайн өндрийн хойд хяраар зэрлэг гахайн сүрэг шинэхэн мөрөө үлдээгээд биднээс ердөө хэдхэн минутын өмнө өнгөрчээ.

          Байгаль хамгаалагч К.Тэрбиш “Энэ мөрийг хар даа, дөнгөж саяхан явсан байгаа биз дээ. Мөр нь бүдгэрээгүй байна гэхээр ийшээ л давсан байна даа. Мэгж нь хэзээ мөдгүй зулзагалах гээд байж ядаж баймаар юм. Нэг мэгж ойролцоогоор 3-8 тоорой гаргадаг. Нөмрөгийн сав газар зэрлэг гахай ихтэй. Ургамлын ногоон хэсэг, үндэс, хушны самар, жимс, булцуу, нугаламгүй амьтан, жижиг нугаламгүй амьтнаар ч хооллоно. Чийгийн улаанаас өгсүүлээд элдэв төрлийн шавж, мэлхий, үхэр огдойг хүртэл идэж орхино шүү дээ. Гэхдээ л цусандаа байгаа гэдэг шиг будааны хаягдалд хачин дуртай амьтан” гэлээ. Түүнийг ингэж ярихтай зэрэгцээд толгодын дээгүүр сүүлээ годгонуулсан гахайн сүрэг давхилдах ажээ. “Тэр хар даа голынх нь мэгж байна шүү. Дөхчихжээ, дөхчихөж. Ердөө дөрвөн сар хүргээд л тооройгоо төрүүлэх юм байна даа. Зэрлэг гахай чинь бусад амьтан шиг үүр, гэр засна гэж барагтай л байхгүй. Засаж байгаа гэр нь навч, модны мөчир байдаг юм. Тэгээд л ийш, тийшээ давхилдчихна даа” гэв.

НӨМРӨГИЙН ГОЛЫН ЭХЭЭР СҮРГЭЭРЭЭ ХАТИРАХ ХАЛИУН БУГА

      Халх, нөмрөгийн сав газарт хахир өвөл болж байна. Өдөр бүр цас хялмайлж, амьтдын нутгийг хоёр төө зузаан цас хучжээ. Зарим газартаа морины цээжээр татсан цастай байгаа гэнэ. Дархан цаазат газрынхаа гүн рүү дөхөх тусам цасны зузаан нэмэгдэж, хамт явсан залуучууд тачигнатал буугаад, урд, хойд дугуйны цасыг хонхойтол ухах ч тэнхлэг нь тулчихаад зоргоороо давхиж болохгүй юм. Байгаль хамгаалагчид хэдхэн хоногийн өмнө Ар, Өвөр сүмийн хоолойн амьтдад өвс тавьж өгөөд буцжээ. Цасны зузаан тэр үеийнхээс ч нэмэгдсэн байна гэнэ. Байгаль хамгаалагчдын тавьсан өвс хэдийнэ дуусаж, эздэдээ хүрчээ. Бэлчээрт гарсан айлын мал шиг сүргээрээ давхих халиун буга Нөмрөгийн бас л нэг өнгө нь. 4000 орчим тоологдсон халиун буга Ханчандмань уул, Нөмрөгийн голын эх, Гурван голын бэлчрээр голчлон нутагладаг.
 

ГУРВАН ГОЛЫН БЭЛЧИРИЙН ХАРЗАНД ШУМБАХ ӨХӨӨРДӨМ ГОЛЫН ХАЛИУ 

       Шувуудын жиргээ, цасны шаржигнах чимээ, моддын мөчрийн гялбаа дэндүү тансаг ажээ. Нам гүм, аниргүй бургасан шугуйт голын хөндий, ой бүхий бэсрэг уулс, уулсын хөндийн нугаар өдөржин явсаар Гурван голын бэлчирт дөхөж ирлээ. Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгийн өхөөрдөм амьтан болох голын халиуны суурин нутаг. 30-35 см-ийн өндөртэй, хамрынхаа үзүүрээс сүүлний төгсгөл хүртлээ 90-100 метрийн урттай, их бие нь саарал, цээж нь цагаан цайвар сортой үстэй амьтан харзны уснаас гарч ирээд тонгочиж байгаад ус руугаа орчихлоо. Тэгснээ харзны төгсгөл хэсгээс дахиад гараад ирэх юм. Их сониуч, усанд сайн сэлдэг амьтан бололтой байлаа. Энэ бол нэн ховор голын халиу гэнэ.

         К.Тэрбиш “Голын халиуг монголчууд дээр үед их агнадаг байсан юм билээ. Агнуурын үеийн гол агнуур нь байсан гэсэн. Манжийн хаанд голын халиуны арьсаар өргөл барьц барьдаг байсан юм билээ. Тэгээд тоо толгой нь эрс цөөрч, бараг сүйрлийн үе рүүгээ орсон гэсэн. Зарим голд устаж алга болсон. Одоогоор Нөмрөгийн Дархан цаазат газарт 1-2 бүл гүйдлээр биш суурин байгаа нь тогтоогдсон. Нэг бүлд 25-30 тоо толгой байдаг юм билээ. Маш сайхан үстэй, түргэн шаламгай хөдөлгөөнтэй, сэргэлэн цовоо хөхтөн амьтан. Булга, минж шиг сортой үстэй учраас үсэнд нь болж агнадаг байсан юм уу даа. Одоо нэн ховор төрөлд багтсан учраас Голын халиу аюулаас аврагдаж, өсөж байгаа. Онон, Балж голд гүйдлээр нутаглаж, Нөмрөгтөө суурин байдаг. Харзныхаа усанд “тоглоод” загас, жараахайгаа бариад л байж байна даа. Загасыг гарамгай сайн барьж, усанд чадварлаг сэлдэг өхөөрдөм амьтан шүү дээ” гэсэн юм.

        Гурван голын бэлчир Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгийн үзэсгэлэнт хэсэг нь байж магад. Эргээ шахан хөлдсөн голын мөс, ан амьтдын амьдрах орчинд “тааруулсан” харзны ус, энд, тэндгүй амьтны мөр авч үлдсэн эрэг, бургасан шугуйтай нутаг ажээ.

 Дэлхийн эрдэмтдийн нууцыг нь тайлж чадахгүй байгаа ХОВОР ЭМИЙН УРГАМЛЫН ХӨНДИЙ

          Нөмрөгийн хөндийд тоолж барамгүй, судалж дуусаагүй дэлхийд нэн ховор ургадаг эмийн ургамал хэдэн зуугаараа ургадаг гэнэ.Байгаль хамгаалагч К.Тэрбиш “Ботаникийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар Нөмрөгт 69 овгийн 493 зүйл гуурст ургамал бүртгэгдсэн байдаг. Тухайлбал, нэн ховор 15, ховор 21, эмийн 41 ургамал ургадаг болох нь тогтоогдоод байгаа. Цагаан, ягаан цээнэ ургадаг хөндий шүү дээ. Судлаачид зун болгон л ирж судалгаагаа үргэлжлүүлж, Нөмрөгийн хөндийгөөс ховор ургамал илрүүлсээр байна. Дээрээс нь зөвхөн манай Нөмрөгт ургадаг 50 гаруй төрлийн ургамал бий. Ийм баялаг нутаг учраас Ази тивийн бэлгэдэл болсон нэн ховор алаг тогоруу үүрээ зассан. Дэлхийд ховордсон байдлаар хоёрдугаарт бичигдсэн алаг тогоруу өндөглөн зусаад, хоргодон хоргодон буцдаг гэхээр хэчнээн сайхан нутаг болох нь тодорхой байгаа биз дээ” гэлээ.  

            Энэ хөндийгөөс хорт хавдрыг эмчлэх  нэн ховор эмийн ургамлал олчихоод олз дүүрэн  буцдаг судлаачдын цуваа намар, хавартаа тасардаггүй гэнэ. Өдөржин, шөнөжин судалсаар тэд Нөмрөгийн хэчнээн баялаг, сайхан нутаг гэдгийг дуу алдан мэдэрч, биширсээр дараа жил нь томруулдаг шилээ, багажаа бариад  улам олуулаа болоод хүрээд ирдэг ажээ.

           Туулаад барамгүй тэнэгэр тал нутгийн буйд баянбүрд болсон “алгын чинээхэн”  энэ газар амьтан бүхэн жаргах, ургамал бүхэн тэнгэр өөдөө тэмүүлэн ургаад,  хээрийн  салхинд сугсран найгах жаргалын орон мөн ажээ.  Нар тэртээ талын цаахна руу шурган орох гэж улайран байхад ганц хандгай цэлийсэн их цасыг  хэнхдэг цээжээрээ зүсэн ижил сүргийнхээ зүг тэмүүлж яваа харагдана.Түүнээс холгүйхэн нялх ногоон  өнгөтэй нарс модот уулын энгэрт  идээшилж байсан хэдэн согоо юунаас ч юм бэ үргэж уул даван одох ажээ. Гэтэл моддын чөлөөгөөр бүл зэрлэг гахайн сүрэг цас манаруулан гараад ирэв ээ. Халх нөмрөгийн сав газар гэдэг чинь дуу алдмаар яасан яруухан нутаг вэ.  

        Хэдэн бор байгаль хамгаалагч төдийгөөс өдий хүртэл цасан шуурга, талын салхийг сөрж Нөмрөгийг  хэрхэн хамгаалж өнөөдөрт ирснийг тэртээ алсад тааваараа идээших амьтдын амар амгалан гэрчилнэ. Хамгаалахаас ч аргагүй тансаг байгалийн бүрдэл Халх, Нөмрөгийн сав газрын үзэсгэлэнг бид дуу алдан биширсээр, хоргодсоор хөдөллөө.

 


ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-05 23:17:05
    Ганбаа: Халх нөмрөгийн дархан цаазат газрынтухай нүдэнд харагдтал бичжээ ажилын амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-04 04:52:49
    Гэрэл: Баярлалаа. Нүдэнд харагдтал бичсэн байна сайхан нутаг шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 23:46:47
    Даваадарж 1971 - 1974 онуудад 24 отрядын малын эмч : Халх нөмөргийг нүдэнд харагдтал бичижээ залуу насаа дурсаж уншлаа Би хүүхэдүүд ..гэр бүлийнхэндээ юун хөвсгөл гэж гайхуулан ярих дуртай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 23:46:15
    Даваадарж 1971 - 1974 онуудад 24 отрядын малын эмч : Халх нөмөргийг нүдэнд харагдтал бичижээ залуу насаа дурсаж уншлаа Би хүүхэдүүд ..гэр бүлийнхэндээ юун хөвсгөл гэж гайхуулан ярих дуртай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 23:45:21
    Даваадарж 1971 - 1974 онуудад 24 отрядын малын эмч : Халх нөмөргийг нүдэнд харагдтал бичижээ залуу насаа дурсаж уншлаа Би хүүхэдүүд ..гэр бүлийнхэндээ юун хөвсгөл гэж гайхуулан ярих дуртай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 23:44:23
    Даваадарж 1971 - 1974 онуудад 24 отрядын малын эмч : Халх нөмөргийг нүдэнд харагдтал бичижээ залуу насаа дурсаж уншлаа Би хүүхэдүүд ..гэр бүлийнхэндээ юун хөвсгөл гэж гайхуулан ярих дуртай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 12:04:47
    Мөнхбат: Маш сайхан зүйл олж уншлаа баярлалаа.Ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.Үеийн үеэд оршин байх болтугай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 10:57:37
    зочин: Ойрд уншаагүй сайхан нийтлэл нүдэнд харагдтал бичсэн байна баярлалаа амжилт хүсэе.Энэ сайхан байгалиа унаган төрхөөр нь авч үлдэх юмсан гадаад дотоодын шуналтнуудаас хамгаалж яваарай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-28 09:06:47
    Сүхээ: Bayantooroi halh nomrog hawtgai handgai yah aragagui sxan bichleg dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-27 00:00:16
    Баярсайхан.дорноговь .: Нүдэнд харагдтал сайхан бичжээ.баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-26 14:24:07
    Зочин: Сайхан нийтлэл байна баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-26 11:00:16
    Зочин: Үнэхээр гайхалтай сайхан нутаг. Миний нагац ээж Халх нөмрөгөөр нутагладаг байхдаа... гэж их ярьдаг сан. Шимтэн, биширч уншлаа. Талархлаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-23 15:13:08
    zochin: Manai Hvrelee ystoi saihan bichne shvv
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188