• Өнөөдөр 2024-04-29

ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД

2024-01-12,   1757

-УРАГДСАН СЭТГЭЛ, ХӨНДҮҮР ЗҮРХ-

      ...”Аавын тухай бодохоор амьсгалж чаддаггүй юм. Нуруугаар хүйт дааж, биеийн хамаг шар үс босоод, гарын алга хөлрөөд, гэдсэн дотуур өвдөөд салгалчихдаг. Аавын эмзэг хэсгийг маань өвтгөдөг байсан хар дарсан зүүд шиг өдрүүдийг мартахыг ямар их хүсдэг гэж санана. Ангийн найзууд, сургуулийн хүүхдүүд мэдчих вий гэхээс сүнсээ зайлтал айдаг. Айсандаа болоод хичээлдээ явахаас ч, гэртээ байхаас ч дургүй хүрдэг болсон. Хоёр эгчид минь  ч ялгаагүй байгаа байх. Төрсөн эцэг нь гурван охиноо хүчирхийлж, нэгийг нь жирэмсэн болгосон гэдгийг мэдсэн ээжид минь бүр ч хэцүү байсан. Аав биднийг яг л биеэ үнэлдэг хүмүүс шиг байлгадаг байсан байна лээ. Оролдож, уруул дээр үнсэж, дотуур хувцас тайлж, нойтон болгочихоод “5000 төгрөг өгье, хүнд хэлж болохгүй шүү. Ээж, эгчдээ хэлбэл бүгдийг чинь алчихаад, гэрээ шатаанагэж сүрдүүлдэг байлаа. Эсэргүүцэхээр зангидсан гараа нүүрэнд тулгачихаад хийж байгаа зүйлээ үргэлжүүлээд байдаг байсан. Хэдийгээр тэр хар өдрүүд дуусаж, аав шоронд орсон ч бид сэтгэлийн тамд амьдарч байна”...

        Бэлгийн дарамт гэх үгтэй “эвлэрчихсэн” ч юм шиг байгаа энэ хатуу цагт цэцэг цэврүү шиг охидоо хайрлан хамгаалж, хүүхдийн эрхийг дээдэлж, дэргэдэх болон тэртээд үүрэлчихсэн байгаа “араатан”-аас үрсээ хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалах үүднээс долоон сарын хугацаанд хүчирхийлүүлсэн охидын гунигт түүхийг хүргэж байна. Нэрийг нь  нууцлах үүднээс эгчийг нь Ч, дундах охиныг Р, бага дүүг нь С гэж нэрлэе. Эгч Ч нь 2016 онд 12, дунд охин Р нь 2020 онд 15 настай, бага охин С нь 2020 онд 11 настайдаа бэлгийн хүчирхийллийн золиос болжээ.

2020 оны дөрөвдүгээр сар

           Хотын хойд зах. Хойд аав биш, бидний төрсөн аав. Ээж өглөө 07:00 цагт ажилтай учраас эрт гараад явчихдаг. Хоёр эгч 08:00 цагаас хичээлдээ яваад, аав, дүү бид хоёр унтаад үлддэг байлаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд аав хүнд өвдсөн учраас ажил хийхгүй гэртээ байдаг болсон. Зургадугаар ангид ордог жил буюу 2020 оны дөрөвдүгээр сараас аав намайг оролдож, хүчирхийлж эхэлсэн. Нэг өглөө унтаж байтал гэнэтхэн хөнжилд орж ирээд намайг тэвэрч, уруул дээр үнсээд, хөх базаж, бэлэг эрхтнийг маань оролдоод байсан. “Аав аа, яагаад байгаа юм бэ” гэсэн чинь “Аав нь чамайг хайрлаж байна. Чимээгүй байгаарай” гэсэн. Юу болоод ойлгох сөхөөгүй 10 орчим минут өнгөрсөн. Тэгээд өөрийнхөө орны дэрэн доороос 5000 төгрөг гаргаж ирээд “Дэлгүүрээс дуртай юмаа аваарай” гэхээр нь би уйлаад аваагүй. Гэтэл “Ээж, эгч нартаа энэ тухай хэлбэл бүгдийг алаад өөрөө үхнэ. Гэрийг чинь шатаана шүү” гээд хашхирч, уурлаж эхэлсэн. Үнэндээ, аав өмнө нь өчнөөн удаа ээжийг зодож, гэрээсээ хөөж, бидэнтэй таарамжгүй харилцаж байсан болохоор уурлахаар нь айгаад, хэнд ч хэлж чадаагүй. Аав бид хоёр өглөө болгон хамт үлддэг учраас энэ үйл явдал хоёр хоногийн давтамжтай болдог болсон. Эсэргүүцэж түлхэхээр зангидсан гараа нүүрэн дээр тулгаад, шүлсээ дээрээс хаядаг. Эхэндээ аймар өвддөг байсан ч сүүлдээ тэвчдэг болсон.

Аавыг хөнжил рүү ороод ирэх вий гэхээс ч айж, салганаад унтаж ч чаддаггүй болчихсон. Тэгээд хоёр эгчийг ирэхээс өмнө би хичээлдээ яваад өгнө. Зөндөө өвдөж, уйлж, айж явсан. Гэрээ шатаалгачих вий гэх айдсаасаа болоод гэмт хэргийн золиос болсон, бид.

         Дунд эгч минь жирэмсэн болсон. Хоёр эгчийг хичээлээсээ ирэхээр аав томыг нь дэлгүүр явуулаад, дунд эгчтэй үлддэг байсан юм билээ. Манай гэр задгайд байдаг учраас автобусны буудал, дэлгүүрээс километр орчмын зайтай. Дэлгүүр яваад ирэхэд 20 орчим минут зарцуулдаг учраас тэр хооронд надтай адилхан өвтгөдөг байсан юм билээ. Бид хоёрыг өвтгөхөөс өмнө буюу хоёр, гурван жилийн өмнө эгчийг оролдож зовоодог байсан гэсэн. Тэгээд дунд эгч бид хоёрыг 2020 оноос оролдож, хүчирхийлж эхэлсэн байгаа юм. Аавыг эсэргүүцэхээр уурлаж, араатан шиг болдог аймшигт хар өдрүүд долоон сарын дараа дууссан.

2020 оны арваннэгдүгээр сар.

             Дунд эгч өндөр халуураад, аав ээж рүү залгаад хэлсэн. Тэгээд гэрт түргэн ирээд, ковидын шинжилгээ аваад, дунд эгчийг эмч нь “Аяганд бие засаад, энэ тестийг дүрээд үзчих” гэж хэлсэн. Тэр нь жирэмсэн болсон эсэхийг мэддэг тест байсан юм билээ. Тэгээд хоёр зураас гараад гэрээр нэг юм болсон. Аав уурлаад, эмч нарыг итгий худлаа яриад бай. Ийм жаахан хүүхэд юу гэж жирэмсэн болдог юм бэ” гээд хашхираад байсан. Тэгээд эмч ээж рүү залгаад “Охин чинь жирэмсэн байна. Эх нялхас руу аваад явлаа. Та араас нь очоорой” гэсэн.

          Ээж өчнөөн удаа эгчээс “Миний охин хүнтэй унтсан юм уу. Хүүхдийн чинь эцэг хэн юм бэ. Танихгүй хүмүүс миний охиныг ийм болгосон уу. Найз бандитай болсон юм уу” гэж асуухад эгч уйлаад хариулж чадахгүй байсан. Эгчийн гэдсэн доторх хүүхэд дөрвөн сар орчим болсон байсан ч үр хөндүүлсэн. Эмч нар ээжээс зөвшөөрөл аваад, хүүхдийг нь авсан гэж байна лээ. Тэгээд насанд хүрээгүй хүүхэд жирэмсэн болж, хүүхдээ авахуулсан учраас цагдаагийн байгууллага, хүүхдийн төвийнхөн шалгаж, манай гэрт ирснээр бүх зүйл ил болсон.

      Эгчийг эмнэлгээс гараагүй аав дунд эгчидАавыгаа хэлж болохгүй шүү. Ээждээ хэлэх юм бол бүгдээрээ үхнэ. Хэлэхгүй, мэдэхгүй гээд байгаарай. Хэрэв асуугаад байвал найз залуутай болсон. Тэрийг мэдвэл би амиа хорлоно гэж хэл. Намайг илчлэх юм бол чамайг зүгээр өнгөрөөхгүй” гэж сүрдүүлсэн байгаа юм. Тэгээд ээж эгчид хэлж чадаагүй гэсэн. Аав энэ хугацаанд ч гэсэн намайг дарамталж, сүрдүүлсэн. Тэгээд “Чамд сарын тэмдэг ирдэггүй биз дээ” гээд байн байн асуугаад байсан. Хэрэв намайг ээж, эгчдээ хэлбэл алаад, шатаана гээд байсан. Дунд эгч маань 15 настай байсан болохоор аавын муухай үйлдлийг ээжид хэлэх гэж зөндөө оролдсон ч чадаагүй гэсэн. Бас олон удаа захиа бичиж, урсан гэж хэлсэн. Харин би бол хэнд ч хэлж болохгүй гэхээр нь хэнд ч хэлээгүй. Цагдаагаас шалгаж, бид гурваас ярилцлага авах үед аав ээжид “Гомдолгүй” гээд хэлчих. Охины чинь ирээдүй хэцүү шүү дээ. Найзалж байсан хөвгүүнтэй зугтаад алга болбол яана” зэргээр ятгаад байсан.

                 Сэтгэл зүйч эгч нар намайг тэвэрч, тайвшруулаад болсон зүйлийн талаар асуусан. Тэгээд би эгч шиг жирэмсэн болчихсон байх вий гээд айсандаа эгчид энэ бүх үнэнийг хэлж өгсөн. Дунд эгч маань ч тэр сэтгэл зүйч эгчид бүх үнэнээ хэлж, аав өөрийг нь жирэмсэн болгосныг хэлсэн байна лээ. Тэгээд эмч нар биднээс шинжилгээ аваад явсан. Дараа нь мэдүүлэг, байцаалт өгсөн. Цагдаагийн газарт ээжтэйгээ болон түр хамгаалах байранд ажилладаг хүмүүстэй очсон. Ээж маань уйлаад л байсан. “Би яах гэж тэгж их ажиллаж, хүүхдүүдээ үлдээв ээ. Төрсөн эцэг нь хүүхдүүдээ хүчирхийлж байхад би тэрнийг тэжээхийн төлөө ажиллаж байсан. Миний буруу. Миний охид ээждээ ядаж захидал бичээд, эртхэн хэлэхгүй яав даа” гээд зөндөө уйлаад байсан.

Шинжилгээний хариу гарсны дараа аавыг цагдаа нар баривчлаад аваад явсан гэсэн. Тэрнээс хойш аавыг дахиж хараагүй. Сургууль орсны дараахан аавд холбогдох хэргийн шүүх хурал болоод аавд бүх насаар нь хорих ял оноосон гэсэн.

         Аав яваад манай амьдрал хэвийн болчихоогүй. Ээж маань өдөржин уйлж, хоёр эгч маань юу ч дуугарахаа больсон. Бид хэдэн сар хичээлдээ явж чадаагүй. Түр хамгаалах байранд сэтгэл заслын эмчилгээ хийлгэж дээрдсэн ч дунд эгч маань хэвэндээ ороогүй. Сэтгэл санаа нь маш хүчтэй гэмтэж, амиа хорлох үйлдэл хүртэл гаргасан гэсэн. Хэрэг шийдэгдэх гэсээр байтал бүх хамаатан маань мэдсэн байх. Утсаар ярихаараа өрөвдсөн, одоо яана даа л гээд байдаг. Хэрэв бид аавгүй байсан бол ийм зүйл болохгүй ч байсан байж мэднэ. Яагаад биднийг тэгсэн юм бол гэж бодохоос ч зүрх өвдөж, сэтгэл урагддаг. Дунд эгчийгээ харахаас бүр өрөвдөөд байдаг. Эгч маань дунд ангид байхдаа сургуулийнхаа урлагийн үзлэгт ордог, идэвхтэй, хичээлдээ онц сурдаг байлаа. Одоо шал өөр болсон. Муу хүүхдүүдтэй нийлээд, хичээлдээ заримдаа явахгүй байгаа гэсэн... Ээжийг загнахаар “Би аавдаа..” гээд уйлаад байдаг.  Тэгээд ээж ч, эгч ч уйлаад байдаг байсан... Бид үнэхээр хэцүү өдрүүдийг давж байгаа. Дахиж л ийм бузар зүйл хэнд ч битгий тохиолдоосой.

           Бие махбод гэхээс илүүтэй сэтгэлийн шарх л хамгийн хэцүү юм байна. Аав гэдэг үгийг сонсохоос ч, хэлэхээс ч нуруугаар хүйт дааж, зүрх өвддөг. Тэр хүний тухай бодохоор гэдсэн дотуур өвдөөд, чихээ бөглөөд суумаар санагддаг. Үеийн минь найзууд аавтайгаа хөтлөлцөөд алхаж байхад бид аав гэдэг хүнийг үзэн ядаж, гурван үгтэй үгийг үгсийн сангаасаа насан туршдаа хасчихсан. Санамсаргүй хэн нэгэн хөнжлөөс татвал, гэрийг хаалгыг дангинатал түгжвэл тэр хар өдрүүд рүү буцаад оччихдог. Эрэгтэй хүн ойрхон явахаар, хажууд зогсохоор ч юм уу, хоолой нь сонсогдохоор айж, салганаад хэсэгтээ зүгээр болохгүй. Ийм л түгшүүр дундуур амьдарч байна. Сэтгэлийн эмгэг, айдас, түгшүүр биднийг насан туршдаа дагаж явах бололтой”...

 Энэ бол 14-хөн настай охины дөрвөн жилийн өмнө туулсан аймшигт өдрүүд. Төрсөн үрсээ хүчирхийлсэн эцэг нь хорих ангийн дулаан байранд үхэн үхтэлээ идэх хоолтой, унтах өрөөтэй амьдарч байхад гурван бяцхан охин нь сэтгэлийн тамд амьдарч байна. Тэдэн шиг сэтгэлийн тамд амьдарч байгаа зуу, зуу охин Монгол Улсад байгаа гэж бодохоор гол зурж байна.

         Уг хэргийг үйлдсэн Б-д бүх насаар нь хорих ял оноосон. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бүх насаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон байна. Түүнийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 16 насанд хүрээгүй хүүхдүүдийг үргэлжилсэн үйлдлээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн асрамж, хамгаалалтад байгаа нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчиндсэн, мөн хохирогчийг жирэмсэн болгосон гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч буюу хохирогч охидын аав мэдүүлэг өгөхдөө  “Би охидоосоо гуйсан. Нэг л удаа бэлгийн харьцаанд орно гэж хэлэхэд тэд зөвшөөрсөн. Надад цохиж, зодсон, заналхийлсэн, сүрдүүлсэн зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөөч” гэж хүссэн гэдэг юм билээ.

   Бид яах ёстой вэ... Бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн сэтгэл санаа хамгийн их гэмтдэг. Сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн эргэж хэвийн байдалдаа ордоггүй нь олон баримтаар тогтоогдсон. Дээрх гурван охин хаалга онгойх төдийд, хөнжилд нь хэн нэгэнд хүрэхэд, эрэгтэй хүн гэрийнх нь ойролцоо дуугарахад л зүрх нь “зогсох” шахдаг. Ийм л түгшүүрийн амьдрал тэдний ирээдүй болж байгаа нь тун харамсалтай, халгамаар...“Бид аавгүй байсан бол”... гэдэг үгийг хэчнээн охин хэлж, хаалганы цаана шаналж суугаа бол...

Бид энэ асуудалтай холбоотойгоор албаны хүмүүстэй уулзаж, тайлбар авлаа.

Д.ЦЭРЭНДУЛАМ: ӨНГӨРСӨН ЖИЛ 420 ОХИН ТӨРСӨН ААВ, ХОЙД ЭЦЭГ, УРАГ ТӨРЛИЙНХӨНДӨӨ ХҮЧИРХИЙЛҮҮЛЖ, БЭЛГИЙН ДАРАМТАД ӨРТСӨН

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэндулам:

          -Хүүхдийн тусламжийн 108 утсанд өнгөрсөн 2023 онд 111223 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс хүүхдийн эрх зөрчигдсөн зорилтод дуудлага нь 64304  байна. Зорилтот дуудлагыг ангилж үзвэл бие махбодийн хүчирхийлэлд өртсөн 4248, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн 3133, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 420 хүүхэд байсан. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг харьяа орон нутаг, хорооных нь анхан шатанд нэгжид бүртгээд, шаардлагатай үйлчилгээг үзүүлсэн. Бэлгийн хүчирхийллийг хэн үйлдээд байна вэ гэхээр ураг төрлийн холбоотой, хамаатан садан, хойд эцэг, төрсөн аав, ах, дүү, аав, ээжийнх нь найз нөхөд л үйлдэж байна. Үл таних этгээдэд хүчирхийлүүлсэн тохиолдол 420 дуудлагын хоёр хувийг эзэлж байна. Бэлгийн хүчирхийллийн дуудлага жилээс жилд өсөж байгаа. Гэхдээ энэ нь илрүүлэлт сайн байгаагийнх нөгөө талаар энэ төрлийн гэмт хэргийг мэдээлдэг 108 төвийн утас ажиллаж эхэлсэнтэй холбоотой. Хохирогч хүүхдүүд өөрсдөө холбогдож дуудлага өгөх тохиолдол ч бий болж байна. Эцэг, эхийн хараа хяналтгүй, гэр бүлийн орчин сул хүүхдүүд л ийм төрлийн гэмт хэрэгт өртөж байна. Хүүхдүүдийг хэдэн цагт ганцаараа байдаг, өдрийг хаана өнгөрүүлдэг, ар гэрийнхэн нь араас нь явахгүй, эрх зүйн мэдлэггүй зэргийг далимдуулж ах, дүү, ураг төрлийнхөн буюу ойрын хүмүүс нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байна. Тэгээд ар гэрийнхнийг нь ална, ах, эгчийг чинь зодно зэргээр айлган сүрдүүлж, нууцын зэрэглэлд гэмт хэргээ үйлддэг. Хохирогч хүүхдүүд ихэнхдээ 5-17 насныхан байгаа. Хүүхдүүд хэдий хэр хугацаанд хүчирхийлэлд өртсөн төдий чинээгээр сэтгэл санааны гүн хямралд ордог. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ирээдүйн амьдралдаа итгэлгүй, зан төлөв нь өөрчлөгддөг, гутранги үзүүлтэй, үүнээс болоод буруу замаар явах, муу үйл хийх зэрэг хор уршиг гардаг. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ганц удаа сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд зогсохгүй хүүхдийг эдгэн эдгэтэл сэтгэл заслын эмчилгээ хийдэг. Гэхдээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүй хуучин шигээ 100 хувь эдгэнэ гэж байхгүй. Хамгийн дээд талдаа 70-80 хувьд хүрч энгийн амьдралдаа шилждэг. Насны онцлог чухал учраас урт хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай. Бэлгийн хүчирхийллээс гол урьдчилан сэргийлэх нь арга нь ердөө л бага болон өсвөр насны хүүхдэдээ анхаарал, хяналт тавих. Хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, хэнд ч найдахгүй байх хэрэгтэй. Мөн ярилцаж, ийм асуудалд өртөж болзошгүй гэдгийг сануулж, авах арга хэмжээг сайтар хэлж өгөх нь зөв.

Б.ХУЛАН: БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН БҮРЭН ЭДГЭХГҮЙ

108 төвийн Түр хамгаалах байрны сэтгэл зүйч Б.Хулан:

       -Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн харьяа Хүүхэд түр хамгаалах байр нь 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. 0-18 насны бүх төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хүлээж авч, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлдэг. Ингэхдээ 1-30 хоног түр хамгаалах байранд байлгаж эрхийг нь хамгаалах, шаардлагатай тохиолдолд урт хугацааны асрамжийн төв рүү зуучилдаг. 2023 оны байдлаар манай буюу төв түр хамгаалах байранд хүчирхийлэлд өртсөн 651 хүүхэд ирсэн, үүний 29 нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд байсан. Баяр ёслол, сургуулийн улирлын амралт, хүүхдийн мөнгө буусан өдөр, тав дахь өдөр хүүхэд хүчирхийллийн дуудлага нэмэгддэг. Ер нь өдөр бүр 10-15 хүүхэд түр хамгаалах байранд ирдэг. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд зарим тохиолдолд бэлгийн дур хүсэлтэй болж, өөрийн хүслээр бэлгийн харилцаанд орж эхэлдэг. Ирээдүйд хэн нэгний биеийг үнэлүүлэх гэх мэт сөрөг үйлдэл гаргадаг. Нөгөө талаараа нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж, эрэгтэй хүнтэй харилцаж чаддаггүй, айдастай болдог. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд сэтгэл зүйн хувьд айдас, түгшүүртэй, өөртөө итгэх итгэлгүй, сэтгэл зүйн байдал нь маш тогтворгүй ирдэг. Өөртөө итгэх итгэлгүй болсон хүүхэд нийгмийн харилцаанаас өөрийгөө тусгаарладаг. Нийгмийн харилцаанд оролцоход бэрхшээлтэй болсноор гадуур тэнэх, хичээл таслах, сурлага муудахаас гадна сэтгэл гутралаасаа болоод архи, мансууруулах бодис, тамхи хэрэглэж эхэлдэг. Хэт дотогшоо эсвэл хэт хурц зантай болдог. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд сэтгэл зүйгээ эдгээхэд 3-6 сар хэрэгтэй.

          Зарим тохиолдолд тэрнээс ч урт хугацаанд сэтгэл зүйн эмчилгээ хийлгэдэг. Хамгийн гол нь тухайн хүүхэд өөрөө хар бараан дурсамжаа мартахыг, эдгэрэхийг хүссэн ч бүрэн эдгэрэхгүй. Ураг төрлийн хүн, хойд аав, төрсөн аав, ах, үеэл, нагац болон тэдний хамаарал бүхий найзууд дийлэнх тохиолдолд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байдаг. Амьдарч буй орчин болон гэмт хэрэг хийсэн хүмүүсийн хүмүүжлээс шалтгаалж, нөлөөлсөн байдаг. Мөн хэнийг ч хамгаагүй гэртээ дуудаж, архидан согтуурдгаас болж бэлгийн хүчирхийлэл гэмт хэрэг гардаг. Ар гэрийн хандлага маш чухал. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэдгээр нь хэт анхаарч, онцгойлох нь хүүхдийг эмзэглэхэд хүргэдэг. Мөн үл хайхарч болохгүй. Тухайн хүүхдийн арга, эвийг олж зөв харилцаа тогтоох нь хамгийн чухал. Түр хамгаалах байрнаас гараад хүүхэд эрүүл орчинд очих ёстой. Тухайн хүүхдийн дахиж хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх арга хэмжээг бүрэн авах ёстой. Сургуульд сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн нь тун зөв болсон. Сэтгэл зүйчид итгээд хүүхэд нууцаа ярьдаг учраас далд өрнөж байгаа хүчирхийллийг илрүүлдэг болсон. Сургуулийн сэтгэл зүйчээр дамжуулан бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаараа мэдээлсэн хүүхдүүдийн бодит жишээ байгаа. Одоо сургууль бүрд сэтгэл зүйн баг ажиллуулах хэрэгтэй.

         Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн этгээдийн эдлэх ялыг чангаруулж, 25 жил болгосон. Гэхдээ энэ нь гэмт хэрэг гарахгүй гэсэн зүйл биш. Албаныхны онцгойлон анхааруулж байгаа зүйл нь насанд хүрээгүй хүүхдэдээ тавих анхаарал халамж...

 

          Анхаар... Таны хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа юм биш биз. Таны хүүхэд дуугарахаа больж, сэтгэл санаа нь тогтворгүй болсон юм биш биз...  


ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-14 14:14:09
    Зочин: Эмэгтэйчүүдэд бас их учир байна. Энэ араатнаас үрээ хамгаалж байхгүй дээ. Хүнээ зөв таньж ханилдаггүй, бас амьдралын боломжгүй байж олон хүүхэд төрүүлдэг. Тэгээд хөөрхий хүүхдүүдийг наанадаж идэж уух хоол унд, өмсөж зүүхээр дутааж, цаашилбал хүчирхийллийн золиос болох нөхцөлд өөрийн мэдэлгүй оруулчихаж байна. Эдийн засгийн хөгжил өндөр улсуудад хүртэл хүүхэд өсгөх зардал өндөр гээд олон хүүхэд төрүүлэхгүй болсон, мөн төрүүлсэн ганц хоёр хүүхдээ чанартай амьдралын нөхцөлд өсгөж байгаа. Ингээд олон хүүхэд төрүүлж амьдралын тамд хүүхдээ оруулаад байхаар чинь та нарын энэ олон төрөлтийг Элийрэгч Уянга хээлтүүлэг гээд байгаам. Үнэн үг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 12:42:26
    Zochin: Tejeej usguj chadahgui bj yah gej iim olon huuhed gargaj zovooj bdg um be.naad 3 ohin chin hun shig amidrahaasaa ungursun blguu dee.tegshiij yavaad l duustsgaana biz.huuhduudee denduu chimeegui duulgavartai usgusun eejin bas buruu bnshdee.yagaad huuhduud tegj uvtgusuniig eejdee helj chadahaargui noomoi um be.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 11:19:16
    Ххх: Пүү сда амьдаараа өтөөсэй хогийн шаар.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 10:52:42
    хашгирмаар байна: Охидоо бид яаж хамгаалах ёстой вэ, төрсөн эцэг нь биш бол хэн гэж???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 05:33:54
    зочин: Цаазын ялыг сэргээж хэрэгжүүлье бүх насаар нь бид тэр лаларыг тэжээх үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-12 19:38:04
    zochin: Ee burxan mini yamar aimaar jigshuurtei xetsgii balmad zerleg xargis araatan be Tsetseg tsevruu shig byatsxan 3 oxinoo yaj tegj zurxelj chadaj bainaa Aavuudaa oxidoo xairlaarai ta nariin urs aris maxnii chini tasarxai shuu dee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188