Оросын буриад зохиолч Александр Вампиловын "Нугасны ан" жүжиг 1970-аад оны Зөвлөлтийн жүжгийн зохиолын нэг содон өнгө гэгддэг. Тэрээр жүжигтээ хүний сэтгэл доторх үймээн, хүмүүсийн харилцааны зөрчил, ёс суртахуун, хүний өрөвдмөөр хямд төрхийг хошин өнгө аясаар харуулдгаараа онцлогтой. Энэхүү жүжгийг Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Б.Анхбаатар "Сүүлчийн бороо" нэртэйгээр дахин шинэчлэн найруулж, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн тайзнаа тавьж байгаа билээ. Ингээд тус жүжгийг үзэх таван шалтгааныг хүргэж байна.
УХААРАЛ
.jpeg)
"Зилов гуч орчим настай" гэж гол дүрийн насыг тодорхойлох мөчид зохиолын бүх утга гарч ирнэ. Зилов бол ядарсан, хямралд өртсөн нэгэн биш харин ч залуу насны омголон, бардам байдал, нөхөрлөл, хайр дурлалын харилцаагаа цэгцлэхийг хичээх явцдаа өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг санамсаргүйгээр зовоодог амьдралын эрч хүчээр дүүрэн залуу. Гэсэн хэдий ч жүжиг үргэлжлэх тусам түүнд ирэх дарамт, амьдралын таагүй огцом өөрчлөлтүүд гэнэт гарч ирж хийсэн үйлдэл, хэлсэн үг бүрдээ үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй гэдгээ ойлгож буйгаар үйл явдал өрнөх юм.
ӨРНӨЛ
.jpeg)
Ихэнх үйл явдал Зиловын согтуу толгойд, нугас ангуучлахын өмнөх өдрүүдэд түүний амьдралд байсан гурван эмэгтэй, үзэн яддаг ажил, хуурамч найз нөхөд, шинэ байр, согтуурах зэрэг нь түүний одоо ба дурсамжид нь тохиолдсон бүхнийг гүйлгэн өрнөнө. Яриа хэлцэл нь ихэвчлэн ёжлол, инээдмээр дүүрэн байсан ч эхнэр Галинаг явах үед Зиловын дотоод сэтгэл нь гэм буруугаа хүлээж сая л нэг тэсрэх болно. Зиловын дүрд тоглосон Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин З.Булган бүх үзэгчдэд нэгдмэл байдлаар амьсгалах боломжийг олгосон бөгөөд хэрхэн дүрээ бүтээж, тайзнаа хэрхэн амьдарч байгааг харж, мэдэрч, тэдний авьяас билиг, хичээл зүтгэлийг дэргэдээс нь мэдэрч, таних боломжтой.
ТАЙЗНЫ УУР АМЬСГАЛ
.jpg)
Өнгө алагласан гэрлийн шилжилт, гол дүрийн жүжигчдийн хоорондын харилцан яриа, үйл хөдлөл нь үзэгчдийг сэтгэл хөдлөлд автуулж, тэдний мэдрэмжийг мэдрэх боломж олгож, хоосон орон зайг дуугаар цэгцлэхэд мөн гол дүр Зиловын дотоод хэмнэлийг сайн дамжуулахын тулд бөмбөр хамгийн сайн сонголт болж өгсөн. Энэ бол жүжгийн туршид түүний дотор үргэлжлэх дотоод хэмнэл юм.
ЗИЛОВЫН ОНЬСОГО
.jpg)
Энэ жүжиг нууцлаг хэдий ч маш энгийн, ёс суртахуунгүй энгийн түүх юм. Үзэгдэл бүрийн мөн чанар, асуудал, аймшиг, хар дарсан зүүд, гоо үзэсгэлэн юу болохыг, энэ түүхийн гол нууцыг тайлах боломжгүй мэт санагдана. Жүжгийг удаан үзэх тусам танд өөрийн эрхгүй "Зилов гэж яг хэн бэ, түүний үнэн төрх, түүнд юу тохиолдох бол?" гэх асуултууд төрөх болно. Эдгээр асуултууд жүжиг, дүрийг ойлгохыг хичээх үед таныг эцэс төгсгөлгүй зовоож, тарчлаахыг үгүйсгэхгүй.
ШҮҮЛТ
.jpg)
Зохиолч нь дүрүүдээ хэзээ ч шүүдэггүй, ёс суртахууныг үзэгчдэдээ тулгадаггүй, хөндлөнгийн байр сууринаас хандаж, үзэгчдэд жүжгийнхээ дүрүүдийг өөрийнхөөрөө дүгнэх боломжийг олгодог. Дүрүүд нь хэчнээн өчүүхэн, өрөвдмөөр хувь хүн байсан ч гэсэн та бидний нэг гэдгийг таниулдаг, ийм хөгийн араншин бид бүгдэд ч бас тодорхой хэмжээнд байдаг гэдгийг үзэгчдэд мэдрүүлж чадсан бүтээл шиг санагдлаа.
Б.СУВДАНЦЭЦЭГ
"СҮҮЛЧИЙН БОРОО" ЖҮЖГИЙГ ҮЗЭХ ТАВАН ШАЛТГААН |
|