• Өнөөдөр 2025-08-06

Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ

2025-08-06,   145

-ПҮҮЖЭЭ, ЭГЧ ХОЁР МИНЬ ЭНЭ ОРЧЛОНД ҮЗЭГДЭЭД Л ӨНГӨРСӨН ХОВОР, НАНДИН ХҮМҮҮС БАЙСАН-

“Жаахан байж байгаад хойд хамар дээр гарч адуугаа дурандаад суучихъя. Хэдэн юм чинь усандаа орж ирэхгүй юм” гэх хэвлүүхэн яриатай охиныг С.Пүрэв-Иш гэдэг байлаа. Гэрийнхэн нь түүнийг Пүүжээ гэж дууддаг. Тэр дөрөв, тавхан настайдаа морь унаж, малд явж сурсан хэрсүү охин байв. Одоогоос 28 жилийн өмнө буюу 1997 оны намар улаан хүрэн цамцтай, салаа гэзэгтэй жаахан охин зайдан морьтой давхиж яваад, Монголоор аялж явсан япон зураглаач, найруулагч Сэкио Ёошимуратай таарч, гэртээ дагуулж ирсэн байдаг. Монголын хөдөө өсөж, торниж байгаа хүүхдүүдийн тухай баримтат кино хийхээр гол дүрээ хайж явсан найруулагч Сэкио Ёошимурад Пүүжээтэй таарсан нь “Пүүжээ” баримтат кино төрөх эхлэл болсон юм.

Тавхан настай ч хэвлүүхэн гэж жигтэйхэн Пүүжээгийн амьдрал, царай төрх, дуу хоолой гээд буй бүхэн нь япон найруулагчийн хайж байсан дүр төрх мөнөөс мөн байлаа. Киноны гол дүрийн баатар Пүүжээгийн амьдрал, хувь тавилан тийм ч дардан байсангүй. Аавгүй өссөн тэрээр эрх танхи гэхээсээ илүү биедээ баймааргүй ухаалаг, амьдралыг эрт таньсан хэрсүү нэгэн болох нь үг, үйлдэл бүрээс нь мэдрэгдэнэ. Гэрийнхээ хамаг хар, бор ажлыг хэнээс ч дутахааргүй хийдэг япон хэлний орчуулагч болох хүсэл мөрөөдөлтэй охин 13-хан настайдаа хайртай бүхнийхээ төдийгүй олон мянган үзэгчийн зүрх сэтгэлд гэгээн дүр, цагаахан инээдээ мөнхлөн үлдээгээд үүрд одсон юм. Түүнийг бурхан болоод удаагүй байхад ээж нь мориноос унаж, мөн амиа алдсан байдаг. Ээж, охин хоёрын ийм харамсалтай, сэтгэл шимшрүүлсэн хувь тавилангийн гэрч, “Пүүжээ” баримтат киноны гол дүрийн баатар С.Пүрэв-Ишийн нагац эгч Ш.Бямба-Эрдэнэцэцэгтэй бид ярилцлаа.

-Олон жилийн өмнө болсон харамсалтай уй гашууг тань хөндөх гэж байгаадаа хүлцэл өчье. “Пүүжээ” баримтат киноны гол дүр Пүүжээ бол Монголын ард түмний хайртай охин шүү дээ. Тийм учраас түүний амьдрал баримтат кинонд гарсан шиг өрнөсөн эсэхийг монголчууд, үзэгчид мэдэхийг хүсдэг байх. Тухайн үед та бүхэн япон найруулагчийн кино хийх, зураг авах хүсэлтийг хэрхэн хүлээж авч байсан бэ?

               -1997 онд манайх Төв аймгийн Баянчандмань сумын Зүүн мухартад  намаржиж байсан юм. Тэр жил Пүүжээ минь таван настай байсан. Зайдан морьтой үхэрт яваад ирэхдээ Монголоор аялж байсан Японы нэрт найруулагч, хөтлөгч Сэкио Ёошимуратай таараад, гэртээ дагуулаад ирсэн. Тэр аялагч бидний амьдралыг сонирхож, бидэнтэй танилцаад учир шалтгаанаа хэлж, аав, ээжээс маань зураг авч, бичлэг хийх зөвшөөрөл авч байлаа. Тухайн үед эгч бид хоёр хүүхдүүдтэйгээ аав, ээжтэйгээ зургуулаа амьдардаг байсан. 1997 оны аравдугаар сараас хойш тэр япон хүмүүс манайд хоёр, гурван жил дараалан ирж, бидний аж амьдралыг бичиж авсаар хамаатнууд шиг л дотно болцгоосон. Тэднийг санаа зовох зүйлгүй бичлэгээ хийх, зургаа авах боломжоор ч бид хангасан. Тэр чинээгээр тэд сайн кино хийж чадсан байна лээ.

-“Пүүжээ” баримтат киноны гол дүрийн охиныг киноноос харахад нэлээн сэргэлэн, хэрсүү, адтай басхүү ааштай ч байж мэдэхээр хүүхэд шиг санагдсан. Харин та дүүгийнхээ тухай хэрхэн дурсах вэ?

                 -Дүүгийн минь тухай кино гараад олон жил өнгөрчээ. Пүүжээ ээжтэйгээ усны дусал шиг адилхан хүүхэд байсан. Сэргэлэн цовоо ч гэж жигтэйхэн. Морьтой давхиж байгаа нь хүртэл адилхан байсныг нь яана. Пүүжээгийн уурыг хүргэчих юм бол ширэв татаад л жигтэйхэн болно. Түүнийг яаж ч инээлгэх гэж хичээгээд хэсэгтээ дуугаргаж чадахгүй. Ах нар нь ая эвийг нь олж, цаашлуулж, шилэн хүзүүг нь гижигдэж байж инээлгэнэ. Инээж байгаа нь цаанаа л нэг өхөөрдөм, хөөрхөн хүүхэд байсан. Тав, зургаахан настайгаасаа ойр зуурын малд ямар ч том хүнээс дутахааргүй явдаг, ээж, эмээгээ дуурайгаад эмнэг сургахдаа сайн, эвлэгхэн охин байсан. Тийм  учраас япончууд манай дүүг киноныхоо гол дүрээр сонгож, бодож, санаснаа биелүүлж чадсан байх.

-Пүүжээгийн ээж Ш.Эрдэнэчимэг адуунд эрэмгий, танай гэрийн малаа адгуулдаг ганц хүн нь байсан юм билээ. Хэдий малын захад өссөн ч гэлээ өвөл, зун, өдөр, шөнийн алинд ч адуу, малынхаа хойноос нойр, хоолгүй явна гэдэг эмэгтэй хүнд амаргүй шүү дээ?

               -Манай гэрийн гадуурх ажлыг эгч минь л эмхэлдэг байсан. Тухайн үед манайх 800-гаад бог малтай, 60-70 үхэртэй, хоёр, гурван азарга адуутай байлаа. Эгч минь тэр их малыг ганцаараа л нааш, цааш нь эргүүлж тойруулдаг байлаа шүү дээ. Пүүжээ ээждээ нэмэр болж, ойр зуурын үхэр, тугалд нь явдаг байв. Эгч багаасаа малд нүдтэй, адуунд эрэмгий, сэргэлэн байсан болохоор хөдөө, хээр хоноод ч хамаагүй малынхаа хойноос явдаг, сургийг нь гаргаад, олоод ирдэг, илүү дутуу зангүй, дөлгөөхөн мөртлөө гойд эршүүд эмэгтэй байсан. Пүүжээ бусдаас онцгой хүүхэд байсан гэдгийг киног нь үзсэн үзэгчид мэдэрсэн байх. Ээж минь биднийг ер нь л юм юмаа хүний гар харалгүй хийчихдэг, эршүүд болгож хүмүүжүүлсэн юм шүү дээ.

-Хүүхдүүдээ малд нүдтэй, адуунд эрэмгий болгож өсгөсөн гэхээр ээж нь ч бас  адуучин байсан гэсэн үг үү?

               -Миний ээж насаараа мал дагасан, адуучин байсан гэхэд буруудахгүй. Ямар ч эмнэг адууг айж, эмээхгүй сургаад уначихдаг хүн байлаа. Ээжийн минь зоригтой, тэвчээртэй тэгсэн мөртлөө аливаад нухацтай ханддаг, дөлгөөхөн зан чанар нь эгч, Пүрэв-Иш хоёрт удамшсан болов уу. Аав минь ч гэсэн сайхан хүн байсан.

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ. Аав, ээж нь Баянчандмань сумын уугуул иргэд байсан уу?

               -Аав Төв аймгийн Баянчандмань, ээж Лүн сумынх. Би хоёр ах, хоёр эгч, хоёр дүүтэй. Тэдний минь хоёр нь залуудаа бурхан болсон. Аав минь лам байсан. Манайх удмын том бурхадтай айл. Аавынхаа үе удам дамжуулж, өвлүүлсэн бурхан сахиус, ном судрыг хоёр, гурван жилийн өмнө Д.Чойжамц хамбад хүлээлгэн өгч, төв ганданд хадгалуулсан. Аав 94, ээж 97 насласан. Харин миний эгч, дүү нар арай л эрт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд харамсаж, харуусаж явдаг даа. Үлдсэн үр хүүхэд, ач, зээ нар нь аав, ээжийнхээ ач буян, үлдээсэн мал хөрөнгөөр сайхан амьдарч байна.

-Кинон дээр Пүүжээгийн ээж мориноос унаж нас барсны дараа охин нь ослоор нас барснаар гардаг. Тухайн үед чухам юу болсон юм бэ?

                 -Пүүжээ минь тавдугаар ангийн сурагч байхдаа автын ослоор бурхан болсон. Кинон дээр ээж нь түрүүлж бурхан болсноор гардаг юм. Зүй нь бол дүү минь түрүүлж бурхан болсон. Пүүжээгээс хойш эгч, ээж хоёр минь өдөр, шөнөгүй уйлаад хэцүү байсан. Би тэдний уйлж, хямарч, гашуудаж байгааг харж чадахгүй, сэтгэл өвдөөд ойр ойрхон очиж чаддаггүй байлаа. Пүүжээг бурхан болсноос хойш манай гэрийнхэн танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Хоол, цайгаа тухтай сууж идэж, инээж хөхөрдөг хүнгүй болсон. Манайд тун ховор хүмүүс төрөөд, гялсхийх шиг богинохон хугацаанд бидэнтэй хамт байж байгаад, буцаад явчихсан юм байна гэж эгч нь боддог. Бид биенийгээ мөнх амьдрах юм шиг санаж  явдаг нь буруу юм билээ. Тэр жилийн намар нь Пүүжээ, өвөл нь аав, хавар нь эгч минь бурхан болсон.

-Эгчийг нь эмнэлэгт очсон боловч эмнэлгийн тусламж авч чадаагүй бурхан болсон гэх яриа байдаг. Энэ үнэн үү?

               -Эгчийг сумын төвөөс цайны идээ, давс зэрэг хүнс аваад буцаж явахад морь нь үргэсэн юм билээ. Хөтөлгөө морьтой явсан учир хоёр мориныхоо дунд нэлээд хол чирэгдсэн байдаг. Уул, хадаар чирэгдэж яваад азаар мултарч үлдээд, гэр рүүгээ алхаж очсон байсан. Сумын төвөөс унаа хайсаар бид нөгөөдөр нь эгчийгээ эмнэлэгт хүргэсэн. Гэтэл сумын эмч “Эмнэлэг оргүй, хуралтай байна” гэх янз бүрийн шалтгаанаар эгчид минь тусламж үзүүлээгүй. Ингээд эгчийн минь бие улам муудсаар эмчийн тусламж авч чадалгүй амьсгал хураасан даа. Эмч нарын хурлаас тарахыг  хүлээх хооронд эгч уйлаад л байсан. Ер нь охиноо бурхан болсноос хойш ил, далд их уйлсан даа, хөөрхий.

-Пүүжээд юу тохиолдсон талаар та ярьж өгч болох уу?

               -Пүүжээг сургуульд орсноос хойш сумын төв дээр бид хамт амьдардаг болсон. Амралтын өдөр бүрээр бид хөдөө гэр рүүгээ явдаг байсан. Тэр өдөр ямар нэг ажил гараад би дүүгээсээ түрүүлээд хөдөө гэртээ ирчихсэн юм. Пүүжээ замын унаагаар гэр рүүгээ ирээд, гэрийнхээ тэрүүхэнд машинаас буугаад эргэхэд нь  гэнэт л хаанаас ч юм машин давхиж ирээд дүүг минь дайрчихсан. Би хараад зогсож байсан шүү дээ. Тэр үед юу болсныг, өөрийгөө ямар байдалтай байсныг бараг санадаггүй. Эмнэлгийн тусламж авах боломжгүй болтол нь тэр жаахан амьтныг мөргөсөн байсан. Тухайн үед манай гэр бүлийнхэн сайхан охиноо зуурдаар алдсандаа итгэж чадахгүй үймрээд, хэрэгтний хойноос олигтой хөөцөлдөх сөхөө байгаагүй. Дүүг минь хөнөөсөн, нойрмоглож явсан гэх жолоочтой сүүлд нэг удаа уулзахад хүний сайхан үрийг дайрч, алсанаа тоох шинжгүй байсан. Биднийг шүүх хуралд дуудаагүй болохоор түүнийг ял аваагүй байх гэж боддог.

-Пүүжээ өдийд амьд сэрүүн байсан бол дөнгөж 33 настай залуухан эмэгтэй байх байжээ. Чухам юунаас болоод гэрийнхэн нь наснаасаа эрт хорвоог орхисон юм бол. Энэ тухай та бүхэн лам, бөө нараас асууж байсан уу?

               -Тэднийг минь бурхан нэгэнт аваад явчихсан болохоор бурхан шашны хүнээс асууя гэж боддоггүй. Ховорхон, бусдаас этгээд, хэрсүү ч юм уу, авьяастай хүмүүс богино настай байдаг юм гэнэ лээ. Тэдний байж байгаа байдал, царай төрх нь, зүгээр сууж байгаа нь хүртэл цаанаа л дотно, сайхан мэдрэмж төрүүлдэг байсан нь одоо ч сайхан санагддаг. Нууцхан хараад л баймаар тийм гэгээн хүмүүс бидний дунд эгэл даруухнаар амьдарч байсан. Тэднийхээ гэгээн сайхныг нь би үгээр илэрхийлж чадахгүй байгаадаа харамсаж байна. Хорвоод ирж, буцах нь хүний жам ч гэлээ ховор хүнийг бурхан хүний орчлонд удаахгүй  аваад явчихдаг юм гэнэ билээ. Аавдаа, эгч, дүүдээ сайхан үг, сайхан зан гаргаж үзээгүй юм шиг санагдах бүрд дотор давчиддаг. Тэднийхээ хойноос зул өргөж, гандан орж ном уншуулахаас өөрийг хийж чадах биш. Хүмүүс баяр наадмаар ах, дүүгээрээ уулзаж, нэгнийдээ цуглаж, инээж хөхрөх үед тэд минь дандаа бодогддог. “Манай хэд байсан бол ямар сайхан байх байсан бол. Яаж баярлах байсан бол” гэх бодол төрж, буруу харж нулимсаа арчаад суудаг. Олны дунд галзуу хүн шиг орилоод явалтай нь биш, гэхдээ л хэцүү байдаг даа.

-Таны ээж хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг эмэгтэй байсан бэ. Барагийн зүйлд уурлаж, уцаарлаад байдаггүй, аливаад чин сэтгэлээрээ ханддаг сайхан сэтгэлтэй эмэгтэй шиг санагдсан?

              -Мэдээж хүн болгоны ээж сайхан. Тэр дундаа миний ээж ажилч, хөдөлмөрч, ааш зан сайтай, хүн болгонд түшиг тулгуур болсон эмэгтэй байсан. Ээжийгээ уурлаж байсныг нь бараг санахгүй юм. Хүний эх болсон хойно хүүхдүүддээ үг хэлдэг л байсан байх. Сайндаа л “Гарч аргал оруул” гэдэг байсан санагдана. Дээр үеийн хүмүүс загнахаасаа илүү ухаарлын үгээр хүүхдүүдээ хүмүүжүүлдэг байсан. Ээжид минь хийж ч чадахгүй ажил гэж байхгүй. Эсгий гутал байлаа гэхэд уллаад өмсчихнө, хазаар ногтоо зангидаад, оосор бүчээ томж бэлдэх нь наад захын ажил нь байсан. Пүүжээгийн тухай баримтат кино хийхээр ирдэг байсан япон уран бүтээлчдэд хүүхдүүдээсээ дутахааргүй сайн ханддаг байсан. Би ээжийгээ сэтгэлийн хаттай, агуу хүн гэж боддог. Ээжийн хатуужилтай, тэвчээртэй зангийн хажууд минийх хаана нь ч хүрэхгүй юм билээ. Ээжийгээ тэгж их тэвчиж байхад бид хажууд нь уйлж, унжиж дээрээс нь нэмж зовоохгүйн тулд чадлынхаа хэрээр тэвчиж, нулимсаа нуудаг байсан. Ээж минь надад “Амьдрал хатуу шүү, хүү минь. Эх хүн үрээсээ үлдэж, дээлтэйгээ хатна гэдэг хорвоогийн хамгийн хэцүү зовлон” гээд нэг удаа уйлж байсан. Сайхан хүмүүсээ ар араас нь алдчихаад ээжтэйгээ хоёулаа уйлаад л сууж байсан даа, эгч нь. Тэдний тухай ярихдаа үймрээд, барьсан тавьснаа, юу хийж байснаа хүртэл мартдаг.

-С.Пүрэв-Ишийн аав байдаг уу?

                  -Пүүжээгийн аав эгчтэй минь ханилж суугаагүй юм. Явснаасаа хойш охин дээрээ нэг ч ирээгүй. Харин Пүүжээ маань манай нэг дүүг “Аав аа” гэж дууддаг байсан. Пүүжээ миний хүү хоёр нэг эхийн хүүхдүүд шиг л ижилдэж өссөн.

-Таны хүү “Пүүжээ эгч шигээ орчуулагч болно” гэж ярьдаг байсан юм билээ. Одоо хаана, хэрхэн амьдарч байгаа вэ?

                   -Хүү минь Шведэд ажиллаж, амьдарч байгаа. Утсаар ярихдаа хааяа “Эгчийгээ санаад байх юм” гэдэг. Тэгэхэд нь надад хэлэх ч үг олдохгүй хэцүү байдаг даа. Гадаад явахдаа эгчийнхээ зургийг бүгдийг нь аваад явсан.

-Пүүжээ, эгч хоёрыг нь хөдөөлүүлсэн газар хоорондоо ойрхон уу. Пүүжээд зориулж хөшөө босгосон гэсэн, одоо байдаг болов уу?

               -Тэднийг хөдөөлүүлсэн газар сумын төвтэй ойрхон. Сүүлд тэднийхээ газар дээр очиход сорви нь эдгэрээд, сайхан болсон байсан. Пүүжээд зориулж ямар хүмүүс хөшөө босгосныг нь би сайн мэдэхгүй байна. Гэхдээ сүүлд очиход хөшөө байгаагүй.

-Уй гашуу тохиолдсоноос хойш япон найруулагч, тэдний багийнхан танайхаар дахин ирсэн үү?

               -Тэд кино хийснээсээ хойш бидэнтэй холбоо бариагүй. Тэд “Пүүжээ” киногоор 2006 оны Азийн кино наадам, 2009 онд Францын кино наадамд түрүүлсэн л гэсэн. Тэр киноноос хойш манайд гадаад, дотоодын уран бүтээлчид, сэтгүүлчид их ирсэн. Харин сүүлийн хоёр жил олны хөл татарч байна. Тэд бүгд Пүүжээгийн тухай яриулах, бичлэг хийх хүсэлтэй байсан ч би хэнд нь ч зөвшөөрөөгүй. Зураг авахуулах, эгч, дүү нарынхаа тухай дурсамж ярих үнэндээ хэцүү байдаг. Тэднийхээ тухай ярих нь битгий хэл киног нь үзэж чаддаггүй юм. Тиймээс тэр киног хаалгах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлж байлаа. Баримтат киноны зураг авалт болж байхад бид тэдэнтэй хамт амьдарч байсан мөртлөө кино эхлэхэд тэдэнд хаалга онгойлгож өгч байгаагаас өөрөөр гардаггүй юм.

Хүмүүс “Пүүжээгийн амьдралаас гадна, гэр бүл төлөвлөлт, эцэг, эхийн хайр, халамжаар хүүхдүүд дутаж байгаа гэх мэт Монголын нийгмийн эмзэг сэдвүүдийг хөндсөн сайн кино болсон байна” гэх мэтээр сэтгэгдэл бичсэн байна гэсэн. Үүнээс харахад тэр баримтат кино ямар нэгэн байдлаар бусдад нөлөөлж, зүрх сэтгэлд нь хүрч чаджээ гэж боддог. Мөн нэг герман эмэгтэй тэр киног үзчихээд “Манай хүүтэй гэрлэнэ” гээд манайхыг зориод ирсэн. Хүүг минь “Сургуулиа төгстөл нь хүнтэй үерхэхгүй, хүлээнэ” гэдэг байсан ч хүү минь гэрлэхийг зөвшөөрөөгүй учир тэр нутаг буцсан.

-Та дүүгийнхээ тухай киног хамгийн сүүлд хэзээ үзсэн бэ?

             -Би олон жилийн өмнө нэг л удаа үзсэн. Аав, ээж, эгч, дүүгээ санаад байж суух аргагүй болж, хэцүүдэх байх гэж сэтгэл шимшрээд тэр киног дахиж үзэж чаддаггүй. Үзье ч гэж боддоггүй. Хайртай, эрхэм хүмүүсээ сэтгэлдээ нандигнаж, хамт өнгөрүүлсэн сайхан дурсамжуудаа өөртөө бодож, хайрлаж явахыг илүүд үзэж байна” гэв.

Пүүжээ буюу С.Пүрэв-Иш баримтат кинонд гардаг шигээ гэр бүлдээ болон монголчуудад заяасан ховорхон, нандин охин байсан гэдгийг түүний нагац эгчийн дээрх яриа гэрчилж байгаа биз ээ. Тэрбээр Пүүжээ дүүгийнхээ  богинохон ч гэсэн гэрэл гэгээ дүүрэн амьдралын талаар анх удаа манай сэтгүүлд дурсан ярьлаа.  

 


Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188