• Өнөөдөр 2024-04-27

БШУ-ны сайд Л.ЦЭДЭВСҮРЭН: Оюутнууддаа дэмжлэг үзүүлж, шинжилгээнд хамруулах нь ойрын өдрүүдийн гол ажил болоод байна

2020-11-24,   2919

-ҮБХИС-Д ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ДҮГНЭЛТ ЯАМАН ДЭЭР ОДОО ХҮРТЭЛ ИРЭЭГҮЙ БАЙНА-

 
БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэнтэй цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа. 
 
-Та БШУ-ны сайдаар томилогдсоноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Ямар ажил хийж амжуулав? 
 
-УИХ-аар баталсан “Алсын Хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх” зорилгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого, зорилт, үйл ажиллагааг тодорхойлон батлуулаад ажиллаж байна. Мөн “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030”-г Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүд, холбогдох хуулиудад нийцүүлэн боловсруулж, батлууллаа. Эдгээр бодлого бол бидний замын зураг юм.
 
Салбараараа хамтран зүтгэж, зорьсноор хичээл сургалтаа танхимаар хэвийн үргэлжлүүлж чадсан. Харамсалтай нь энэ сард эргээд хорио цээрийн нөхцөлд орж танхимын сургалт түр зогсон теле болон цахим хэлбэрт орчихлоо
 
Коронавирус (COVID-19)-ийн цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн жилийг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр эхлүүлж, энгийн горимд шилжүүлсэн. Энэ ажлын зохион байгуулалтын судалгаа, бэлтгэл, гүйцэтгэлд найм, есдүгээр сарыг бүхэлд нь зориулсан гэхэд болно. Салбараараа хамтран зүтгэж, зорьсноор хичээл сургалтаа танхимаар хэвийн үргэлжлүүлж чадсан. Харамсалтай нь энэ сард эргээд хорио цээрийн нөхцөлд орж танхимын сургалт түр зогсон теле болон цахим хэлбэрт орчихлоо.  
 
Аравдугаар сараас эхлэн боловсролын сургалтын байгууллагын  удирдлага, сургалт, дотоод үйл ажиллагааг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлэх туршилтыг 90 сургууль, цэцэрлэгт эхлүүлсэн. Боловсролын сургалт, удирдлагын үйл ажиллагааг хэрхэн цахим хэлбэрт шилжүүлж болох талаар “Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэн гаргаж, ерөнхий боловсролын сургуулийн холбогдох албан хаагч нарт сургалт хийлээ. Сургалтын цахим платформыг хөгжүүлж, цахим контент, цахим хичээл боловсруулан бүх насны иргэдийн насан туршдаа суралцахуйг дэмжих боломжийг бүрдүүлэх том ажлын эхлэл юм. 
 
Сайдын хувьд хэвлэл мэдээлэлд өгсөн анхны ярилцлагадаа “Боловсролын чанарт онцгой анхаарна” гэдгээ илэрхийлсэн. Өнөөдрийг хүртэл боловсролын салбарт бий болсон сургалтын чанарын түвшинг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Мөн ерөнхий боловсролын сургуульд “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэх, сурах бичгийн түрээсийн тогтолцоог бүрэн нэвтрүүлэх, “Чадварлаг багш” арга хэмжээ хэрэгжүүлэх, дээд боловсролын хувьд их сургуулийн засаглал, бие даасан байдлыг хангаж, ахисан түвшний сургалт, судалгааг олон улсын жишигт нийцүүлэн судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг сайжруулах, үр дүнг улсын хөгжил, салбарын хөгжилд хэрэгжүүлдэг байх, шинжлэх ухаанч соёлыг бүх түвшинд нэвтрүүлэх зэрэг томоохон ажлуудыг төлөвлөөд эхнээс нь хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 
 
Манай салбарын хувьд асуудлыг том, жижиг гэж эрэмбэлэх боломжгүй. Гол гол суурь асуудлаасаа эхэлнэ. Нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг зорилт болгон тусгасан. Энэ ажлыг шийдвэрлэхэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар болсон. 
 

ЦАХИМ СУРГАЛТЫГ ОЛОН ХУВИЛБАРТАЙ БОЛГОХ, БАГШ НАРЫГ ТЕХНОЛОГИЙН УР ЧАДВАРТ СУРГАХ, ЭНЭ ЧИГЛЭЛИЙН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ ШИНЭЧЛЭХ ГЭЭД ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА

 
-Хөл хорионы үед цахим хичээл орж байгаа. Үүнд яамнаас ямар арга барилаар, яг юунд нь чиглэсэн зөвлөгөө өгч байна вэ? 
 
-Цэцэрлэг, сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө, удирдамжийг батлан хэрэгжүүлж байна. Теле хичээл үзэх техникийн боломж гэр бүлийн орчинд нь бүрдээгүй цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад хичээлийн агуулгыг хүргэх, тэднийг сургууль завсардахаас урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг орон нутгийн боловсролын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. 
 
Суралцагчдын бие даан гүйцэтгэх дасгал, даалгавар нь хүүхдэд сэтгэл зүйн дарамт учруулах, стресс, түгшүүрт байдалд хүргэхгүй байхад анхаарч, теле хичээлээр өгч байгаа дасгал, даалгавраас гадна багшийн зүгээс нэмэлтээр аливаа хэлбэрийн дасгал, даалгаврыг өгөхгүй, хүүхдэд хэт ачаалал үүсгэхгүй байх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт үүрэг болгоод байна. Өдөр бүр нийслэл, орон нутгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар шуурхай мэдээлэл солилцон ажиллаж байна. 
 
Судалгаанаас нийт суралцагчдын 16 орчим хувь нь теле хичээлээ үзэж чадаагүй байна. 
 
-Онлайн хичээл нь сурагч, оюутнуудын сургалтын чанарт нэлээд асуудал үүсгээд байна гэх шүүмжлэл их гарч байгаа. Оюутан, сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх, хичээлийн агуулгыг гүйцээхэд ямар бодлого, төлөвлөгөө гаргаад байна вэ? 
 
-Өнгөрөгч 2019-2020 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагаст 75 өдрийн хичээлийг теле болон цахим хэлбэрээр суралцагчдад хүргэх ажлыг зохион байгуулсан. 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр эхлүүлсэн. Өнөөдрийн нөхцөл байдал буюу 2020 оны арвандүгээр сарын 12-наас арванхоёрдугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан бүх шатны сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
  
Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан теле хичээлийн үр дүнг үнэлэх зорилгоор бид хэд хэдэн судалгааг Боловсролын хүрээлэн болон олон улсын байгууллагатай хамтран явуулсан. Судалгаанаас нийт суралцагчдын 16 орчим хувь нь теле хичээлээ үзэж чадаагүй байна. Малчин, төв сууринаас алслагдсан, орлогын түвшин доогуур болон эцэг эхийн анхаарал, халамж сул өрхийн хүүхдүүд теле хичээлд хамрагдалт хамгийн бага байна. Бага анги болон хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын хувьд теле хичээл төдийлөн тохиромжгүй байгаа нь судалгаагаар гарсан. Тийм учраас бид 2020 оны есдүгээр сарыг бүхэлд нь бататгал хичээлийн сар болгож, бүх багш нарт зориулсан арга зүйн зөвлөмжийг багш нартаа хүргүүлж, хичээл сургалтыг зохион байгуулсан. Цаашид ч хоцрогдолтой хүүхдүүдтэй ажиллах чиглэлээр багш нартаа заавар зөвлөмж өгч ажиллана. Энэ бол тасралтгүй үйл ажиллагаа байх ёстой. 
 
Их, дээд сургууль, коллежууд ч хичээл сургалтын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулж өнгөрсөн хичээлийн жилийг дуусгасан. Энэ хугацаанд цахим хэлбэрээр орсон хичээлийн агуулгад их, дээд сургууль, коллежууд өөрийн дотоод чанарын баталгаажуулалтын үнэлгээ хийж, цахим сургалтын талаар оюутан, суралцагчдаасаа асуулга авч, энэ жил илүү сайжруулан ажиллаж байна.  
 
Теле болон цахим хичээл, боловсролын салбарын үйл ажиллагаа, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх талаар УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хороотой хамтран хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг, арга хэмжээ зохион байгуулж, Байнгын хорооноос тогтоол гаргасан. 
 
 
 
Цаашид олон хувилбартай, нээлттэй, сонирхолтой зайн сургалтын арга зүйг нэвтрүүлж, багш нарыг мэдээлэл харилцааны технологийн ур чадварт сургах, энэ чиглэлд хууль, эрх зүйн орчныг яаралтай шинэчлэх хэрэгтэй байгаа
 
-Цаашид хөл хорио дахин сунгагдвал цахим хичээлийн бэлтгэл хангагдсан байгаа юу? 
 
-Өнгөрсөн хавар цар тахлын асуудлаар эрдэмтэн судлаачид, олон улсын болон мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг сонсож үүнд бэлэн байх чиглэлээр холбогдох заавар, зөвлөмжийг боловсруулж, бэлтгэл ажлыг хангасан. Үүний нэг нь цэцэрлэг, сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг бүхэлд нь теле хичээлд шилжүүлэх ажлыг Монголын телевизүүдийн холбоотой хамтран 7,8 сард хийсэн явдал юм. Ийм ч учраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 11 дүгээр сарын 11-ний өдрөөс теле хичээлийг шууд үзүүлж чадлаа. 
 
Цаашид олон хувилбартай, нээлттэй, сонирхолтой зайн сургалтын арга зүйг нэвтрүүлж, багш нарыг мэдээлэл харилцааны технологийн ур чадварт сургах, энэ чиглэлд хууль, эрх зүйн орчныг яаралтай шинэчлэх хэрэгтэй байгаа. Ийм ч учраас үндэсний хэмжээний мэдээллийн технологийн компаниудтай хамтран сургалтын удирдлагын системийг нэвтрүүлэх туршилтыг ерөнхий боловсролын 90 сургууль дээр эхлүүлснийг дурдсан.
 
Энэ оны арванхоёрдугаар сарын эхээр энэхүү туршилтын ажлын явц, чанар, үр дүнг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөлдөх, санхүүжилтийн асуудлаар УИХ, Засгийн газрын гишүүд, гадаад улсаас манай улсад суугаа элчин сайд нар, боловсролын салбарын хандивлагч байгууллагын төлөөллийг оролцуулсан томоохон хэмжээний арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байсан боловч хорио цээрийн дэглэмээс хамаарч цуцлагдахад хүрээд байна. Гэхдээ цахим туршилт, цахим контент боловсруулах, багш нараа сургах ажлаа  эрчимжүүлнэ. 
 
Хэрвээ хорио цээрийн хугацаа сунгагдах, хичээл сургалтын үйл ажиллагаа цаашид танхимын бус хэлбэрээр үргэлжлэх болвол бид дараагийн улирлын теле хичээлийн бэлтгэлийг сайжруулах арга хэмжээ авна. Их, дээд сургуулиудын хувьд ч техникийн болон програм хангамжийн орчин нөхцөлөө үе шаттайгаар сайжруулах ажлыг өөрийн санхүүжилтээр хийж байна. 
 
-Хичээлүүд цахимаар орж эхэлсэнтэй холбоотой сургалтын агуулгын асуудал нийгэмд шүүмжлэл дагуулж байна. Ерөнхий боловсролын хичээлийн сургалтын агуулгад яамнаас ямар хяналт тавьж байна вэ?  
 
-Суралцагчдад сонирхолтой байх үүднээс теле хичээлийн агуулга, арга зүйд өмнө эзэмшсэн мэдлэг, чадварыг бататгах, агуулгын алдагдлыг  нөхөх, агуулга, арга зүйн интеграци хичээл явуулж, хичээлд зочин багшийг оролцуулах зэрэг хэд хэдэн шийдлийг хийсэн. Мөн теле хичээлийг дохионы хэлээр хөрвүүлэх, тэгш хамруулан сургах, тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдэд зориулсан хичээл явуулах, ЭЕШ-д бэлтгэх, төгсөх ангийн сурагчдад зориулсан теле хичээл явуулах, олон нийтэд зориулсан насан туршийн боловсролыг дэмжих хичээлүүд нэмсэн. 
Монгол өв, соёл, уламжлалаа таниулах агуулгыг ч орхигдуулаагүй. Нийгмийн хөгжил, орчин үеийн хэрэгцээ шаардлагаа хангаад эрүүл мэнд, иргэний ёс зүйн боловсрол зэрэг хичээлийн агуулгыг шинэчилсэн. Үүнтэй холбоотой гомдол саналууд цахим орчинд гарч байна. Гэхдээ энэ бүгдийг эцэг эх, олон нийтэд тайлбарлах, шинжлэх ухааны үндэслэл, судалгаа, нотлох баримтуудыг хуваалцах зэргээр асуудлыг шийдээд ажиллаж байна. Өнөөгийн нөхцөл байдалд ирээдүйн иргэнийг бэлдэхийн тулд зарим зүйлийг хүний эрх, иргэншилийн ялгаа, хандлагын өөрчлөлт, олон улсын жишиг, шинжлэх ухааны үндэслэл, судалгааны үр дүнгээр тайлбарлах шаардлага үүсдэг. 
 
Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэд, мэргэшсэн судлаач, багш нарын боловсруулсан сургалтын хөтөлбөр, агуулга, сурах бичгийн хүрээнд теле хичээл зохион байгуулагдаж байгаа.
 
-Сурах бичигт гадаад нэр томъёо олноор ашигласан, зүй бус зүйрлэл авсан зэрэг шүүмжлэл байнга гарч байгаа. Сурах бичгийн агуулгыг боловсруулах тал дээр БШУЯ ямар оролцоотой, агуулгын хяналтыг хэрхэн тавьж ажилладаг юм бэ? 
 
-Богино хугацааны сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт, шинэчлэл нь сурах бичгийн чанарт сөргөөр нөлөөлдөг.  Үүнийг цаашид давтах ёсгүй. Боловсролын бодлого, үйл ажиллагаа тогтвортой байхад чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг хийхээр зорьж байна. Мөн “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам” гэж байдаг бөгөөд тавигдах шаардлага ч бий. Боловсролын хүрээлэнд сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний сектор ажиллаж байна. Агуулга, эх бэлтгэл, хянах бүхий л процесс энэ сектор дээр хийгдэж байна. Цаашид сурах бичгийн бодлого, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй, тодорхой болгох, хүний нөөц, санхүүгийн нөөц боломжоо бодитой тооцсон урт болон богино хугацааны төлөвлөлт хийх, олон нийтийн оролцоо (ойлголт, бүрэлдэхүүний хамрах хүрээ, тоо)-г нэмэгдүүлэх, сурах бичгийн стандарт болон журмыг шинэчлэн боловсруулах ажлыг хийж ажиллана. 
 

НИЙСЛЭЛ, ОРОН НУТГИЙН НИЙТ 71 ДОТУУР БАЙРАНД 11359 ОЮУТАН АМЬДАРЧ БАЙНА

 
 
-Гэнэт хөл хорио тогтоосонтой холбоотой их, дээд сургуулийн дотуур байрны оюутнуудад хүндрэл үүсэж байна. Энэ талаар тодорхой арга хэмжээ авч байгаа юу? 
 
-Өнөөдрийн байдлаар нийслэлд 56, орон нутагт 15, нийтдээ их дээд сургуулийн 71 оюутны байр дотуур байранд 11359 оюутан амьдран суралцаж байна. Яамны зүгээс их, дээд сургууль, коллежийн удирдлагуудтай байнгын цахим хурал хийж, их, дээд сургууль, коллежийн хичээл сургалтын үйл ажиллагааг цахимаар чанартай зохион байгуулах болон оюутны дотуур байранд амьдарч байгаа оюутнуудын талаар авч хэрэгжүүлж байгаа ажилтай танилцан үүрэг, чиглэл өгөн ажиллаж байна. 
 
БШУЯ-ны зүгээс оюутны дотуур байранд амьдарч байгаа оюутнуудын нийслэл, аймгийн харьяаллын судалгааг гаргасан. 
 
Богино хугацааны хөл хорионы үеэр их, дээд сургуулиуд өөрийн санхүүжилтээр дотуур байранд амьдарч байгаа оюутнууддаа 131.1 сая төгрөгөөр хоол хүнс, эм, ариутгалын бодис зэрэг нэн хэрэгцээтэй зүйлийг нь авч өгсөн. Хөл хорионы хугацааг сунгасантай холбогдуулан дотуур байрны оюутны хоол хүнс, ариутгал, халдваргүйтлийн санхүүжилтийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлцүүлэн шийдвэрлүүлсэн. Эхний санхүүжилтийг өнгөрөгч долоо хоногт шийдвэрлэлээ. 
 
БШУЯ-ны зүгээс оюутны дотуур байранд амьдарч байгаа оюутнуудын нийслэл, аймгийн харьяаллын судалгааг гаргасан. Цаашид тэднийг шинжилгээнд хамруулах болон орон нутагт нь буцаах тохиолдолд бэлэн байх үүднээс дотуур байранд амьдарч байгаа оюутнуудын нарийвчилсан мэдээллийг гаргаж байна. 
 
Үүнээс гадна нийт их, дээд сургууль, коллежийн оюутан, суралцагчдаас тандалтын судалгаа, асуумжийг цахимаар авч байна. Судалгаанд одоогийн байдлаар нийслэл, орон нутгийн нийт 88 их, дээд сургуулийн 60 мянга гаруй оюутан, суралцагч хамрагдаж байна. 
 
 
-Гадаадад Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа оюутнуудын төлбөр нэхэгдэж байгаа гэх мэдээлэл бий. Энэ тухай ямар мэдээлэл өгөх вэ?  
 
-Цар тахлын улмаас гадаад улсын ихэнх их, дээд сургууль сургалтаа танхимын болон танхимын бус цахим хэлбэрт шилжүүлсэн. Манай яам гадаад улсын их, дээд сургууль, холбогдох элчин сайдын яамдтай хамтран ажиллаж, монгол оюутнуудын сургалтыг хэвийн үргэжлүүлэхэд анхаарч байна. Цар тахлын улмаас зарим төлбөр тооцоо удааширч байгаа ч ойрын хугацаанд бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байна. 
 
“Оюутны хөгжлийн зээл”-д  47 сургуулийн 5066 оюутанд 7.6 тэрбум төгрөгийн зээл олгохоор тооцоолсон 
 
-Боловсролын зээлийн сангаас оюутнуудад олгох хөнгөлөлттэй зээлийг хэзээнээс олгож эхлэх вэ. Өнгөрсөн хавар зарим сургууль санхүүжилт ороогүй гэх шалтгаанаар хөнгөлөлттэй зээл олгоогүй байна. Энэ асуудлыг судалж үзсэн үү. Санхүүжилт нь хэзээ орох вэ? 
 
-2020 оны хаврын улиралд нийт 66 сургуулийн 1971 оюутан, суралцагчид 2.4 тэрбум төгрөгийн “Оюутны хөгжлийн зээл” олгосон. Засгийн газраас 2020 онд баталсан тогтоолоор Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжил болон төгсөгчдийн сүүлийн дөрвөн жилийн хөдөлмөр эрхлэлтийн хувийг харгалзан шаардлага хангасан дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутанд Боловсролын зээлийн сангаас “Оюутны хөгжлийн зээл” олгохоор байгаа. Энэ шаардлагын дагуу судалгаа хийн энэ хичээлийн жилийн намрын улиралд 47 сургуулийн 5066 оюутанд 7.6 тэрбум төгрөгийн зээл олгохоор тооцоо хийгдэн “Оюутны хөгжлийн зээл олгох хяналтын тоо” батлах Сангийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалын төслийг боловсруулж, Сангийн яаманд хүргүүлээд байна. Энэ асуудал удахгүй шийдэгдэнэ.
 

ҮБХИС-ИЙГ ТӨГСӨӨД БАЙГАА ОЮУТНУУДЫГ ХОХИРООХГҮЙ БАЙДЛААР АСУУДЛЫГ ШИЙДЭХИЙГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА

 
-Үндэсний батлан хамгаалахын их сургуульд 2016 оноос хойш мэргэжлийн сургалтад бүртгэлгүй чиглэлээр элсэлт авч, 400 гаруй төгсөгчийг хохироогоод байгаа асуудлыг манай сайт цувралаар хөндсөн. Энэ асуудалд та хэрхэн анхаарал хандуулж, ямар арга хэмжээ авч байгаа вэ? 
 
-Үндэсний батлан хамгаалахын их сургууль /ҮБХИС/ бол бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхэлдэг дээд боловсролын байгууллага.  ҮБХИС-д МХЕГ-аас өнгөрсөн зургадугаар сард хяналт шалгалт хийсэн байна. Энэ шалгалттай холбоотой танилцуулга, дүгнэлт материал одоогоор манай яаманд ирээгүй байна. Бид мөн энэ асуудлаар тухайн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Шалгалтын баримт бичиг, мэдээлэл, дүгнэлтийг яаманд ирүүлэх талаар МХЕГ-т хандаад байна. Дүгнэлтийг шийдвэр гаргахдаа анхааран үзнэ.  
 
Боловсролын тухай хуулиар мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ийг тогтоох нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийн асуудалд хамаарах зохицуулалттай. Тийм учраас тус сургуультай холбоотой асуудлыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Боловсролын тухай хуулийн холбогдох заалтын хүрээнд, төгсөгч, суралцагчдын эрх ашгийг аль болох хохироохгүйгээр шийдвэрлэнэ. 

БШУ-ны сайд Л.ЦЭДЭВСҮРЭН: Оюутнууддаа дэмжлэг үзүүлж, шинжилгээнд хамруулах нь ойрын өдрүүдийн гол ажил болоод байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 03:38:36
    zochin: tvreesin bairand baigaa oyutnuudchin hetsvvdlee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 15:28:26
    D.yndmaa hybiin ih deed cyrgyyliydiin holboo: Ih zuil medej ablaa.bayarllaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 10:35:37
    Зочин: Яамнаас элсүүлэх мэргэжлийн чиглэл, элсэлтийн тоонд хяналт тавьж ажилладаг байсан. Сүүлийн жилүүдэд энэ талаар олигтой анхаарахгүй болсон. Үүний гор гарч байгаа юм. ҮБХис болон Монголынүндэсний их сургуулийн тохиолдлууд . Үүнийгээ анхаараач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-24 22:42:47
    Уншигч: Сайд аа! 1.Өнгөрсөн жилийн зардалын мөнгийг нэг талыг нь аваагүй өнөө жил ч тэгэх юм биш биз 2.Дотуур байранд байгаа оюутануудад дэмжлэг үзүүлэв харин гадуур байгаа оюутануудад ямар дэмжлэг үзүүлэв? гэрээсээ хол ямарч унаа явахгүй хоол ундчгүй байгаа зөндөө л оюутанууд байгаа ч тээ ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-24 21:43:34
    Эцэг эх: БШУЯам энэхүү хүнд нөхцөлд шуурхай ажиллаж цахим хичээл нэг ч өдрийн алдагдалгүй явж байгаа нь талархууштай. Эцэг эхчүүд бид нэг хүүхдийнхээ хичээлийг хийлгэх гэж бөөн асуудал болж байхад багш нарын нөр их хөдөлмөрийг төр үнэлж үнэлэмжийг дээшлүүлэх нь маш чухал юм гэдэг дээр санал нэг байна. Амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-24 17:08:13
    Zochin: MXEG yasan udaan um be? Xyyxdyyd xoxirson baixad yagaad odoo xyrtel xariya yamand ni xariu iryylexgyi bgaa um be? Bolobsrolin yam ni ch ter xyleegeed suuj l bdag. Xyyxdiin toloo gex setgelgyi uls orni sexeetnyyd ch ylzarch duusaj dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-24 11:12:44
    Уншигч: Хорио цээрийн хугацаа битгий сунгагдаасай, хичээл олон хоногоор битгий тасалдаасай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-24 11:11:36
    Уншигч: Боловсролын яам шуурхай ажиллаж байгаад талархалтай байна. Теле цахим хичээлийг оруулж байгаа нь яамны ажил ч түүнээс сурч мэдэж авах нь сурагч оюутнуудын үүрэг шүү. Аав ээж нь хүүхдээ юм сурахад анхаарах хэрэгтэй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188