• Өнөөдөр 2024-04-24

Б.МИШЭЭЛ: 22 минутад 33 бодлого бодож, Монголын оюун ухааны академийн түргэн бодолтын аваргаар шалгарсан

2023-03-07,   389

-Сайн уу. Юуны өмнө түргэн бодолтын улсын аварга болсонд баяр хүргэе. Анх яагаад түргэн бодолтын төрлийг сонгож хичээллэх болсон бэ?
 
                -Математикаа хийхдээ бодлогоо энгийнээс арай хурдан бодмоор санагдсан юм. Яагаад ч юм арай удаан бодоод байгаа юм шиг санагдсан. Тэгээд л аав, ээж  “Миний охин Оюун ухааны академид орж, суралцах уу” гэхэд нь зөвшөөрч, түргэн бодолтын төрлийг нь сонгон хичээллэж байна. 
 
-Анх олон тоо цээжилж, бодоход хэцүү байсан байх. Эсвэл харин ч сонирхолтой байсан уу?
 
        -Эхлээд сурч байхад мэдээж хэцүү байсан. Аажимдаа сурсаар байгаад дуртай болсон. Тоогоо цээжлээд, түргэн хугацаанд амжилттай бодохоор урам ордог. Тэгээд дахиад л бодоод баймаар санагддаг. Хамгийн чухал нь анхаарал төвлөрөлт. Тийм болохоор анхаарлаа маш сайн төвлөрүүлж байгаад бодоход  хэцүү зүйл байдаггүй. Мөн багш нар маань ойлгомжтой заадаг болохоор бэрхшээлтэй зүйл бага гардаг.
 
-Оюун ухааны академийн түргэн бодолтын сургалтад сууснаар чамд ямар өөрчлөлт гарсан бэ?
        -Анхаарал төвлөрөхөөс гадна өмнөхөөсөө хурдан сэтгэдэг болсон. Аливаа зүйлийг хийхийн өмнө хэрхэн хийх аргыг нь олдог болсон.  Урьд нь бол яаж сэтгэх аргаа олдоггүй байсан юм шиг санагддаг.
-Ямар, ямар тэмцээнд оролцож, амжилт гаргасан бэ?
 
         -Анхны орсон тэмцээн маань өнгөрсөн хоёрдугаар сард болж байсан. Тэгээд Монголын оюун ухааны академийн өвлийн улирлын аваргаар шалгарсан. Дараа нь хаврын улирлын аваргаар шалгарсан. Наймдугаар сард болсон түргэн бодолтын нийлбэр, үржвэрээр дөрөвдүгээр байр эзэлсэн.
 
-Уралдаан тэмцээнд оролцоход хичээл нь  цалгардах тохиолдол гарах уу?
 
        -Багшдаа хэлээд тэмцээн, уралдаанд ордог болохоор харьцангуй гайгүй. Гэхдээ математикийн бодлогоо бусад хүүхдээс хурдан боддог. Хуваах, үржих үйлдлийг баганан бичлэгээр бичихгүйгээр шууд боддог.
 
-Хааяа алдаж, зөрүүлэх тохиолдол гардаг байх?
 
        -Алдах тохиолдол олон бий. Гэрт давтаж байхад алдвал ээж маань урам өгч, дараагийн удаа алдахгүй байхыг сануулдаг.
 
-Одоо орох тэмцээн байгаа юу. Цаашид түргэн бодолтын төрлөөрөө суралцсаар байх уу?
 
       -Түргэн бодолтын төрөл 9-12 насны хүүхэд авдаг учраас одоо анги дэвшин ой тогтоолтын анги руу орох бодолтой байгаа. Ингэснээр гадаад, дотоодын олон уралдаан тэмцээнд оролцох боломж нээгдэнэ.

Б.МИШЭЭЛ: 22 минутад 33 бодлого бодож, Монголын оюун ухааны академийн түргэн бодолтын аваргаар шалгарсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188