• Өнөөдөр 2025-02-05

Д.АЛТАНСҮХ: Абэ Хифүми аваргыг хожоод медаль авсан бол гоё л дурсамжтай болох байж дээ

2023-05-11,   2156

Жүдо бөхийн Ази тивийн аварга, самбо бөхийн дэлхийн аварга, ОУХМ Довдонгийн Алтансүхтэй ярилцлаа. Тэрбээр  одоо “Хангарьд спорт хороонд жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байна.

 -Самбо бөхийн 2022 оны ДАШТ-д барилдсан байх аа.  Энэ жилийн жүдо

бөхийн УАШТ-д зодоглов уу?

-Самбо бөхийн ДАШТ-д барилдсан. Эхний тойрогт Армений бөхийг 4:1-ээр буулган авсан. Дараа нь ОХУ-ын бөхтэй 1:1-ээр тэнцэж, торгуулиар хожигдсон. Түүний дараа Казахстаны бөхөд 3:2-оор хожигдож тэмцээнээ дуусгасан.  Харин жүдо бөхийн  энэ оны УАШТ-д 73 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртсэн.

-Одоо “Хангарьд” спорт хороондоо дасгалжуулагчаар ажиллаж байна уу?

-Тийм ээ. Эрдэнэтийн “Хангарьд” спорт хороондоо дасгалжуулагчаар ажиллаж байгаа.

 -Та жүдо бөхийн карьертаа 138 барилдаан хийж 90 ялж, 48 удаа ялагджээ. Энэ маш том үзүүлэлт шүү. Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ цуврал тэмцээнүүд болох их дуулга, гран при ангиллын тэмцээнүүдээс нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль тус тус хүртсэн байна. Өөрт чинь олимп, дэлхийн аваргын медаль л дутуу байна  аа даа?

-Тэгэлгүй яах вэ. ОУЖБХ “IJF”-ын олон тэмцээнд эх орноо төлөөлөн  оролцож байлаа.  Жүдо бөхийн цуврал тэмцээнд гэвэл дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан. Харин гран при тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медаль, Парис, Токио, Тюмений гранд слам тэмцээнээс хүрэл медаль авч байлаа.

2018 онд Гуанжоугийн “World masters” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байгаа. 2016 онд Узбекистан Ташкент хотод болсон жүдо бөхийн АТАШТ-д түрүүлж Ази тивийн аварга болсон. Тус Азийн аварга манай монголын баг маш амжилттай оролцож дөрвөн Ази тивийн аварга төрж байлаа. Н.Түвшинбаяр ах, Д.Сумъяа, Н.Дагвасүрэн бид дөрөв Ази тивийн аварга болсон. Би ер нь орсон тэмцээн бүхнээс медаль авч байгаагүй.

Уг нь оролцсон тэмцээнд болгондоо төвөггүй шахам л шөвгийн наймд үлдчихдэг юм. Хүрэл медалийн төлөөх барилдаанд олон удаа хожигдож, медальгүй үлдэж, тавдугаар байрт орсон. Гранд сламд гэхэд хоёр удаа тавдугаар байрт, гран прид 11 удаа тавдугаар байрт шалгарсан.

 -Өмнөд Солонгост болсон самбо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 68 кг-ын жинд алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон. Ямар улсуудын бөхчүүдтэй хэдэн барилдаан хийж дэлхийн аварга болж байв аа?

-2019 онд самбо бөхийн ДАШТ-д анх удаа оролцож үзсэн. Жүдо бөхийн УШБ-ийн тамирчин байсан учраас самбын тэмцээнд ордоггүй байв. Жүдо бөхийн залуу тамирчиддаа боломж гаргаж, өгөх үүднээс 2019 оноос жүдо бөхийн IJF-ын цувралд  оролцох маань багассан юм. Тэр үед самбын УАШТ-д түрүүлж,  ДАШТ-д барилдах эрх авсан минь тэр л дээ. Тэр самбын ДАШТ их чанга болсон шүү. Эхний тойрогт Саудын Арабын бөхийг, хоёрдугаар тойрогт Английн бөхийг, гуравдугаар тойрогт Украины бөхийг ялсан.

Тэгээд зооны аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын хүчтэй өрсөлдөгчийг 4:1-ээр хожиж, алтан медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхтэй 1:1-ээр тэнцэж, сүүлийн оноогоор би хожигдож эхэлсэн юм. Оноогоо нөхөж авахын тулд унаж шидэх мэх хийж дөрвөн оноо авч дэлхийн аваргын алтан медалийг хүртсэн байгаа. Анх удаа самбо бөхийн ДАШТ оролцоод дэлхийн аварга болсондоо ихэд бэлэгшээн, баярлаж явдаг.

-Самбо бөхийн жин жүдо бөхөөс өөр юм аа. Хэрэв самбо бөхөд 66 кг-ын жин гэж байсан бол дэлхийн хошой аварга болох байсан байх даа. Самбо бөхийн 2020 оны ДАШТ-ий барилдааны шүүлт жаахан маргаантай болсон гэв үү. Тэр ДАШТ-ээс медаль хүртсэн үү?

-Самбод 66 кг гэж байхгүй. Харин 64 кг гэж байгаа. Энэ жинд орох гэхээр дэндүү их жин хасах болохоор 71 кг-д барилдаж байгаа. 2020 оны ДАШТ Серби Новисад хотод болсон. Тэр тэмцээнд ганцаараа явж орсон. Ковидтой жил байсан болохоор манай тамирчид оролцох боломжгүй байлаа. Би жүдогийн тамирчидтай цуг Унгар Улс руу нисээд тэндээ үлдсэн. Унгар Улсын Элчин сайд З.Батбаяр ахад маш их баярласан. Манай спортынхон бүгд л З.Батбаяр ахыг андахгүй танина даа. Монголынхоо тамирчдад байнга л тус болж байдаг хүн. Өлзий ах, Сүглэгмаа эгч хоёрынд болон Батбаяр ахын гэрт сар гаран амьдарч Унгарт байж байгаад Серби Улс руу ДАШТ-д явсан.

Унгарт бэлтгэл хийх заал, танхим байхгүй гадаа гарч гүйж, дасгал, хөдөлгөөн хийдэг байлаа. Батбаяр ах миний дасгалжуулагчаар 2020 оны ДАШТ-д оролцсон. Дэвжээнд намайг авч гарсан.Би боломжийнхоо хэрээр үзээд, хүрэл медалийн төлөөх барилдаанд хожигдсон. Тухайн үед ДАШТ-ий шүүлтэд үнэхээр асуудал бол байсан. Ганцаараа оролцож байгаа болохоор шүүгчид эсрэг талд тал зассан шүүлтийг хийсэн байгаа. Зооны аваргын төлөө Беларусийн бөхөд 4:2-оор хоёр онооны дутуугаар хожигдсон. Хүрэл медалийн төлөө Италийн бөхтэй барилдсан. Түүнийг хангалттай хожих боломж байсан. Бларусь бөхтэй барилдаж дуусаад таван минут ч амарч чадаагүй байхад нэр дуудсан. Би уг нь Италийн бөхийг торгуулийн нэг оноогоор хожиж явсан юм. Цагийн төгсгөлд Италийн бөх дутуу мэх хийсэн. Түүнд нь би уналгүй гар дээрээ тулаад босоод ирсэн байхад шүүгч Италийн бөхөд нэг оноо заасан.

 -Өнгөрсөн жилийн самбо бөхийн ДАШТ-д хэр амжилттай барилдсан бэ?

-Өнгөрсөн жилийн самбо бөхийн ДАШТ Киргизстан Улсын Бишкек хотод болсон. Самбо бөхийн жингийн ангилалд хоёр жилийн өмнө өөрчлөлт орсон байгаа. Хуучин байсан 68 кг-ын жин, 71 кг болчихсон. Түүнээс болоод 77, 79 кг-тай том жингийн бөхчүүд хасаж орж ирэх болсон. Миний хувьд энэ жиндээ жац, нуруу жаахан жижигдээд л байгаа. Өнгөрсөн жил эхний тойрогт Армены бөхийг, хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөхтэй таарсан.  Оросын бөхөд сүүлийн торгуулиар хожигдсон. Торгуулийн тойрогт Казахстаны бөхөд 3:2-оор хожигдож долдугаар байрт орсон байгаа.

Уг нь надад боломж байсан. Тэр боломжийг ашиглаж Оросын бөхийг ялж чадаагүй. Хэрэв ялсан бол Японтой барилдах байв. Энэ жилийн ДАШТ-д Армен Улсад арваннэгдүгээр сард болно. Сая УАШТ-д түрүүлж ДАШТ-д барилдах эрхээ авсан байгаа. Энэ завшааныг ашиглан хүнд хэцүү цаг үед монголын баг тамирчдыг тэмцээн, уралдаанд орох боломжийг хангаж, мөн надад тусалж, сэтгэл, зүтгэл гаргаж байсан З.Батбаяр ахдаа баярласан сэтгэлээ дамжуулмаар байна. Мөн надад тусалж гэртээ хоёр сарын хугацаанд байлгасан Өлзий ах, Сүглэгмаа эгч хоёртоо баярлаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна.

 -Та жүдо бөхийн  2018 оны Загребийн гран при тэмцээнд олимп, дэлхийн аварга Абэ Хифумиг цэвэр ялсан. Тухайн үед сүүлийн гурван жил ялагдал амсаагүй дэлхийн аварга Абэ Хифумиг цэвэр ялж завсар оруулж, шуугиан тарьсан. Тэр барилдааны талаар ярихгүй юу?

-2018 оны Загребийн гран пригийн 66 кг-д маш олон бөх барилдсан. Манай жинд 50-60 тамирчин барилдсан санагдаж байна. Би шигшээ наймд шалгарч үлдээд Абэ аваргатай таарсан. “Надад алдах зүйл байхгүй. Яс үзнэ дээ” гээд л  дэвжээнд гарсан. Барьцтай гарыг нь салгаад өмсчихсөн чинь Абэ мостолж унасан. Тухайн үед би шүүгч цэвэр заасан, заагаагүй хамаагүй даралт авах ёстой гэж бодоод даралт авсан. Тэр хооронд шүүгч нар бичлэг ухрааж үзсэн байх. Надад цэвэр ялалтыг өгсөн. Абэг тэр үед хожсондоо их баяртай байсан.

Абэгийн 35 дараалсан ялалтыг зогсоосон гэдгээ мэдээгүй. Би түүнийг тийм олон удаа завсаргүй ялалт авсан гэдгийг огт мэдэхгүй байсан. Сүүлд л “IJF-ийн сайтаас олж уншиж мэдсэн. Тэгсэн Абэ үнэхээр гайхалтай 2015 оноос хойш ялагдал гэдгийг огт амсаагүй явсан юм билээ. Надаас өмнө Төмөрхүлэг маань Абэг хоёр удаа хожсон байдаг. Ер нь монгол бөхчүүд Абэтэй хамгийн сайн барилддаг нь шүү дээ. Түүний суганы барьцыг аваад лав барилдаад явбал хожих боломж бий.

ДАШТ дээр Басхүү, Абэг их хямраасан. Хожих дөхсөн шүү. Ер нь манай 66 кг-ынхан дэлхийд топ өрсөлдөгчид шүү дээ. Х.Цагаанбаатар, С.Миарагчаа гээд ах нараас гадна манай үеийнхэн Төмөрхүлэг, Батсуурь, Хэрлэн нар байна. Сүүлийн үеийнх гэвэл Басхүү, Эрхэмбаяр гээд дүү нар маань бидний араас залган гарч ирсэн байгаа. 66 кг-ын жин бол монголын шилдэг бөхчүүдийн Удамтай жин” шүү. Монголын 66 кг-ын жингийн бөхчүүд гадны тэмцээнээс хоосон буцаж ирэх нь ховор ямар нэгэн медальтай ирдэг.

 -Абэ аваргааас гадна Японы өөр шилдэг ямар тамирчидтай барилдаж байсан бэ?

-Ибинума аваргыг нэг удаа хожиж байсан. 2010 оны Чиндоагийн гран при тэмцээнд би 60 кг-д барилддаг байж байгаад анх удаа жин өгсөн 66 кг-д барилдсан юм. Тэр тэмцээнд Миарагчаа ахтай цуг 66 кг-д барилдлаа. Тэгсэн чинь  зооны аваргын төлөөх барилдаанд Ибунуматай таарав. Түүний гарыг таллаж аваад унаж шидээд юко үнэлгээ аваад, цаг дуусахаас өмнө нөмрөх мэх хийхэд нь хий хөмрүүлэн цэвэр ялж байсан.  Тэгээд Солонгосын бөхтэй аваргын төлөө барилдаж тухайн үеийн “Ханатай” буюу шүүгчдийн саналаар 3:2-оор хожигдож мөнгөн медаль хүртэж байлаа. Мияарагчаа ах хүрэл медаль, нөгөө хүрлийг нь Ибинума хүртэж байв. Тэр тэмцээнээс санаанаас гардаггүй. Маш их дурсамжтай сайхан тэмцээн байсан.

- 2015 оны Чингис хаан гран при тэмцээнд Д.Төмөрхүлэгт ялагдсанаас хойш ялагдал гээч зүйлийг амсаагүй явсан. 2018 онд Загребит танд ялагдсан. Түүнээс хойш бас ялагдаагүй яваа байх. Жоширо Марүяма ялагдсан билүү?

-Тийм ээ. Төмөрхүлэг 2015 оны Улаанбаатарын гран при тэмцээн дээр Абэг ялсан. Түүний дараа бас л монгол бөхөд ялагдсан. Ер нь Абэд монголчуудтай барилдах хэцүү байдаг байх. Монгол бөхчүүд лав золгосон барилдаанд сайн. Абэ өмсөх мэхийг мэдэрдэггүй юм шиг байна лээ. Би Загребийн гран прид Абэг ялаад дараагийн тойрогт Украины Зантараиатай таарсан. Түүнээс унаж шидэх мэхээр вазари үнэлгээ авсан. Цаг дуусахаас 18 секундын өмнө Зантараиад вазари алдсан. Бидний үнэлгээ тэнцээд нэмэлт цагт түүнд торгуулиар хожигдсон. Тэгээд Израилийн Баруч Шмайловтой хүрэл медалийн төлөө барилдсан. Тэр их бяртай бөх. Би түүнд хожигдож тавдугаар байрт орсон.

Тэр үед “Абэ Хифуми аваргыг  хожоод медаль авсан бол гоё дурсамжтай байх байж дээ” гэж бодогддог. Бидний тэр барилдаанаас хойш Абэ, Маруяамад хожигдсон. Түүний дараа Парисын гранд сламд Италийн Мануэль Ломбардоод хожигдсон байдаг. Ломбардо бас л өмсөх мэхээр Абэг ялсан. Абэ, Жоширо Маруяама хоёр хоорондоо эн тэнцүүхэн өгөө аваатай л барилддаг. Токиогийн олимпын өмнө сорил тэмцээн хийж Абэ ялсан байгаа. Тэгээд Абэ олимпод орж түрүүлсэн. Миний хувьд Маруяаматай огт барилдаж үзээгүй.

 -Азийн аваргад Казахстаны алдарт бөх  Елдос Жумаконовыг ялаад, зооны аваргын төлөөх барилдаанд ОУХМ Д.Төмөрхүлэгийг ялсан юм уу. Финалд хэнийг ялж Азийн аварга болж байв аа?

-Азийн аваргад би эхний тойрогт Киргизийн бөхийг ялсан. Хоёрдугаар тойрогт Казахстаны Елдос Жумаконовыг хожсон. Жумаконовын барилдаан надад бол таардаг. Харин миний барилдаан Жумаконовт таардаггүй юм шиг байна лээ.  Өмнө нь би түүнийг бас л унаж шидэх мэхээр ялж байсан. Зооны аваргын төлөөх барилдаанд Төмөрхүлэгтэйгээ таарч ялсан. Түүнийг сууж үүрэх мэх хийхэд нь тэвэрч шидээд хожсон. Тэгээд финалийн барилдаанд Ираны бөхийг гурав удаа даралт мэхэнд оруулж алдаад, дөрөв дэх удаад нь дарж ялалт авч Азийн аварга болсон. Ираны бөх их уян тамирчин байсан.  Ер нь жүдо бөхийн Ази тивийн аварга гэдэг тийм бага цол биш шүү. Азийн аварга болсондоо баяртай байдаг.

 -2016 онд Европын Обервартын нээлттэй тэмцээнд түрүүлжээ. Тэр тэмцээнд дэлхийн шилдгүүдтэй таарч барилдсан уу?

-Парисын гранд сламын өмнө Обервартийн Европын нээлттэй тэмцээн болдог. Дэлхийн шилдэг бөхчүүд их барилдсан. Тус тэмцээнд долоон барилдаан хийж түрүүлж байсан. Сербийн Андрей Жербиг хожоод финалд Египтийн Мохамед Абделмаугау гэдэг их бяртай бөхтэй таарч вазари үнэлгээгээр ялсан. Ер нь 2016 онд миний бэлтгэл, сургуулилалт их сайхан таарсан жил байсан л даа. Тухайн онд  IJF-ын 12 тэмцээнд орж есөн медальт хүртэж байлаа. Оны төгсгөлд дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж байсан.

 -Азербайжаны шилдэг бөх Шихализадаг даралт мэхээр цэвэр ялсан. Тэр  хэдэн оны ямар тэмцээн байсан юм бэ?

-Шихализада маш их туршлагатай тамирчин. ДАШТ-ээс маш эрт медаль хүртсэн бөх. Парисын гранд сламын хүрэл медалийн төлөөх барилдаанд  түүнтэй таарсан. Түүнийг хожино гэсэн итгэлтэй барилдаан хийсэн. Нэлээн ширүүн үзэж байгаад түүнийг даралтаар ялсан. Тэр үед Парисын гранд сламаас медаль хүртэж их урам орж байлаа.

-Ер нь Монголын 60, 66 кг-ын жин хэзээнээсээ дэлхийд алдартай бөхчүүдтэй жин.  Таны өрсөлдөгч ОУХМ Д.Төмөрхүлэг, Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, Г.Хэрлэн. Б.Батсуурь, гээд шилдэг тамирчин бий. Танд барилдаан нь таардаггүй хамгийн эвгүй өрсөлдөгч нь хэн байсан бэ?

-Тийм шүү. 60, 66, 73 кг-ын жинд манай бөхчүүд олимп, дэлхийн аваргад үнэхээр сайн барилддаг. Энэ гурван жин манай улсын топ жингүүд мөн. Тэр тусмаа 66 кг-д маш олон эн тэнцүүхэн тамирчид бий. Батсуурь,Төмөрхүлэг хоёртой миний барилдаан таардаггүй талдаа. Манай Батсуурь их уян, унаа холтой. Нойтон барилдаантай.

 -Та Эрдэнэтийн унаган хүүхэд үү?

-Манай аав, ээж хоёр Увс аймгийн Малчин сумын харьяат хүмүүс. Би Улаангом хотод төрсөн. Намайг нэгдүгээр анги төгсдөг жилийн зун аав Эрдэнэт хотод руу машинаа засуулах гэж явсан юм. Аав буцаж ирээд Эрдэнэт рүү нүүх шийдвэр гаргасан. Тэгээд 1997 онд Эрдэнэт хотод ирж байлаа. 2000 онд Бат-Орших багшийн секцэнд орж жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Эрдэнэт үйлдвэрийнхээ, Эрдэнэт уулынхаа буянаар  олон тэмцээнд уралдаанд оролцож өдий зэрэгтэй тамирчин болсон доо. 2019 оноос хойш дасгалжуулагчийн албанд шилжиж “Хангарьд” спорт хороондоо ажиллаж байна.

 - Бага нас чинь тэгэхээр Эрдэнэт хотод өнгөрсөн  юм уу?

- Тийм ээ. Гэр хорооллын бусад хүүхдийн нэгэн адил Эрдэнэтийн гудамжинд л тоглож өссөн дөө. Оюунцэцэг багштай нэгдүгээр арван жилийн сургуулийг төгссөн. 2006 оноос “Хангарьд” спорт хоррны гэрээт тамирчин болсон.

-Багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байв?

-Нэлээдгүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Сургуулийн хойшоо гараад үеийнхээ хүүхдүүдтэй их барилддаг байв. Хувцсаа урж, тасартал ноцолдож, зодолдоно. Харин жүдо бөхийн секцэнд орж, зөв хүмүүжил, төлөвшил, зөв замыг олж авсан. Тэр үед жүдод ороогүй байсан бол одоо ямар ч хүн явах байсан юм бүү мэд. Төсөөлөх арга байхгүй. Жүдо гэдэг спорт хүнийг зөв хүмүүжилтэй болгож, бусдыг хүндэтгэх үзлийг төлөвшүүлж өгдөг юм билээ.  Үргэлж хүнийг зөв зүйл рүү хөтөлж байдаг сайхан спорт шүү.

 -Таны анхны багш Бат-Орших багш уу?

-Миний анхны багш Монгол Улсын гавьяат дасгалжуулагч “Зууны манлай дасгалжуулагч” Бат-Орших багш. Багшийн үе үеийн шавь нараас дурдвал, МУГТ Атлантын олимпын хүрэл медальт Нармандах ах байна. Миний найз дэлхийн аварга Ганбатын Болдбаатар, самбо бөхийн дэлхийн аварга Марал-Эрдэнэ дүү гээд олон шилдэг тамирчин бий.  Мөн “Хангарьд” спорт хороогоор овоглож явсан Лондонгийн олимпын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир, Ази тивийн аварга, Азийн наадмын аварга Д.Нямхүү нар байна. Би 2013 оноос жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин болсон. Шигшээгийн Балжинням багш, Дашгомбын Баттулга багш, Цэвэлмаа, Цэрэнханд гээд олон багш нарт одоо хүртэл баярлаж талархаж явдаг.

 

 

 

 

 


Д.АЛТАНСҮХ: Абэ Хифүми аваргыг хожоод медаль авсан бол гоё л дурсамжтай болох байж дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-15 19:19:29
    Erdemiindalai: Co cool
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188