1956 онд “Элвис хариулав” нэртэй сэтгүүл Элвис Прэслигийн “Миний тухай үнэн” нэртэй алтан пянзтай хамт гарч, хөгжмийн зах зээлд шуугиан тарьж байлаа. Хэдэн жилийн турш дуу хөгжмөөс завсарлага аваад байсан нэрт дуучин тус цомог, ярилцлага бүхий сэтгүүлээрээ дуу хөгжмийн салбарт эргэн ирж буйгаа зарласан бөгөөд “Элвис хариулав” сэтгүүлд гарсан ярилцлагыг Британийн томоохон намтар судлаачдын нэг Найжел Гудолл авсан байдаг. Рок-н-роллын хаан эргэн ирж буйгаа зарласан “Элвис хариулав” сэтгүүлийн гол ярилцлагыг “Эргэлт” сэтгүүл онцлон хөрвүүлэн хүргэж байна.
-Миссисипигээс гаралтай Элвис гэж жаал гуяа хөдөлгөдөг өвөрмөц бүжгээрээ олны танил болж гарч ирж байлаа. Олны танил болсон Элвис Прэслигийн анхны шүүмжлэл тэр бүжгээс эхэлнэ. Түүнээс хойш таныг залуу охидтой болздог, тайзан дээр ам барьдаг гэхчлэн олон шүүмж гарах болов. Харин тэр бүгдийг Элвис хэрхэн хүлээж авдаг вэ?
-Анхны тоглолтоо хийж эхлэхээс минь сонсогчид баяр, жаргалтай байсан. Миний дуулсан дуу болгонд хүмүүс дуртай болж, би тайзан дээр юу чаддагаа хийдэг байсан. Гэтэл уран бүтээлээсээ хэсэгхэн зуур завсарлага авсан сүүлийн хэдэн сарын турш “Элвис шинийг хийж чадахгүй өөрийгөө давтаж байна” гэсэн шүүмжлэлд өртөж байгааг чи хэлж байх шиг байна. Шүүмжлэл гэдэг миний амжилтууд хэдий хэр өсөж нэмэгдэж, томрохтой зэрэгцэн ирдэг зүйл гэж боддог. Хэдий чинээ олонд танигдана, төдий чинээ их шүүмжлэлд өртдөг байх. Хэрэв Мемфисийн жижиг уушийн газарт дуулдаг нэгэн байсан бол хэн ч намайг тоохгүй. Хэн ч, юу ч хэлж, юу хийхийг минь анзаарахгүй байсан. Гэхдээ одоо бол өөр түүх. Миний үзэгч, сонсогчдодоо хэлж чадах ганц зүйл бол би хэзээ ч уран бүтээлээ хийж байхдаа, тайзан дээр байхдаа өөрийгөө, сонсогчдоо хуурдаггүй. Дотор минь төрсөн мэдрэмжээ гаргаж, дотроос төрсөн хөдөлгөөнөө хийдэг. Тэр минь бусдад таалагдаж, “Зөв зүйл хийж байгаа юм байна” гэж бодсоны учраас уран бүтээлээ үргэлжлүүлж байна. Хэрэв миний дуу, уран бүтээл хэн нэгэнд инээмсэглэл, баяр жаргал бус гуниг, зовлон аваачиж, гомдоодог бол би нэг ч нот дуулахгүй байх байсан.
-Элвис Прэслиг үзэгчид амьд тоглолтоо дэгжин басхүү галзуу тэсрэлттэй тоглодогоор нь мэднэ. Харин Элвис тайзан дээр гарахдаа өөрөө тэр мэдрэмж, сэтгэл догдлом зүйлсийг авч чаддаг болов уу. Та амьд тоглолтынхоо талаар юу хэлэх вэ?
-Хөгжмийн цомог гаргах гэж дуулах, тайзан дээр үзэгчдэд зориулж дуулах хоёр маш ялгаатай. Тиймээс ч би энэ тал дээр үзэгч, сонсогчид маань бодож, ухамсарлаасай гэж боддог. Гэртээ суугаад тоглуулагчаар дууг минь сонсож байгаа бол нэг, миний тоглолтыг зорьж, үзэхийн тулд мөнгөө төлж байгаа бол нэг өөр. Би үзэгчдийн өмнө гарч ирээд зогсоогоороо дуулахаас өөр зүйл хийж чадахгүй байсан бол ичмээр биз дээ. Тийм зүйл хийж байгаадаа өөрөө сэтгэл дундуур, таашаал авахгүй. Таашаал авахгүй, сэтгэл хөдлөлгүй байгааг минь харсан хүмүүс дахин миний тоглолтыг үзэхээр ирэхгүй.
-Та тайзан дээр гарахдаа хэр сандардаг вэ. Үзэгчдийн нүдэнд сандрахгүй байгаа нь харагддаг байх. Гэхдээ олон уран бүтээлч амьдралын туршид олны өмнө гарахдаа сандардаг хэвээрээ байсан гэж ярьдаг шүү?
-Хүмүүс намайг юунд ч сэтгэл нь хөдөлдөггүй, санаа зовдоггүй хүн гэж боддог шиг байгаа юм. Бурхан минь, тэдний зөв ч байсан болоосой. Үнэндээ сандрал гэх зүйл бүх амьдралын минь турш намайг дагаж байна. Тайзан дээр гарах бүрдээ маш догдолж, тайвширч чаддаггүй. Тоглолт дууссан ч хариад эсвэл буудлын өрөөндөө буцаж очоод унтаж чаддаггүй. Унтахыг хичээсэн ч тусыг эс олно. “Тоглолт минь ямар болсон бол”, “Үзэгчдэд таалагдсан болов уу” гэж бодогдсоор нойргүй хононо. Харин зарим хүн нас ахихаараа тайван амарч сурдаг гэсэн. Тэдний зөв байгаасай гэж найдаж байна.
-Элвис энгийн амьдрал дээр ер нь ямархуу эр хүн бэ. Жилийн дийлэнх хугацааг аялан тоглолт, уран бүтээл гэсээр бардаг байх. Харин тэр дунд гэр бүл, хайртай хүмүүстээ гаргах зав гарч байх юм уу?
-Би амьдралдаа гэр бүл, хамаатан садан, найз нөхдөөсөө маш удаан хугацаагаар холдож үзээгүй байх. Надад нэг сонин мэдрэмж байдаг юм. Ганцаардсан мэдрэмж. Тиймээс л тэр мэдрэмжийг авахгүй байхын тулд гэр бүл, найз нөхдөөсөө тийм ч холдож чаддаггүй гэж болно. Гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хамт байхдаа усанд сэлэх, усан спортоор хичээллэх дуртай. Намайг дагаад хөршийн хүүхдүүд ч усан сантай болж, усанд сэлэх дуртай болсон. Сүүлд ээж минь сэлж сураад надтай хамт усан сан орох болсон шүү.
-Таны дийлэнх сонсогчийг бүсгүй гэвэл буруудахгүй байх. Тиймээс сонсогчид таны хайртай хүн, болзож байгаа эмэгтэйг их сонирхдог. Хэрэв дургүйлхэхгүй бол таны сонгосон тэр нэгэн “онцгой эмэгтэй”-н талаар ярьж өгөхгүй юү?
-Үнэндээ надад тийм “онцгой охин” байхгүй ээ. Одоо ч, урьд хожид ч тэр. Би нэг эмэгтэйтэй гурван жил битгий хэл гурван сар, гурван долоо хоног хамт байж, болзож үзээгүй. Өөрөөр, миний уран бүтээлчийн амьдралын замд тийм зав гардаггүй. Үнэнийг хэлэхэд, хэн нэгнийг чин сэтгэлээ хайрлаж, хамт байхыг хүсэж байгаа. Гэсэн ч түүндээ гаргах цаг хугацаа байдаггүй болохоор л хүсэл минь талаар болдог юм.
-Уран бүтээлчийн амьдрал ч өсөж, уруудах замтай. Хэзээд цаг завгүй байна гэж үгүй. Тиймээс хэзээ нэгэн цагт өөр болох байх гэж найдаж байна?
-Ганцаардсан мэдрэмж авдгаас бус ганцаардмал хүн биш ээ. Харин чимээгүй, илүү амар тайван байж чадах газар баймаар байна.
-Та анх хэрхэн дуу хөгжмийг хайрлаж, дурлаж энэ салбар руу орохоор шийдсэн юм бэ. Дуулах, хөгжим тоглох хичээл заалгаж байв уу?
-Амьдралдаа дуулах хичээл авч байгаагүй. Ер нь ямар ч хөгжмийн хичээлд суугаагүй гэж болно. Би ухаан орохоосоо л хойш дуулсан. Анх 11 насандаа үзэгчдийн өмнө гарсан. Олны өмнө гарсан тэр үед би намрын навч шиг л чичирч, сандарч байсан ч дуулахдаа хамаг сэтгэлээ зориулсан юм. Түүнээс хойш “Бусдыг нь чадахгүй юм байна. Зөвхөн дуулъя” гэсэн бодол төрж явсаар дуучин болсон. Харин хөгжмийн тухайд гэвэл өөр түүх ярина. Надад хөгжим, хөгжим тоглуулагч ч байгаагүй. Яаж тоглохыг, хүмүүс яаж тоглодгийг мэдэхгүй учраас бие даагаад сурчихна гэдэг хэцүү. Харин түүний оронд дуулсан нь хавь дээр. Багадаа “Old Shep” нэртэй нэгэн нохойн түүхийн тухай дуулдаг байв. Тэгж явсаар л өөрийн гэсэн дуулах хэв маягтай болж ирсэн гэх юм уу. Ер нь хүн дуучин болохыг хүссэн, хүсээгүй бүгд л дуулах дуртай шүү дээ. Би ч тэдний адил өөрийгөө хөгжөөж, надад зугаатай байсан болохоор л дуулж эхэлсэн. Хамгийн гол нь, дуулахдаа би өөрийгөө мэдэрдэг, өөрийгөө хамгийн их таньж байсан учраас үргэлжлүүлсэн.
-Тэгэхээр үнэхээр өөрөө гитараа тоглодоггүй гэсэн үг үү?
-Саяхан хоёр өөр сэтгүүл дээр миний тухай бичсэнийг уншлаа л даа. Нэг нь “Элвис гитар дээр ганц ч нот тоглож чадахгүй” гэж, нөгөө нь “Элвис дэлхийн хамгийн агуу гитарчин” гэсэн байв. Үнэндээ тэр хоёул худал. Дээр дурдсаны адилаар би амьдралдаа хөгжмийн хичээл заалгаж байгаагүй. Гэсэн ч ямарваа нэгэн хөгжим, хөгжмийн зэвсэгт хайртай, дуртай байсан. Намайг багад аав нэгэн гитар авч өгсөн юм. Олон удаа оролдсоны эцэст хэдэн нот дарахаас илүүг сурч гавиагүй. Гэхдээ сураагүй байлаа гээд гитар авч явах юу нь буруу гэж. Би хөгжмийн зэмсэг тэр дундаа гитарт их дуртай. Магад хэзээ нэгэн цагт тоглож сурах цаг тохиогоо ч юм бил үү.
-Элвист хэн хүнээс нууж явдаг “нууц” ногоон тэмдэглэлийн дэвтэр байдаг гэж дуулсан. Үнэн үү?
-Үнэн, миний тухай хэвлэлд гарсан зүйлсийг нааж, тэмдэглэдэг дэвтэр бий. Гэхдээ юу гээч, би тэр тэмдэглэлийн дэвтэрт миний тухай сайхан зүйл бичсэн, намайг магтсан өгүүлэл, нийтлэл оруулдаггүй. Цөм миний тухай найрсаг бус зүйл бичсэн, дийлэнх нь шүүмжлэлүүд. Манай үеийнхэн дунд сонины нийтлэл гэдэг маш том зүйл. Багаасаа л сонинтой харилцаж, тэмдэглэдэг, хадгалдаг байсан хүүгийн хувьд сонины өгүүлэл надад үнэ цэнтэй. Ээж минь ч дуртай. Бүр сонины нүүр хадаж, тэмдэглэл хөтөлдөг. Нэг удаа би “Элвис тийм ч сайн дуучин биш” гэсэн нийтлэл харсан юм. Хайчилж аваад ээж рүү явуултал “Ийм зүйл хийж хадгалахгүй” гэдэг юм. Би “Ээж ээ, хэн ч гэсэн сонины сайн, сайхан бичсэнийг, өөрийгөө магтсаныг хайчилж аваад хадгалж болно. Гэхдээ ямар ашигтай гэж. Харин эсрэгээрээ хүмүүсийн дургүй зүйлсийг мэдэж, тэдгээрийг судалж, өөрийгөө сайжруулах хэрэгтэй” гэсэн. Тэгж л ногоон дэвтрийн түүх эхэлсэн юм.
-Дэлхий хөгжмийн ертөнцөд шинэ өнгө төрх гаргаж ирэн нүүр царай нь болж яваа уран бүтээлчийн хувьд таны хамгийн том хүсэл, зорилго юу вэ?
-Би өөрийгөө олон талаараа азтай хүн гэж боддог. Олон тохиосон тэр аз завшаан дундаас өөрийн хамгийн том хүсэлдээ хүрэх эхний алхмаа хийсэн нь сайхан. Бага байхын л жүжигчин болохыг хүсэж, мөрөөддөг байлаа. Харин одоо хүүхэд насны мөрөөдөл, өөрийн хамгийн том хүслээ биелүүлэх боломж олдож, олон кино компанитай хамтарч ажиллах болсон минь сайхан санагдаж байна.
-Таны хууз сахлын талаар хиймэл, хуурамч гэсэн олон мэдээ явдаг шүү. Ер нь та анх хэдэн наснаасаа хууз сахал тавьсан юм бэ?
-Зарим хэвлэлийн миний хууз сахлын тухай бичсэн байхыг уншаад элэг хөшихөө алддаг шүү (инээв). Нэг сэтгүүлд “Тэр анх 15 настайгаасаа хиймэл хууз зүүж эхэлсэн. Хууз байгаа өнгө, төрх нь чухал гэдгийг мэдсэн учир одоо ч хуурамч хуузаа зүүдэг” гэж бичсэн байсныг уншаад их инээж билээ. Миний сахал намайг 17-тойд ургаж эхэлсэн. Ургуулах ямар нэгэн зорилго, шалтгаан байгаагүй ээ. Хөгшин, овортой харагдуулдаг ч гэж бодож байгаагүй. Зүгээр л би хууз сахалдаа дуртай. Одоо ч надад таалагддаг учир сахлаа авах бодол байхгүй. Хэн нэгэн дуртай хувцаслалт, дуртай өнгөө илэрхийлж чаддаггүйтэй адил.
-Анх хөгжмийн салбарт хөл тавьж байсан үеэсээ олны танил болсон Элвис Прэсли хэр их өөрчлөгдсөн бол?
-“Хэрэв олны танил болж, од болсон бол яах байсан бол оо” гэж хүн бүр боддог байх. Яг түүний адил Мемфис хотын жирийн нэгэн хүү ачааны тэргэний тэвшин дээр суугаад явж байхдаа “Од байсан бол миний амьдрал хэрхэн өөрчлөгдөх бол” гэж бодож байснаа санадаг. Тиймээс ч тэр үеийн Элвис өнөөдрийн Элвис хоёр хоорондоо ямар ч ялгаагүй, огт өөрчлөгдөөгүй гэдгийг хэлж чадна. Өөрчлөгдөөгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Цаашид ч өөрчлөгдөхгүй гэж найдаж байна.
-Сонсогчид таныг “Элвис хөгжихгүй байна. Урьдын нэгэн адил л дуулж байна” гэж шүүмжлэх юм. Харин та уран бүтээлүүдээ хэрхэн харж байгаа вэ?
-Надад төрөлхийн хоолой, байгалиас заяасан хүч байгаа. Ээж минь намайг бага байхаас “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх эрхтэй” гэж сургасан. Тиймээс ч рок-н-ролл сонсдог дэлхийн хэдэн сая хүнд бүгдэд нь таалагдаж чадахгүй шүү дээ. Дуу хөгжим миний амьдралд маш том байр суурь эзэлдэг. Надад хөгжим байхад би ертөнцөөс тасарч чадна. Би бүх зүйлийг ямар нэгэн байдлаар хөгжимтэй холбоотой байгаасай гэж боддог. Өөрийгөө бүх хөгжмийн зэмсгийг тоглож чаддаг болж, бүх дууг мэддэг ч болоосой гэж хүсдэг. Магад тийм ч учраас хөгжмийн талаар өөр өөрийн мэдэж, мэдэрснээ хэлж, илэрхийлж байгаа тэр хүмүүст чин сэтгэлээсээ “Баярлалаа” гэж хэлмээр байдаг.
-Нөгөөтээгүүр таныг бусад уран бүтээлчээс хуулбарладаг, дуурайдаг гэх яриа ч гардаг?
-Олон хүн надаас “Чи хэнийг даган дуурайдаг вэ” гэж асуудаг. Уучлаарай, би зөвхөн өөрөөрөө байж, өөрийгөө даган дуурайдаг.
-Эцэст нь, үзэгч, сонсогчдодоо зориулж юу хэлэх вэ?
-Одоо мэдэрч буй бүхнээ юу гэж илэрхийлэхээ сайн мэдэхгүй байна. Анх тайзан дээр гарч байсан нэг үдшээс хойш бүх зүйл хурдан өрнөж, миний амьдрал маш их өөрчлөгдсөн. Цаашид “XX зуун фокс”-той байгуулсан гэрээний үүргээ сайн биелүүлж, өөрийн чадах чинээгээр сайн жүжигчин болохыг хүсэж, найдаж байна. Баяр, талархал хамгийн аз жаргалтай нэгний зүрх сэтгэл уг, гүнээс гардаг гэж би итгэдэг. Тиймээс ч өдийг хүртэл надтай хамт байсан сонсогчдодоо, амьдрал, уран бүтээлийг минь ойлгодог, хайрладаг гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсдадаа үнэхээр их талархаж буйгаа илэрхийлмээр байна. Бүгдэд нь сая удаа баярлалаа.
ЭЛВИС ПРЭСЛИ: БИ АМЬДРАЛДАА ДУУНЫ СУРГУУЛЬ, ХӨГЖМИЙН ХИЧЭЭЛД СУУЖ БАЙГААГҮЙ. ЗӨВХӨН ӨӨРИЙГӨӨ ДАГАН ДУУРАЙСАН |
|
2025-02-08 13:30:34
2025-02-08 12:39:30
2025-02-08 12:15:21
2025-02-08 12:05:36
2025-02-08 11:34:52
2025-02-08 11:11:45
2025-02-08 08:42:58
2025-02-08 08:34:41
2025-02-08 08:27:05
2025-02-07 18:26:11
2025-02-07 16:36:35
2025-02-07 15:55:19
2025-02-07 15:32:47
2025-02-07 14:47:26
2025-02-07 14:47:00
2025-02-07 14:18:30
2025-02-07 14:06:21
2025-02-07 13:30:28
2025-02-07 13:20:04
2025-02-07 12:41:47
2025-02-07 12:36:06
2025-02-07 11:06:14
2025-02-07 11:05:44
2025-02-07 10:56:21
2025-02-07 10:54:00
2025-02-07 10:23:50
2025-02-07 10:15:01
2025-02-07 09:17:54
2025-02-07 09:00:18
2025-02-07 08:42:57
2025-02-07 08:15:00
2025-02-07 08:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |