Цахилгаан автомашин, компьютер, гар утас, таблет, дрон зэрэг технологи хурдацтай хөгжихийн хэрээр гол түүхий эд болох газрын ховор элементийн эрэлт нэмэгдэж, үнэ нь ч тэнгэрт хадаж буй. Нэг үе нүүрс, алт, зэсний ордууд “од” байсан одоо газрын ховор элементийн ордууд “моод”-нд орж байна. Манайд ч ялгаагүй.
Тэгвэл манай улсад газрын ховор элементийн зургаан орд бий. Үүнээс дөрвөн орд дээр нь ашиглалтын лиценз олгогдсон байдаг. Тэдгээрээс сүүлийн үед сошиалд өдөр бүр яригдаж буй “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн Халзан бүрэгтэйн ордыг л олон нийт мэддэг.
Ноцтой нь, “Сахал” Д.Эрдэнэбилэгээс гадна манай бизнесийн бүхий л томчууд газрын ховор элементийн орд дээр нэг, нэг лицензтэй болцгоож амжсан байна. Өөрөөр бол, монголын бизнесийн бүхий л томчууд алт, нүүрс, зэснээс илүү газрын ховор элементийн ордууд руу хошуурцгааж байгаа юм.
Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйн орд/1.2 сая тонн/- ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭЗЭН, “САХАЛ” ХОЧИТ Д.ЭРДЭНЭБИЛЭГ
Халзан бүрэгтэйн орд дээр MV-006911 дугаартай Халзан бүрэгтэй нэртэй ашиглалтын лиценз, MV-012335 дугаартай Ар хүрэн нэртэй ашиглалтын лиценз тус тус бий. Энэ лицензүүдийг эзэмшигч нь “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК. Харин “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Худалдаа хөгжлийн банкны эзэн, “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн хүү Э.Тулга. 2014 онд их сургуулиа төгссөн энэ залуу өдгөө аав Д.Эрдэнэбилэгийнхээ Худалдаа хөгжлийн банкны харьяа “Ти Ди Би капитал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.
Тайлбар: ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг, "Монголиан нэшнл рийр ийрт корп" ХХК-ийн эцсийн өмчлөгч Э.Тулга
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт орших Хотгорын орд/1.2 сая тонн/- “ГОЛОМТ”-ЫН Д.БАЯСГАЛАН
Хотгорын орд дээр MV-015631 дугаартай Хотгор нэртэй ашиглалтын лиценз бий. Энэ лицензийг “Хотгор минералс” ХХК эзэмшдэг. Харин “Хотгор минералс” ХХК-ийг Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад бүртгэлтэй “Hotgor limited” компани эзэмшдэг бөгөөд эцсийн өмчлөгч нь Гомбосүрэнгийн Ганхуяг бүртгэлтэй байж ирсэн.
Тэгвэл Г.Ганхуяг нь Голомт банкны дэд захирал, “Бодь интернэшнл” ХХК-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад өнгөрөгч 2023 онд бурхан болсон. Улмаар энэ оны долдугаар сард “Хотгор минералс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Гансүхийн Дашдэндэв гэгч бүртгэгдсэн. Харин Г.Дашдэндэв гэгч нь “Голомт”-ын Д.Баясгалангийн эзэмшдэг “Хотгор майнинг” ХХК, “Хотгор рисорсез” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар давхар ажилладаг. Ингэж харвал, Хотгорын газрын ховор элементийн ордын эзэн нь “Голомт”-ын Д.Баясгалан болж таарч байна.
Тайлбар: Голомт банкны эзэн Д.Баясгалан, "Хотгор минералс" ХХК, "Хотгор майнинг" ХХК, "Хотгор ресорсиз" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашдэндэв
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Мушгиа худагийн газрын ховор элементийн орд/365 мянган тонн/- “ЦАГААН ШОНХОР”-ЫН Ч.ЭНХТАЙВАН, “ШУНХЛАЙ”-Н П.БАТСАЙХАН
Мушгиа худагийн орд дээр MV-014937 дугаартай Баян төмөртэй нэртэй ашиглалтын лиценз, XV-007812 дугаартай Мушгиа ухаа нэртэй хайгуулын лиценз тус тус бий.
Мушгиа худагийн ордын MV-014937 дугаартай Баян төмөртэйн ашиглалтын лицензийг “Рэмет” ХХК эзэмшдэг. Харин “Рэмет” ХХК-ийн эзэн нь ард олонд “атаман” гэж танигдсан “Цагаан шонхор” хочит Чимэдийн Энхтайван.
Тэгвэл Ч.Энхтайваны олон нийтэд ил байдаг компани нь “Нарантуул” захын урд байх “Дүнжингарав” худалдааны төв буюу УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүтэй хамтран эзэмшдэг “Дүнжингарав” ХХК. Харин Ч.Энхтайваны далд байдаг “Эгшиглэнт-Уул” ХХК, “Эф Эм Ай” ХХК, “Корн-Экпорт” ХХК, “Эф Жи Пи Эм” ХХК, “Эрдэнийн хөтөл” ХХК, “Сувдан бороо” ХХК, “Хаан тоонот” ХХК тэргүүтэй компаниуд нь уул уурхайн хайгуул, ашиглалтын олон лицензтэй.
Харин Мушгиа худагийн ордын XV-007812 дугаартай Мушгиа ухаа хайгуулын лицензийг “Жи Эс Би майнинг” ХХК эзэмшдэг. Тэгвэл “Жи Эс Би Майнинг” ХХК-ийг “Шунхлай холдинг” ХХК эзэмшдэг бөгөөд эцсийн өмчлөгч нь Пүрэвийн Батсайхан. П.Батсайханы бизнесүүдийг танилцуулах илүүц биз.
Тайлбар: "Рэмет" ХХК-ийн эзэн "Цагаан шонхор"-ын Ч.Энхтайван, "Жи Эс Би майнинг" ХХК-ийн эзэн "Шунхлай"-н П.Батсайхан
Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Бор толгойн орд/308 мянган тонн/- “МОННИС”-ЫН Б.ЧУЛУУНБААТАР, ЕРӨНХИЙ САЙД АСАН СҮ.БАТБОЛД
Эхэнд дурдсан Халзан бүрэгтэйн ордтой хаяа залгаа орших Бор толгойн орд дээр MV-O19329 дугаартай Бор толгой нэртэй ашиглалтын лиценз бий. Энэ лицензийг “Монголиан лантаноиде корпораци” ХХК эзэмшдэг. Харин “Монголиан лантаноиде корпораци” ХХК-ийг “Моннис-Интернэшнл” ХХК болон “Пи Эй Эм” ХХК болон хамтран эзэмшдэг.
“Моннис-Интернэшнл” ХХК-ийн эзэн нь олон нийтийн эчнээ танил Базын Чулуунбаатар. Тиймээс дэлгэрүүлж нурших илүүц байх.
Харин “Пи Эй Эм” ХХК-ийг “Жазлин” ХХК эзэмшдэг. Харин “Жазлин” ХХК-ийг Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад бүртгэлтэй “Jazlyn Limited” эзэмшдэг. Ноцтой нь, “Jazlyn Limited” компани нь Ерөнхий сайд асан Сү.Батболдын оффшор компани гэгддэг. Батлах олон жишээ бий. Хоёр жишээ дурдъя. Нэгдүгээрт, “Жазлин” ХХК-ийн охин компани болох дээр дурдсан “Пи Эй Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Солонгосын иргэн Cheong Choo Young гэгч ажилладаг. Тэгвэл Cheong Choo Young гэгч Ерөнхий сайд Сү.Батболдын оффшор компаниудын гүйцэтгэх захирлаар ажилладаг нь дэлхий нийтэд ил болсон. Хоёрдугаарт, “Жазлин” ХХК-ийн охин компани “Баруун Монгол эрдэнэс” ХХК гэж бий. Харин “Баруун Монгол Эрдэнэс” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Лхагвасүрэнгийн Жавзмаа гэж эмэгтэй бий. Л.Жавзмаа нь Ерөний сайд асан Сү.Батболдын “E Mart” их дэлгүүрийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.
Ингэж харвал, Бор толгойн газрын ховор элементийн ордыг эзэмшигч “Монголиан лантаноиде корпораци” ХХК-ийн эцсийн эздийн нэг нь Ерөнхий сайд асан Сү.Батболд гэж харагдаж байна.
Тайлбар: "Монголиан лантаноиде корпораци" ХХК-ийн цаад эзэд буюу "Моннис"-ын Б.Чулуунбаатар, "Алтай холдинг"-ийн Сү.Батболд
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших MV-015334 дугаартай Лугийн голын газрын ховор элементийн орд/14 мянган тонн/- “А-ЖЕТ”-ЫН С.ЭРХЭМБАЯР, “МОНЛАА”-ГИЙН Н.БОЛДХҮҮ, С.ЭРХЭМБАЯР
Лугийн голын орд дээр МV-015334 дугаартай Шар хүрээ, МV-020487 дугаартай Элстэй гэсэн хоёр ашиглалтын лиценз бий.
Лугийн голын МV-015334 дугаартай Шар хүрээ ашиглалтын лицензийг “Рео” ХХК эзэмшдэг. “Рео” ХХК-ийн эзэн нь Сүрэнгийн Эрхэмбаяр. Тэгвэл С.Эрхэмбаяр нь монголын улс төр, бизнесийн томчуудын ан ав, аялал зугаалгад нисдэг тэргээр үйлчилдэг монополь компани болох “А-Жет Авиэйшн” ХХК, “Жетко” ХХК-иудын эзэн. Мөн С.Эрхэмбаярын “А-Жет лимитед” ХХК нь “МИАТ” ТӨХК-д шатахуун шахдаг гэдгээрээ нэгэн цагт зартай байсан. Хуучин “Буянт-Ухаа” нисэх буудлын зүүн талын залгаа 3.6 га газар дээр С.Эрхэмбаярын “А-Жет лимитед” ХХК-ийн онгоцны шатахууны бүхэл бүтэн агуулах бий. Сонирхуулахад, С.Эрхэмбаярын аав нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Ч.Сүрэнгийн гэж хүн байсан. Харин С.Эрхэмбаярын төрсөн эгч С.Цацрал нь төрөөс хувьчлагдсан хамгийн том үйлдвэрүүдийн нэг болох “Алтан тариа” ХХК-ийн эзэн П.Цэнгүүний эхнэр.
Харин Лугийн голын МV-020487 дугаартай Элстэй ашиглалтын лицензийг “Экту” ХХК эзэмшдэг. “Экту” ХХК-ийг “Босоо зуузай” ХХК эзэмшдэг. Харин “Босоо зуузай” ХХК-ийн эзэн буюу эцсийн өмчлөгч нь Нанзадын Болдхүү, Санжаагийн Эрхэмбаяр нар.
“Экту” ХХК-ийн эцсийн өмчлөгч Н.Болдхүүгийн тухайд, Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар олон жил ажилласан. Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч “Монлаа” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хүү, ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярын хүргэн М.Ганбаганатай хамтран эзэмшиж ирсэн нэгэн.
“Экту” ХХК-ийн эцсийн өмчлөгч С.Эрхэмбаярын тухайд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Ерөнхий захирал асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бүрэнжаргалын “Өргөө менежмент” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Мөн С.Эрхэмбаяр нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Ерөнхий захирал асан Ш.Отгонбилэг агсны эхнэр Д.Туяатай “Мико холдинг” ХХК-ийг хамтран эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирлаар нь ажилладаг.
Тайлбар: "Экту" ХХК-ийн эцсийн өмчлөгчид буюу Н.Болдхүү, С.Эрхэмбаяр
Нэгтэж харвал, монголд одоогоор бүртгэгдээд буй газрын ховор элементийн оруудад “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг, “Голомт”-ын Д.Баясгалан, “Шунхлай”-н П.Батсайхан, “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, “Моннис”-ын Б.Чулуунбаатар, “Алтай холдинг”-ын Сү.Батболд, “А-Жет”-ын С.Эрхэмбаяр, “Монлаа”-гийн Н.Болдхүү тэргүүтнүүд эзэн суучихсан байна.
ТАНИЛЦ: ГАНЦХАН ГРАММ НЬ 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХҮРЭХ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ОРДУУДЫН ЭЗЭД |
|