• Өнөөдөр 2024-05-16

"ТҮГЖИГДСЭН" МӨНГӨНИЙ ТҮҮХ

2022-02-17,   1311

        “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн хэрэгжүүлэх “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас 2015 оны тавдугаар сарын 28-нд 50 сая ам.долларыг зээлж авсан байдаг. Гэвч зээлээ эргэн төлөөгүйгээс зээлийн үлдэгдэл, хуримтлагдсан хүү, өр төлбөр нь 118.5 тэрбум төгрөг болж, чанаргүй зээлийн ангилалд шилжээд байгааг Хөгжлийн банкнаас зарлаад буй. Гэхдээ чанаргүй зээлийн асуудлаас илүүтэйгээр “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүн буюу түүнийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, дараа нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед нь зөвлөхөөр нь ажиллаж байсан нь гол дуулиан болоод өнгөрч буй. Тэгвэл “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, “Нью яармаг хаусинг прожект” ХХК, Хөгжлийн банк хооронд өнгөрсөн хугацаанд ямар асуудал үүссэн, талууд асуудлаа шүүхээр хэрхэн шийдвэрлүүлж байсныг дэлгэрэнгүй хүргэж байна.
 

"ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ" ТӨХХК ХӨГЖЛИЙН БАНКНААС 50 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВАХ БОЛСОН ЭХЛЭЛ

 
       Эхнээс нь санавал, Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө иргэдийн орлогод нийцсэн “Шинэ яармаг” орон сууцны хороолол барьж, ашиглалтад оруулахаар тусгасан. Ингээд “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг “Юнайтэд прожектс групп” ХХК өөрийн охин компани болох “Нью яармаг хаусинг прожект” ХХК-иараа дамжуулан хэрэгжүүлэхээр болж, харин санхүүжилтийг нь БНХАУ-ын “Экспорт-Импорт” банкны зээлээр шийдэхээр болж, хэлэлцээрүүд хийгдсэн. Гэхдээ нийт 245 сая ам.доллар шаардлагатай байснаас БНХАУ-ын “Экспорт-Импорт” банк 85 хувийг нь буюу 195 сая ам.долларын зээл олгох боломжтойгоо мэдэгдэж, зээлийн гэрээ байгуулахдаа “Төслийн ерөнхий гүйцэтгэгч компани гэрээний нийт үнийн дүнгийн 15 хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ” гэх урьдчилсан нөхцөл шаардсан. Энэ дагуу Засгийн газар 2015 оны гуравдугаар сарын 30-нд 117 дугаар тогтоол гаргаж, “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 15 хувь буюу 50 сая ам.долларыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-иар дамжуулан төсөл хэрэгжүүлэгчдэд гаргаж өгөхийг Хөгжлийн банканд даалгасан байна. 

       Ингээд Засгийн газрын тогтоолын дагуу “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, Хөгжлийн банктай 2015 оны тавдугаар сарын 28-нд зээлийн гэрээ байгуулж, 50 сая ам.долларыг жилийн 8.45 хувийн хүүтэй, 2024 оны арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл хугацаатайгаар, “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг санхүүжүүлэх зорилготойгоор зээлж авсан байна. 

       Ийнхүү зээлийн гэрээ байгуулагдсаны дараа Хөгжлийн банк, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, “Нью яармаг хаусинг прожект” ХХК “Зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар дансанд байршуулах гурван талт гэрээ” гэгчийг байгуулж, энэ гэрээндээ үндэслэн Худалдаа хөгжлийн банк, Голомт банктай тус тус “Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай” дөрвөн талт гэрээ байгуулж, 50 сая ам.доллараа хоёр хуваан “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны битүүмжилсэн, захиран зарцуулах эрхгүй дансанд тус тус байршуулжээ. Битүүмжилсэн гэдэг нь Хөгжлийн банкнаас захиран зарцуулах эрх өгөөгүй тохиолдолд “Нью яармаг хаусинг прожект” ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн аль аль нь гүйлгээ хийхгүй байх ёстой гэсэн үг. Холбогдох бүх бичиг баримт, барьцааны хүрээнд Засгийн газрын тогтоолоор зээл олгосон мөртлөө төсөл хэрэгжүүлэгч нь захиран зарцуулах эрхгүй "түгжиж" орхисноос үзвэл зээл гэхэд хэцүү ажээ.

"НЬЮ ЯАРМАГ ХАУСИНГ ПРОЖЕКТ" ХХК "ТҮГЖЭЭТЭЙ" МӨНГИЙГ БАРЬЦААЛЖ, АРИЛЖААНЫ ЗЭЭЛ АВСАН НЬ...

      БНХАУ-ын “Экспорт-Импорт” банкны зээлийн асуудал нь хүлээгдэж, Хөгжлийн банкнаас олгосон 50 сая ам.доллар нь “түгжээтэй” байх энэ үед “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь “Шинэ яармаг” орон сууцны төслөө эхлэх нэгэн арга олжээ. Энэ нь нэгэнт “түгжээтэй” байгаа зээлийн 50 сая ам.доллараа шууд авч ашиглаж болохгүй юм бол талыг нь барьцаалж, арилжааны банкнаас зээл авах арга байсан аж. Улмаар Хөгжлийн банк, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, “Нью яармаг хаусинг прожект” ХХК-иуд тохиролцон “Зөвшөөрөл олгох тухай хамтарсан мэдэгдэл” гарган, зээлийн 50 сая ам.долларынхаа талыг буюу Худалдаа хөгжлийн банканд байршиж буй 25 сая ам.долларыг барьцаалан тус банкнаас дээд тал нь 21.8 тэрбум төгрөгийн зээл авах эрх нээж өгчээ. Мөн Худалдаа хөгжлийн банканд хэрвээ “Нью яармаг хаусинг прожект” ХХК зээлээ төлөөгүй бол барьцаанд буй 25 сая ам.доллараас суутган авах эрхийг нээж өгчээ. Ингээд “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь Хөгжлийн банкнаас “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-аар дамжуулж авсан “түгжээтэй” мөнгөө Худалдаа хөгжлийн банканд барьцаалан арилжааны зээл авсан аж. 
        Жил орчмын дараа буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 22-нд хэрэг бишдэж, Хөгжлийн банк, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-тай байгуулсан зээлийн гэрээндээ нэмэлт өөрчлөлтийг шахалтаар оруулжээ. Гэрээнд “Хэрвээ 2016 оны арванхоёрдугаар сарын 20-н гэхэд БНХАУ-ын “Экспорт-Импорт” банкнаас “Шинэ яармаг” орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэгчид буюу “Нью яармаг хаусинг прожект” ХХК-д зээл олгох эсэх эцсийн шийдвэр гарахгүй бол Хөгжлийн банк нь Худалдаа хөгжлийн банк, Голомт банканд байршиж буй 50 сая ам.долларыг үл маргах журмаар өөрийн дансанд татан төвлөрүүлж, зээлийн гэрээгээ эцэслэнэ” гэсэн агуулгатай заалт оруулжээ. Энэ заалттай холбоотойгоор “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкнаас 50 сая ам.долларын талыг барьцаалж авсан 21.8 тэрбум төгрөгийн зээлийн гэрээнд ч нэмэлт өөрчлөлт орох зайлшгүй шаардлагатай болжээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк 50 сая ам.доллараа үл маргах журмаар шууд татаж авбал Худалдаа хөгжлийн банкны “Нью яармаг хаусинг прожект” ХХК-д олгосон 21.8 тэрбум төгрөгийн зээл ямар ч барьцаагүй болох учраас зээлийн гэрээгээ 2016 оны арванхоёрдугаар сарын 20-нд дуусгахаар нэмэлт өөрчлөлт оруулжээ. 
 
        Харамсалтай нь, 2016 оны арванхоёрдугаар сарын 20-н гэхэд “Нью яармаг хаусинг прожект” ХХК Худалдаа хөгжлийн банкнаас авсан 21.8 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкны 50 сая ам.долларын тал буюу өнөөх битүүмжилсэн дансан дахь 25 сая ам.доллараас Худалдаа хөгжлийн банк өөрт оногдсон эрхийн дагуу өр төлбөрөө суутган авсан аж. Нэмээд энэ өдөрт багтаан БНХАУ-ын “Экспорт-Импорт” банкнаас “Нью яармаг хаусинг прожект” ХХК-д зээл олгох эсэх эцсийн шийдвэрээ хэлээгүй учраас Хөгжлийн банк, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-тай байгуулсан зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Голомт банканд байршиж байсан 25 сая ам.доллар, Худалдаа хөгжлийн банканд байршиж байсан үлдэгдэл мөнгөө татан авсан ажээ.
 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ 50 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙН АСУУДАЛ ШҮҮХ ДЭЭР ХЭРХЭН ШИЙДЭГДСЭН БЭ

 
         Эцэст нь, Хөгжлийн банк шүүхэд хандсан. Тухайлбал, Хөгжлийн банк нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээ цуцалж, 98 тэрбум төгрөг гаргуулах, нэмээд “Нью яармаг хаусинг прожект” ХХК болон толгой компаниуд болох “Юнайтэд прожектс групп” ХХК, “Монголиан пропертийз инвестмент холдинг” компаниудаас 6.2 тэрбум төгрөг буюу нийт 104 тэрбум төгрөг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Мөн нэхэмжлэлдээ “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК болон “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн анх зээл авахдаа барьцаанд тавьсан бүх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаагаа нэхэмжлэлдээ тусгасан байдаг. 
 
Ингээд 2020 оны зургадугаар сарын 26-нд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарчээ. Тухайлбал, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-иас 24 тэрбум төгрөг, “Нью яармаг хаусинг прожект” ХХК-иас 61 тэрбум төгрөгийг тус тус гаргуулан, Хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэсэн. Ингэж "Нью яармаг хаусинг прожект" ХХК арилжааны зээлийн хүүг тухайн үедээ төлж байсан бол дээр нь нэмээд "түгжээтэй" зээл нэрээр байршуулсан мөнгөнд давхар хүү төлөх өрөнд унажээ. 
 

"ШИНЭ ЯАРМАГ" ТӨСЛИЙН Ц.УУГАНБАЯР ГЭЖ ХЭН БЭ

          “Нью яармаг хаусинг” ХХК, “Юнайтэд прожектс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цогтжаргалын Ууганбаяр нь АНУ-д ахлах сургуулиа дүүргэжээ. Улмаар 2004 онд Монголд ирж, 2008 онд КТМС-ийг Олон улсын менежмент мэргэжлээр төгссөн байна. Энэ цагаас Х.Баттулгатай холбогдсон бөгөөд түүнийг 2008-2012 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхад зөвлөхөөр ажиллаж, 2017-2020 онд Ерөнхийлөгч байхад нь мөн Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ. 
 

"ТҮГЖИГДСЭН" МӨНГӨНИЙ ТҮҮХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-16 10:31:19
    Зочин: Бизнес хийхийн зовлонг бизнес хийж үзсэн хүн л мэдэрнэ. Харамсалтай нь монголд өнөөдөр бизнес хийж ашиг олохоосоо илүү амь дүйж оршин тогтнох - орших эс оршихын асуудал болж байгаа нь туйлын харамсалтай. Залуу хүн байна, даваад гарна биз дээ…
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-16 10:30:45
    Суман: ХБанканд өөрсдөд нь их НО байна даа. Мөнгийг нь түгжчихээд чи зээл авсан хүүгээ өг гэнэ. ХБанкыг АТГ сайн шалга
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188