Зүүнхараагийн сангийн аж ахуй байгуулагдан тариа, ногоо тарихаас эхлээд анхны үйлдвэрүүд үүдээ нээж, аж үйлдвэрийн бүтээн байгуулалт ид өрнөж байсан үе. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө газар газраас шижигнэсэн залуус Зүүнхараа сангийн аж ахуйд нүүн ирж, ажил амьдралын анхны гараагаа тавьсан түүхтэй. Тэдний нэг нь Монгол Улсын анхны гахайчин Хөдөлмөрийн баатар болсон Ц.Буниа бүсгүй. Тэрээр цэл залуухан 29-хөн насандаа нөхөр Зэгвээ, гурван тэрсхэн хүүгээ дагуулан, алс баруун хязгаарын Увс нутгаас одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сум Зүүнхараа сангийн аж ахуйд илгээлт өвөртлөн ирсэн гэдэг.
Тэр үед зам харгуй одоогийнх шиг дардан, унаа, тэрэг ч элбэг дэлбэг байсангүй. Илгээлт авсан үе тэнгийн залуусынхаа хамт өсөж, төрсөн Увс нутгаа, энхрий хайртай элгэн саднаа орхиод, олон хоног хонон өнжин явсаар Сэлэнгэ аймагт очжээ. Ийн Ц.Буниа шинэ нутагт, шинэ хүмүүсийн дунд орж, шинэхэн ажилд томилогдсон нь гахайн фермд гахайчнаар ажиллах байжээ. Харин нөхөр Зэгвээ нь Увс аймагт эвлэлийн хорооны даргаар ажиллаж байгаад Сэлэнгийн сангийн аж ахуйд ирмэгцээ Үр тарианы тасгийн даргаар томилогджээ.
Тэрбээр нутгаасаа гараад ердөө долоохон жилийн дараа буюу 36 насандаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх төрийн дээд шагналыг хүртсэн түүхэн хүн юм. Бид Монгол Улсын анхны гахайчин Хөдөлмөрийн баатар бүсгүйн үүх түүхийг сонсохоор Ц.Буниа гуайн ач хүү М.Даваадоржтой уулзсан юм.
М.Даваадорж гуай “Анхны гахайчин Хөдөлмөрийн баатар Ц.Буниа эмээ 1926 онд Увс аймгийн Түргэн суманд төрж өссөн юм билээ. Сэлэнгэ аймагт Зүүнхараагийн сангийн аж ахуй байгуулагдахад буюу 1955 онд илгээлт авч, нөхөр, хүүхдүүдийн хамт тэнд очиж суурьшсан гэдэг. Би том хүүгийнх нь дагавар хүү юм л даа. Хэдийгээр би Хөдөлмөрийн баатар Ц.Буниа гэдэг хүний мах цусны тасархай биш ч ийм хүний үргэлжлэл гэж явдгаараа үргэлж бахархдаг. Ц.Буниа эмээ айлын ганц охин байсан юм билээ. 1944 онд Зэгвээ гэдэг хүнтэй гэр бүл болж, З.Дүгэрсүрэн, З.Батцэнгэл, З.Батжаргал гэдэг гурван хүү төрүүлсэн байдаг. Хоёр хүү нь цэл залуухнаараа насан өөд болж, том хүү З.Дүгэрсүрэн нь хожим 1971 онд манай ээжтэй гэр бүл болсон түүхтэй. Би 13 хүүхэдтэй айлын том нь. Миний хамгийн бага хоёр дүү Хөдөлмөрийн баатар Ц.Буниа гэдэг хүний мах цусны тасархай юм” хэмээв.
Түүнд “Таны бага дүүд тань Ц.Буниа гуайн талаар ярилцах санал тавьсан ч таныг л илүүтэй мэднэ гээд биднийг танайх руу явууллаа” гэхэд М.Даваадорж гуай “Ах болохоор нь л тэгж байгаа юм. Түүнээс бидний мэдэж байгаа түүх, амьдралын замнал нэг. Аав минь бас залуухнаараа нас барсан учраас бид чинь аав, ээжийнх нь талаар асууж ч мэдэхгүй өнгөрчээ. Нас ахиад ирэхээр удам судрынхаа үүх түүхийг мэдэх гэж, үр хүүхдүүддээ хэлж өгөх гэж асууж сурагламаар болдог юм байна. Би 1961 онд төрсөн. Намайг төрсний дараа жил буюу 1962 онд анхны Хөдөлмөрийн баатар гахайчин төрсөн нь Ц.Буниа эмээ юм билээ. Сонин хувь тохиол юм шүү. Намайг долдугаар ангид байхад ээж минь З.Дүгэрсүрэн аавтай гэр бүл болсон. Бид сургуульд сурч байхдаа Хөдөлмөрийн баатар Ц.Буниа гэж хүний тухай ном, сонин дээрээс уншиж байснаас биш, хожим миний эмээ болно гэж яахан мэдэх билээ. Хувь тавилангаар бид нэг гэр бүл болж, сайхан амьдарцгаасан. Аав минь түшигтэй сайн хань, бидний сайн аав байсан. Биднийг хэнийг нь хэн гэлгүй хүмүүжүүлж, хайрлаж, ажил хөдөлмөрт сургаж, амьдралын төлөө тэмцдэг, болж л өгвөл бусдад тус дэмтэй явахыг хичээдэг хүмүүс болгож өсгөсөн дөө” гэв.
Түүнээс “Аав нь ээжийнхээ талаар та нарт ярьдаггүй байв уу” гэсэнд тэрбээр “Анх Зүүнхараагийн сангийн аж ахуйд спиртний үйлдвэр байгуулагдаад тариа, ногоо тарьж, түүнийгээ дагаад газар тариалан, мал ахуй ч хөгжсөн гэдэг. Ингээд анхны Гахайн ферм байгуулахад нь Ц.Буниа эмээ анхны ажилчдынх нь нэг болж, гахайчнаар ирж, зоо техникчээр бие даан суралцсан гэдэг. Өвөө н.Зэгвээ ч Үр тарианы тасгийн даргаар томилогдон, хоёул амрах завгүй л ажиллаж, хөдөлмөрлөсөн байдаг. Нутаг орныхон маань Буниа эмээ болон манай гэр бүлийнхнийг хөдөлмөрч, их ажилсаг хүмүүс гэдэг байлаа. Үнэхээр аав минь ч бас огт зүгээр суудаггүй, гойд их ажилтай хүн байсан.
Гахайн ферм байгуулаад сибирь үүлдрийн гахайг монгол орны цагаан гахайтай эрлийзжүүлж, удам угсааг нь сайжруулсан юм билээ. Гахай маллана гэдэг их амаргүй ажил шүү дээ. Өглөө мандахын улаан нарнаас, үдшийн бүрий хүртэл зогсолтгүй ажиллана. Улсын даалгавар биелүүлэх хариуцлагатай үүрэг хүлээж байсан болохоор эмээг тун завгүй хөдөлмөрлөдөг байсан гэж аав хожим дурсаж байсан. Ингээд сибирийн гахайг, нутгийн цагаан гахайтай эрлийзжүүлж, жилд мэгжийг нь хоёр удаа төлүүлдэг болсон гэсэн. Ингэхдээ нэг мэгжээс дунджаар 25 тоорой бойжуулна. Тооройг нь зургаан сарын хугацаанд эхээс нь салгахад амьдын жин нь 12-15 кг хүрдэг байсан хэмээн тэмдэглэсэн байдаг. Айхтар хөдөлмөр, зөв зохион байгуулалт байгаа биз” гэлээ.
Тэрбээр “Эмээ гахайн фермд ажиллаж эхэлснээсээ долоон жилийн дотор 2000 гахай бойжуулж, Монгол Улсын анхны гахайчин Хөдөлмөрийн баатар эмэгтэй болж байсан түүхтэй. 1962 оны хавар тавдугаар сарын 11-нд Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуай Зүүнхараагийн сангийн аж ахуйд ирж, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол тэмдгийг нь гардуулж өгсөн юм билээ. Эмээ Хөдөлмөрийн баатар болохдоо 36-хан настай, цэл залуухан бүсгүй байсан байдаг. Тухайн үед нь аав сургуульд явчихсан, гэртээ байгаагүй гэсэн. Эмээ Хөдөлмөрийн баатар цол тэмдгээс гадна Алтан гадас одонгоор нэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр, Сүхбаатарын одонгоор хоёр удаа шагнуулж байсан гавьяатай, тууштай хөдөлмөрч хүн. Тэр үед төр, засгийн шагнал гэдэг жинхэнэ хөдөлмөрч, манлайлагч хүмүүст гардуулдаг, нэр хүндтэй байсан юм шүү дээ. Долоохон жилийн хугацаанд төрийн тэр том шагналуудыг бүгдийг нь хүртсэн гэхээр ямар их хөдөлмөрлөдөг, бүтээлч хүн байсан бэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа биз. Түүгээрч зогсохгүй тухайн үедээ Ардын их хурлын депутатаар сонгогдон ажиллаж байсан байдаг” хэмээн мишээлээ.
“Аав тань гахай маллахад нь хэр тусладаг байсан бол. Энэ тухай танд дурсаж байв уу” гэхэд “Гахайн ферм тухайн үед их нарийн дэг жаягтай байсан юм билээ. Хүүхэд оруулах нь битгий хэл гаднаас ирсэн том даргыг ч төдийлөн ойртуулахгүй. Хариуцсан гахайчид, зоотехникчид нь л ойртдог, хашаа, саравч руу нь ордог байсан гэдэг. Ферм рүүгээ нэг орчихвол гарч ирэхээ мэдэхгүй л ажилладаг байсан гэж хүмүүс дурсан ярьдаг. Тэр их ажлынхаа хажуугаар эмээ гурван хүүгээ гурвууланг нь эрдэм номын мөр хөөлгөсөн байдаг юм. Том хүү З.Дүгэрсүрэн нь зоо техникч мэргэжилтэй. Нутагтаа зоо техникчээр олон жил ажилласан. Удаах дүү З.Батцэнгэл нь Намын дээд сургуульд суралцаж, төгсөөд Увс аймагтаа намын дэд хорооны даргаар ажиллаж байсан. Бага хүү З.Батжаргал нь дулааны инженерээр суралцаж, Увс аймгийн Дулааны цахилгаан станцад ажиллаж байсан юм билээ. Хэдийгээр эрдэм мэдлэгтэй, дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдарч байсан ч аав минь бас тийм ч өндөр насалж чадаагүй дээ. Хоёр дүү нь бүр эрт бурхны оронд одсон” гэсэн юм.
Дээрх яриа өрнөснөөс хойш хэсэг чимээгүй суусан түүнээс “Танайд эмээгийнхээ үйл хэргийг үргэлжүүлж, гахай малласан хүн бий юү” хэмээн асуухад “Гахайн ферм хувьчлагдсанаас хойш манай нутагт хувиараа гахай малладаг цөөн айл л үлдсэн. Би хоёр жил орчим гахай маллах гэж үзсэн. Бас ч амаргүй ажил байна лээ. “Уураа баръя гэвэл гахай малла” гэдэг чинь үнэн үг юм билээ. Дүү нар минь бүгд ном эрдмийн мөр хөөж, дор дорын ажлаа хийгээд хүний дайтай сайхан амьдарч байна даа” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.
Цэл залуу насандаа эх орныхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан Ц.Буниа гуай “Хөдөлмөрийн баатар” цол тэмдгээ гардснаас 10 жилийн дараа буюу 46-хан насандаа нартаас буцсан гунигт түүхтэй.
М.ДАВААДОРЖ: МИНИЙ ЭМЭЭ Ц.БУНИА ДОЛООН ЖИЛИЙН ДОТОР 2000 ГАХАЙ ҮРЖҮҮЛЖ, 36-ХАН НАСАНДАА МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГАХАЙЧИН БОЛЖ БАЙСАН ЮМ БИЛЭЭ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |