Амьдралын үнэнийг ихэвчлэн энгийн даруу хүмүүс л мөн чанараар нь, элдэв чимэггүйгээр бүтээл туурвилдаа шингээдэг шиг санагддаг. Түүнтэй уулзахад энэ бодол минь батлагдах шиг болсон билээ. Онгирч дэвэрч, халгиж цалгиж болмоор хангалттай сайн бүтээл түүнд бий. Гэвч киноноос киноны хооронд зан харилцаа нь даруусч, найруулагчийн хувьд чангарч, чамбайрдаг учраас бүтээл нь улам л даацтай болдог биз ээ. Тэр бол кино зохиолч, жүжигчин, найруулагч Сувидын Баттулга. Аавынх нь нэрний урд байгаа энэ гурван тодотголд тэр энэ цагт бүрэн дүүрэн багтаж яваа уран бүтээлч. Бид энэ удаад түүнийг кино зохиолч, найруулагч, жүжигчнээр нь уншигч тантай уулзуулахыг зорилоо.

“Таны зохиолыг нь бичиж, найруулсан “Эцэг” кино аав хүний үрээ гэх сэтгэл, уужуу ухаан, тэсвэр тэвчээрийг мэдрүүлсэн сайхан бүтээл болсон байна лээ. Энэ киноны санааг хэрхэн олж, яагаад энэ цаг үед тавих болов” гэхэд тэрбээр “Баярлалаа, би нэг удаа “Библи”-ээс төөрсөн хүүгийн тухай богинохон түүх уншиж байсан юм. Тэгээд “Үүнийг монгол ахуйд буулгаж, кино хийвэл болох юм байна” гэж анх “Эцэг”-ийн санааг олоод, бодоод л яваад байсан. Тэгээд 2012 онд найзтайгаа хамтран зохиолыг нь биччихээд, хэзээ нэгэн цагт кино болговол гэж мөрөөдөж байлаа. Уран бүтээл бүр өөрийн төрөх цаг хугацаатай. Энэ бүтээл өнгөрсөн онд л үзэгчдэд хүрэх хувьтай байж. Эцэг хүн гэдэг хэчнээн өгөөмөр, нинжин сэтгэлтэй, үр хүүхдийнхээ төлөө юуг ч туулж чадахаар хүчирхэг байдаг вэ гэдгийг энэ бүтээлээр илэрхийлэхийг зорьсон. Киноны зургийг Хэнтий аймгийн Норовлин суманд авсан” гэв.

...Мордоод явсан овоон дээр нь өдөр бүр гарч гэрийнхээ гаднаас мөнөөх овоо руу дурандаж, хүүгээ хүлээх аавын тогтож ядан байгаа сэтгэл, байр байдал шууд л Д.Намдаг зохиолчийн “Үрэгдсэнийг хүлээгч”-ийг санагдуулж байв. Харин хүү нь хүрээд ирэхэд сая нэг аавынх нь өмнөөс баярлаж, хүний ертөнцөд хэн бүхэн зовж, жаргаж, дур зоргоороо явж болох ч төрүүлж, өсгөсөн аав, ээждээ үр хүүхэд нь амьд мэнд очно гэдэг хэчнээн сайхан зүйл вэ гэдгийг онож харуулсан нь л уг киноны амин гол санаа юм байна даа гэж бодогдсон. Өөрөө харин энэхүү киноныхоо тухай “Оюутан байхдаа санааг нь олж, удаан бодож зохиол болгон бичсэн бүтээлээ кино болгосондоо баяртай байгаа” гэж тун даруухан, сэтгэл хангалуун хэлж байна лээ. С.Баттулга найруулагчийн найруулсан бүтээлүүд дотор монгол ахуйтай ийм кино тун ховор. Харин үнэнийг эрсэн, хүний мөн чанарыг тодруулсан, дотоод сэтгэлийг уудалсан “эрэл” кино болгоноос нь ханхалж, тэдгээрийгээ аль ч уран бүтээлдээ алдахгүй шигтгэдэгт нь баяр төрдөг билээ.

ТҮҮНИЙ НУУЦ НЬ САЙН ЗОХИОЛ
С.Баттулга найруулагч бүтээлийнхээ зохиолыг голчлон өөрөө бичдэг онцлогтой. Иймээс түүний кино бүтээлүүдийн суурь болсон зохиолоо хэрхэн бичиж, зохиол дээрээ ажилладаг арга барилынх нь тухай үргэлжлүүлэн ярилцлаа. Тэрбээр “Аливаа уран бүтээлийн амин сүнс зохиолдоо оршдог. Киноны зохиолоо бид хэр сайн “ноолно” тэр хэрээрээ бүтээлийн товойх санаа тодорхой болдог. Зохиол бичихдээ хүмүүс юун дээр эмзэглэх вэ, тэднийг сэрээх өнцөг аль нь вэ гэх асуултыг өмнөө, өөртөө алхам тутамдаа тавьдаг. Зохиол дээрээ хэр сайн сууж, ажиллана тэр чинээгээр тухайн кино бусад уран бүтээлээс ялгардаг. Манайд үнэндээ кино зохиолын эрэлт маш их байна. Сайн бүтээлийн эрэлд найруулагч, уран бүтээлчид хатаж байгаа. Даанч сайн зохиол үнэхээр байхгүй. Байсан ч кино зохиолыг үнэлэх зах зээлийн үнэлэмж муу учраас хэн ч зохиол дээр сууя гэхгүй байна л даа. Тиймээс кино зохиолын үнэлэмжийг сайжруулах, үнэ цэнд хүргэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, кино зохиол бичдэг ч юм уу, утга зохиолын чиглэлээр ажилладаг, жүжгийн зохиол бичдэг мэргэжлийн уран бүтээлчид нь кино зохиолд гар бие оролцоод, зохиолын үнэлэмжийг жаахан ч болов өсгөөд өгөөсэй гэж хүсдэг” гэлээ.

Ингэж тэр хийхээр зорьж буй уран бүтээлийнхээ гол жорыг олж, юуг яаж дуугарах вэ гэдгээ сайтар эргэцүүлдэг байна. Ийнхүү сайн бүтээлийн эхлэл зохиол байдагтай адил түүний уран бүтээл оюутан байхдаа зохиол бичих гэж оролдохоос эхэлжээ. Энэ тухай “Манай үеийнхэн тэр аяараа номонд хорхойтой хүүхэд, залуус байлаа шүү дээ. Бидний багад гар утас, интернэт гэж байсан биш. Олдсон номоо уншиж, телевизээр гарч буй кинонуудыг үздэг, түүгээрээ л бүхнийг төсөөлдөг үе. Тэгэхээр зохиол оролдох болсон минь ном уншдаг байсантай минь холбоотой байх. Дээрээс нь сурагч байхдаа хэд гурван мөр холбодог байсан минь бас нөлөөлсөн ч байж мэднэ” гэж байв.
Түүний зохиолыг нь бичиж, найруулсан бүтээлээс дурдвал, залуусын гэгээн хайр, гэрэлт учралыг хөгжилтэй, хөгтэй үйл явдалтай сүлэн үзүүлсэн “Ийм нэгэн дурлал”, будилуу Тайванаагаас болж өртөө андууран буудаг ч жинхэнэ хайр сэтгэлээ олдог “Зөрлөг”, эхнэр нь орхиж, охиноо ганцаараа өсгөж, амьдралын бэрхтэй нүүр тулахдаа архи уудаг ч охиныхоо ирээдүйд санаа зовниж, түүнийг эрдэм боловсролтой хүн болж, сайн сайхан амьдраасай гэсэндээ хичээдэг эгэл жирийн аавын тухай өгүүлэх “Миний муу аав” гээд урт жагсаалт гарна. Мөн “Дэлхийд дурласан сар”, “Жексон амьд”, “Голланд сарнай”, “Доргио долоон эр”, “Гурван найз яасан байх нь уу”, “Жаргаж үзээгүй нар”, Рэкет, “Худалч залуу” гэсэн хайр дурлал, учрал, хүний мөн чанар, хүлээлт, үнэнч сэтгэл, нөхөрлөл, дурсамж дүүрэн бүтээлүүдийг нь онцлохгүй өнгөрч болохгүй. Энэ бүгд түүний нийгмээс, амьдралаас олж харсан өнцөг, хэлэх гэсэн санаа.
НАЙРУУЛАГЧ БОЛОХООР ШИЙДСЭН НЬ
Цааш бид түүнийг найруулагчаар ажиллах болсон тухай нь асуухад “Оюутан байхдаа бичсэн зохиолоо “Кино болгочих юм сан” гэдгээ дээд курсийн ахдаа хэлтэл “Чи бусдын гарыг харах ямар хэрэгтэй юм бэ. Өөрөө оролдож үзээд, чадах, чадахгүйгээ мэдэх хэрэгтэй шүү дээ. Чадахгүй бол чадахын төлөө суралцах хэрэгтэй” гэж зөвлөсөн. Надад шууд л “Нээрээ би өөрийнхөө зохиолыг найруулж яагаад болохгүй гэж” гэх бодол төрснөөр найруулагч гэх сонин бөгөөд дурлам ертөнцөд татагдсан. “Зохиолоо авьяас билигтэй хүмүүсээр дамжуулан дэлгэцнээ гаргаж, түүгээрээ үзэгчдийг гайхшруулах боломж кино найруулагчид л байдаг юм байна” гэдгийг тэр үед л олж харсан” гэж байв.
Ингэж тэр найруулагчийн амаргүй атлаа аз жаргал дүүрэн ертөнцийг өөртөө нээж, “Толбо”-оос эхлэн “Ийм нэгэн дурлал”-аар үргэлжилсэн олон сайхан бүтээлийг үзэгчдийн сэтгэлд хүргэх уран бүтээлийн “аялал”-даа гарсан түүхтэй.
“АМЬДРАЛЫН УРТ ЗАМД” ТЭРГҮҮТЭЙ АМЬДРАЛ ХҮҮРНЭГЧ
Түүний бүтээлүүдээс амьдралыг бодитоор нь, хүмүүсийн зан чанар, дотоод сэтгэлийг ямар ч өнгө будаггүйгээр дэлгэцнээ үзүүлсэн кино бол яах аргагүй “Амьдралын урт замд”. Угтаа бол ах байвал Сүхээ шиг л ах байх ёстой. Гэвч өнөөдрийн нийгэмд аав нь аав шиг, ээж нь ээж шиг, ах нь ах шиг, дүү нь дүү шиг байхаа больсон. Нэг эхээс төрсөн ч нэгэн дээвэр дор өсөөгүй мэт харь хөндий араншин гаргагчдаар дүүрсэн нь үнэн. Зүрх хөндүүрлэм энэ үнэний эсрэг С.Баттулга найруулагч уран бүтээлээрээ зогсож, үнэнийг улалзтал илчилж, “Ах хүн гэж ийм байдаг шүү” гэдгийг нулимс цийлэгнэтэл үзүүлсэн. Тэр ерөөсөө л ингэж хүний мөн чанар, хайр энэрэл, нугарашгүй тэмцэл, хүч чадлыг үзэгчдийн сэтгэлд тултал, “Нээрээ бид чинь яалаа” гэж ичин зовж нүүр улайтал, санаа алдан бачимдтал, эсвэл хайр, хүндэтгэл ургуулж, урам зориг төртөл дэлгэцэнд бүтээж чаддагаараа уудам найруулагч.
Дээр нь “Бүтэн амьдрал” кино байна. Гэр бүл гэдэг гишүүн бүрийн үүрэг оролцоо, итгэл, сэтгэлээс бүрддэг. Харин нэгнийх нь санаа бодол өөрчлөгдөхөд л ямархнаар бутарч, нөгөөд нь хүнд ачаа нэмэгддэгийг, салалт хэчнээн хортойг Зоригоо, Номин, түүний хүүхдүүдийн дүрээр харуулж тэр л чадсан. Элэг бүтэн амьдрал, эвдрээгүй зүрх сэтгэл гэдэг энэ амьдралд ямар чухал болохыг тэр нухацтайхан илэрхийлж, олон хүнд үлгэр болгон үзүүлсэн. Энэ мэтээр “Эрвээхэйн сүүдэр”-ээр мөн л хосуудын харилцаа, “Гэнэтийн зочид”-оор нас насны хайр дурлал, тэдэнд тохиолдож буй хөгжилтэй явдал, “Бидний дурлал”-аар хайрыг, “Нууцын нууц”-аар амьдралд юу хамгийн нандин бэ гэхчлэн кино бүрдээ амьдралын өөр өөр санааг сонирхолтойгоор шигтгэж, уран бүтээлчдээ онож олж, шинээр нээж, тэднийг илрүүлж дүрүүддээ өрсөн нь С.Баттулга найруулагчийн ялгарал юм.

Түүнээс “Уран бүтээлчийн хувьд юунаас эмээдэг вэ” хэмээн асуутал “Муу бүтээл хийчих вий, хийсэн киног минь үзэгчид ойшоохгүй байх вий гэдгээс л эмээдэг. Кино уран бүтээл бол амьдралын тусгал байхыг мөрөөддөг урлаг. Харин чухам юунд эмзэглэж, амьдралын аль хэсгээс нь барьж авч, ямар өнцгийг товойлгож, хэрхэн дуугарах нь найруулагчийн сонголт” гээд ёжтой нь аргагүй инээвхийлсэн билээ. Бидний энэ харилцан ярианаас ч ямар нэгэн дүр “ургуулан” бодож байж мэдэх түүнээс “Та гаднын найруулагчдаас хэний бүтээлийг үзэх дуртай вэ” гэсэнд “Оросоос Никита Михайлков, Сергей Бондарчук, урд зүгээс Вонг Кар Вай, Жан Имоу, Америкийн найруулагчдаас Стивен Спилберг. Бүр шүтэж, бүтээл бүрийг нь шимтэн үздэг нь Английн найруулагч Гай Ричи” гэлээ.
Тэр ийнхүү уран бүтээлчдээс суралцдаг бол найруулагчийн хувиар жүжигчдийг ямар байгаасай гэж хүсдэг тухай нь сонирхоход “Найруулагч гэхээр хөмсгөө атируулж, муухай хашгирсан хүн гэх ойлголт одоо дэндүү хоцрогдсон. Учир нь, одоо цаг үе өөр болж, залуус сүрхий, чадварлаг, зорилгодоо үнэнч тууштай, өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө зүтгэдэг болсон. Тиймээс найзалж, нөхөрлөх байдлаар ажиллаж, тэднээс суралцах нь чухал” гэж байв.
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
“Зөрлөг” киноны хамаг будилааны эзэн Тайванаагаас эхлэн “Сайн аав”-аар үргэлжилсэн олон сайхан дүр түүнийх. “Хайрын рекорд”-ын оффисын хөгжилтэй ах, “Мөнгөний гахай”-н хүүхэмсэг баян эр, “Жексон амьд”-ын мафийн толгойлогч гээд түүний бүтээсэн дүр бүхэн нь дахин давтагдашгүй, сонирхол татам, санаанаас гарамгүй байдаг. Мэдээж “Тусгай ажиллагаа”, “Ар хударга”, “Босуул”, “Гурван найз эргэж ирсэн нь”, “Такси”, “Lovers”, “Ээждээ ир”, “Хайр”, “Үүр цайгаасай”, “Зура-Цурам ажиллагаа” тэргүүтэй кинонд тэр дүр бүтээсэн. Гэхдээ үзэгч та санаж байгаа бол энгийн атлаа хөгжилтэй, аливаа тулгарах асуудлыг болгож, бүтээсэн, залуу үедээ урам зориг өгч, тэднийг ажил, амьдралд хөтөлсөн тийм нэг түшигтэй хүн түүний бүтээсэн дүрүүдээр илэрч байдаг. Туслах дүр атлаа үзэгчдэд ойр очдогийн учир энэ байх.

Нөгөө талаар нэг тийм дургүй хүрэм эсрэг дүрүүд ч түүнд бий. Гэхдээ үзэгчдийн сэтгэлд гарцаагүй нэгдүгээрт нэрлэгдэх дүр нь түүний бүтээсэн аавын дүр. Олон ч жүжигчин аавын дүр бүтээсэн байх. Тэдгээрээс үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө бор зүрхээрээ зүтгэж буй эгэл жирийн аав болох “Сайн аав” киноны дүр онцгой нь билээ. Энэ тухай С.Баттулга найруулагч “Найруулсан хоёр ч кинондоо өөрөө тоглож үзсэн. Сүүлийнх дээр нь шантарсан. Гэхдээ надад одоо нэг зохиолын санаа байгаа. Тэр киноныхоо дүр дээр өөрийгөө тавьчихаад байгаа. Мэдээж жүжигчнээр ажиллах сайхан. Хамгийн гол нь найруулахын зэрэгцээ дүр авчихаар аль ч үгүй болчих гээд чанга байдаг. Дүрийн судалгаа гэж чухал зүйл бий л дээ. Ихэнхдээ амьдралдаа уулзсан сонирхолтой хүн, бодит жишээнээс дүр ургах нь бий. Сайн дүр бүтээх эрэлд хатдаг хүмүүс бол найруулагчаас илүү жүжигчин өөрөө юм шүү дээ” гэнэ.
Тэрбээр киноны санаа, дүрүүдээ анх хэрхэн олсон, ямархнаар танилцсан тухайгаа сошиалд нээлттэй бичдэг уран бүтээлчдийн нэг. Тухайлбал, тэрбээр “Амьдралын урт замд-2” буюу “Үүлээ хөөсөн тэнгэр” киноныхоо нэгэн дүрийг архи уух дуртай, таарах бүрдээ мөнгө нэхдэг танил ахаасаа ургуулан бүтээсэн байгаа юм. Энэ мэтээр танил дотно нэгний яриа, амьдралд тааралдсан сонин хүн, амьдралын бодит түүхийг тэр уран бүтээлдээ амилуулдаг нь түүний онцлог гэж болно.
УРЛАГИЙН ТӨЛӨӨХ “ХАГА ЯРАЛТ”
С.Баттулга найруулагч долоон хүүхэдтэй айлын бага нь гэсэн. Аав нь математикийн багш, ээж нь Боловсролын яамны дэргэдэх Үйлдвэрчин үйлчилгээний албаны хүний нөөцөөр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна. Тэрбээр гэр бүлийнхнээсээ ганцаараа урлагт бүхнээ зориулж яваа нь гэсэн. Оюун санаа, сэтгэл зүй, амьдралынхаа үнэт цаг хугацааг яагаад, юуны төлөө кино урлагт зориулж байгааг нь асуухад, “Кинонд дуртай, жүжигчин болох юм сан гэж мөрөөддөг хүүхэд байлаа. Бидний хүүхэд нас хаалттай нийгэмд өнгөрсөн. Гэхдээ хүүхэд байхад уншиж байсан зохиол, бүтээл, үзэж байсан кино амьдрал туршид мартагддаггүй, оюун санаанаас арчигддаггүй юм байна. Нас явах тусам тэр дүрүүд, үйл явдлууд нь улам төгөлдөршөөд, улам л тодроод байдаг бололтой. Ардчилал ялснаас хойш барууны кинонууд үе үе гардаг боллоо. Тэр кинонууд биднийг гайхашралд хөтөлж байсан. Нэг ёсондоо тэр бүтээлүүд хаалттай нийгмийн сэтгэхүйг хага ярж байлаа. Тиймээс л жүжигчин болохыг хүсэж, мөрөөдөж Соёл урлагийн их сургуулийг зорьж байлаа даа. Өөрөөр хэлбэл, нийгмийн сэтгэхүйг сэрээгч, хага ярагч нь урлагийн хүн юм байна гэж ойлгосон. Түүнийгээ чадлынхаа хэрээр хийх гэж хичээгээд л явж байна” гэсэн билээ.
Тэр үнэхээр л нийгмийг, хүмүүний амьдралын зовлон жаргалыг өнгө будаггүйгээр дэлгэхдээ үзэгчдийг мартсан дурсамж, нуусан үнэнүүдээр нь “аялуулж” амьдралдаа, бусдад өөрөөр хандах, хайрлан уучлах, санан сэхээрэх ухаарал, сэтгэлийн боловсролыг бүтээлээрээ өгч чаддаг тархи, зүрхний найруулагч билээ. Тэр дундаа түүнийг “Амьдралын урт замд”, “16 дахь хавар”, “Ээж ээ зорино”, “Үүлээ хөөсөн тэнгэр” тэргүүтэй кинонуудаараа өртөөлүүлэн амьдралын мөн чанар, үнэнг илчилж, тэдний ээдрээтэй атлаа энгийн бодит түүхийг дэлгэснээр нь амьдралын зөрлөг “дагасан” найруулагч гэж хэлж болохоор байна.
ЭГЭЛ АМЬДРАЛЫН ЗӨРЛӨГ ДАГАСАН НАЙРУУЛАГЧ |
|