• Өнөөдөр 2025-08-26

ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...

2025-08-26,   1138

       Хайртай эхнэрээ өөрөөс нь өмнө хайрлаж, дурлаж явсан залуутай нь, газар гишгүүлэхгүй үүрч дүүрч өсгөж байгаа хонгор жаахан охиноо төрсөн эцэгтэй нь уулзуулчихаад инээвхийлэн зогсох эр энэ хорвоод хэчнээн бол. Одоогоос 49 жилийн өмнө “Улаанбаатар” зочид буудлын урдах цэцэрлэгт хүрээлэнд нэгэн гэгээн учрал болсон нь Анголын улстөрч, генерал Ж.А.Пирес (Жорж гэж дууддаг) хайртай бүсгүй Ж.Хоролсүрэн, өөртэй нь өдөр өдрөөр адилхан болж өсөж байгаа цорын ганц охин Тинатайгаа уулзсан явдал байв. Санаж, үгүйлсээр бэтгэрч гүйцсэн Жоржийг “гэр бүл”-тэй нь тийн уулзуулсан хүн бол Ж.Хоролсүрэнгийн эр нөхөр Д.Пунцаг байлаа. Тийм ээ, уншигч та зөв ойлгосон. Энэ бол алдрай нялхаараа бие биедээ шунан дурлаж, хайраар жигүүрлэн, ирээдүйгээ төлөвлөн мөрөөдөж байсан залуус хамт амьдарч чадалгүй хагацсан өр өвтгөм хайрын түүх. Бас хайртай гэргийнхээ үнэн зүрхнээсээ дурлан хайрласан сэтгэл, энхрийлсэн энхрийллийг хүндэтгэн ойлгож, ажил мэргэжил, албан тушаалынхаа онцлогийг ашиглан дурлалт залуутай нь дахин учруулж буй монгол эр хүний уужуу сэтгэл, саруул ухааны гайхалтай жишээ юм. Ховор хийгээд сонирхолтой нэгэн түүхийг уншигч танд зориуллаа.

ХУУРАМЧ ЗАХИДАЛ БУЮУ ЭХНИЙ ХАГАЦАЛ

     Дунд сургуулиа дөнгөж төгссөн Ж.Хоролсүрэнг Дотоод явдлын яамнаас дуудаж,  “Москва руу франц хэлний ангид сураад ир” хэмээн явуулсан байдаг.  Яг тэр үед буюу 1965 онд 16-хан настай Жорж (Ж.А.Пирес) Португалын колони байсан Анголоос дүрвэн ЗХУ-д очсон нь  Ж.Хоролсүрэнтэй нэг сургуульд элсэж таарчээ.

   Тас хар үстэй, тунгалаг цэнхэр нүдтэй Жоржийг анх хараад л Ж.Хоролсүрэн сэтгэл алдарсан гэдэг. Жорж ч эрх танхи, даруухан монгол охинд анхны харцаар дурлаж, өрөөгөөр нь байнга шахуу ордог болсноор тэд үерхэн дотноссон гэдэг.  Хайр дурлалдаа шатсан залууст хоёр жил гэдэг яах ийхийн зуургүй өнгөрч, тэд Москва дахь БНМАУ-ын Элчин сайдын яаманд гэрлэлтээ батлуулахаар очсон байна. Бодож санах ч юмгүй, удахгүй төрөх үрээ тэсэн ядан хүлээсэн хосын  хүсэлтийг элчингийн ажилтан дурамжхан аваад, “Хариу өгтөл хүлээж бай” гээд ширэв татан орсон гэдэг. Удалгүй “Дотоод явдлын яамны нэрээр Москвагийн Гадаад хэлний дээд сургуульд сурдаг монгол бүсгүй европ залуутай гэрлэлтээ батлуулахаар Элчин дээр ирсэн нь ёс бус зүйл” гэх яриа хаа сайгүй түгэж эхэлсэн байна. Үүнээс нэг их удалгүй Ж.Хоролсүрэнд эгч Цэрэндуламаас нь “Ээжийн бие муу байгаа тул гэртээ яаралтай ир” гэх захидал иржээ. Бүсгүйг яарч, сандарсаар гэртээ иртэл ээж нь эрүүл саруулаар барахгүй хашааныхаа хогийг цэвэрлээд зогсож байж. Эндээс Дотоод явдлын яамныхан залуусын гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөвлөгөө боловсруулан хуурамч захидал илгээж, бүсгүйг нутагт нь буцаасныг ойлгосон байна. Ж.Хоролсүрэн гэртээ хэд хоносны дараа буцах гэтэл До яамнаас түүнд Москвад үргэлжлүүлэн сурах бичиг цохож өгөхгүй байв. Учир шалтгааныг нь асуухаар хариулах, мэдэх хүн олдохгүй мөртлөө “Хүлээж бай” л гээд байв. Мөн энэ хугацаанд бүсгүйн бичсэн захидал Орост, Жоржид очиж байгаа эсэх нь тодорхойгүй, Жоржоос нэг ч захидал ирэхгүй байв. Хэвлий дэх үр нь өдөр өдрөөр томрохын хэрээр сэтгэл санаагаар унаж байсан Ж.Хоролсүрэнгийн дотнын найз нь Москва явах болж, түүгээр Жорждоо захидал дайсан нь эзэндээ очиж, мөн хариу захиа авчирсан нь бүсгүйг сэтгэл шулуудахад хүргэжээ. Дотоод явдлын яамны сайдаас эхлээд бүх шатны албан тушаалтантай уулзаж, буцааж сургуульд явуулж өгөхийг гуйн учир байдлаа хэлж, аргаа барсан Ж.Хоролсүрэн шууд Ю.Цэдэнбал даргад захидал илгээжээ. Тэрээр бүх учир байдлыг нэг бүрчлэн тоочиж, “Сургуулиа төгсөөд эх орондоо заавал ирж, бүр Дотоод явдлын яаманд ажиллана” гэдгээ ч бичсэн байна. Захидлын хариу ч удалгүй ирсэн бөгөөд “Сургуульдаа үргэлжлүүлэн явж болно. Яам, тамгын газраас чамайг дахиж дуудахгүй” гэсэн байжээ. Улс төрийн хатуу үзэл сурталтай хайр дурлал, гэр бүлийнхээ төлөө тэмцэж чадсан Ж.Хоролсүрэн 1968 оны хоёрдугаар сард Москва руу буцаж, очоод удалгүй охиноо төрүүлсэн байна. Хайр сэтгэлийнхээ төлөө хавчлага, мөрдлөгө, хагацлыг зоригтой даван туулсан залуу хос хөөрхөн охинтойгоо  халуун дотно, сэтгэл амар, аз жаргалтай амьдрах болжээ. Гэхдээ их сургуулиа төгсөх хугацаа минут, секунтээр ойртсоор л байлаа.

ҮЗЭЛ СУРТЛЫН ХАВЧЛАГАА ВИЗЭЭР ХАЛХАВЧЛАН ДАХИН САЛГАВ

    1969 оны хавар Ж.Хоролсүрэнгийн хувьд эх орон, төрсөн гэр, Дотоод явдлын яам руу буцахын сануулга, шаардлага гэмээр өдрүүд байлаа. Залуус сургуулиа төгсөцгөөж, Москвад байх хугацаа дуусч, Ж.Хоролсүрэн охины хамт түрүүлээд нутаг буцав. Олон хоног хүлээсний эцэст Жорж Элчин сайдын яамнаас Монголд нэг сар зорчих виз арай ядан олж аваад, эхнэр охин хоёрынхоо араас иржээ. 29 хоног харвасан сум шиг өнгөрч, “Шаардахгүй бол байгаад л байя” хэмээн түгшиж, зориглож суусан Жоржийн гэрт НАХЯ-ныхан ирж, “Визний хугацаа дуусахаас 24 цагийн дотор Монголоос гарахыг шаардаж байна” гэсэн бичиг өгөөд, шаардлагыг даруй биелүүлэхийг үүрэгдээд явсан байна. Явсан ч гэж гэрийнх нь ойр орчмоор эргүүлд гарцгаан холхиж байсан гэдэг. Ингээд тэр аргагүйн эрхэнд эхнэр, охиноосоо дахин хагацаж, Монголоос явжээ.

   Ой гаруйхан настай, тэнтэр тунтар алхдаг нялх охиндоо, хайртай эхнэртээ буцаж ирэх боломж, арга бүхнийг Жорж эрж, гуйж, сүвэгчлээд ч тусыг эс олжээ. Уулзах боломжгүй, дахин хамтдаа байх ямар ч найдлагагүй ч тэд хоёр талд, хоёр тивд бие бие рүүгээ тэмүүлэн санааширсаар хэдэн он улирсан гэдэг. Цаг хугацааны эрхээр тэд үүрд хагацсанаа ойлгож, Ж.Хоролсүрэн ч өөрт нь сэтгэлээ илчлэх залуусаас Д.Пунцагийгаа сонгон охинтойгоо гурвуулаа амьдрах болжээ.

ЭР НӨХӨР НЬ ЭХНЭРТЭЭ ХАЙРТАЙ ЗАЛУУ, ОХИНЫХОО ААВТАЙ УУЛЗАХЫГ САНАЛ БОЛГОСОН НЬ БУЮУ ТЭД УУЛЗАВ

    МАХН-ын XVII их хурал 1976 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, уг их хуралд Ах, дүү намын олны орны зочид, төлөөлөгчид уригдан иржээ. Дипломат албанд ажилладаг Д.Пунцаг зочид, төлөөлөгчдийн нэрс дундаас Анголын улстөрч, генерал Ж.А.Пиресийн нэрийг олж харсан байна. Ингээд эхнэртээ түүнийг ирэх тухай нь хэлж, “Охин та хоёрыг Жоржтой заавал уулзаасай гэж бодож байна” хэмээсэн байдаг. Ж.А.Пирес ч уг их хурлаар далимдуулан Ж.Хоролсүрэн, охин хоёрыгоо олж уулзахыг зорьж, Монголд иржээ.  Их хуралд ирсэн гадаадын зочид, төлөөлөгчдөд зориулсан концерт Дуурийн театрт болох үеэр Д.Пунцаг Жоржтой танилцан түүнийг хамт гарч, эхнэр, охин хоёртойгоо уулзахыг санал болгосон гэдэг. Түүний үгэнд итгэж ядсан Жорж болон Хоролсүрэн нар нүдэндээ нулимстай уулзаж, дундаасаа төрсөн охиноо хэрхэн том болсныг харан баярлаж, санасан сэтгэлээ дэвтээсэн байна. 

 

Д.Пунцаг Жоржийг өөрийн буруугаас болж эхнэр, хүүхдээсээ салаагүй, тэднийг нийгмийн үзэл суртал салгасан гэдгийг ойлгодог учраас тийн уулзуулсан аж. Ж.Хоролсүрэнгийн нөхөр Д.Пунцаг бусдыг ойлгох, хайрлах сэтгэлээр тухайн үеийн үзэл суртлыг давж, бусдын гуниг, зовлон, баяр, жаргалыг өөрийнх шигээ хуваалцаж чаддаг ямархан ухаалаг эр хүн байсныг энд дурдах нь илүүц биз ээ. Бие биедээ хайртай ч хамт амьдрах хувьгүй хүмүүс бидний дунд олон бий. Тэдний нэг нь энэхүү түүхийн эзэд яах аргагүй мөн билээ. Ингээд Жорж, Ж.Хоролсүрэн хоёрын ээдрээт амьдралын тухай, хайртай хүмүүсээ баярлуулж, уулзуулж чадсан Д.Пунцагийн тухай тэдний хайрт охин Тинатай ярилцсанаа хүргэж байна. 

-Аав, ээж нь тухайн цаг үеийн улс төрийн нөхцөл байдлаас болж хагацал, хүлээлт, гуниг дунд хамаг залуу насаа өнгөрүүлсэн юм билээ. Улс төрийн хавчлага, тийм их хүлээлтийн дараа та төрсөн аавтайгаа уулзсан байдаг. Аавынхаа тухай та ямар бодолтой явдаг вэ?

               -Би хоёр сайхан аавтай, азтай хүн. Аав, ээжийн хайрыг юутай ч зүйрлэмгүй шүү дээ. Тэд намайг эн тэнцүү хайраар хайрласан. Жорж аавыгаа надтай хамт амьдраагүй ч гэлээ намайг ямар их санаж, хайрлаж байсан бол гэж бодохоор өрөвддөг. Намайг нялх байхад аав минь ээж бид хоёр дээр ирэх гэж зөндөө хэчээсэн юм билээ. Гэвч Монголд амьдрах боломжгүй болохоор яалт ч үгүй биднээс хагацсан. Аав намайг албаар орхиж яваагүй учраас би бас аавыгаа ойлгож, үргэлж хайрлаж, бахархаж явдаг. Харин Пунцаг аав маань бол ажлын төлөө төрсөн юм шиг хариуцлагатай, хөдөлмөрч хүн байсан. Ямар нэгэн асуудал гарахад бидэнтэй заавал ярилцдаг, их тайван хүн байлаа. Тэр хэрээрээ сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй. Надад ямар нэгэн асуудал гарахад би аавтайгаа ярилцдаг байсан. Тэр болгонд аав намайг сонсож, тайвшруулж, “Шийдвэр гаргахаасаа өмнө сайн бодохыг, ямар нэгэн асуудалд яарч шийдвэр гаргахгүй бай” гэж сануулдаг байсан. Тийм болохоор би ааваасаа аливаа бүхнийг олон талаас нь тунгааж бодох чадварт суралцсан гэж боддог. Аав хүнд байх ёстой сайхан чанарыг харуулж, намайг төрсөн аавтай минь, ээжийг охиных нь эцэгтэй уулзуулсан тэр их ачийг нь би үргэлж санаж, хайрлаж явдаг. Аав Монголд ардчилсан нийгэм гарахаас өмнө хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, мундаг оюунлаг хүн байсан. Тэр утгаараа ээжийг ааваас салгаж, намайг өнчрүүлсэн нам, төрийн туйлширсан үзлийг шударга бус явдал гэж боддог байсан нь үүнийг гэрчилнэ. Бас салбарынхандаа нэр хүндтэй, ажилдаа чадварлаг хүн байлаа.

 -Та өөрийгөө гадаад аавтайг зургийн цомгоосоо мэдэж байсан гэдэг. Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцаж болох уу?

              -Тэр зурган дээрх эрэгтэйн нүүрний хэлбэр нь надтай төстэй, мөн надтай адилхан буржгар үстэй байсан. Хар цагаан зураг байсан болохоор аавыг цэнхэр нүдтэй гэж мэдээгүй. Сүүлд нь аавтайгаа уулзаад л мэдсэн. Тэр үед би зургийн цомгоо үзээгүй бол, магадгүй тэр зургийг олж хараагүй бол өөрийгөө гадаад аавтай гэдгийг мэдэхгүй удах байсан байх. Би Жорж аавыгаа Анголын төлөө байлдсан, бүхий л амьдралаа эх орныхоо төлөө зориулсан гэж боддог. Анголын эрх чөлөөний төлөө тэмцэж, дайтаж явсных нь хувьд аавыг олон хүн хүндэлдэг. Аавын тухай найзууд нь “Жорж их шударга зантайгаас гадна нуруулаг сайхан эр байсан. Бас хийж чадахгүй ажил байхгүй болохоор аавд нь олон эмэгтэй дурлаж байсан. Тэр болгонд аав нь “Би монгол гэр бүлтэй. Намайг эхнэр, охин хоёр минь Монголд хүлээж байгаа” гэж та хоёрт чин үнэнчээр ханддаг байсан” гэж дурсаж байсан. Тэр үед би ааваараа бахархаж, “Миний аав ямар сайхан хүн байсан юм бэ” гэж улам бүр хайрлах сэтгэл төрж, одоо ч хайрлан хүндэтгэдэг. Хоёр аав минь хоёулаа бурхан болчихсон. Ээж минь хүүхдүүдтэйгээ сайхан амьдарч байна.

-Таныг өөр аавтай гэдгийг мэдсэн үед Пунцаг аав нь юу гэж хэлж байсан бэ?

            -Би Пунцаг аавтайгаа мөн олон жил хамт амьдраагүй. Оюутан болоод гадаадад сурч, ажилласан. Пунцаг аав минь надад үргэлж итгэдэг байсан болохоор янз бүрийн зүйл ярьж, хэлж байгаагүй. Ухаантай хүн болохоор намайг бүхнийг зөвөөр ойлгоно гэж итгэдэг байсан байх. Харин Жорж аав минь “Би Пунцагт насаараа талархаж явах ёстой” гэж ярьдаг байсан.

-Таны ээж эрх чөлөөтэй амьдарч чадаагүй зовлон бэрхшээл үзсэн эмэгтэйчүүдийн нэг шүү дээ. Ээж нь тэр бүхнийг хэрхэн даван туулсан бол?

            -Ээж минь залуудаа их зовлон бэрхшээл туулсан. Тэр болгоныг шантралгүйгээр, шантарсан ч тэсэж, тэвчиж, өнөөгийн амьдралаа бүтээсэн тэвчээртэй эмэгтэй. Ээж багаасаа хатуужилтай, хүмүүжилтэй өссөн нь тэр бүхнийг даван туулахад ихээхэн нөлөөлсөн байх. Ээжийн тэвчээртэй, хүлээцтэй зан чанар надад өвлөгдөөгүй. Би зан чанарын хувьд аавыгаа дуурайсан. Чанга дуутай, эмоцитой эмэгтэй. Харин ээж бол хүчтэй, дайчин, зорилгынхоо төлөө тууштай тэмцэж чаддаг нямбай хүн. Ямар нэгэн зүйлийг бүрэн хийж, эцсийг нь үзэж байж л санаа нь амардаг.

-Олон орноор олон улсын хүмүүстэй уулзаад явж байхад монгол хүний зан чанар, хандлагыг та хэр анзаарсан бэ. Монголчууд ямар зан араншинтай хүмүүс вэ?

               -Би хүүхэд байхдаа олон куб найзтай байсан. Тэд бодож, санасан зүйлээ бусдад шууд илэрхийлж чаддаг. Би тэдэн шиг эмоцитой мөртлөө монголчууд шиг сэтгэл хөдлөлөө бариад сурчихсан. Монголчуудын ихэнх нь сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй, даруухан хүмүүс шүү дээ.

-Таны бага нас хаана өнгөрсөн бэ?

                -Ээж минь ажил хийхийн тулд намайг эмээ дээр үлдээдэг байсан. Тийм болохоор би эмээгийн хүүхэд. Бусдын адил гадаа тоглож өссөн. Нэг ёсондоо Монголын шороог идэж өссөн хүүхдүүдийн нэг гэсэн үг. Би олон улсын Хайрын өдөр Оросод төрсөн. Тэгээд аав минь надад Португал эмээтэй адилхан Валентин гэж нэр өгсөн юм билээ. Гэсэн ч намайг гэрийнхэн минь Тина гэж дууддаг. Ээж Монголд ирээд миний бичиг баримтыг авахдаа Тина гэдэг нэрээр бүртгүүлсэн юм билээ. Миний хоёр дүү мэдээж монгол нэртэй. Багадаа би өөрийгөө Оросод төрсөн болохоор Тина гэдэг нэртэй юм болов уу гэж боддог байлаа. 

-Та ямар ажил эрхэлдэг вэ?

             -Би мэргэжлийнхээ ачаар дэлхийн олон оронд ажилласан. Миний хувьд Монголоос сайхан газар байдаггүй. Монгол бол миний гэр. Тийм болохоор би өнөөдрийг хүртэл Монголдоо аз жаргалтай сайхан амьдарч байна. Надаас хүмүүс “Чи хаанахын эрлийз вэ” гэж их асууна. Түүнд нь би жаахан эмзэглэдэг байсан ч одоо тоохоо больж дээ. Би одоо Олон улсын төрийн бус байгууллагад мэдээлэл, харилцааны мэргэжилтнээр ажиллаж байна. Түүнээс өмнө НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк, Америкийн Элчин сайдын яаманд ажиллаж байлаа. Би хоёр хүүхэдтэй. Том Америкт, бага надтай хамт амьдарч байна” хэмээн ярьсан юм.

   Түүний аав, ээж болох Жорж, Ж.Хоролсүрэн нар хамгийн сүүлд 2004 онд уулзсан байдаг. Жорж Ж.Хоролсүрэнг урьснаар тэд хамтдаа Африкаар хоёр сар орчим аялжээ. Аяллын төгсгөлд Жоржийн нүд мэдэгдэхүйц шар туяатай болж, эмнэлэгт үзүүлтэл элэгний хорт хавдраар өвдөөд, эцсийн шатандаа орсон нь тогтоогдсон байна. Мэс засалд яаралтай орохын тулд тэд Португал явж, эмчилгээ хийлгэсэн ч бие нь дээрдэхгүй байсаар насан туршдаа хайрласан бүсгүйнхээ гар дээр амьсгал хураасан гэдэг.

 

 


ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-08-26 10:20:54
    Жамбал, АНУ Virginia муж, : Сайхан тэмдэглэл болжээ. Куба Гавана хотод ЭСЯ 4 жил хамт сайхан ажиллаж амьдарцгаасан сан. Тина том болжээ,2 дүү нь ч сайхан ээжүүд болцгоосон бизээ, та нарыгаа дурсан санаж бн. Хоролсүрэн эгчдээ урт удаан наслахын ерөөл дэвшүүлье. ирэх зун л нутагтаа бүрмөсөн харина даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-08-26 10:19:48
    Жамбал, АНУ Virginia муж, : Сайхан тэмдэглэл болжээ. Куба Гавана хотод ЭСЯ 4 жил хамт сайхан ажиллаж амьдарцгаасан сан. Тина том болжээ,2 дүү нь ч сайхан ээжүүд болцгоосон бизээ, та нарыгаа дурсан санаж бн. Хоролсүрэн эгчдээ урт удаан наслахын ерөөл дэвшүүлье. ирэх зун л нутагтаа бүрмөсөн харина даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-08-26 10:00:47
    Т: ямар сайхан хайрын түүх вэ?
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188