• Өнөөдөр 2025-08-28

ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА Б.УНДРАХ: Туухай өргөлтийн спорт хүнд тэсвэр, тэвчээр, хатуужлыг суулгадгаараа онцлог

2025-08-28,   300

Туухай өргөлтийн спорт сүүлийн жилүүдэд манай улсад амжилттай хөгжиж байгаа шинэ залуу спортын төрөл билээ. Манай улсын тамирчид, тэр тусмаа эмэгтэй тамирчид, туухай өргөлтөөр тив, дэлхийн аварга цолыг хүртэх болсон. Тэдний нэг төлөөлөл болох Азийн аварга, дэлхийн хошой аварга, БХЯ-ны зэвсэгт хүчний, Хуурай замын командлалын, Хээрийн зангилааны холбооны инженер, дэслэгч, ОУХМ Баадайн Ундрахтай ярилцлаа.

-Туухай өргөлтийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?

        -Би Үндэсний батлан хамгаалах их сургуульд ороод хоёрдугаар курсээсээ эхлэн туухайт өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн.  Одоо дөрөв дэх жилдээ хичээллээд явж байгаа.

–Туухайт өргөлтийн спортын ямар зэрэг, цолтой хүртсэн юм бэ?

      -Монголын туухайт өргөлтийн спортын Олон улсын хэмжээний мастер цолтой. Харин цэрэгжилтийн спортын гуравдугаар зэрэгтэй.

 –Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

      -Намайг Баадайн Ундрах гэдэг.

-Одоо хэдэн настай вэ?

      -Би одоо 22 настай.

-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?

      -Улаанбаатар хотод төрж, өссөн.

-Бага нас нь хаана өнгөрсөн бэ?

      -Бага нас Улаанбаатар хотод өнгөрсөн. Унаган хотын хүүхэд байгаа. ҮБХИС-ийг төгсөөд, одоо БХЯ-ны зэвсэгт хүчний Хуурай замын командлалын, Хээрийн зангилаанд холбооны инженер хийж байгаа.

 -Ер нь өөрийгөө гартаа хэр бяр, тэнхээтэй гэж боддог вэ?

      -Надад тийм их бяр, тэнхээ байхгүй. Гэхдээ яах вэ, өөрийнхөө  биедээ тохирсон бяр, хүч байгаа л болов уу гэж боддог.  

-Туухайг гарын хүч, бяр, тэнхээгээр өргөдөг юм уу, өргөлтийн техник их чухал уу?

      -Туухайг хүч, бяраар өргөхгүй. Техник, эв дүйгээр өргөдөг. Мэдээж тодорхой хэмжээний хүч, тэнхээ шаардлагатай. Тэмцээний дэвжээ дээр гараад арван минутын турш өөрийгөө харуулах ёстой. Хүчээр бярдаад арван минут өргөх гэвэл их ядарч, цуцна. Тийм болохоор аль болох зөв техник, эв дүйгээр булчингийн ядралт багатайгаар цагаа зөв хуваарьлаж өргөх ёстой. Ер нь техник сайн эзэмшсэн тамирчин ядралт багатайгаар арван минут тухайг өргөж, гүйцэтгэлийг бүрэн дүүрэн хийж чадна.

 -Одоо ямар спорт клубийн хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?

       -Би анх хичээллэж эхлэхдээ ҮБХИС-ийн Биеийн тамирын танхимын дасгалжуулагч Амарсүрэн, Цолмонхүү багш нарын удирдлага дор гийрийн спортын техникийг заалгаж, бэлтгэлээ хийдэг байсан. Харин одоо сургуулиа төгссөн болохоор хувиараа өөрийнхөө бэлтгэлийг хангадаг.

- Туухайт өргөлтөөс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?

       -Ер нь тодорхой хичээллэдэг спорт гэж байгаагүй. Юм, юм руу орж үзэн, төрөл бүрийн спортыг сонирхож явсан. Волейболын спортыг арай илүү сонирхдог байсан.

-Туухайт өргөлтийн чухам юу нь өөрийн чинь сонирхлыг татав?

       -Анх хүчний дасгал хийх хүсэл сонирхолтой байсан. Цэргийн хүн хүн болохоор бие бялдрын хөгжлөө сайжруулах зорилготойгоор хичээллэж үзье гээд л орсон. Арван минутын турш зогсолтгүйгээр ачааллыг авч, дааж байгаа нь сонирхол татсан л даа. Мөн өөрт байгаа хурд, хүч, тэсрэлтийг  гаргаж ажилладаг нь миний сонирхлыг их татсан. Туухай нь тамирчинд маш их тэсвэр, тэвчээр, хатуужлыг суулгаж байгаа нь гайхалтай байсан.

 -Яагаад туухайт спортыг сонирхож хичээллэх болсон бэ?

      -Анх намайг тухайт өргөлтөөр хичээллэж байх үед ар гэрийнхэн, ойр дотны хүмүүс маань нэлээдгүй эсэргүүцэж байсан л даа. Гарын арьс эвэршиж, цэврүү үсэрч хагараад, арьс нь хууларч, хорсоод, шар ус, цус гоожоод амаргүй байсан. Тэр бүх хүндрэл, бэрхшээлийн давж, туулан гарч өөрийгөө ялан дийлсэн нь туухайт спортыг сонирхон хичээллэх хүсэл, сонирхлыг өдөөж өгсөн болов уу. Тухайн үед шантарч мохолгүй, хэний ч үгээр биш, өөрийнхөө хүсэл сонирхлыг дагасан.

    Энэ спортод дур сонирхолтой болж татагдсан болохоор хэзээ ч шантарч байгаагүй. Шантрахыг ч хүсээгүй. Заавал эцсийг нь үзэх гэээд л хүсэж тэмүүлсэн. Тийм ч учраас өдий зэрэгтэй тодорхой хэмжээний амжилтуудыг гаргаад явж байна гэж боддог. Туухайт өргөлт нь тамирчин хүнээс хурд, хүч, тэсвэр гэсэн энэ гурван зүйлийг их шаарддаг онцлогтой спорт.

    Туухайг арван минутын турш өргөх үед уур, бухимдал, стресс, ядаргаа, амьдралын болохгүй байгаа бэрхшээл, саад тотгор бүрэн мартагдаж, амьдралыг өөдрөгөөр харах эрч, хүчийг олж авдаг. Өргөлт амжилттай болсны дараа бүтэхгүй, болохгүй байсан бүх зүйл бүтэж, сайжирдаг. Энэ нь сэтгэл зүйн хувьд намайг их тайвшруулж, өөдрөг, хүсэл тэмүүлэл, эрч хүчтэй болгодог юм. Туухайг өргөх үед толгойн оройноос хөлийн ул хүртэлх бүх биеийн булчин, шөрмөс ажиллаж эхэлдэг. Бэлтгэл хийхгүй удах үед харин бие тавгүйтэж, байж, сууж чадахгүй, сэтгэл санаа тотворгүй болдог.

 -Цаашид хүчний гурван төрөлт пауэрлифтингээр хичээллэх сонирхол бий юу?

     -Ер нь хүчний гурван төрөлт пауэрлифтингээр хичээллэж үзэх сонирхолтой байгаа. Хүндийн өргөлтөөр ч хичээллэж магадгүй.

-Туухайт өргөлтийн спортоор гаргасан амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?

       -Зэвсэгт хүчний аварга шалгаруулах туухайт өргөлтийн тэмцээнээс 2023 онд мөнгө, хүрэл медаль авч байсан.  Харин 2024 онд нэг алт, хоёр хүрэл, 2025 онд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2023 онд алт, 2025 онд хоёр мөнгө, багийн төрөлд хүрэл медаль авсан. Ази тивийн аварга шалгаруулах туухайт өргөлтийн тэмцээнээс 2023, 2024 онд алтан медаль хүртсэн.  Дэлхийн аварга шалгаруулах туухайт өргөлтийн тэмцээний зургаан алт, нэг мөнгөн медальтай. Дэлхийн хошой аварга болсон байгаа.

 


 

 


ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА Б.УНДРАХ: Туухай өргөлтийн спорт хүнд тэсвэр, тэвчээр, хатуужлыг суулгадгаараа онцлог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188