• Өнөөдөр 2026-08-31

Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо

2026-08-31,   229

    Бүгд Найрамдах Киргиз Улсын Иссык-Куль нуурын хөвөөнөө өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ний өдөр “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадамд эхлэх гэж байна. Тус наадамд Улсын Филармонийн “Морин хуурын чуулга”-ын флейт хөгжимчин, “Баянмонгол чуулга”-ын дуучин Б.Одмандах өрсөлдөх юм.

    Хөгжимчин, дуучин Баяраагийн Одмандах өнөөдөр өглөө Киргизстан Улсыг зорилоо. Жил бүр уламжлан болон зохион байгуулагддаг “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг энэ жил Киргизстан Улс дэлхийн нүүдэлчдийн VI дахь наадмын соёлын хөтөлбөр болон түүнтэй холбоотой арга хэмжээнүүдийн хүрээнд зохион байгуулна. Олон улсын этно-фестиваль гэсэн шинэ тодотголтойгоор “Echo of Nomads Көчмөндөр Жаңырыгы” буюу “Нүүдэлчдийн цуурай” нэрийн дор явуулж есдүгээр сарын 6-ны өдөр ялагчаа тодруулах гэж байна.

    Иссык-Куль нуурын эрэг дээрх Чолпон-Ата хотноо эхлэх Нүүдэлчдийн цуурай наадмын зохион байгуулагчид Төв Ази, Европ, Ойрх Дорнодын уламжлалт нүүдэлчдийн соёлын өв, язгуур хөгжмийг орчин үеийн хөгжмийн урсгалуудтай (этно-поп, фолк-рок, электро гэх мэт) хослуулан дэлхий дахинд шинэлэг өнгө төрхтэйгээр танилцуулах зорилготой байна. Энэхүү уралдаан нь нүүдэлчин түмний соёл иргэншил дэлхийн соёлын өвийн нэгэн чухал хэсэг хэвээр байгааг харуулах, мөн орчин үеийн хөгжим, бүтээлч төслүүдэд урам зориг өгсөөр байгааг илэрхийлэх юм.

   Оролцогчид хоёр төрлөөр өрсөлдөнө. “Ethno Hit” (Үндэсний хит) төрөлд үндэсний хэл дээрх бүтээлүүдийг орчин үеийн найруулгатайгаар толилуулах бол,  “World Hit” (Дэлхийн хит) төрөлд олон улсын шилдэг бүтээлүүдийг өөрийн гэсэн өвөрмөц найруулга, тайлбартайгаар хүргэх болно. Киргизийн “Угсаат адуу, морин спорт хийгээд угсаатны соёлын хөгжлийн улсын төв” гэдэг Бактуу-Долоноту ипподромын тайзнаа энэ удаа Монгол, Киргиз, Казахстан, Орос, Турк, Куба, Мексик, Итали, АНУ, Испани, Өмнөд Солонгос зэрэг 20 орны 21 уран бүтээлчид тус бүр хоёр дууны бүтээлээрээ өрсөлдөх юм.


 

 


Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188