• Өнөөдөр 2026-08-18

Консул Ж.Соёлмаа “Бэй Аэриагийн монголчуудын холбоо”-ны төлөөлөлтэй уулзав

     Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Ж.Соёлмаа “Бэй Аэриагийн Монголчуудын холбоо” (БАМХ)-ны удирдах зөвлөлийн гишүүдийг 2026 оны наймдугаар сарын 17-ны өдөр тус Ерөнхий консулын газартаа хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

    Ерөнхий консул Ж.Соёлмаа томилогдон ирснээс хойших анхны уулзалтаа “БАМХ”-ны төлөөлөлтэй хийж буйгаа дурдаж, тус бүс нутагт амьдарч буй монголчуудыг нэгтгэх, эх хэл, соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд тус холбооны оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэв. Тэрээр цаашид холбооноос хэрэгжүүлэх иргэд, олон нийтэд чиглэсэн ажил, санал санаачилгыг дэмжиж, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

    Ерөнхий консулын газрын голлох чиг үүргийн нэг бол иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, эх оронтой нь холбох болон тэдгээрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг зорих байдаг. Энэ ч үүднээс консулын уламжлалт үйлчилгээг үзүүлэхдээ “Иргэнд чиглэсэн-Цахим ба хүртээмжтэй” гэх уриалгыг дэвшүүлж, улмаар техник, технологийн шинэлэг шийдэл, иргэний бүртгэлийн цахимжуулалтын үр шимийг хилийн чанадад буй монгол иргэддээ хүргэхэд анхаарч ажиллахаа Ерөнхий консул мөн онцлов.

   Уулзалтын үеэр БАМХ-ны үүсгэн байгуулагч Ш.Баатар, тэргүүн Б.Батсоёмбо нар холбооны үүссэн түүх, хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай дэлгэрэнгүй танилцуулж, Ерөнхий консулын газартай хамтран хэрэгжүүлэх боломжтой ажлуудын талаар ярилцав. “БАМХ” нь Сан Франциско хот орчимд оршин суугаа монголчуудын сайн дурын үүсгэл санаачилгаар 2003 онд байгуулагдсан ашгийн бус, олон нийтийн байгууллага бөгөөд АНУ-ын баруун бүс дэх монголчуудын нийгэм, соёл, боловсролыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

 


 

 


Консул Ж.Соёлмаа “Бэй Аэриагийн монголчуудын холбоо”-ны төлөөлөлтэй уулзав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188