• Өнөөдөр 2026-08-04

Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо

      "Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" НҮТББ-аас хоёр жил тутам зохион байгуулдаг “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт” болон “Diaspora Festival 2026” арга хэмжээ 2026 оны долдугаар сарын 30-наас найм дугаар сарын 1-ний өдрүүдэд Гадаад харилцааны яам, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-тай хамтран амжилттай зохион байгуулагдлаа.Чуулга уулзалтад дэлхийн 22 улсад ажиллаж, амьдарч буй 200 гаруй монгол иргэн оролцсон бөгөөд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, ОУШХБ-ын Монгол дахь салбарын захирал Фүжимура Ёко, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон төр, олон улсын байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж оролцов.

   Энэ удаагийн чуулганаар"Хилийн чанад дахь иргэд, гэр бүл, залуучуудын нийгмийн асуудал" сэдвийн хүрээнд Монгол Улсын диаспорагийн хөгжлийн чиг хандлага, өв хэл, соёл, боловсрол, соёл, урлаг, спортын хамтын ажиллагаа, гадаадад суралцаж буй оюутан, залуучуудын асуудал зэрэг олон чухал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцов.Чуулганы хоёр дахь өдөр "Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" НҮТББ-ын Бүх гишүүдийн хурал болж, 2024–2026 оны үйл ажиллагааны тайланг танилцуулан, байгууллагын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталлаа.

   Мөн хурлын үеэр гишүүдийн санал хураалтын дүнгээр "Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" НҮТББ-ын шинэ тэргүүнээр ОХУ дахь төлөөлөл Д.Амарбаясгаланг олонхын саналаар сонгон баталлаа. Түүнчлэн 2026–2028 оны Удирдах зөвлөлийн гишүүдийг дөрвөн тивийн төлөөллийн квотын дагуу нэр дэвшүүлэн, санал хураалтаар сонгож батлав. Чуулганы хүрээнд 2026 оны  наймдугаар сарын 1-ний өдөр Чойжин ламын сүм музейн талбайд “Diaspora Festival 2026” зохион байгуулагдав.Монголдоо уулзацгаая"** уриан дор болсон тус фестиваль нь дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч буй монголчууд, эх орондоо эргэн ирэхээр төлөвлөж буй иргэд, мөн гадаадад суралцах, ажиллах сонирхолтой залуусыг нэгтгэсэн соёл, мэдээлэл, бизнес, хамтын ажиллагааны нээлттэй арга хэмжээ боллоо.

    Фестиваль нь диаспорагийн асуудлаарх илтгэлүүд болон "Эх орондоо эргэн ирэх хэрэгтэй юу” сэдэвт панел хэлэлцүүлгээр эхэлж, орон орны зөвлөл, холбоодын танилцуулга, үндэсний тугтай парадаар үргэлжилсэн юм. Фестивалийн үеэр соёл, урлагийн тоглолт, мэдээлэл, зөвлөгөө, боловсрол, аялал жуулчлал, бизнесийн байгууллагуудын үзэсгэлэн, тусгай хөтөлбөрүүд зохион байгуулагдав. Оролцогчид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн монголчуудтай танилцан, шинэ түншлэл, хамтын ажиллагаа, хөгжлийн боломжуудыг бий болгосноороо онцлог байлаа.

    Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан болон дэмжин оролцсон төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, ивээн тэтгэгчид, хамтран ажиллагч байгууллагууд, урлаг, соёлын уран бүтээлчид, мөн хилийн чанадаас зорин ирж оролцсон нийт төлөөлөгчид, гишүүд, дэмжигчдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэхүү чуулга, уулзалт нь дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч буй монголчуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эх оронтойгоо харилцах холбоог улам гүнзгийрүүлэх, Монгол Улсын диаспорагийн хөгжлийг шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр орууллаа.


 

 


Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188