• Өнөөдөр 2026-07-28

Элчин сайд Д.Булган “ICCROM”-ийн Аруна Франческа Мариа Гужралтай уулзав

     Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Д.Булган Соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах олон улсын судалгааны төв “ICCROM”-ийн ерөнхий захирал Аруна Франческа Мариа Гужралтай 2026 оны дол дугаар сарын 27-ны өдөр уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

    Элчин сайд олон талт хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилт билээ. Засгийн газрын зүгээс биет болон биет бус соёлын өвийг хамгаалах, музей, архив, археологийн түүхэн дурсгалыг хадгалах, сэргээн засварлах зэрэгт өндөр ач холбогдол өгч, энэ чиглэлд бүх талын хамтын ажиллагааг дэмжиж, үндэсний чадавхыг бэхжүүлэхэд онцгой анхаарч буйг илэрхийлэв. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж буй соёлын өв, археологийн дурсгалыг хамгаалах хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжын талаар ярилцав.

   Ерөнхий захирал А.Гужрал уур амьсгалын өөрчлөлтийн улмаас соёлын өвд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчинд ээлтэй аргаар соёлын өвийг хадгалах шинэ арга зүйг нэвтрүүлэх, олон улсын сайн туршлагаас суралцаж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг онцлов.

    Соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах олон улсын судалгааны төв нь 1956 онд “ЮНЕСКО”-гийн санаачилгаар байгуулагдсан Ромд төвтэй засгийн газар хоорондын байгууллага бөгөөд соёлын өвийг хамгаалах, хадгалах талаар судалгаа хийх, мэргэжилтэн бэлтгэх, сургалт зохион байгуулах, техникийн зөвлөгөө, арга зүйн дэмжлэг үзүүлэх, соёлын өвийн гамшгийн эрсдэлийн менежмент, сэргээн хамгаалалтыг дэмжих, дэлхийн өвийн дурсгалуудын хамгаалалтын талаар “ЮНЕСКО”-д мэргэжлийн зөвлөгөөг өгдөг байна.

   Монгол Улс тус төвийн бүрэн эрхт гишүүнээр 2003 онд элссэн. “ICCROM” нь Дэлхийн өвийн хорооны зөвлөх байгууллагын хувьд Дэлхийн өвийн дурсгалуудын хамгаалалт, удирдлагын төлөвлөгөө боловсруулахад Монгол Улсад шууд болон шууд бус дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг байна.

 


 

 


Элчин сайд Д.Булган “ICCROM”-ийн Аруна Франческа Мариа Гужралтай уулзав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188