• Өнөөдөр 2026-07-23

ДЭЛГЭР САЙХАН НААДААРАЙ, ОРХОНЧУУДАА

  Түүхт 50 жилийн ойгоо угтаж буй Эрдэнэтийн наадам дэлгэр сайхан эхэлж байна.  Нар хуртай зун тэгширч, найраг, эгшиг хосолсон наадмын өглөө мөн ч өнгөтэй байна даа. Дээл бүсээр гоёсон наадамчин олон өглөө эртлэн наадмын талбайг зорьж харагдана.

    Хагас зуун жилийн өмнө эзгүй талд эхэлсэн их бүтээн байгуулалт өнөөдөр Монголын хөгжил, үйлдвэрлэл, инновацын төв болсон орчин үеийн хотыг цогцлоожээ. Тиймээс энэ удаагийн наадам нь зөвхөн эрийн гурван наадмыг тэмдэглэх баяр бус, үе үеийн бүтээн байгуулагчдын хөдөлмөр, хүсэл мөрөөдөл, эв нэгдэл, бүтээсэн бүхнээ хүндэтгэн алдаршуулж буй түүхэн баяр юм. Эрдэнэтийн түүх бол бүхэлдээ эв нэгдлийн, хамтын хөдөлмөрийн, бас залуу насны түүх юм. Эрдэнэтийн их бүтээн байгуулалтад хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 улсын 43 үндэстэн, ястны 15 мянга гаруй инженер, техникийн ажилчид, барилгачид, Монголоос бүх аймгийн 6000 гаруй илгээлтийн эзэд, инженерүүд, Ардын армийн дайчид оролцсон гэх тоо бий. Яс үндэс, хэл соёл, мэргэжил боловсрол өөр энэ олон мянган залуучуудын эв нэгдэл, хамтын хөдөлмөрөөр өнөөгийн Эрдэнэт сүндэрлэсэн түүхтэй. Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос Эрдэнэт хотын их байгуулалтад дайчлагдаж, эзэмшсэн мэргэжил, залуу насаа энэ хотын хөгжилд зориулсан илгээлтийн эздээс 140 гаруй хүн өдгөө Эрдэнэт хотдоо энх тунх амьдарч, түүхэн хөгжлийнх нь амьд гэрч болж яваа.

     Эн түрүүнд эдийн засгийн бүх л үзүүлэлтээрээ бусад аймгуудаа манлайлж, амжилтаа хадгалсаар яваа нь хагас зууны түүхийнх нь том амжилт. Орхон аймаг өдгөө улсын төсвөөс татаас авдаггүй, эсрэгээрээ төсөвт орлого төвлөрүүлдэг цөөхөн аймгийн нэг. Жил бүр аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээг Бизнесийн үр ашиг, Эдийн засгийн тамир тэнхээ, Дэд бүтцийн хөгжил, Засаглалын үр ашиг зэрэг үзүүлэлтийг нэгтгэж гаргадаг. Энэхүү аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээг Орхон аймаг тасралтгүй тэргүүлж ирсэн. Мөн Орхон аймаг ДНБ-ий өсөлтөөрөө бусад аймгуудаас тэргүүлдэг. 2025 оны байдлаар ДНБ нь 4.1 их наяд төгрөгт хүрч, сүүлийн 10 жилийн дунджаар 11.4 хувийг өсөлттэй гарсан. Тэгэхээр Монгол Улсын ДНБ-ий 4.6 хувийг, хойд бүсийн ДНБ-ий 66.4 хувийг бүрдүүлдэг гэсэн үг. Үүнийг дагаад, Орхон аймгийн нэрлэсэн дундаж цалин улсын дунджаас их буюу 2025 онд 27.3 хувиар их байсан. Тиймээс ч аз жаргал, амьдралын чанар хайж Улаанбаатар хотоос Эрдэнэт хот руу нүүх залуу гэр бүлийн тоо нэмэгдсээр байгаа. 2024 онд Эрдэнэт хотод 3195 иргэн шилжиж очсон. Тэднээс 1327 иргэн нь Улаанбаатар хотоос шилжиж очжээ.

      Түүхт 50 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэж буй Орхон аймгийн нийт иргэд, үе үеийн бүтээн байгуулагчид, уурхайчид, залуус, ахмадууд болон хүрэлцэн ирсэн зочид та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хийморь лундаа дүүрэн байхыг хүсэн ерөөе. Морь нь хурдан, бөх нь хүчтэй, сум нь мэргэн, шагай нь өнтэй байж, айл өрх бүрт инээд хөөр, элбэг дэлбэг, эв найрамдал бялхсан дэлгэр сайхан наадам болох болтугай. Дэлгэр сайхан наадаарай.

 

 

 

 


ДЭЛГЭР САЙХАН НААДААРАЙ, ОРХОНЧУУДАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188