Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан бид өмнө нь мэргэжлийн ёс зүйтэй 10 сэтгүүлчийг нэрлэж байсан бол энэ удаад ёс зүйтэй төдийгүй өөрсдийн өнгө төрх, ур чадвар, эрэл хайгуул, нэвтрүүлэг, бүтээлээрээ онцгойрч байгаа дараах 15 сэтгүүлчийг онцолж байна.
БОДЛОГОШРОНГУЙ ЗӨӨЛӨН

Хэнтэй болзоо товлож, хэний чин үнэн, ухаарал, уярал хайр дүүрэн яриаг уудлах вэ гэж тэр гарцаагүй эрдэг байж таарна. Зочинтойгоо ярилцахдаа бодлогошронгуй зөөлөн, анхааралтай сонсогч. Түүний урьсан болзоонд зөвхөн зочин нь төдийгүй үзэгчид ч олноороо очиж, хамтдаа ертөнц хэмээх агуу том завь, тэнд орших орон зай, хүмүүний араншин, хүсэл мөрөөдөл, аз жаргал, баяр, гуниг, туулж өнгөрүүлсэн ээдрээт амьдралынх нь тухай дулаан яриа өрнүүлнэ. Зочноо хамгийн хайртай хүнийх нь тухай, бахархал бишрэлийг нь төрүүлдэг мэргэжлийнх нь талаар, алдаа, оноо, уналт, босолтын цэг, амжилт, бүтээлийнх нь оргил хэсгийг яриулж суухдаа тэр өөрөө хамт алдаж, онож, унаж, босож, тэмцэж, тэмүүлж, амжилтыг нь хуваалцдаг нь харц, сонсож суугаа байдлаас нь илэрхий байдаг. “Болзоо” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Ундрахжаргалант сэтгүүлчийн ялгарал энэ. Сэтгэлээс сэтгэл рүү очиж, хүний нандин мэдрэмж, дотроо хадгалах ховор нууцыг илчилж, ярилцагчаа эдгээгээд зогсохгүй, үзэгчдийн сэтгэлд ч хоногшиж чадна гэдэг сэтгүүлчийн бэлтгэл, мэргэжилдээ хандаж буй хичээл зүтгэл байх. Үүгээрээ тэр давтагдашгүй болзоо, түүх, үйлс нь дундрашгүй зочинтой, нэвтрүүлгийнх нь дараагийн дугаарыг хүлээх үзэгчидтэй сэтгүүлч. Түүнчлэн ёс зүйтэй, гэгээлэг, сонирхолтой мэдээ мэдээллийг бэлтгэдэг “NTV” телевизийн мэдээний албаны даргаар олон жил ажиллаж, өдгөө телевизийнхээ Гүйцэтгэх захирлын албанд дэвшсэн. Үеийнхээ залуус, сэтгүүлч дүү нартаа тэр хэрхэн ярилцах хүнээ сонгож, сэтгэлийн угаас яриулж чадах асуултыг бэлтгэж, ярилцах явцдаа зочноо хөтлөх, ямар сонирхолтой мэдээ бэлтгэж, эфирт мэдээ уншихдаа юуг анхаарах, хувцаслалт, бие авч явах гэхчлэн сэтгүүлч хүнд байх ёстой хамгийн чухал чанар, чадварыг тэр өөрөөрөө үлгэрлэж байдгийг ч энд тодотгох нь зөв биз ээ. Үүгээрээ тэр бидний нэрлэж буй ёс зүйтэй сэтгүүлчийн нэгт багтаж буй юм.
ЧИМЭЭГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨЖ БАРИМТ ЦУГЛУУЛАГЧ

Тэр бол чимээгүй хөдөлмөрлөж, баримт цуглуулагч. Баримт баримтдаа эрх мэдэлтнүүдийн мэлзэх аргагүй, буруу булхайтнууд бултах аргагүй баримтыг дэлгэдэг. Дэлгэх дэлгэхдээ бүр ямар оновчтой гарчиг, оносон үгээр илэрхийлнэ гээч. Эргэлт.мн мэдээллийн сайтын Нэвтрүүлэгч, тоймчдын албаны дарга Б.Цогтбаяр сэтгүүлчийн нийтлэлийн дуулиан 2020 оноос эхтэй. Уншигч та санаж байгаа бол “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Херо” Б.Баатар нар “дүү”-дээ 1.9 тэрбумын тендер өгч, тоглуулсан түүх буюу “Андлалын луйвар”, “ШШГЕГ”-ынхан хэзээ мөдгүй нурах дөхсөн балгас дотор хүүхдүүдийн хорьж байна, Ерөнхий сайд аа”, “Улаан чулуут” хогийн цэгт эмнэлгийн цустай хуруу шил, зүү тариур, шинжилгээний дээж, амны хаалтны хогон овоо бий болж, нохой шувуу шавж байна” цуврал, “Жавхлангийн завхрал –I, II”, “Соёлын сайд Ч.Номингийн “солгой гар”-ын тендер томилгоонууд, “Дээдсийн өмнө өвдөг сөгдөж, дэргэдэх ханьдаа нударга зангиддаг Ж.Мөнхбат” тэргүүтэй нийтлэл бий нь өнөөдөр ч ховор чухал баримтууд. Үүгээр ч зогсохгүй, “Сэтэртнүүдэд “сэглүүлсэн” богдхан уул буюу хууль завхруулж, мөнгө угаасан эздийн хаус, хотхонууд”, “Хэрээ болгоны улай болсон Улаанбаатар буюу луйврын хот” зэрэг цуврал нийтлэл, “Увс аймгийн ИТХ-д “нуугдсан” улсад зартай тендерчид, “Монголд хамгийн том газартай гадаадын 15 компани”, “Төрийн эмнэлгийн тэрбумтан захирлууд”, “Алтны ордуудад эзэн суусан ашигт малтмалын газрын мэргэжилтнүүд” зэрэг бүтээлүүдээрээ зартай авлигач, тендерчидтэй ана мана “үзэлцэж”, ач тач “тулалдсан”. Сэтгүүлчийн сайтар цуглуулсан материал, хөдлөшгүй баримт гэдэг ямагт хамгийн хурц зэвсэг байдаг гэдгийг түүний нийтлэлээс харж болдог. Сүүлд гэхэд, бидний бэлтгэсэн 126 сэтгүүлд, “Төрлийнхнөө төсвийн тендерээр “тэжээдэг” Л.Энх-Амгалан”, “Түрийвчнийхээ зузаанаар түшээдийг тэргүүлдэг, тендерээр томорсон Б.Түвшин”, “Ховдод Б.Пүрэвдоржийн “хаанчлал” эхэлжээ” зэрэг идэж, ууж ханадаггүй төрийн түшээдийн үнэн төрх, холбоо хамаарлыг тэр халгалгүй илчилж, харин ч нэг улалзуулж орхисон. Хамт ажиллаж байгаа миний хувьд баримтаас нь ч илүү гайхмаар нэг зүйл нь Б.Цогтбаяр сэтгүүлч эрх мэдэлтнүүдийг гарцаагүй сандаргаж, дэлгэсэн баримтынх нь тухай хүмүүс шуугиж байхад өөрөө тайван гэгч нь дараагийн хүнээ эрж, судлахаар кофегоо уугаад суудаг нь л байдаг даа.
ХАЛГИА ЦАЛГИАТАЙ ҮЗЭСГЭЛЭН

Халгиа, цалгиатай цагаан цайлган араншин магад сэтгүүлч хүнд л хамгийн их зохидог болов уу. Тэр дундаа олон зочид урьж, сонирхолтой яриа дэлгэдэг нэгнээс тодордог гол чанар ч байж мэдэх юм. “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч, “Ам нээвэл” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Мөнхтуулийн ярилцлагыг үзэх бүрд дотор буудаг тодорхойлолт энэ. Зарим сэтгүүлч камер асахад л дүрд ордог. Харин түүний хувьд дотны найзтайгаа “буу халж” байгаа мэт өнгө аястай, илэн далангүй, заримдаа бүр гэнэн томоогүй хүүхдийн ч юм шигээр зочинтойгоо ярилцаж, эгч, ээж нь юм шиг ярьж буй зүйлийг нь дэмждэг нь нэвтрүүлгийг нь үзэхэд анхаарал татдаг. Сэтгүүлчийн тийм эерэг хандлагад зочин хэдийнэ уусаж, “Ам нээвэл уушги нээ” гэдэг шиг бүхнээ ярьж, өөрийнхөө үзэл бодол, байр суурийг харин ч нээлттэйгээр ярьчихаад гарна. Мөн өөр нэг онцлог нь гол асуудлаас нь ярилцлагаа эхэлдэг. Тухайлбал, тэрбээр сарын өмнө УИХ-ын гишүүн Лу.Гантөмөртэй ярилцахдаа “УИХ-ын хаврын чуулган нэлтээ хийлээ. Одоо л хууль тогтоогчид ажилдаа ороод жигдрэх нь гэсэн чинь танай намынхан УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгтөл чуулганд суухгүй гээд мэдэгдчихлээ. Энэ танай нам байр сууриа нэгтгэсэн үү. Үүний цаана ямар зорилго байна” гэхчлэн асууж байх жишээтэй. Халуун сэдэв, асуудлыг хөрөөгүй байхад нь үзэгчдэд үнэн зөвөөр хүргэхийн тулд шуурхай гэгч нь зочноо урьж, үзэгчид түүний ярилцлагын дараа улс төрчдийн хооронд таамаг тавьж, өөрсдийн байр суурийг хуваалцдаг. Нэг ёсондоо тэр хөнгөн, энгийн байдлаар асуудлыг, зочныг олон талаас нь яриулж, бүгдэд нухацтай хандаж, хамгийн чухал, үргэлж барьж байх ёстой ёс зүйтэй байх зарчмаа баримталж, харин ч хашир туршлагатай, гярхайгаар үзэгчдэд мэдээлэл хүргэдэг. Парламентын сэтгүүлч болох хүсэл тэмүүлэлтэй, улс төрчидтэй ярилцах сонирхолтой залуу сэтгүүлчдэд нэвтрүүлэг нь ч, тэр өөрөө ч том үлгэрлэл. Г.Мөнхтуул сэтгүүлч бол эхлэлд дурдсанчлан халгиа цалгиа яриатай үзэсгэлэнтэй сэтгүүлч. Мэргэжилдээ, өөрийн өнгө төрх, нэр алдрыг бичин яваа телевиздээ ч тэр хамгийн чухал эд эс нь.
ЦАГ ҮЕ, ҮЗЭЛ БОДЛЫН СОНСОГЧ

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сэтгүүлч Д.Бямбацэцэгийн бэлтгэдэг эрэн сурвалжлах нэвтрүүлгийг мэдэхгүй хүн ховор болов уу. Сэтгүүлчид тэр бүр хөндөж зориглодоггүй далд сэдвээр тэр цуврал нэвтрүүлэг бэлтгэж, үзэгчдэд үнэнийг хатуухан бөгөөд зарчимтай дэлгэдэг. Архины үйлдвэрийн буруу булхай байдал, биеэ үнэлэгчид гэхчлэн нийгмийн болж бүтэхгүй бүхнийг тэрслүүхэн шүүмжилж, олон эх сурвалжтайгаар хүргэдэг түүний гол дуу хоолой нь хүний эрх. Ийнхүү бурууд нүд хурц, зөвд зөөлөн араншин, нийгмийн асуудалтай тулалдах түүний “тулалдаан” одоогоос хориод жилийн өмнөөс эхэлсэн юм билээ. Залуухан сэтгүүлч байхаасаа л эрэн сурвалжлах төрөлд “сэтгэлд татагдаж”, хүч сорьж, өнөөдөр ч сэтгүүлчийн ажлаа “Цаг үе, үзэл бодол”, “Нээлттэй хэлэлцүүлэг” гэх чанартай мэдээлэл, үзэгчдийн шимтэн үздэг нэвтрүүлгээр үргэлжлүүлсээр байгаа. Цаг үе, үзэл бодлын үнэнч сонсогч, оновчтой асуулт, бүрэн дүүрэн хариулт, олон талын байр суурийг хариуцлагатайгаар тусгагч бол тэр. Улс төр, нийгэмд өдөр бүр л сэдэв ундарч, тэдгээрийн хамгийн халуунаас нь барьж аван, үзэгчдэд үнэн зөв, байр суурьтай мэдээллийг хүргэх гэж цаг наргүй зүтгэж, яг л жүжигчин хүн дүрээ бэлддэг шиг ярилцлага, нэвтрүүлэгтээ өөрийгөө бүрэн дайчилж, ямагт мэргэжлийн, ёс зүйтэй байдгийн тод төлөөлөл ч тэр л байдаг. Тиймдээ ч сэтгүүл зүйн шилдгүүдэд олгодог Балдорж шагналыг хоёр ч удаа хүртсэн гавьяатай. Мэргэжилдээ тууштай, ямагт чин зүрхнээсээ нэвтрүүлэг, мэдээ мэдээлэлдээ хандаж байдаг Д.Бямбацэцэг сэтгүүлч улам өнгөлөг, гэгээлгээр эфиртээ гарч, өглөө бүр нийгэм, хүмүүст тулгамдаж буй чухал асуудал юу байгааг онцлон харах гэж, онцгойлон дуугарах гэж телевиз рүүгээ алхдаг биз ээ. Болдог сон бол асуудал болгоныг цэгцлээд, хүний эрхийг зөрчигчдийг байранд нь тавьж, хүн бүрийн царайнд инээмсэглэл тодруулж, эрүүл зөв нийгмийг бүтээх сэн гэх хүсэл түүний дотор үргэлж асаж явдаг нь гарцаагүй ээ.
ТУУШТАЙ ҮНЭНЧ

Сонины өглөө бүрийн шинэ хэвлэл түүнд эрч хүч, урам зориг, аз жаргал бэлэглэдэг гэдэгт итгэл дүүрэн байна. Учир нь, тэр сайхан мэдрэмж сонинд ажиллаж байсан хэн бүхнийх. “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн мэдээний албаны дарга Г.Цолмон сэтгүүлч шиг мэргэжилдээ үнэнч, тууштай, сонирхолтой нийтлэл, ховор ярилцлага, мэдээ мэдээллийн эзэн цөөн. Энэ цаг үеийн үлгэр жишээ, яах аргагүй суралцах ёстой сэтгүүлчдийн тэргүүнд ч тэр багтана. Түүний автор руу орж харахад, сүүлд гэхэд тэрбээр “Хууль хэрэгжүүлэх ёстой Монополын эсрэг газрынхны нүд нь сохроогүй байлтай”, “Нулимсан дундах Афган”, “Өдөр тутмын сонингүй бол өөдлөх зам маань өргөсөөр дүүрнэ”, “Р.Батхүү: Оргодлууд барьцааны хүмүүсийг “Мод тэвэр” гэж тушаагаад байсан юм билээ” гэхчлэн олон сонирхолтой нийтлэл, ярилцлагыг “өрсөн” байх аж. Тэдгээрээс 2012 оны Балдорж шагналын шилдэг аравт шалгарсан түүний бүтээл болох “Нулимсан дундах Афган” тэмдэглэл анхаарал татах бөгөөд уншигчдын заримынх нь хэзээний танил нийтлэл байх. Түүний цэгцтэй бичлэг, ховор сонин зүйрлэл, ярилцлагын зочноо сонгосон байдал залуу сэтгүүлчдийн яах аргагүй харах өнцөг. Тэр дундаа тууштай үнэнч, үргэлж мэргэжлийн, ёс зүйтэй, зөв байдаг нь салгах аргагүй имиж нь гэлтэй. Өдгөө тэр “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн алба гэх хариуцлагатай чухал албыг удирдаж, баримт мэдээллийг үнэн зөв хүргэж ажиллахаас гадна байгаль, экологийн асуудлаар ч зоригтой бичсээр байгаа. Тиймдээ ч тэр үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гарган, хувь нэмрээ оруулан ажилласан гавьяагаа үнэлүүлж, “Үнэний төлөө” шагналыг 2020 оны эзэн болсон байдаг. Хайрлаж, хамгаа зориулдаг газартаа үзэл бодол, итгэл үнэмшлээрээ үнэнч, мэргэжилдээ чадварлаг хүн өнөө цагт их ховордсон. Тэр байдлыг тэр эрс сөрж, харин ч сониныхоо галыг халуун сэтгэлээрээ маналцаж, мэдээ, сурвалжилгаа хүргэсээр байгаа нь бахархалтай. Уншигчдадаа утга найруулга сайн, оносон зөв мэдээллийг хүргэж, мөнхүү бүр ховрыг нь эрэх гэж эрмэлздэг чин сэтгэл нь ямагт залуугаараа, үргэлж оргилсон хэвээр түүнд амжилт хүсье.
ТЭР Л “ГҮЙЖ" ЯВНА

Бөхийн торгон ногоон дэвжээн дээр ч, төрийн ордон дотор ч тэр л “гүйж” явна. Танихгүй хүн ч гэж үгүй юм. Цөм л “TV5”-ийн Доржоо гэж телевизийнх нь нэрээр овоглоно. Тэр ихэнхдээ инээмсэглэн түрүүлж мэндэлж, эелдгээр гар барих бөгөөд бүр заримд нь урмын үг хэлж байгаа ч харагддаг. Болоогүй ээ, бас хааяахан үл ойлголцоно. Гэхдээ цагаан цайлган эргээд л инээж, “Ахын дүү”, “Найз”, “Ах аа, эгч ээ” болчихсон явна. Салбар салбарын шилдгүүд шагнал аваад гарч ирэхэд тэр хэзээний бусад сэтгүүлчдийн адил ирээд зогсчихсон. Аав, ээж, хань, амжилтынх нь тухай асуулт тавиад, яриулж зогсоно. Ерөөс түүнд байдаг онцгой нэг чанар бол үргэлж идэвхтэй, ямагт эрч хүчтэй байдал. Хаана, юу болж байна тэр л сурвалжилна, тэр л хүргэнэ. Аливаа сурвалжилгыг зөвхөн нэг эх сурвалжаас биш олон талын хүнээс авна. Улсын наадмаар түрүүлсэн бөхөөс сэтгүүлчид ярилцлага авах гэж дараалж байхад тэр хэдийнэ өнөө л янзаараа ойр дотны хүмүүстэй нь уулзчихсан, баярын сэтгэгдлийг нь сонсож харагддаг. Өөрөө ч мөн сэтгэл нь хөдөлсөн харагдана. Сэтгүүлчид үйл явдал, аль нэг газар очиж сурвалжлахад гарцаагүй тааралдах нэгэн бол Ч.Доржбат сэтгүүлч. Тэр ямагт бэлэн, үргэлж үнэнчээр ажил мэргэжилдээ хандсаар, өнөөдөр ч шаргуу хичээж яваа нэгэн. Сэтгүүлчийн хурдтай байдал, цоглог, эрчтэй араншин бол үлгэр дуурайлал авах гол зан чанар мөн билээ. Үргэлж л хаана, юу болж байгаа мэдээллийг авч, хамгийн түрүүнд очиж, шуурхай, үнэн зөв мэдээллийг хүргэх нь бидний ажлын гол онцлог. Энэ ч онцлогоо тэр ёс зүйтэй, зарчмын дагуу гүйцэтгэнэ. Залуу сэтгүүлчдээсээ дутахгүй бүгдэд ойр, соргог.
ЦЭГЦТЭЙ, ЗӨВ

Тэр энэ жилийн “Үнэний төлөө” шагналын эзнээр тодорчээ. “Тусгай сурвалжилга” нэвтрүүлгийг нь хүлээн үздэг болоод бид удаж буй. Яах аргагүй нийтэд үнэнийг мэдээлж, зөв зүйтэй, голчтой мэдээлэл бэлтгэгч бол “Eagle" телевизийн сэтгүүлч Г.Улсболд. Сэдэв, өнцөг, үйл явдлын голыг олж, гохыг дарж, цэгцтэй зөв мэдээлэл хүргэдэг нь яах аргагүй шинэ цагийн сэтгүүлчид байх чанар түүнд байдаг. “Тусгай сурвалжилга” нэвтрүүлгийнхээ нэг дугаарт, “Гэр бүлийн шүүх”-ийг онцолсон байна лээ. Шүүх байгуулагдсан түүхээс хөөж эхэлсэн тодорхой, голыг нь олсон, сонирхолтой. Түүнчлэн мэргэжлийн хүмүүс нь болон гишүүд, үүнтэй холбоотой албан тушаалтнуудын байр суурийг хүргэж, үзэгчдэд “Гэр бүлийн шүүх” дангаараа байснаар ямар ач холбогдолтой, ямар үр дүнтэй байгааг танилцуулсан байна лээ. Түүнчлэн тэрбээр тусгай сурвалжилгаараа “Эрчим хүч”, “Туулын хурдны зам”, “Агаарын зам”, “Уралдаанч хүүхэд” зэрэг асуудлыг хөндөж, тодорхой хүмүүстэй нь уулзаж асуудлыг хөнддөг, тусгайлан бэлтгэдэг, бодож, боловсруулдаг, чухлыг хүргэж, зөвийг зөвлөж чаддаг бидний харах ёстой, нэвтрүүлгийг нь үзэх ёстой чухал нэг өнцөг. Хамгийн гол нь ёс зүйтэй. Буурьтай мэдээлж, аливаа асуудалд нуруутай ханддаг. Мөн нэг онцлог нь сүүлийн жилүүдэд сурвалжилгын нэвтрүүлэг цөөн болсон. Сурвалжилга шиг сурвалжилга бичих нь ховордсон. Харин тэр үүнийг сөрж өөрийн бэлтгэсэн тусгай сурвалжилгаар цаг үеийн дуулиа шуугиан болж буй гол асуудлыг барьж тал талын байр суурийг тодруулан хүргэдэг нь онцлохгүй байхын аргагүй.
УЛС ТӨРИЙН "БАЙЦААГЧ"

“Лхагвын тойм” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Лхагвадорж сэтгүүлчийг улс төрийн “байцаагч” гэвэл ононо байх. Цагдаа, байцаагч хүнд илүү араншин байдаггүйг хүмүүс мэднэ байх. Тэд зөвхөн үнэнийг сонсож, мэдэж, үнэн зөвийг олохын төлөө ажилладаг. Үүнтэй адил тэр ч төрийн түшээдээс үнэнийг эрэн хайж, тэд ямар бодлого төлөвлөгөөтэй юм, хэрхэн ажиллахаар зорьж байгаан, ер нь ажлаа хэр хийж байгааг, авлига авсан уу, үгүй юу, ямар ашиг сонирхолтой гэхчлэн бүгдийг нь нэг бүрчлэн яриулж, асуултаараа “мад” тавьж, шударгаар хариулт авахыг эрмэлзэж, ямар ч нэр хүнд, эрх мэдэлтний өөдөөс дайчин, мэргэжлийнхээ ёс зүйг барин асуулт тавьдаг нь салбарынхан төдийгүй үзэгчдийн ч талархлыг хүлээж байгаа. Түүнчлэн “UBN” өдөр тутмын сайтыг удирдаж, түүгээрээ дамжуулан олон төрлийн мэдээ мэдээлэл, сурвалжилга, гэгээлэг ярилцлагуудыг хүргэж, дүү нараа дэмжиж, тэдэнд үлгэрлэж, хөгжин дэвшихэд нь тусалж, тоймынхоо зочноор ховор сонин, тэр бүр хэвлэлд ам нээдэггүй зочдыг олж суулгаад, бүх холбогдоод байгаа асуудал, мэдээллийг нь чадварлагаар “байцааж” яриулна. “Лхагвын тойм” нэвтрүүлгийн онцлох зочдоос дурдвал, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, 28 дахь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, 32 дахь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төрийн томчуудтай ярилцсан байдаг. Жинтэйхэн асуултаараа хүчтэйхэн цохилт хийж, зочноо сандаргаж, тэгснээ тайвшруулж, зарим тохиолдол аргагүй буланд шахаж, бүр үгүй бол гарах гарцыг нь зааж өгөх маягаар ярилцдаг нь анхаарал татаж, онцгойрдог билээ. “Лхагвын тойм”-ын зочноор суугаагүй гишүүн ч цөөн үлдсэн байх. Тэд ч удахгүй ёс зүйтэйгээр хамгаа “байцаалгана”.
ОНОВЧТОЙ АСУУГЧ

Намдуухан, зөөлөн атлаа оновчтой, зөв асуултыг хэн бугайд ч тавьчихдаг сэргэлэн сэтгүүлч бол Ш.Адьяамаа. Ордонд гишүүдээс ярилцлага авахаар зогсох сэтгүүлчдээс үүгээрээ яах аргагүй ялгарч, гишүүд ч түүний оносон асуултаас бултах аргагүй байдаг. Заримдаа асуултаараа “дэгээдэн” унагааж, оосорлон татах нь ч байх бөгөөд харин зарим үед асуултынхаа хариултыг ч авахгүй байх нь бий. Сэтгүүлчийн зөв асуулт зочин, үзэгч хоёрын дундах гүүр болж байдаг. Тэр гүүрээр хэн бүхэн аюулгүй гарч, зөв замдаа орох бөгөөд очих газраа амархан олдог байж ч мэдэх юм. Харин буруу, томоогүй асуулт асуудлыг улам дэвэргэж, үл ойлголцлыг ч төрүүлдэг байх нь бий. Ш.Адьяамаа сэтгүүлч “Зариг.мн” сайтад улс төрийн сэтгүүлчээр ажиллаж байгаад өдгөө өөрийн үүсгэн байгуулсан “Элч.мн” сайтаа ажиллуулж, ордонд өмнөх шигээ өдөр бүр биш ч үе үе ороод, сүрхий, сүрхий асуултаа тавьчихдаг болсон. Сүүлийн жишээ гэхэд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяагаас зам тээврийн ослынх нь талаар уйгагүй асууж байх жишээтэй. Гишүүний зүгээс “Зүгээр нэг осол байсан” гэхэд, “Том, жижиггүй осол бол осол шүү дээ” гэх асуудлыг тавьж, үнэн мөнийг нь яриулах гэж оролдож байгаа нь харагдсан. Энэ мэтээр тэрбээр оновчтой асуултыг ончтой тавьж, зарим тохиолдолд эрх мэдэлтнүүдээс хариуцлага, шаардлагыг нь ч эрсхэн нэхэх нь байдаг.
СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙ

Өвөөгийн минь авдар дээрх дөрвөлжин хайрцаг дотор өдөржин хүмүүс юм ярьж, хааяа цаг агаарын мэдээ дуулгаж, тэгснээ дуу эгшиглэдэг байж билээ. Радиотой анх танилцсан түүх минь ийм. Хожмоо харин ховор сайхан дуу хоолойтой улс радиод ажилладгийг мэдэж, тэднээр бахархан хайрлах болсон. Монголын Үндэсний олон нийтийн телевизийн Монголын радиогийн хөтлөгч, сэтгүүлч Ө.Цогт-Эрдэнэ тэдний л нэг. Найрсаг, хэн бүхэнтэй нийтэч, эвсэг, авьяас билиг дүүрэн тэр өнөөдрийг хүртэл радиодоо үнэнч байгаа. Алтан үеийн агуу уран бүтээлчид, сэтгэлд хоногшсон дуу хоолойг дархлан үлдээсэн уран бүтээлчдийн залгамж халаа болж, мэргэжилдээ тууштай байгаа нь бахархал төрүүлнэ. Радио сонсох бүрд бага насны дурсамж сэргэж, заримдаа бүр зорьж, үгүйлж сонсдог үзэгчид ч байдаг. Тэр тусмаа малчид, хөдөлмөрчдийн гол найз бөгөөд тэд тийм сайхан дуу хоолойгоор дамжуулан цаг агаарын мэдээ сонсож, бусад мэдээллийг авна. Радио бол яах аргагүй сэтгүүл зүйн тод, давтагдашгүй төрөл мөн. Тиймдээ ч олон жил тууштай, чадварлаг ажиллаж буй нь түүнийг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ өдрөөр онцолж байна. Сайхан дуу хоолой бол сайхан хүмүүн. Радио бол бидний сэтгэл зүрхэнд үргэлж дуугарч байх давтагдашгүй дурсамж. Радиогийн сэтгүүлч гэдэг гарцаагүй онцгой чадвартай, содон дуу хоолойны эздийн байх учиртай алба. Яг одоо сэтгүүлч Ө.Цогт-Эрдэнэ сэтгүүлчийн бэлтгэдэг, хүргэдэг нэвтрүүлэг, мэдээ мэдээллийг Монголын радиогийн пэйж хуудаснаас сонсоорой.
АЖИГЛАН БУУЛГАГЧ

"Автобус", "Гутал" гэх үгсийг дуулахад л уншигч танд гарцаагүй нэгэн нийтлэлчийн зурвасхан атлаа амьдралын өнгө, хүний мөн чанарын тухай, ахуйн бодит агшны талаарх богинохон нийтлэлүүд санаанд тань бууж байгаа байх. “Автобус” хуудасны нийтлэлүүд ердөө түүнтэй автобусанд таарсан дүрүүд болон хүмүүсийн харилцаа, автобусны цонхоор олж харсан амьдралын тухай л буусан байх бөгөөд энгийн үгээр, сэтгэлд ойрхон бичсэн нь зарим тохиолдолд бүр цуврал кино үзэж байгаа мэт мартагддаггүй. "Гутал" булан нь мөн л хүмүүний хайр, энэрэл, чин хүслийн тухай. Энэ бол “Go go.mn” сайтын сэтгүүлч Г.Тэгшсүрэнгийн нийтлэлүүд. Тэрбээр мөн “Маргааш ажилтай” ярилцлагыг хийдэг билээ. Ажил мэргэжилдээ үнэнч, амжилттай яваа өнгө өнгийн хүмүүс түүний зочин. Тэгэхдээ бүр ховор зочдыг тэр чухалчлан урьж, сонирхолтойгоор хөрөглөн хүргэдэг онцлогтой. Сүүлд гэхэд, Гадаадын иргэн харьяатын газрын Виз зөвшөөрлийн газрын Виз, оршин суух хариуцсан мэргэжилтэн, Хүүхдийн цогц хөгжлийн мэргэжилтэн, тэгш хамруулах боловсролын магистр, “Оюутолгой” компанийн Ус хангамжийн үйл ажиллагааны Ахлах мэргэжилтэн гэхчлэн зочдыг урьж, тэдний ажил мэргэжлийн онцлог, энгийн аж төрөхүйнх нь тухай хөнгөн, сонирхолтойгоор бичдэг нь уншихад амттай. Бодоод байх нь автобусыг мэдэрч, түүний үнэ цэнийг мэдрэгч нэгэнд тэр их сонирхолтой унаа шиг. Амьдралыг анзаарч, ажиглаж, түүн дотор зорчин яваа дүрүүдтэй танилцаж, тэдний эгэл жирийн амьдрал, үнэн дулаан яриаг чагнаж, бодитоор харж болдог. Үүнийг мэдэрч, амьдралын өнгө, хүмүүсийн харилцаа хандлагыг элдэв чимэггүйгээр буулгасан түүнд баярлалаа. Амьдрал, хүнийг таних, ажиглан буулгах, амтлан бичих "аялал" нь уртын урт байх болтугай.
ӨӨРӨӨР СЭТГЭГЧ

Сэтгүүлч Б.Алтанхуягийн соёл урлагийн нийтлэл, ярилцлага, хөрөг, тэмдэглэл уртай бичсэн, уншихад амттай байдгийг уншсан хэн бүхэн андахгүй мэднэ байх. Үүгээрээ ч соёл урлагийн чиглэлээр мэдээ мэдээлэл бэлтгэж, нийтлэл, тэмдэглэл бичихийг эрмэлздэг залуусын үлгэрлэн унших, сонирхон харах өнцөг мөн билээ. Хамгийн гол онцлог нь өөрөөр сэтгэх гэж ямагт хичээдэг нь. Зөвхөн нэг хайрцагт бус чөлөөтэйгээр сэтгэж хүүрнэхээс гадна баялаг мэдээлэлтэй. Мөн эрэл хайгуул дүүрэн асуулттай уртхан ярилцлага, зочноо бүрэн дүүрэн хэмжээнд судалсан байдал, тал бүрээс нь гаргах гэж зорьсон хичээл зүтгэл нь ярилцлага, хөргөөс нь илэрхий байдаг. Үнэндээ энэ цагт театрууд ид идэвхтэйгээр жүжиг тавьж, продакшн, найруулагчид шил дараалан шинэ киногоо нээж, зохиолч, орчуулагч нар ч эрчимтэйхэн ажиллаж буй энэ цаг үед жүжиг, кино номын тэмдэглэл бичих сэтгүүлч тун ховор байх бөгөөд ихэнхдээ л цахим хуудастаа сэтгэгдлээ хуваалцан бичдэг болсон. Харин түүний хувьд соёл урлагийн чиглэлээр бичээд нэлээд хугацаа болсон бөгөөд энэ төрөлдөө тууштай, чадварлаг, улам ч нийтлэл, хөрөг нь чамбайрч, ховор сонин нийтлэл, уран бүтээлчийн ярилцлага, номын тэмдэглэл, зохиолчийн тухай нийтлэлийг мэргэжлийн түвшинд хүргэсээр байна. Одоо Б.Алтанхуяг сэтгүүлч “Үндэсний тойм” сэтгүүлийн тоймчоор ажиллаж байгаа бөгөөд үндэсний тойм сэтгүүлээс болон eagle.mn сайтаас түүний нийтлэл, ярилцлагыг унших боломжтой юм. Үргэлж өөрөөр сэтгэх гэж тэмүүлж, амттай сайхан нийтлэлээр биднийг “дайлдаг” түүнд ажлын амжилт хүсье.
ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭГЧ

Сэтгүүлчид чөлөөт илэрхийлэл, хүний анхаарлыг татаж ярьж сурах чадвар чухал байдаггүй гэж үү. Өөр өөрийн өнгө төрх, ур чадвар, бодож санаснаараа мэдээллээ хүргэж байгаа энэ цаг үед нэвтрүүлэг, рийл нь эхлэхээсээ эхлээд хүний анхаарал татаж, өөрөө мөн мэдээллээ хүргэхдээ чөлөөтэй байна гэдэг бэлтгэсэн нэвтрүүлгийг нь үзэж байгаа хэн бүхэнд ч сэргэг сайхан. Үүний нэгэн тод илэрхийлэл бол “Eagle” телевизийн сэтгүүлч Г.Байгаль. Өөрөө заримдаа дүр байж гэмээнэ өрөөлийн дүрийг тодруулдаг байж мэдэх юм, хүмүүс. Энэ ч үүднээс түүний бэлтгэдэг мэдээлэл ч сонирхолтой, өөрөө ч мөн шинэ содноор хүргэж чаддаг. Мэдээллийг уншихаас илүү хэн нэгэн чөлөөтэй, хөнгөнөөр тайлбарлах нь бидний цагийг хэмнэхээс гадна асуудлыг ойлгоход ч хялбар байдаг гэмээр. Тэр цаг үеийн мэдээллийг шуурхай гэгч нь тийнхүү тоймлон нэвтрүүлэг болгож, хүмүүст өөрөө тайлбарлаж өгдгөөрөө түүний онцлог оршдог. Мэдээж нэвтрүүлэг нь мэргэжлийн чиг шугамаа барьсан байдаг нь бүр ч таатай байх бөгөөд залуу сэтгүүлчдийн нэгэн цоглог, шинэлэг өнгө тэр гарцаагүй мөн юм. Улам илүү чөлөөтэй, өөрийнхөөрөө, нээлттэйгээр сэтгэж, ярьж, эдийн засаг хэмээх амаргүй салбарын талаарх ойлголтыг бидэнд ойртуулж, ойлгуулж, сонирхолтойгоор хүргээрэй.
ЭГЭЛ АМЬДРАЛЫГ СУРВАЛЖЛАГЧ
Н.Мичидмаа сэтгүүлчийг үзэгчид андахгүй дээ. Эгэл амьдрал, эгэл хүмүүн, энгийн бүхний өмнө тэр камераа асааж, микрофоноо барьж зогсдог. Үүгээрээ тэр заримдаа ганцаардсан, яахаа мэдэхгүй мухардсан нэгэнд хамгийн дотно хүнээс нь ч илүү тус дэм, хань болдог байх. Бүр ажилгүй нэгнийг ажилд оруулж, өөрийн чадахаараа ярилцлага авсан зочиддоо тусалж, байгаагаасаа илүүчилж, сайхан үг, итгэлээр урам хайрладаг. Өвдсөн нэгэн, сайхан амьдрал руу тэмүүлж яваа залуу, хүсэл мөрөөдөл дүүрэн сурагч, сайн ах, хичээл зүтгэл дүүрэн залуу гэр бүл гээд эгэл боргил амьдралын гол дүрүүд түүний хүндэт зочин байдаг. Жинхэнэ үнэн, зориг тэвчээр, хайр, харуусал, зорилго тэмүүлэл, итгэл найдвар хаана байдаг вэ гэвэл эгэл жирийн хүн, эгэл амьдралд л бий. Тэр үүнийг мэдэж, мэдэрдэг сэтгүүлч аж. Магад өөрөө ч тэндээс хүний мөн чанар, хүнлэг сэтгэл, тэвчээр хатуужил, зориг, алив бүхний үнэ цэнийг олж харж, танидаг байх.
Айхтар том нэр алдар, цол гуншинтай, эсвэл баян тансаг нэгэн түүнд нэг их сонин биш. Харин амьдралынхаа төлөө хичээж буй, жаахан юмнаас баяр, жаргалыг мэдэрч буй хэн нэгэн л түүний хувьд ховор зочин, олдошгүй олз. Тэр өөрөө ч зочинтойгоо хамт уйлна, дуулна, инээнэ, мөрөөдлөө биелүүлнэ. Жаргалтай хос, жаалхан хөвгүүн, жирийн нэгэн ээж, даруухан нэгэн худалдагчидтай ч тэр л ярилцана. Хүний амьдралын өнгийг сурвалжлах мөч бүрдээ тэр магад мэргэжлээ хамгийн сайхнаар мэдэрдэг биз ээ. Эгэл бүхнийг зорин очих түүнд баярлалаа. Бусдыг гэх сайхан сэтгэлээрээ үргэлж гэрэлтэж, дахиад ч олон хүнд урам зориг, хайр энэрэл түгээж, боломж бололцоог нээж өгөх байх аа.
ЧИН ХҮСЭЛ УУДЛАГЧ

Бид ёс зүйтэй 15 сэтгүүлчийн нэгээр залуу сэтгүүлч М.Тэнгисийг сонгосон юм. Түүний хувьд мөн ховор сонин зочин, сайн бүтээлийн эрэлч бөгөөд өөрөө ч мөн тэр дагуу чанартай ярилцлага, нийтлэлийг, уншигчдадаа хүргэдэг. Нухацтай судалж, уншдаг, мэдээллийг харьцуулдаг, асуудлыг өөр өнцгөөс харж дуу хоолойгоо хүргэдэг сэтгүүлч. Ярилцагчаа өөр түвшнээс харж, түүнийг ондоо талаас нь нээн харуулахыг хичээж, эхлэл өгүүлбэр, тавьж буй асуулт нь даацтай байдаг нь бидний суралцах зүйлийн нэг байдаг. Түүний хийсэн ярилцлагаас дурдахад, “Б.Анхбаатар: Хайрын тухай л биш гэвэл ер зохиол, бүтээл гээч нь юуны талаар байх билээ”, “Н.Сүхбүрэн: Төрөх, үхэхийн өнгө ижилхэн. Хэчнээн өөр өнгө рүү оргон зугтаад харанхуйд л уусан шингэнэ”, “Б.Маралжингоо: Ирээдүйд зохиол бичих юм сан, тийм бүтээлийн ард гарах сан”, “Ж.Сэнгэдорж: Хүрэх цэгээ тодорхойлчихвол хүрэх л болно. Түүний оронд зүгээр л мэдрэх хэрэгтэй” гэхчлэн хөвөрч байна. Уран бүтээлчийг илүүтэй дотроос нь нээхийг зорьж, тэдний чин хүслийг хэлүүлж, түүнийг нь уншигчдад уудлан хүргэдэг байна. Үүгээрээ үеийнхэндээ, дөнгөж сургуулиа төгсөж буй залууст бүтээлээсээ суралцах боломжийг олгож, ярилцлагын хэлбэр нь ч арай өөрөөр сэтгэж болдгийг харуулдаг. Мэдээж түүнд ярилцлагаа улам хөгжүүлж, бичвэрээ бүр ч чамбайруулах хүсэл, сэтгүүл зүйн сайн бүтээл хийх мөрөөдөл хязгааргүй биз ээ. Хүсэл тэмүүлэл, мөрөөдөл бүхэнд нь амжилт ерөөе. Сэтгүүл зүйн салбар санаа алдуулмаар зүйл олон ч гэгээтэй, гэрэлтэй, баяр жаргалтай нь бүр ч их шүү дээ. Хүний сэтгэлийг, тэнд нуугдах чин хүслийг уудалж чадна гэдэг чинь өөрөө чин хүслээс гарах үйл байдаг даа.
| ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙТЭЙ 15 СЭТГҮҮЛЧИЙГ НЭРЛЭЖ БАЙНА |
|