• Өнөөдөр 2026-06-23

Г.МЯГМАРРАГЧАА: ХАЛИУН БУГА АГНАСАН ЭТГЭЭДИЙГ СҮҮЛИЙНХЭЭ МАХЫГ БОГЦОНДОО ХИЙЖ БАЙХАД НЬ ОЧТОЛ ХУТГА БАРИАД, УЛАНГАСАН ДАЙРЧ БАЙЛАА

2026-04-23,   3124

    “Ирвэстэй бүс нутгийн 2025 оны шилдэг байгаль хамгаалагч” тодруулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. Бид энэ үеэр "Шилдгийн шилдэг байгаль хамгаалагч"-аар тодорсон Улаан тайгын УТХГ-ын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Мягмаррагчаатай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

   Ирвэс хамгаалах сангаас ирвэстэй нутгийн шилдэг байгаль хамгаалагчдыг гурав дахь жилдээ шалгаруулж байна. Г.Мягмаррагчаа хоёр удаа шилдэг хамгаалагчаар шалгарч байсан бол энэ жил шилдгийн шилдгээр шалгарсан юм.

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ ХҮҮ БАЙЛАА

-Сайн байна уу.  “Ирвэстэй бүс нутгийн 2025 оны шилдгийн шилдэг байгаль хамгаалагч”-аар шалгарсанд тань баяр хүргэе. Баярын сэтгэгдлээ хуваалцаач?

       -Энэ шагнал гардуулах ёслолд гурав дахь жилдээ оролцож байна. Хөдөөгийн эгэл байгаль хамгаалагч бидний хувьд хамгийн сайхан өдрүүдийн нэг байдаг. Хийсэн бүтээснээ дүгнүүлж, мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзах боломж гардагт баярладаг. Байгаль эх, сүрлэг өндөр уулсынхаа ивээлээр "Ирвэстэй бүс нутгийн шилдэгийн шилдэг байгаль хамгаалагч" хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн боллоо. Энэ шагнал зөвхөн минийх биш. Бидний хайрлан хамгаалж буй зэрлэг байгаль, түүний төлөө зүрх сэтгэлээ зориулж буй хамт олны минь хамтын хичээл зүтгэлийн үр дүн юм.

          Шилдгийн шилдэг байгаль хамгаалагч шагналыг ирвэс болон түүний идэш тэжээл болох амьтныг хамгаалсан. Мөн хууль бус ангаас урьдчилан сэргийлсэн байгаль хамгаалагч нарт олгодог. Энэ жил арав гаруй хууль бус ангийн зөрчлийг илрүүлсэн. Үүнийг минь үнэлж өнөөдөр шагнал гардуулж байна. 

-Байгаль хамгаалагчаар ажиллаад хэр удаж байгаа вэ?

         -Байгаль хамгааллын салбартаа 12 дахь жилдээ ажиллаж байна. Би хүүхэд байхын л байгаль хамгаалагч болох мөрөөдөлтэй хүү байлаа. Аавын минь талд байгаль хамгаалагч хүмүүс бий. Тэднийг хүүхэд байхдаа дагаж уул хадаар их явдаг. Ажлаа хийж байхыг нь хараад ирээдүйд ийм л хүн болох сон гэж хүсэж, тэмүүлдэг байлаа. 

-Мэргэжлийнхээ юунд илүү дурлаж ажилладаг вэ?

        -Өдөр бүхэн нэг л ажлаа хийж, нөгөө л замаараа алхаж байгаач харах бүрдээ баясаж, бахархаж явдаг. Ийм сайхан нутагт төрж, хайрлаж, хамгаалж яваадаа талархдаг. 

-Хөвсгөл аймагт ирвэс нутаглаж байгааг та нотолсон гэсэн шүү дээ. Судалгааныхаа талаар дэлгэрэнгүй яриад өгөөч? 

      -Хөвсгөлд сүүлийн 50 жилд бүртгэгдээгүй байсан цоохор ирвэсийг 2019 онд манай хамгаалалтын захиргаа Хорьдол Сарьдагийн дархан цаазат газар автомат камерын тусламжтайгаар анхны цоохор толбыг бүртгэж байсан. Тэрний дараа дэлхийн Ирвэс хамгаалах сантай хамтран Хөвсгөлийн хойд хэсэг соёны нуруунд цоохор байгааг эсэхийг судлаж эхэлсэн. ОХУ, Монголын хилийн нурууны дагуу 70 гаруй автомат камерыг  байршуулж таван өөр ирвэс байгааг тогтоосон. Хорьдол Сарьдагаар 21 хоног дамжин гүйсний үр дүнд долдугаар сарын 15-ны өдөр камер байршуулсан.  Үүнээс 15 хоногийн дараа анхны цоохор ирвэс бүртгэгдсэн. Үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж төрж байсан даа. Байгаль хамгаалагч хүний хурц нүд торгон мэдрэмжийн илэрхийлэл гэж өөрийгөө жаахан дөвийлгөж байсан даа (инээв). 

Т.ЛХАГВАСҮМБЭРЭЛ АГСАН ХАЙРТАЙ ҮЕЭЛ, НЭГЭН ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ МӨР ЗЭРЭГЦЭЖ БАЙСАН ХАМГИЙН ҮНЭНЧ АНД МИНЬ БАЙЛАА

-Байгаль орчны гавьяат ажилтан Ж.Төмөрсүх таны авга ах гэж сонссон. Ахтайгаа хамт ажиллах хэр байдаг вэ. Хамт олондоо юу илүүтэй хамт олондоо зөвлөж, сургадаг вэ? 

         -Хэдий ухаан орох цагаас минь хамт байсан авга ах минь ч гэлээ мэргэжлийн талбартаа миний дарга.Энэ салбарт тасралтгүй 38 жил зүрх сэтгэлээ бүрэн зориулж яваа, Монголын байгаль хамгаалах үйлсийг энэ хүнгүйгээр төсөөлөхийн аргагүй тийм л хүндтэй эрхэм хүн.Ж.Төмөрсүх даргатай хамтран ажиллахад амьдралын том сургуульд суралцаж байгаа юм шиг санагддаг. Түүний талаар сэтгэлдээ байгаа бүхнийг уудлах гэвэл хэдэн өдөр, шөнө болох биз.

   Товчхондоо ажилдаа болон амьдралдаа ягштал баримталдаг зарчимтай ёстой л ясны шударга хүн шүү дээ. Худал хуурмаггүй, чин үнэнчээр байгаль эхийн манаанд зогсохын үнэ цэнийг бидэнд өөрийн биеэрээ үлгэрлэдэг.  "Байгаль хамгаалагч хүн байгальтайгаа адилхан ариун байх ёстой" гэдгийг үргэлж сануул даг. Зөвхөн ажлын гүйцэтгэл ярихаас илүүтэй хамт олныхоо нийгмийн асуудал, ахуй амьдрал, сурч хөгжихөд чин сэтгэлээсээ зөвлөж, тусална. Ер нь дэргэдээ байгаа хүмүүстээ тусалж, дэмжиж явдаг. Ийм хүний удирдлага дор ажиллаж, залгамж халаа нь болж яваадаа маш их баяртай байдаг даа.

-Түүний хүү Т.Лхагвасүмбэрэл агсан та хоёр хүүхэд байхдаа хамт тоглож, нэг мөрөөдлөөр жигүүрлэж өссөн байх. Энэ өдөр дурсан яриа дэлгээч

        -Т.Лхагвасүмбэрэл агсан хайртай үеэл минь байлаа. Миний төрсөн ахтай нэг ангид сурдаг байсан болохоор би багадаа Сүмбээ ахыгаа хаа явна дагаж явдаг. Миний хүүхэд нас Сүмбээ ахтай минь салшгүй холбоотой. Бид багадаа хөдөө ахуйн бүхий л ажлыг хамтдаа нугалж, хамтдаа тоглож өссөн. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аав ээжийнх нь зааж сургасан амьдралын арга ухаан сайхан санагддаг. Намайг очих бүрд хүнлэг байгаарай гэдэг байлаа.  Тэр хүмүүжлээр би өнөөдрийн зэрэгт хүрч, зөв хүн болж төлөвшсөн юм. Харин Сүмбээ ах минь багаасаа л байгаль дэлхийгээ гэсэн ер бусын энэрэнгүй сэтгэлтэй, аливаад тууштай хүү байж билээ.

      Бидний хамтдаа мөрөөдсөн мөрөөдөл өнөөдөр биелэлээ олчихсон байна. Хэдий ах минь бидний дэргэд байхгүй ч энэ салбарт хийх зүйлээ хийсэн хүн.Ахын минь  байгаль эхээ гэсэн чин үнэн хайр, бидний хамтдаа өнгөрүүлсэн нандин дурсамжуудаар л өөрийгөө аргадаж сууна. Намайг байгаль хамгаалагчийн замаар тууштай алхах, энэ мэргэжилдээ эзэн болоход үргэлж хөтөлж, зүрхэнд минь гэрэлтэж, хамтдаа байдаг юм. Ер нь шагнал авах, сайхан зүйл тохиолдох бүрд дотроо их үгүйлдэг. Зөвхөн үеэл ах төдийгүй нэгэн зорилгын төлөө мөр зэрэгцэж байсан хамгийн үнэнч анд минь байлаа.

ОХУ, МОНГОЛЫН ХИЛИЙН НУРУУНЫ ДАГУУ 70 ГАРУЙ АВТОМАТ КАМЕР БАЙРШУУЛЖ ТАВАН ӨӨР ИРВЭС БАЙГААГ ТОГТООСОН

-Өнөөдөр шилдгээр шалгарч буй байгаль хамгаалагч дунд Хөвсгөлийнхөн их байна. Хамтран зүтгэж буй ах, дүү, найзуудынхаа тухай яриа дэглээч? 

      -Жилийн дөрвөн улирлын турш биологийн олон төрөл зүйл, зэрлэг амьтдын амар амгалан байдал энэ хүмүүсийн уйгагүй зүтгэл, халуун сэтгэл дээр оршин тогтнож байна. Хүний нүдэнд зүгээр уул хадаар хэсэн тэнүүчилж явдаг мэт харагдаж магад. Гэхдээ бид өдөр бүрийн судалгаа, эргүүлийн ажлаа хийж үр хойчдоо байгаль дэлхийг нь энэ л хэвээр нь үлдээхийн төлөө зорьж, дотроо "шатаж" явдаг.

  Хөвсгөл нутаг бол Монгол орны байгалийн үзэсгэлэнтэй экологийн асар их ач холбогдолтой бүс нутаг. Энэ ч утгаараа манай аймагт улсын тусгай хамгаалалттай зургаан газар нутгийг хариуцсан дөрвөн хамгаалалтын захиргаа үйл ажиллагаа явуулж байна. Энэ их ажлын хүндийг нугалж, халуунд нь халж, хүйтэнд нь хөрч яваа хүмүүс бол миний мөрөө зэрэгцэн зүтгэж буй байгаль хамгаалагч нөхдүүд минь юм. Байгаль хамгаалагч хүн гэдэг зөвхөн хяналт тавиад зогсохгүй. Тухайн газар нутагтаа цагдаа, тагнуул, онцгой байдал, бүр хэмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэгч гээд олон талт үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэж байдаг. Энэ хүмүүс л эзэнгүй зэлүүд тайгад төрийн нүд, чих болж, байгаль эхийнхээ манаанд зогсдог. Тиймээс өнөөдрийн энэхүү нэр хүндтэй шагнал бол зөвхөн хувь хүний минь амжилт биш юм. Энэ бол бидний ард байгаа нийт хамт олон, өдөр шөнийг ялгалгүй хамт зүтгэдэг байгаль хамгаалагч ах, дүү, найз нөхдийн маань хамтын зүтгэл, сэтгэл зүрхний үр дүн гэж би харж байна. Бидний хичээл зүтгэлийг үнэлж буй нь Хөвсгөлийн байгаль хамгаалагчдын нөр их хөдөлмөрт өгч буй том хүндэтгэл гэж ойлгож байна.

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИЙГ ЭХ ДЭЛХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗҮРХ НЬ ЦОХИЛДОГ ХҮН Л ХИЙДЭГ

-Байгаль хамгаалагчийн  жаргал, зовлонгоос хуваалцаач?

         -Хаднаас унаж бэртэх, даарч хөрөхөөс бусдаар хамгийн жаргалтай ажил. Ер нь байгаль хамгаалагчийг эх дэлхийнхээ төлөө зүрх нь цохилдог хүн л хийдэг. Үүнээсээ ч хамгийн их баяр баясал мэдэрдэг дээ. Байгаль хамгаалагч гэдэг зөвхөн ажил биш, энэ бол эх дэлхий, онгон байгалийнхаа өмнө хүлээсэн өндөр хариуцлага, чин сэтгэлийн алба юм. Манай тусгай хамгаалалттай газар нутагт хүрэхэд бэрх өндөр ян сарьдаг уулс, хөвч тайга голлон багтдаг учраас биднээс асар их тэвчээр шаарддаг. Бид жилд дунджаар 180-аас 280 хоногийг хариуцсан газар нутагтаа эргүүл шалгалт хийж, хээр гадаа өнгөрүүлдэг. Энэ хугацаанд эзэнгүй зэлүүд тайгадаа ан амьтдынхаа мөрийг олж харах. Ховордсон ан амьтад маань амар тайван идээшилж, өсөж үржиж байгааг харах нь байгаль хамгаалагч хүний хамгийн том жаргал, бахархал байдаг. Ер нь уул ус, онгон байгальтайгаа амь нэгтэй оршиж, түүнийг бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө зүтгэж яваадаа үргэлж урам зориг авдаг даа. Мэдээж ажил бүхэн өөрийн гэсэн бэрхшээлтэй. Байгаль эхийн ааш авир, цаг агаарын хүнд нөхцөл, тэсгим хүйтэн, аагим халуунд уул даваа шавар ус гээд туулах нь бие махбодын хувьд сорилт болдог. Гэхдээ байгалийн бэрхшээлээс илүүтэй хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй асуудлууд сэтгэл эмзэглүүлдэг. Хулгайн ан, байгаль орчны эсрэг зөрчил дутагдалтай нүүр тулах, түүнийг таслан зогсоох амаргүй үеүүд байсан гэхдээ одоо цаг үед харьцангуй гайгүй болсон ан гөрөө хийж явах нь багассан. Бидний хамгаалж байгаа энэ баялгийг хүмүүс тэр бүр ойлгохгүй, зөвхөн өнөөдрийн ашгийг харж хандах нь ажлын маань хамгийн хүнд хэсэг байдаг даа.

-Ажлаа гүйцэтгэж явахдаа бэртэж байв уу?

             -Сүйд болохоор бол гэмтэж байгаагүй. Шалбархай төдий гэмтэх, хөл, гараа хугалах тохиолдол гарна. Заримдаа хулгайн ан хийж яваа хүнд зодуулна.

-Таны зогсоосон хулгайн ангийн онцлох тохиолдол гэвэл?

         -Нэг удаа халиун буга агнасан этгүүдтэй ганцаараа нүүр тулсан. Намайг очиход аль хэдийнээ агначихсан хэсэгчлээд богцондоо хийж байлаа. Зэвсэг харагдаж байсан болохоор болгоомжлон очсон. Гэтэл нэг нөхөр над руу хар иштэй ангийн хутга бариад улангасан дайрч байлаа. Жаахан л хурдан очсон бол тэр сайхан амьтныг аварч чадах байсан даа гэж гол харласан.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Таныг шагналын индэрээс дуудаж байна.

        -Баярлалаа.


Г.МЯГМАРРАГЧАА: ХАЛИУН БУГА АГНАСАН ЭТГЭЭДИЙГ СҮҮЛИЙНХЭЭ МАХЫГ БОГЦОНДОО ХИЙЖ БАЙХАД НЬ ОЧТОЛ ХУТГА БАРИАД, УЛАНГАСАН ДАЙРЧ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-24 18:21:44
    Зочин: Ууланд хүн хүнээсээл айдаг гэдэг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-23 11:59:35
    Zochin: Ersdel ihtei aihtar ajil yum. Eruul enhiig huseye. Baigaa delhii amar amgalan baigaasai. Hun bur hairlaj hamgaalaasai.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-23 11:59:19
    Zochin: Ersdel ihtei aihtar ajil yum. Eruul enhiig huseye. Baigaa delhii amar amgalan baigaasai. Hun bur hairlaj hamgaalaasai.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188