Халх, нөмрөгөөс Хүйсийн говь хүртэл давхиж явлаа. Хотолоо дагуулсан Дорнын молцог хандгайгаас сүрдэж, хэзээ мөдгүй бүл нэмэх гэж байгаа хавтгайн ингэ, бөхөнгийн шаргачингийн нутгаар сэтгэл баясан давхих үе одоо л эхэлж байна.
Хүйсийн говийн байгаль хамгаалагч О.Балдан руу утас цохилоо. Тэр хоёр хоногийн өмнө хээрээс иржээ. Монгол бөхөнгийн тоо жилээс жил нэмэгдэж, өнгөрсөн жил 23 мянга хол давж тоологдсон байна. Энэ л О.Балдангийн бидэнд дуулгах гэж яарсан бахдам мэдээ нь. Хэдхэн жилийн өмнө монгол бөхөн халдварт өвчинд нэрвэгдэж, сүйрлийн ирмэгт тулсныг байгаль хамгаалагч залуу хэрхэн мартах билээ. Ийн учир тэр ийм л хавраар сонор сэрэмжээ алдалгүй, бэлчээрийг нь шалгах гэж хэд ч хамаагүй хоногоор хятад мотоциклтойгоо давхидаг юм. Хүйсийн говьд ногоо хэнзлэх гээд тун ч уярам хавар болж байна гэнэ. О.Балдан “Одоо нэг л удаа хур орчихвол хуурайшилт дарагдаж, хэдэн бөхөн маань ногоотой залгалаа” гээд инээж байна.Тэгээд зургадугаар сарын дундуур хэдэн бөхөнгөө мэнд төллүүлээд, янзагуудаа “эх бариад” авбал энэ хаврынх нь гавьяа болох ажээ. Өнгөрсөн намар эхийгээ дагаад давхиж явсан нялх янзагууд шаргачин болж, хэзээ мөдгүй бүл нэмнэ.
Бөхөн, Балдан хоёрын нутгаас гарч давхиад, хэдхэн цагийн дараа өнгөрсөн намар бутны хармагтаа халамцсан мазаалайн нутаг, хавтгайн буур догширсон Алтайн өвөр говьд хүрч болно. Алтайн өвөр говийн амьтад “зочин”-той байгаа гэнэ. Айлын адуунд ижилсэж, гүү унагыг нь элдэж хөөгөөд байсан Хуланг Мазаалайн шандын ам руу тээвэрлэж, ижил сүрэгт нь нийлүүлжээ. Бас болоогүй мазаалайдаа сансарын дохиололтой хүзүүвч зүүгээд, тун ч ажилтай байгаа бололтой. Говийн Их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 21 байгаль хамгаалагч ажилладаг юм. Тэд мазаалай, ингэ, хулангаа төллүүлээд дууссан гэнэ. Алтайн өвөр говийнхон бүл нэмээд, байгаль хамгаалагчид нь өвс, тэжээлээ тараагаад мөн ч завгүй байгаа сурагтай. Одоо тэд их говийнхоо чулуун урцанд шөнийг өнгөрүүлж, булаг шандаа эргээд явж байгаа.
Алтайн өвөр говиос ирвэсийн нутаг руу давхихад тун ч ойрхон. Хээрийн салхинаас өөр эзэнгүй шахам Хэрмэн цаваар дамжин өнгөрөөд, Тост тосон бумбын нуруунд хүрчихнэ. Өмнийн цэнхэр говийнхон ирвэсээ төллүүлж, бамбаруушийг нь мэнд байгааг зөнгөөрөө мэдэрдэг юм. Хадан хясаан дунд төлөө харамлах цоохор ирвэсээ олж харвал хийморийн сан тавиулсан мэт сэтгэл нь сэргэдэг гэж байгаа. Ийм л хавраар туниа муутайхан бамбарууш нь нүдээ нээж, эх нь идэш тэжээлээ хайна. Байгаль хамгаалагчид ирвэсийн явах замаар өвс тавьж, тэжээл асгана. Араас нь ус гээд явж өгнө дөө. Тэд зургадугаар сар хүртэл амсхийх ч завгүй байдаг юм даа.
Модот хамрын дээгүүр нар өндийхөд, Монголын өглөө эхэлдэг юм. Халх, Нөмрөгийн сав газрынхан хээрийн түймэрт дайчлагджээ. Хамгаалтын талбай руугаа оруулчихгүй гээд өдөр, шөнөгүй л зүтгэж байна гэнэ. Жилийн жилд нь Халхголд түймэр гарч, хэнчээн га талбай шатдаг нь ямар хэцүү гэж санана. Өвөлжин сануулж, хаваржин сахиад байхад л түймэр гарах нь тун ч харамсалтай. Халх, Нөмрөгийн сав газрын байгаль хамгаалагч К.Тэрбиш гэж залуу байдаг юм. Хамгаалалтын захиргааны хамаг л ажлыг хийнэ. Хамгаална, бүртгэнэ, хянана, хөтөлнө гээд хийхгүй ажил гэж байхгүй. Түүнтэй хэдхэн хором ярихад Халх, Нөмрөгийн сав газрын бараа байдлыг мэдэж орхино. Эртний танил маань түймэр унтрааж явна гэнэ. Тэр хоорондоо “Усны шувууд ирсэн. Нүд, хөлгүй байсан цас хайлж, ногоо цухуйгаад, яргуй дэлгэрч байна даа, манай энд. Хайлааст манханы хажуухан талд дорнын молцог хандгай хотолоо хүлээгээд дуншиж байна лээ. Өнөө, маргаашгүй л төллөх болсон доо. Буга, гөрөөс, зэрлэг гахай, голын халиу гээд манай эндэхийн амьтад мэнд сайн өвөлжсөн шүү. Цас их унасан ч гэлээ бид дасчихсан даа. Манай энд эрт зун болдог юм. Бусад нутагт дөнгөж ногоо цухуйж байхад манайх дэлгэр зун шиг л ногоорчихсон байна шүү дээ. Харуул толгойн хойд ногоорчихсон байхыг бодоход сав газрынхаа гүн рүү бүүр ч сайхан болсон байх” гэж хуучлаад, “Алив цаадхаа цохиорой. Зургадугаар сарын 20-д хүргээд ирээрэй, манай энд хачин сайхан өнгөтэй болчихсон байдаг шүү” гээд утас нь тасарлаа.
Шувуудын жиргээ, аниргүй бургасан шугуйт голын хөндий, ой бүхий бэсрэг уулс, уулсын хөндийн нугаар явсаар Гурван голын бэлчирт хүрдэг юм. Тэнд л жинхэнэ тансаг байгаа. Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгийн өхөөрдөм амьтан болох голын халиуны суурин нутаг шүү дээ. Хоёр жилийн өмнөх түймрээр Нөмрөгийнхөн сүйдсэн. Дархан цаазат 587 га талбайнх нь тал гаруй хувь нь шатаж, зэрлэг ан амьтад үргэж, дүрвээд нэлээд хэцүүдсэн. Гэхдээ тэр түймрийн үеэр байгаль хамгаалагчид эхээсээ төөрч, өлсөж, тураалдаа орсон баавгайн бамбаруушийг олж, хамгаалалтын захиргааныхаа гадаа гурван сар тэжээсэн юм. Нялх бамбаруушаа Төрхүү гэж нэрлэж, хавар, зунжингаа л молокогоор хооллож, хүзүүнд нь таних тэмдэг тавиад буцаагаад нутагт нь тавьсан. Түүнээс хойш байгаль хамгаалагчид байнга л камераа эргэж, эргэх болгондоо Төрхүүгээ хайгаад өнөөдөрт хүржээ. Өнөөх дүрсгүй амьтан нь камерт огт үзэгдэхгүй, хэдэн байгаль хамгаалагчийн санааг чилээсээр л байна гэнэ. Халх, Нөмрөг гэдэг хачин сайхан нутгаар ийм сонинто байна.
Улсын нийслэлээс зүүн хойд чигтээ, Төв аймгийн Мөнгөнморьт сумын дээгүүр цаг орчим нисээд, Хэнтийн нурууны захад буудаг юм. Монгол орны нисдэг тэргээр очдог цорын ганц заставыг Минж гэнэ. Зэрлэг амьтдын диваажин, өвсний шим, усны тунгалаг энд л бий. Минжийн заставын хилчид утасны сүлжээтэй болжээ. Өнгөрсөн өвөл хуш модны самар ургаагүйтэй адил байсан болохоор санаа амар байсан гэнэ. Харин үе үе хулгайн анчид үзэгдэж, сандаргасан бололтой. Гэхдээ тэд алцахгүй, хэдэн арван км-ийг дамжин өнгөрч, мөр илрүүлдэг дронтой болсон. Хэдэн хилчин нь ээлжлээд, дроноороо хөвч тайгаа нэгжээд байдаг юм. Хөвч тайгын эзэн хүрэн баавгай дөнгөж гурван сарын амсартай золгоод л бамбаруушаа дагуулаад ичээнээсээ гараад ирдэг юм. Одоо хэсэгтээ махсаад, амьтны үр төлөөр хооллож байгаа. Ногоо ургаж байж л тэд аврагдана гэдгийг хилчид ярьж байна лээ.
Цас ханзраад, Минжийн хангайд хавар иржээ. Үндэстэй болгон дэлгэрч, үртэй болгон идэш тэжээлээ хайгаад шогшуулж явна. Хөвчийн хүрэн хүртэл самар, жимсээ хүлээгээд, улаан шоргоолжны үүрээ сүйтгэж, “согтох” хүслээр алхаж яваа даа.
| ҮРТЭЙ, ҮНДЭСТЭЙ БОЛГОНЫГ ХАМГААЛАГЧДЫН ХАВАР |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |