-Сайн байна уу. Танд болон хөөрхөн охидод нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Та энэ өдөрт хэр ач холбогдол өгч, хэрхэн тэмдэглэж өнгөрөөдөг вэ?
-Сайн, сайн байна уу. Баярлалаа, танд болон танай сайтын уншигчдад Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Энэ өдрөөр дунд ангийн сурагч байхдаа ээждээ зурвасаар бараг арван удаа баярын мэнд хүргэдэг байлаа. Гэхдээ мэндчилгээ бүр өөр, гоё үг бодож олохоороо шүлэг болгоод л ээж рүү бичнэ дээ. Арай том болоод ээж, эгч нар, эмээ гээд ойр дотны эмэгтэйчүүд рүүгээ залгаж ярьдаг болсон. Одоо гэр бүлтэй болоод нөхөр маань амттан, цэцэг бэлэглэх ч юм уу гэр бүлийнхээ хүрээнд цомхон тэмдэглэдэг. Залгаад мэндийг нь мэдэх хүмүүстэй байгаа нь л их сайхан байдаг.
-Энэ өдөр сайхан ээжийнх нь тухай дурдахгүй өнгөрч болохгүй байх. Ээжийнхээ талаар яриа дэлгээч?
-Миний ээж залуухан, дайчин, гав шав хийсэн сайхан малчин эмэгтэй бий. Ээжийн “Би чинь малчин хүн гутрах завгүй, юу бодоод гутраад байгаа хүмүүс вэ. Би ханьгүй, хадамгүй байж болно. Гэхдээ ийм сайхан аав, ээжийн үр хүүхэд болж төрчихөөд юунд гутрах юм” гэдэг бичлэг сошиал орчинд олон сая үзэлт авсан. Тэр үгс үнэн, ээжид маань гутраад суух зав үнэндээ байгаагүй. Цэл залуухан 21-хэн насандаа нялх охиноо тэврээд ханиасаа үлдэхэд шүд зуугаад урагшилахаас өөр арга байгаагүй байх л даа.
Намайг өсгөж энэ амьдралыг босгохын төлөө гутрах завгүй зүтгэсэн эмэгтэй. Ээж минь түргэн хөдөлгөөнтэй, алсын хараатай, хариуцлагатай, хөдөлмөрч зантай. Би ээжийнхээ хариуцлагатай, хөдөлмөрч занг өвлөсөн гэж боддог. Бүх цаг үед зүгээр сууж үзээгүй. Үргэлжийн ямар нэг зүйл хийж эсвэл ажил бодож олж байдаг. Энэ тал дээр оюутны ангийн найзууд маань “Гантуяа ганцхан хичээлд явдаггүй. Хажуугаар нь ажил хийнэ, англи хэл сурна, сайн дурын ажил хийнэ. Тэр бүгд нь дуусчихвал турж эхэлдэг” гэдэг. Ээж яг тийм байхгүй юу, нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү зүгээр алхаад ордоггүй. Авч явах юм юу байна, заавал нэг юм амжуулж явдаг. Зарчимтай, хариуцлагатай ээжийнхээ үргэлжлэл болохоор ёстой л гутрах завгүй хичээж явна даа. /инээв/
-Дийлэнх эмэгтэйчүүд ээж болоод “Ижийгээ л их бодлоо” гэдэг шүү дээ. Таны хувьд анх ээж болоод юу бодож байв. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?
-Яг төрөх үеэр бол яаралтай хагалгаанд орохоор болоод шокны байдалтай бүх зүйл хурдан болоод өнгөрсөн. Харин эмнэлгээс гарсны дараа ээж хамт гурав хоноод хөдөө гэр рүү буцсан юм. Тэр хавар их зудтай, цаг тааруухан тул харьж хэдэн малаа тордохгүй бол болохгүй гээд удалгүй буцсан. Ээжийг явсан өдөр би зогсож чадахгүй уйлаад л байсан. Цэцэрлэгт орсноос хойш бишгүйдээ л олон удаа ээжээс салж явсан. Гурван настайгаасаа эхлэн 15 жил айлуудад амьдарч сургуульд суусан. Айл руу явахдаа, үлдэхдээ ч уйлж салж байгаагүй. Харин ээж болсны дараа ээжийг явахад уйлаад үлдсэн. Юу ч болсон ээж л хажууд байвал бүх зүйл болох юм шиг санагдаад, “Ээж минь намайг яг ингэж хайрладаг байх даа” гэж бодохоор л нулимс урсаад байж билээ.
Ээж, эмээгээ арай өөрөөр ойлгосон. Сэтгэлийг нь тайван байлгамаар, баярлаж бахархтал нь илүү сайхан амьдармаар санагдсан. Би жаахан байхдаа ээжийнхээ бахархал болно доо гэж бодож хурганд явахдаа түүнийгээ төсөөлж хурга, ишигнүүддээ жүжигчилэн тоглож үзүүлдэг байлаа. Том их сургууль төгсөж их эрдэм сураад дипломоо гардан аваад гарч ирэхэд ээж надад “Охиндоо баяр хүргэе, мундаг юм аа” гэж хэлээд үнсэж байна гэж төсөөлдөг байсан.
Магад 20 жилийн дараа энэ мөрөөдөл биелсэн. Өнгөрсөн зун бага охиноо тээж байхдаа Монгол Улсын Их Сургуульд магистрын зэргээ хамгаалаад хонхны баяртаа оролцоод гарч ирэхэд ээж яг л тэгж хэлээд үнссэн. Хурга, ишигнүүддээ үзүүлдэг байсан миний тоглолт бодит болсны маргааш өглөө нь бага охиноо өлгийдөн авч дахин нэг мөрөөдлөө биелүүлсэн.
-Та хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ ямар зарчим баримталдаг вэ?
-Манай том охин хоёр нас гаруй, бага охин найман сартай. Шууд нэг их ингэх ёстой, тэгэх ёстой гээд байдаггүй. Судлаад, суралцаад л явж байна. Хамгийн эхэнд аав, ээж хоёр нэг баг байх ёстой гэж боддог. Жишээ нь дэлгэц үзүүлэх тал дээр ээж нь хориглоод аав нь үзүүлээд байвал утгагүй. Өдөр тутмын дадлын хувьд утас огт үзүүлдэггүй. Телевиз долоо хоногт 1-2 удаа 20 минут, зарим долоо хоног үзүүлдэггүй. Дэлгэц их үзэхээр анхаарал төвлөрөл бага, мэдэгдэхүйц ааштай, уйланхай болдог. Уйлагнахын учрыг олох гэж өөрөө стресстэхийн оронд анхнаасаа үзүүлэхгүй байсан нь дээр гэж боддог болсон.
Мөн өдөр бүр хамтдаа ном уншдаг, гэрийн ажилд цааргалахгүй оролцуулдаг. Хоол хийхдээ “Хоёулаа гурил зуурах гэж байна. Гурил цагаан өнгөтэй, цэвэр усаар зуураад хатуу, дугуй хэлбэртэй болно. Элдэхээр хавтгай болж байгаа юм. Ээж нь баруун гараараа харин миний охин зүүн гараараа элдэж байна” гэх мэт энгийн боловч аав, ээжтэйгээ хийж байгаа энэ үйлдлүүдээс хүүхэд танин мэдэхүйн ойлголт авч байгаа. Хоёр настай охин маань хоол хийхэд өндөг, сонгино, сармис арилгаж өгдөг. Энэ энгийн үйлдлээс хүүхдийн хурууны булчин хөгжинө, өнгө, дүрс мэддэг болно зэрэг тустай. Хүүхдээ хөгжүүлэх, хүмүүжүүлэхийн тулд заавал том, сүртэй сүртэй зүйл биш өдөр тутмын олон энгийн дадлаас эхлэх боломжтой. “Хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ гэж гашлахын оронд өөрийгөө л хичээ” гээд үг байдаг даа. Тэр үгийг л байнга санаж явдаг даа.

-Ээж, халамжит ханийн үүргээ хэр биелүүлдэг гэж өөрийгөө боддог вэ?
-Манай нөхөр л хэлэх байх даа. Ямар ч зүйлд 100 хувь төгс байх боломжгүй. Талаас илүү хувьд нь сайн, үлдсэн хувьд нь хичээж байвал хангалттай л гэж боддог. Өдөр бүр төгс ээж, хань байвал би өөрөө яах юм бэ. Өөрийгөө хайрлах нь ч сайн хань, ээж байхын нэг хэсэг гэдгийг саяхан ойлгосон. Нэг тийш илт хазайлгүй хаана би хэрэгтэй байна тэнд байхыг хичээгээд л явж байна.
-Хүүхдээ асраад гэртээ байсан ч гадуур ажиллаад явсан ч нийгэмд ээжийг буруутгах хүмүүс байж л байдаг шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Ямар ч нийгэмд сайн, саар сүлэлдээд л оршдог. Сайныг нь хараад саарыг нь орхих нь л надад ашигтай. Өөрийн хийсэн сонголтынхоо үр дүнг хүртээд амьдарч байна. Энэ чинь миний л амьдрал, хэн нэгэнд буруу санагдаж болно. Заавал хүн бүрт зөв санагдах албагүй, боломж ч байхгүй.
-Тэгвэл сайн ээж гэж ямар хүнийг хэлэх вэ. Ер нь муу ээж бий юү?
-Миний хувьд хүүхдүүдээ толгойн оройноос хөлийн үзүүр хүртэл нь бүрэн арчлаад ном уншиж, үлгэр ярьж өгөөд унтуулсны дараа нээх гоё дүүрэн мэдрэмж төрдөг. Ээж хүн хүүхдээ ямар нэг талаар дутаачих вий л гэж боддог юм билээ. Сэтгэл санаа, бие махбодь, орчин нөхцөл, боловсрол гээд юу ч байж болно. Муу ээж гэж байхгүй байх аа. Бид бүгд өөр өөрсдийнхөөрөө хичээгээд л явж байгаа. Ээжүүд сайн, муудаа гол нь биш туулсан амьдралаараа л ялгаатай гэж хардаг.

-Та “Шинэ ээжийн тэмдэглэл” номыг эрхлэн гаргасан шүү дээ. Номынхоо талаар манай уншигчдад дэлгэрэнгүй ярьж өгч болох уу?
-Ном бичих, нээлт хийгээд зохиогч Азжаргалын Гантуяа гэж дуудуулах миний багын мөрөөдлүүдийн нэг л дээ. Том охиноо ой гаруйтайд бага охин гэдсэнд байхад гэнэт нэг орой “Яагаад одоо ном бичих болохгүй гэж” гэдэг бодол орж ирээд байж ядаад нөүтбүүкээ гаргаж ирээд шууд л өмнөтгөлөө бичсэн. Сүүлийн хэдэн жил миний хамгийн их судалсан зүйл хүүхэд арчилгаа, хөгжил. Энэ талаараа л бичье гээд шууд эхлүүлсэн.
Нөхрөө орой ажлаасаа ирэхэд нь санаагаа хэлтэл дэмжээд “Мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг оруулвал зүгээр юм байна” гэдэг санаа нэмж хэлсэн. Түүнийг хэрэгжүүлж өөрийн жирэмсэн үеэс хүүхэд хоёр нас хүртэлх үнэн түүхээс гадна 12 мэргэжилтний зөвлөгөөг багтаасан. Номоо гурван сарын хугацаанд бичээд нээлтээ хийсэн. Манай нөхөр хүний туршлага уншчихна, мэргэжлийн хүмүүсийн хэрэгтэй зөвлөгөөг ч авчихна залуу аав, ээжүүдийн ширээний ном гэж хэлдэг юм.
-Дараагийн номын ажилдаа орсон байгаа юу?
-Санаанд л бол бий, яг ажиллаж эхлээгүй байгаа.
-Та цахим сүлжээнд хүүхдийн арчилгаатай холбоотой цуврал бичлэгүүдийг нийтэлдэг шүү дээ. Тэр талаараа дэлгэрэнгүй яриач?
-Анх номын маркетингаа өөрөө хийнэ гэж төлөвлөж бичлэг хийж эхэлсэн. Эхэндээ олон хүнд хүргэж чадахгүй их хэцүү байсан. Явц дундаа миний зорилго зөвхөн ном бичих биш хуваалцах дуртай хүн гэдгээ анзаарч мэддэг, чаддаг бүхнээ хуваалцдаг болсон. Үе тэнгийн, эгчмэд, дүү гээд нас насны ээжүүд “Тэр бичлэгийг нь хараад хүүхдээ арчилдаг. Үр дүнтэй байлаа, баярлалаа” гэж сэтгэгдлээ хуваалцдаг. Мэддэгээ хүнд хуваалцлаа гээд минийхээс хасагдахгүй юм чинь гээд бараг өдөр бүр бичлэг оруулдаг даа.
-Цахим сүлжээ бол шүүлтүүргүй орчин шүү дээ. Сөрөг сэтгэгдэлтэй хэр таарч байсан бэ?
-Намайг үздэг, дагадаг хүмүүсийн 95 хувь нь эмэгтэйчүүд, ээжүүд байдаг. Өөрийн болон бусдын хувийн амьдрал, нийгмийн сенсацид огт оролцдоггүй. Ямар ч сенсаци надаар дутахгүй гэж боддог. Ихэнхи контент маань хүүхэдтэй холбоотой арга, туршлага хуваалцсан мэдээллийн чанартай байдаг. Тийм болохоор ч тэр үү, сөрөг сэтгэгдэл харьцангуй цөөн орж ирдэг. Бага охиноо төрүүлээд сар гаруй болж байхад манай ээжээс ч эгч хүн “45 настай юм шиг харагдаж байна, ямар аймар овортой юм бэ” гэж бичсэнг их хүндээр тусгаж авч байсан. Одоо ерөөсөө туръя гэж шийдээд кето хооллолтын сургалтад хамрагдаж сүүгээ татрааж охиндоо харшлын тууралт гаргасан түүх бий.
Төрөөд удаагүй нялх биетэй сэтгэл санаа ч их эмзэг байсан. Одоо туршлагажаад сэтгэгдэл бүрт сэтгэл санаа дээш, доош хөдлөхөө больсон. Утасны цаанаас магтсан ч доромжилсон ч тэр миний 100 хувь үнэн биш шүү дээ. Учир нь тэр хүн намайг огт танихгүй. Танихгүй, тэс хөндлөнгийн хүний үгээр үг хийх утгагүй хэрэг.
-Гэртээ байгаа ээжүүд маань үе үе сэтгэл зүйн уналтад ордог байх. Танд тийм үе гарч байв уу. Яаж даван туулдаг вэ?
-Гаралгүй яах вэ, одоо ч унаж боссоор л явна. Том охин маань нярай байхдаа өвдөөд сэхээнд орсон юм. Тэр үед сэтгэл санааг бол “тавиад тууна” гэгч нь болсон. Сэтгэлээр унаад л уйлаад л сүүлдээ зүрх өвдөөд амьсгалах ч хэцүү санагдана. Охины бие улам муудаж мөөмөө ч хөхөж чадахгүй ходоод руу нь гуурс хийлээ. Тэр үед цонхийчихсон эмнэлгийн шилэн орон дотор дусал, хүчилтөрөгч залгуулаад хэвтэж байгаа нялх охиноо хараад сэтгэлээр унавал доош хязгааргүй юм байна, би л босохгүй бол миний охин босохгүй юм байна гэж бодсон. Тэгээд юу ч болсон сэтгэл зүйгээ дархлаатай, тогтвортой байлгахаар хичээж эхэлсэн. Түүнээс хойш яаж ч сэтгэлээр унасан бүтэн өдрөө үгүй хийхгүй юм шүү гэж боддог болсон. Сэтгэлээр унах, өөрийгөө муугаар мэдрэх өдөр байлгүй яахав. Тэр мэдрэмжийг хэт удаан тээж явалгүй өөрийн гэсэн аргатай болвол зүгээр юм билээ. Миний хувьд цаг агаар дулаан байвал хүүхдүүдээ аваад шууд л гадаа гардаг. Эсвэл шүршүүрт орж арьсаа арчилна, тэмдэглэл бичнэ. Дэлгэцийн хэрэглээгээ багасгаад ямар нэг юм хийхэд бүх зүйл арай дээрддэг.
-Шинэхэн ээжүүдэд зориулаад жирэмсэн үедээ болон төрсөн цагаасаа эхлэн үүнийг л хийж дадаарай гэсэн зүйлээ хэлж өгөөч?
-Өөрийн гэсэн амрах, сэтгэл санаагаа өргөх арга барилаа олж дадал болговол тустай санагдсан. Төрсөн, төрөөгүй хамаагүй эрүүл амьдралын хэв маягийг эрт суулгавал амьдралын бүх талбарт сайнаар нөлөөлнө. Дөнгөж төрсний дараа ээжийн инстикт их ажиллаад хүүхдийнхээ талаар хэтрүүлж бодоод шаналаад байдаг. Тэр үе удаан үргэлжилдэггүй юм билээ, өөрийгөө их зовоохгүйг хичээгээрэй. Ямар ч нөхцөлд байсан өөрт хэрэгтэй мэдлэг, мэдээллийг цуглуулж байгаарай. Ямар ч зүйлийн талаар мэдээлэлтэй бол айдас бага байдаг. Бид бүгд өөр өөрсдийнхөөрөө хичээж байгаа, өөрийгөө битгий шүүгээрэй.

| А.ГАНТУЯА: ЭЭЖ БОЛСНЫ ДАРАА “ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ЯГ ИНГЭЖ ХАЙРЛАДАГ БАЙХ ДАА” ГЭЖ БОДОХООР Л НУЛИМС УРСААД БАЙЖ БИЛЭЭ |
|
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
2026-03-09 18:02:03
Виртаул дугуйн Улаанбаатар хотын аварга өндөрлөв
2026-03-09 16:56:46
ЭРХ БАРИГЧ ДАРГА НАР АА! ТӨСВИЙГ ХЭЗЭЭ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛДАГ БОЛОХ ВЭ?
2026-03-09 15:19:43
ХЭНИЙ Ч БУРУУ БИШ
2026-03-09 13:31:07
Жүдо бөхийн дасгалжуулагчид “Кодокан”-ы сургалт хамрагдаж эхэллээ
2026-03-09 13:02:23
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1687 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-09 11:36:48
"Нийтлэлч Отгонбаяр сан"-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эзэн өнөөдөр тодорно
2026-03-09 10:13:55
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-03-09 09:28:03
А.Мөнгөнзул, М.Цэлмэг, Б.Агарзандан нар “Шилдэг тамирчин” шагналыг хүртэв
2026-03-09 09:16:34
Европын цомоос өсвөрийн жүдочид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-03-09 09:07:50
БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАРЫГ ХОЁР ТЭРБУМЫН ТОМИЛОЛТЫН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-09 08:00:00
Жүдогийн “Гранд мастерс”-ын УАШТ-ээс Орхон аймагт 11 алтан медаль хүртжээ
2026-03-09 07:10:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХ УУ
2026-03-09 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-03-09 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-03-09 07:00:00
А.ГАНТУЯА: ЭЭЖ БОЛСНЫ ДАРАА “ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ЯГ ИНГЭЖ ХАЙРЛАДАГ БАЙХ ДАА” ГЭЖ БОДОХООР Л НУЛИМС УРСААД БАЙЖ БИЛЭЭ
2026-03-09 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-09 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |