• Өнөөдөр 2025-09-04

БИДНИЙ БҮТЭЭЛИЙН ЭХЛЭЛ “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН”

2025-09-04,   169

     Бид өнгөрсөн таван жилийн хугацаанд хийсэн бүтээлүүдээ цувралаар танилцуулж байна. Бидний бүтээлийн эхлэл бол “Эргэлтийн номын сан”. 10 сэтгүүлчийн сурвалжилга, нийтлэл, ярилцлага, тэмдэглэлээс бүтсэн арван номоо бид 2022 онд хэвлүүлж байсан юм. Ингээд уншигч танд тус бүрээр нь хүргэе.

“ЭРЛИЙН ҮЗҮҮРТ”

       Э.Хүрэлбаатар сэтгүүлчийн “Эрлийн үзүүрт” ном сурвалжилсан тэмдэглэл, хөрөг тэмдэглэл, аян замын тэмдэглэл гэсэн гурван үндсэн бүлгээс бүрдэж буй. Номын эхний сурвалжилга бол “Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ”. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын найман хүн Сэлэнгэ мөрнөөр гарч байгаад мөс нь цөмөрч, усанд унасан байдгийн зургаан том хүн нь амьд гарч, найман сартай хүүгээ тэвэрсэн Н.Саранчимэг мөсөн дээр тэгнэн гол уруудаж, үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хилээр гарсан тухай сурвалжилга. Мөн түүний эрлийн үзүүрт “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусаж байна”, “Хустайн нуруунд 13 буга агнасан хэргийн мөрөөр”, “Дөрвөн жил уулзаагүй ээж, хүү хоёр хорих ангийн нээлттэй өдрөөр уулзлаа”, “Хануй голын ганган хүүхнүүдтэй хамт мартлаад...” тэргүүтэй сурвалжилга, “Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар”, “Чингис хааныг арав гаруй жил судалсан, Дандар баатрын хуурай дүү Р.Равдандоржийнх” зэрэг хөрөг,  “Халхчууд та нар хэзээнээс урвамтгай”, “Хөвчийн харыг хаа таарсан газраа өчиггүй бууд”, “Тахийн гүү унагалах цагаар...” гэхчлэн аян замын тэмдэглэл” багтсан байна. Эрэлд гарч, эрснээ олж чаддаг түүний бүтээл туурвилын богц ямагт дүүрэн байх бөгөөд чухам юу богцолж, түүн дотроосоо юу задалж уншигчдадаа хүргэхийг тэр хамгийн сайн мэддэг билээ. Одоо тэр чухам юу эрж яваа бол. Тэр эрлийнх нь үзүүрт юу, юу багтаа бол...

“ДЭНДҮҮ ҮНЭНЧ ЧИ МИНЬ”

     “Эргэлтийн номын сан” цувралын хамгийн өр өвтгөм, гэхдээ нандин, нэр шигээ дэндүү үнэнч бүтээлүүдийн эзэн бол сэтгүүлч Б.Энхмарт. “Дэндүү үнэнч чи минь” номыг дэлгэхэд л уншигч та дээрх гурван тодотголыг мэдрэх болов уу. “Би болон Монголын тал нутаг чамд хайртай”, “Цас амьдралын зудан дундуур”, “Нулимстай бөхөн”, “Хилийн зурвасын цаана, наана”, “Хөвч тайгад төөрөөд эсэн мэнд олдсон Ө.Энхзул охины түүх” тэргүүтэй сурвалжилгууд энэ номд яах аргагүй жин дарж байх бол хоёр дахь бүлэг болох “Миний тэмдэглэл-II”-д “Усчин хүү Тулгаа”, “Сэтгүүлч өвөө”, “Мартагдахгүй хүн”, “Дэндүү үнэнч чи минь” гээд уншихад үг сонголт болоод амттайхан хүүрнэсэн тэмдэглэлүүд багтжээ. Түүнчлэн “Миний зочин” гэх гурав дахь бүлэгт хамгийн их хайрлан хүндэлдэг хүмүүстэйгээ өрнүүлсэн халуун яриагаа хав халуунаар нь номынхоо хуудаст бичсэн байх бөгөөд одоо ч уншихад дотно дулаан илч мэдрэгддэг билээ. Түүнчлэн эл номоос эгэл жирийн ардын амьдралын бодит үнэнийг элдэв чимэггүйгээр бичиж, энгийн нэгэн хүүгийн хүсэл мөрөөдлийг өөрийнх мэт сонсож, өр зүрхнээсээ хайртай найзынхаа тухай санаа алдаж, сэтгэл өвдтөл бичсэнийг ч түүнтэй яг адил сонсож, мэдэрч уншаасай гэж хүсэж байна.

 

“ЦАГИЙН ТӨРХ”

            Эрэн сурвалжлах нийтлэл, сурвалжилга, цадиггүй улс төр, хөрөг зэрэг сэтгүүл зүйн аль ч төрлөөр жигд бичиж, тодорхой илэрхийлэгч бол “Эргэлтийн номын сан цуврал”-ын нэг болох Б.Цогтбаяр сэтгүүлчийн “Цагийн төрх” ном. Өөрөөр хэлбэл, энэ цагийн төрх ямар байгааг түүний энэхүү номд орсон нийтлэлүүдээс харж болох байна. Номын нэгдүгээр бүлэгт “Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ , “Херо” баатар нар “дүү”-дээ 1.9 тэрбумын тендер өгч, тоглуулсан түүх буюу “Андлалын луйвар”, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын дэд сайд М.Батбаяр нарын Хэнтий дэх хоршил буюу зураг төсөл, тэзү тойрсон луйвар, “Монгол хүүхдийн амь 300 мянган төгрөгийн “үнэтэй”, “Улаан чулуут” хогийн цэгт эмнэлгийн цустай хуруу шил, зүү тариур, шинжилгээний дээж, амны хаалтны хогон овоо бий болж нохой, шувуу, шавж байна-I,II” зэрэг тэргүүтэй сурвалжилга оржээ. Харин хоёрдугаар бүлэг нь “Цадиггүй улс төр”. Энд багтсан нийтлэлүүдээс дурдвал, “Б.Жавхлангийн завхрал I, II”, Соёлын сайд Ч.Номингийн “солгой гар”-ын тендер томилгоонууд”, УИХ-ын гишүүн Ч.Ганхуягийн хориотой баримтууд” багтсан байна. Түүний номыг уншаад эдгээр дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн гишүүдийн булхайг хэрхэн илчилснийг мэдэхээс гадна тэднийг онож тодорхойлсон үг, өгүүлбэр, зүйрлэсэн жишээ, голыг нь олсон шулуухан илэрхийлэл нь эрхгүй уншигч анхаарлыг татах болов уу.

“БЭРСИЙН НҮҮДЭЛ”

        Дээрх гурван цувралаас эрэн сурвалжлах нийтлэл, газар дээр нь очиж сурвалжилсан сурвалжилга, тэмдэглэлүүдийг уншиж болох бол одоо энэ хэсэгт улс төрийн тойм, нийтлэл, сэтгэлийн үнэн халуун тэмдэглэл уншихыг хүсэж байна. Тэдгээр нийтлэлүүд “Эргэлтийн номын сан” цувралын нэг болох “Бэрсийн нүүдэл” номд бий. Эл ном “Тэмдэглэл”, “Ярилцлага”, “Тэрслүү үг”, “Хөрөг”, “Улс төрчийн яриа” гэсэн таван бүлгээс бүрдэх бөгөөд бусдаасаа хамгийн олон төрөл энд багтжээ. Ном “Хамгийн гоё харандаа”, “Хөх уулсын дундах хүй цөглөсөн нутаг Хутаг-Өндөр хайрхан минь” гэх тэмдэглэлүүдээр эхэлж, Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Очирболд, нэвтрүүлэгч Н.Баярмаа,  Ардын жүжигчин Д.Жигжид найруулагчийн охин Навчаа, нэрт найруулагч Ц.Зандраа гуайн охин Уянга, академич Л.Болд, Хөдөлмөрийн баатар Ч.Хурц тэргүүтэй урлаг соёл, улс төрийн цагийг эзэлсэн эрхмүүд болон тэдний үр хүүхэдтэй уулзан дэлгэсэн дотно яриа руу ч уншигч таныг хөтөлж байна. Түүнчлэн  “Х.Нямбаатар Замын-Үүдийн хил дээр До яамны “ногоон малгайтнууд”-ын дарга шиг л ханхалзаж байлаа”, “Хөлсөө дуслуулан гүйж яваа цэрэг эр “Хүүхдүүдэд амьсгалын аппарат авч өгнө” гээд хоолой зангирч байхад...” тэргүүтэй тэрслүү үг, “Тэнгэрийн хүсэл гүйцээгч”, “Эрдэнэбатын Цэндбаатар” хөрөг, “Д.Ганхуяг: Засгийн газар тогтвортой ажиллах нь чухал”, “ЗТХ-ийн сайд Л.Халтар: Хүнд цагт ажиллаж байгаа ч хийх зүйл маш их байна”, “Я.Содбаатар: Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр улс төрийн намууд, улс төрчид эрх ашгаа хангуулахаар ажилладаг нь нууц биш” зэрэг улс төрийн ярилцлагууд ч багтжээ. Сэтгүүл зүйн бүх төрлөөр туурвиж, хамгийн ховор зочныг олж ширээндээ суулгадаг, авсан сэдэв, сэтгэлд торсон бүхнээ тэр гарцаагүй өөрийнхөөрөө буулгасныг уншигч та ийнхүү “Бэрсийн нүүдэл”-ээс харах юм.

“ХАРГУЙ”

          Гар хүрсэн, сэтгэлээ хүргэсэн бүхнээ тултал гаргахыг зорьж, аль ч сэдэв, аль ч төрлийг барьж авсан ч торохгүйгээр хийчихдэг нэгэн бол Д.Чанцалдулам сэтгүүлч. Үүнийг бидэнд түүний Харгуй” ном илчилж буй юм. Эргэлт.мн мэдээллийн сайтын арван цуврал бүтээлийн олон төрөл, чиглэлтэй жин бан нь таарсан бүтээлийн нэг бол эл ном. Сэтгүүлчийн ертөнцөд хөл тавьж байгаа хэн ч хүй цөглөсөн нутгаа бичихээс эхэлдэг болов уу. Д.Чанцалдулам сэтгүүлч нутгаа, өсөж төрсөн Арангатын хөндийдөө уншигчдаа аваачиж, амрааж, алжаалыг нь тайлсан байна. Түүнд хүй цөглөсөн нутгийн хоёр ч бичвэр бий. Санахаараа л нутгийнхаа тухай бичихээр яарч, үгийн сайхан, сэтгэлийн зоргоороо нутагтаа очоод ирдэг эрх дураараа сэтгүүлч. Тэрбээр “Дуулж угтдаг, уйлж үддэг Арангатын хөндий минь”, “Омголон, дэврүүн залуу нас бид хоёр таныг хачин ихээр санаж байна, нутаг минь” зэрэг хоёр тэмдэглэлийг бичсэн.

       Түүний эл хоёр бичвэрийн нэгээс жишээ татвал “ ...Хонины бэлчээрт, хээр мориныхоо цулбуурыг нь хонгондоо хавчуулчихаад, уртхан шиг өвс зажлаад, тэнгэр ширтэж хэвтэх бас жаргал шүү... Өөхөн тосонд хайрсан гэрийн боорцгыг хуруу зузаан өрөм тавьж идээд, аяга тарагтай уух ч сайхан. Үдшийн нар жаргах үеэр хавханд орсон тарвагаа ганзгалж ирээд, утаа май гаргаж, боодог болгоод идэх ч мөн амттай даа...” гээд хөвөрнө. Үнэхээр хөдөөгийн буйдад бид ийм л сайхан амьдрал дунд өсөж, өндийж, хүн болсон. Тэр ийм агшин, хором, үйл явдлыг эрхгүй нэхэн буулгаж, ихэд амтархан бичжээ. Түүнээс гадна түүний эл номноос "Дүүгээ хайсан харгуй", "Хөвчийн тайгад төөрсөн Д.Дорсмаа бүсгүйн амьдрах, амьд гарахын төлөөх 129 хоногийн тэмцэл" зэрэг тэмдэглэлтэй ч уншигч та таарна. Ерөөс "Харгуй"-д юм бүхэн бий. 

“ГЭГЭЭ ТҮҮСЭН ХАВАР”

                  “Энэ цагийн эзэд” болох ховор сонин зочид, өнөө цагт үргэлжилж буй үргэлжлэл, цаг үеийг манлайлж, түүчээлж явсан эрхмүүдийн гэргий нарын ярилцлага, “Зүрх зүсэж сэтгэл шимшрүүлсэн осол” буюу 17 зүрх зогссон нь” тэмдэглэл, түүний эрж хайж, олж, уулзсан зочдын халуун дулаан ярилцлага, өөрийнхөөрөө мэдэрч, харсан, хүрэх гэж зүтгэсэн хөрөг тэмдэглэлүүдээр уншигч та оюуны богцоо дүүргээрэй. Залуу сэтгүүлч Б.Гүнжид хавар шиг олон хүнээс гэгээ түүж, энэ номдоо багтаасан бөгөөд ярилцлагаар түлхүү дагнасан бүтээлүүд зонхилж буй. Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтнүүд, цагийг эзэлсэн эрхмүүд түүний эрэлд зүй ёсоор багтдаг. Тэр үргэлж хийсэн, бүтээсэн, цагтаа манлайлж явсан эрхмүүдийн эрэлд гарч, эрж хайгаад зочныхоо хойморт суулгачихдаг. Тэр ч утгаар түүний номын эхний бүлэгт багтсан “Энэ цагийн эзэд”-ийн тэргүүн эгнээнд Ардын жүжигчин, УГЗ, кино найруулагч  Г.Жигжидсүрэнгийн “Ч.Лодойдамба багш “Хийсэн бүтээлээ хамгаалж чадахгүй бол хүнд яах гэж үзүүлдэг юм” гэж байлаа” ярилцлага эл бүлэгт багтсан. Түүний дараа Монгол Улсын Гавьяат Жүжигчин, хошин урлагийн нэрт мастер Б.Туяаг уншигч түмэнтэй учран золгуулж, түүний дотоод ертөнцийг нээсэн ярилцлага оржээ. Харин түүний дараагийн энэ цагийн эздийн нэгээр сонгож, ярилцсан эрхэм бол Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын зураач До.Болд. Дөрөв дэх зочноор арай залуухан, гэхдээ энэ цагийн эрхгүй манлайлагч, түүчээлэгчдийн нэг Токиогийн олимпын шүүгч Т.Энхцэцэг оржээ. Эрхэлсэн ажилдаа тод гэрэлтэж буй эгэл даруухан эмэгтэйг тэр бидэнд тэр хэвээр нь нээж өгсөн. Б.Гүнжидийн цагийг эзэлсэн зочдын сүүлийнх бол “Эверестэд авирсан үеэ бодохоор нулимс гардаг” гэсэн дэд хурандаа Ноокоогийн Жуковын ярилцлага.

   Тэр ийм л цагийн манлайлагчдыг сонгож, халуун дулаан, уярал ухаарал, ажил мэргэжлийн гал халуун яриа өрнүүлж, тэднийг асааж, дурсамжаа эрхгүй уудлахад хүргэн ярилцсан нь ярилцлагын төрөлд хүчээ сорихоор мэрийж байгаа, энэ төрлийг сонгохоор сонирхож байгаа залуу сэтгүүлчдэд жишиг ярилцлагууд болж байгаа юм. Мөн түүний авьяас билгээр бүтсэн тэмдэглэл, хөрөг ч багтсаныг та цааш энэхүү номын хуудаснаас унших болно оо.

“ХЯЗГААРГҮЙ”

            Нэрнээсээ эхлээд л сонирхол татсан энэ ном “Эргэлтийн номын сан” цувралын хамгийн сонирхолтой бүтээлүүдийн эзэн А.Азсайханых. Бусдаасаа содон байгаагийн учир орчуулгын бүтээлтэй. Орчуулга, орчуулгадаа Попын хаан “Майкл Жексон”, Герман Улсын удирдагч агсан Адольф Гитлер,  дуучин Жеймс Тейлор тэргүүтэй дэлхийн ховор алдартнуудын ярилцлагыг орчуулан, тэдний амьдрал, уран бүтээл, хүсэл мөрөөдлийг бидэнд ойртуулан уншуулж буйгаараа онцгой. Мөн ховор сонин хөрөг, захидлууд ч түүний номд байна. Тухайлбал, найруулагч Андрей Тарковскийн аавдаа бичсэн сүүлчийн захидал, Стив Жобсын дэлхий нийтэд бичсэн сүүлчийн захидал гэхчлэн хөвөрнө. Дэлхийн алдартнуудыг дэргэд “уулзуулж”, тэдний чин сэтгэл, гэгээн зорилго, ээдрээтэй амьдралыг унших тусам үлгэр авч, мөнхүү яг л яриаг нь сонсож буй мэт мэдрэмжийг уртай найруулгаараа өгч чаддагаараа түүний энэ ном өөр. Мөнхүү нэр шигээ хязгааргүй. Хязгааргүй бүхэн дуусаж дундрашгүй байдаг билээ. Энэ үг өөрөө л хүнд асар ихийг мэдрүүлэх, өгөх шиг санагддаг.

“БИД-ТЭД”

       Сэтгүүл зүйн тэмдэглэл болон хөргийн төрлөөр бичихээр зэхэж буй, сонирхож байгаа хэн бүхэн сөхөж харж, уншиж болох бүтээл тус номд цөөнгүй. Тухайлбал, сэтгүүлч Э.Эрдэнэцэцэгийн "Намайг хүлээн дүнхийх нутгаа санасан нүүдлийн шувуу, би" хүй цөглөсөн нутгийн тухай тэмдэглэл, "Мангасын амны "хар хумст" ажил олгогч болжээ" зэрэг бүтээлийг нэрлэж болох байна. Харин Эргэлт.мн мэдээллийн сайтад олон улсын мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Х.Одончимэг сэтгүүлчийн хөргүүд ихэд амттай төдийгүй сонирхолтой гэдгийг эл номоос харж болох болов уу. Үүнд,,"Нэгдүгээр сарын хавар", "Сарны хүүхдүүд", "Хэн ч тийм гүнээс намайг хайж зүрхлээгүй", "Хүн байхын урлаг" зэрэг бичвэрүүдийг харж болох юм. Мөн А.Марал сэтгүүлчийн "Тэр үзэгдэгч далавчтай", "Анудар биш Анудар" зэрэг хөрөг бичвэрүүдийг дурдаж болно. Эл хөрөг, тэмдэглэлийн бичиглэлийн хэлбэр, тухайн зочин болон уран бүтээлчээ илэрхийлсэн байдал нь энэ төрлийг сонирхож байгаа сэтгүүлчдэд том үлгэр дууриалал, өөрөөр сэтгэх нэгэн өнцөгийг өгөх болов уу. Тэр дундаа залуу сэтгүүлч А.Маралын дээрх хоёр хөрөг нэгээхэн өвөрмөц бөгөөд сонгож авсан хоёр уран бүтээлчийн хувьд хоёул залуудаа хорвоог орхиж, богинохон хугацаанд чамгүй зүйлийг хийж бүтээсэн, сонин сонирхолтой амьдарсан хүмүүс.

Тэднийг илэрхийлж, бидэнд ойртуулж, хамгийн ойроор буулгаж, санах нэг нь санахдаа, дурсах нэг нь дурсахдаа сөхөх хоёр том хөрөг эл номд багтсан гэдгийг мөн онцлон дурдах нь зүйтэй болов уу.

        Сэтгүүлчээр ажилладаг, сэтгүүлч болохоор хэн бүхний хамгийн ойрын төрөл бол ярилцлага. Тэгвэл энэхүү номд орсон уран бүтээлчдийн ярилцлага мөн өөр өнцөг, өнгө төрхийг илтгэж байна. Г.Ган-Эрдэнэ сэтгүүлчийн сонирхолтой ярилцлагаас дурдах юм бол " Л.Данзанравжаа "Улсын наадмын хоёрын даваанд Мөөёө аваргыг унагадаг "Дүлий" цэрэг чинь бий шүү дээ" , Ж.Ганцэцэг нийтлэлч Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хийсэн " Намайг 12 хоног хуурай өлсгөлөн зарлаж байхад тэд үхчихээсэй л гэж бодож байсан" гэх ярилцлага, Г.Жавхлантгарьд сэтгүүлчийн найруулагч, жүжигчин С.Баттулгатай хийсэн "Би голын эрэг дээрх салхинд найгах бургас шиг намуухан хүн", жүжигчин Б.Даваажавын "Би маш баян хүн", сэтгүүлч Б.Отгонзаяагийн "Нацагдоржуудад найдаж болно", "Б.Бямбабаярын "Нэрт дууч Н.Төмөрхуягийн ач нараас нэг нь тодорч л таараа. Түүнд дуу бүтээж өгчихөөд найзынхаа араас сэтгэл дүүрэн очно доо гэж боддог" гэх зэрэг ярилцлагыг онцлон харвал улс төрч, уран бүтээлч, хувь ажил мэргэжилтэй хүмүүсийг цөм тус бүрийнх нь онцлог, зан төрх, хувь хүнийг нь илтгэсэн, илэрхийлсэн ярилцлагууд байх бөгөөд ярилцлагын төрөлд мөн л жишээ болгож харах, суралцах бүтээлүүд гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Нөгөө талаар уран бүтээлчийг хувь хүн талаас нь нээсэн ярилцлага ч энд байгааг уншигч та анзаарах биз ээ.

“СУЛ ӨВС ГАНХСАН НАМАР”

           “Эргэлтийн номын сан” цувралын нэгэн бүтээл болох Д.Бямбасүрэнгийн “Сул өвс ганхсан намар” номоос уншигч та уран бүтээлчдийн ярилцлага, утга, уран зохиолд дурлагчдын хөрөг, намар, бороо, хүй цөглөсөн нутгийн тухай тэмдэглэл уншаарай. Уран бүтээлч хүний ертөнц үргэлж дандаа гэгээн тунгалаг, эрэл дүүрэн байдаг. Тэр ч утгаар энэхүү номын зочид болох  яруу найрагч Б.Батзаяа, редактор Б.Батцэцэг, орчуулагч Б.Сувддулам, яруу найрагч Н.Минжинсайхан, Хөдөлмөрийн баатар  Ж.Тогтохсүрэн, яруу найраг А.Урантогос, МУГЖ Б.Сийлэгмаа, кино найруулагч Д.Золбаяр тэргүүтэй уран бүтээлчид яг л тийм гэгээн, дүүрэн эрлийн эзэд. Цаашлаад номоос дурсамж сэргээсэн тэмдэглэлүүд унших ч боломжтой. Дурсамж сэргээнэ гэдгийг итгэлтэй хэлж буйн учир бороо, намар, нутаг ус гэдэг яах аргагүй л хүн бүрийн дурсамжыг сэргээж, ийм нэг улирлаар, ийм нэг байгалийн үзэгдлээр, тэртээд орших нутаг усаа санан үгүйлдэг нь гарцаагүй.  Мөн эл номоос “Ардын дууны дөмөн”, “Тэр бүтээлдээ бий”, “Өндөр сэтгэлтэй хүн”, “Сүнс урлаач” зэрэг хөргүүдийг сонирхож болох бөгөөд таны хамгийн хайртай дуучин, уран бүтээлчийг онцолж уулзуулж чадаж байгаа болов уу гэж итгэж байна.

“ЕРТӨНЦ”

      Мэдээж бид “Эргэлтийн номын сан” цувралдаа гэрэл зургийг ч мартаагүй. Амьдралын хором мөч бүхэн гэрэл зураг. Үйл явдал, өрнөл ч гэрэл зураг. Үүнийг манай Эргэлт.мн мэдээллийн сайтын Гэрэл зураг, зураглаачдын албаны гэрэл зурагчин Б.Намсрай, зураглаач Э.Дашням, Т.Баярсайхан, эх бэлтгэгч М.Бат-Эрдэнэ нар  андахгүй мэдэрч, гэрэл зургийн хуудаснаа буулгасныг уншигч та “Ертөнц” номоос тольдоорой. Хүмүүний ертөнц, амьдралын эгэл жирийн хором, мөчүүд хийгээд аж байдлыг агшин хоромд хэрхэн буулган үлдээсэн, үйл явдлын халуун цэг дээрээс хийсэн сурвалжилгуудыг хүргэснийг энэ номоос л харж, мэдэрч, бүр "уншиж" болох юм. Бидний амьдралын дүр зураг, хүний харц, төрх байдал, эрхэлж буй ажил, аз жаргал, уйтгар гуниг, хүсэл мөрөөдөл, баяр догдлол, инээмсэглэл гээд юуг харахыг хүссэнээ та энэ номоос харж болно. Зураг бүр түүх, дурсамж, утга илэрхийлнэ. Мөнхүү өнгөрсөн он жилүүдийг танд сануулна. Цаг хугацааны нэгээхэн хэсгийг нэгэн номд багтааж, цэл залуугаар нь, тэр л хэвээр нь хадгална гэдэг гарцаагүй гэрэл зурагчдын л хийж чадах зүйл. Тиймээс уншигч та урт нийтлэлүүдийн араас агшин хоромд саатаарай. Сонин содон, анхаарал татсан зургуудыг "Ертөнц"-өөс л хараарай.


БИДНИЙ БҮТЭЭЛИЙН ЭХЛЭЛ “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188