• Өнөөдөр 2024-05-02

МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ

2024-03-02,   7390

     -ХҮҮ МИНЬ ГЭРТ ОРОХДОО ХӨЛӨӨ ТҮРҮҮЛЖ ТАВИАД, ГЭДИЙЖ ОРДОГ БАЙСАН-

    “Дэнхийсэн өндөр хүүтэйгээ алхаж явахад хүмүүс хүүг минь хоргоогоод явуулдаггүй байж билээ. Тэд хүүгээс минь элдвийг шалгааж, хамт зураг авахуулна, зарим нь бүр зогсож байгаад харна, гайхна. Би ч хүүгийнхээ хажууд болжмор шиг хариугүй амьтан харагддаг байсан биз” хэмээн ярих тусмаа инээмсэглэн хүүгээрээ бахархан дурсах ээжийг Ш.Сэржмядаг гэдэг. 53 размерийн гутал тэргүүтэй том өмд, цамцаа ихэвчлэн гадаадаас захиалдаг, дээл бол 10 гаруй метр даавуугаар оёдог, Монголын хамгийн өндөр хүнээр 22 настайдаа тодорсон Дээдэнжидийн Рагчаа агсныг бид энэ удаагийн дургаартаа нэхэн дурсаж байна. Тэрээр 1983 оны тавдугаар сарын 1-нд 5100 грамм жинтэй, 56 сантиметр өндөртэй, биерхүү хүү мэндэлсэн гэдэг. Түүний хэрхэн өсөж, ямар учралаар сагсан бөмбөгтэй холбогдсон түүхийг нь түүний ээж Ш.Сэржмядагтай ярилцлаа.  

-Хүү нь Булган аймагтаа төрж, өссөн үү?

     -Аав нь Булган аймгийн Гурванбулаг сумынх. Хүү минь Улаанбаатар хотын хоёрдугаар эмнэлэгт төрсөн, бага насаа Сэлэнгийн Жавхлант суманд өнгөрүүлж, 1998 онд Жавхлант сумын найман жилийн дунд сургууль, 2000 онд Сэлэнгэ аймгийн хоёрдугаар 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Өвгөн бид хоёр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд гэр бүл болж, найман хүүхдээ тэнд өсгөж, хүмүүжүүлсэн. Д.Рагчаа минь нэг дүүтэй. Хүүгээс минь хойш нэг ах нь бурхан болсон. Бусад нь дор бүрнээ сайхан амьдарч байна.

-Хүү нь аав, ээжийнхээ хэнийг нь  дуурайж, Монголын хамгийн өндөр хүнээр тодорсон юм бэ. Хүүгээ Монголын хамгийн өндөр хүнээр тодроход нь их баярласан уу?

      -Би хүүгээ өндөр болох тусам нь дагаж баярладаг, заримдаа “Надаас ийм сайхан хүү яаж төрсөн юм бол” гэж бодож бахархдаг байсан. Миний удамд өндөр хүн байхгүй. Хадам аав минь их өндөр хүн байсан. Мөн ханийн минь нагац ах нар их өндөр хүмүүс байсан юм билээ. Тэднээсээ хамгийн өндөр нь Цэгмэд гэж малчин байсан гэдэг. Булганы Могод суманд амьдардаг, сумынхан дундаа хамгийн өндөр нь болохоор хамаатан, садан, нутгийнхан нь “Өндөр ах” гэж дууддаг байсан гэсэн. 

-Хүү нь багаасаа л үеийнхнээсээ онцгойрсон биерхүү хүүхэд байсан уу?

    -Хүү минь багаасаа л том хөл, гартай, том гутал өмсдөг байсан. Гэхдээ наймдугаар ангиа төгсөөд огцом өссөн. Ангийнхаа хамгийн арын ширээнд сандлаа намсгаж суудаг байж билээ. Ангийнх нь хүүхдүүд хүүд минь их сайн, хүү ч олонтойгоо, нийтэч байсан. Бас сахилгагүй талдаа хүү байсан шүү. 

-Хүүг нь харсан болгон гайхаж, сонирхоод явуулдаггүй байсан байх. Хүмүүсийн хандлагаас төвөгшөөдөг байсан болов уу?

     -Хүү минь их элэгсэг, хүнд тусархуу, сайхан сэтгэлтэй хүүхэд байсан. Хотын гудамжаар хамт явахаар зөрсөн болгон зургаа авахуулах гэж гуйдаг байлаа. Хүү бол төвөгшөөдөггүй. Харин хамт яваа надад их төвөгтэй санагддаг байсан. Зарим нь элдвийн зүйл асууж, шалгааж, хүүг минь сонирхоод гарыг нь барьчихаад тавьдаггүй, бүр зогсож байгаад гайхацгаадаг байсан. Хүү минь урлаг, спортод дуртай. Тэр дундаа  дуулах, сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох, морь, машин унах хоббитой байсан. Харин барилдах дургүй ах нар нь барилдъя гэж их гуйдаг байсан. 

-Хүүгээ улам бүр өндөр болж байгааг нь харах танд ямар санагддаг байсан бэ?

     -Миний хүү 2.35 метр өндөр байхдаа бурхан болсон. Хүү минь улам өндөр, том болох хүсэл, мөрөөдөлтэй байсан.

Манайх хүүдээ зориулж 2.50 метрийн өндөр хаалга хийсэн. Хүү хотоос ирэхдээ хаалганы гадаа зогсоод өндрөө байнга үздэг. Тэгээд “Ээж ээ би 2-3 сантимерт өсчихсөн байна” гээд бөөн баяр болдог сон. Бид ч баярлаж байгаа мөртлөө “Одоо болно оо, миний хүү” гээд инээлддэг байлаа.

Хүү минь “NBA-ийн хамгийн өндөр тоглогч Яао Миний рекордыг эвдэнэ” гэж ярьдаг байлаа. Тэр л хүүгийн минь хамгийн сайхан хүсэл, мөрөөдөл байсан байх. Би хүүгээ өдөр, өдрөөр өсөж, өндөр болоход нь үнэндээ гайхдаг байсан. Бас дэлхийгээс том хүүтэй юм шиг санагдаад сайхан байдаг байлаа. “Хүн бүхэнд минийх шиг хүү заяахгүй дээ” гэж бодохоор нулимс аяндаа урсдаг юм. Гэхдээ би ханагар сайхан хүүгээ одоо ч үргэлж дэргэдээ байгаагаар бодож, төсөөлж, зүүдэлдэг. Хүүгээ бурхан болсноос нь хойш их гансарч, санаж байна даа, эгч нь. Саяхан ах, эгч, дүү нартай нь газар дээр нь очиж, эргэчихээд ирсэн.

-Та хүүдээ дээл оёж  байв уу. Хэдэн метр даавуу ордог байсан бэ?

     -Гутал, хувцсаа ихэвчлэн Америк, Англи, Германаас захиалдаг байсан. Монголоос богино түрийтэй гутал, монгол гутал захиалгаар хийлгэж байсан. Аравдугаар ангиа төгссөнөөс хойш дан захиалгын хувцас өмсдөг болсон. Хүүдээ 10 орчим метр даавуугаар дээл оёж өгч байсан. Түүнийг нь музейд өгсөн. Хүү минь хожуу нэг даавуун өмд захиалгаар хийлгэсэн, түүнийгээ ганц, хоёрхон удаа л өмссөн байх. Ихэвчлэн биеийн тамирын өмд, цамц өмсөнө. 56, 58 размерын гутал өмсдөг болохоор гадаадаас захиалахаас өөр аргагүй.

-Том биетэй хүмүүсийг, бөхчүүдийг их иддэг гэж хүмүүс ойлгодог. Хүү нь хоолондоо хэр сайн байсан бэ?

    -Хүмүүст хүүгийн минь идэж, уух, өмсөж, зүүх, ахуй амьдрал нь их сонирхолтой санагддаг байсан. Энэ тухай хүн бүхэн асууж, сонирхдог юм. Хүү минь бусдын л адил иддэг, бодож, сэтгэдэг байсан. Цуйван, буузанд их дуртай. Нэг дор 15 бууз идчихдэг байсан санагдана. 

-Хүүг нь машиндаа, ТҮЦ-т багтдаггүй байсан гэдэг юм билээ. Энэ мэтчилэн хүүдээ тохиолдож байсан сонирхолтой дурсамжуудаас нь ярьж өгөөч?

     -Хүү минь монгол гэрт орохдоо хөлөө түрүүлж тавиад, гэдийж орно. Тийм болохоор манайх байшинд амьдардаг болсон. Хуучны төмөр цагаан орны өмнө сандал тавьж байгаад хөлөө тавьж унтдаг байлаа. Сүүлдээ дандаа газар унтдаг болсон.

Нэг удаа автобусанд суугаад явж байхад нь тасалбар түгээгч нь “Хөөе, чи сандал дээрээс буу. Яагаад сандал дээр зогсоод байгаа юм” гэж загнасан гэдэг. Хүү минь сууж байгаа мөртлөө автобусанд зогсож яваа хүмүүсийн дундаас сандал дээр зогсчихсон юм шиг харагддаг байсан гэхээр аргагүй өндөр байгаа биз.

Хүүгээ машинд дуртай болохоор “Марк-2” загварын машин авч өгсөн. Машиндаа арай гэж багтаад суудлаа хойш нь тулгачихдаг байлаа. Тэгэхээр ард нь хүн сууна гэж байхгүй. Жижиг машины гаднаас хүүгийн минь толгой харагдахгүй гар, цээж нь харагддаг болохоор цагдаа нар их зогсоож, шалгадаг байсан гэдэг.

-Хүү нь сагсан бөмбөгөөс гадна урлагт авьяастай, хошин шог, кинонд тоглож байсан юм билээ. Уран бүтээлийн санал хэр их ирдэг байсан бэ?

     -Хүү минь “Тушаал” уран сайхны кинонд тоглож байсан. Бас дуучин Баттулгын ээжийн тухай дууны клипэнд надтай хамт тоглож байлаа. Түүнээс хойш хүүд минь уран бүтээлийн санал их ирдэг байсан. Даанч тэр болгонд нь зөвшөөрөөгүй. Өөрт нь төвөгтэй санагдсан байж мэднэ.

-Хүү нь хэдэн онд Улаанбаатарт ирсэн бэ. Сагсчин болох гараа нь юунаас эхлэлтэй вэ?

     -2002 онд Биеийн тамирын дээд сургуульд суралцахаар хотод ирсэн. Тухайн үед сагсчин Ц.Шаравжамц хүүг минь “Өндөр, гоц хүүхэд байна. Тийм болохоор танай хүүхдийг сонирхолтой спортоор нь хичээллүүлж, дасгалжуулъя. Ийм сайхан хүнийг суманд байлгах хэрэггүй” гээд биднээс аваад явсан юм. Тэгээд хүү минь тэднийд амьдарч, Энхийн-Од, Мөнхийн-Од хоёртой ижилсэж өгсөн. Хүү минь удалгүй Шараваатай сагсан бөмбөгийн “Лидер” багт хамт тоглодог болж, яг л ах, дүү шиг болцгоосон доо. Шаравааг нэг удаа Америкаас ирэхэд нь Рагчаа өөрөөс нь өндөр болчихсон байсанд нь ихэд гайхаж, баярласан гэдэг. 

-Та хүүгийнхээ сагсан бөмбөгийн спортоор гаргасан амжилтыг нь ярьж өгөөч. Өндрөөрөө дэлхийд дээгүүр бичигддэг байсан уу?

     -Хүү минь 2000-2004 онд Дархан-Уул аймгийн сагсан бөмбөгийн шигшээ багт тоглож байгаад 2004 оноос Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-т “Монгол Даатгал” компанийн “Лидерүүд”, “Бридж” констракшны “Баянзүрх буллз” багт тоглож, 2004-2005 оны сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн алтан медаль, улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. 2004 онд “Их Монголын алтан од” өргөмжлөл хүртэж байсан бол 2006 онд АНУ-ын Чикаго хотод болсон “Дэлхийн хамгийн өндөр хүн” шалгаруулах тэмцээнд оролцож, нэгдүгээр байрт шалгарч, Монгол орныхоо нэрийг гаргаж байлаа. Хүүгийн минь амжилтын түүх монгол хүн бүрийн сэтгэлд бахархал болон үлдсэн. Хүү минь дэлхийн хамгийн өндөр хүмүүсийн тоонд зүй ёсоор тооцогдож, өндрийн хэмжээгээр дэлхийд дөрөвдүгээрт бичигдсэн түүхэн хүн байлаа шүү дээ. Сүүлийн үеийн залуучууд хүүгийн минь тухай төдийлөн сайн мэдэхгүй байх. Хүү минь “Монгол даатгал”, “Лидер”, “Баянзүрх буллс” багт тоглож лигийн алт, мөнгөн медаль хүртэж, шигшээ багийн өмнөөс хэд хэдэн удаа олон улсын тэмцээнд оролцсон спортын мастер байлаа. Жавхлант суманд хүүгийн минь нэрэмжит спортын талбай бий. 

-Хүү нь сагсан бөмбөг тоглохоос өөр ажил хийж байсан уу?

     -Хүү минь сургуулиа төгсчихөөд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “Женко” ХХК-д Харуулын албаны даргаар ажиллаж байсан. Х.Баттулга хүүг минь орон сууц, ажил, төрлөөр хангаж, дэмжиж байсан. Тийм болохоор би Х.Баттулгад их баярлаж явдаг даа. 

-Хүү нь  27 насандаа ослын улмаас бурхан болсон байдаг. Тухайн үед чухам юу болсон талаар та ярьж болох уу?

     -Тухайн үед аавынх нь бие тааруу байсан юм. Энэ тухай сонсоод ажлаасаа чөлөө аваад, эгч, дүү хоёрыгоо хоёр хүүхэдтэй нь аваад гарсан байдаг. Тэгээд Дархан явах замд буюу 61-ын гарам өнгөрөөд том оврын автомашинд мөргүүлж, осолдсон юм. Хотоос гарахдаа “Ээж ээ, бид хотоос гарч байна. Та цуйван хийж байгаарай” гэж ярьсан. Надтай ярьснаасаа хойш удалгүй осолд орж, машинтайгаа хоёр, гурван удаа өнхөрсөн гэсэн. Бусад нь машинаас шидэгдэж, азаар эсэн мэнд үлдсэн. Жижиг машинтай явсан болохоор хүүгийн минь гар, хөл тулчихаад яаж ч чадаагүй юм шиг байна лээ. Тухайн үед хүзүү, нуруу, гар нь хугарсан байсан. Эмнэлгийн анхан шатны тусламж авч чадаагүй, газар дээрээ бурхан болсон. Хөл, гар нь хугараад ч болтугай эсэн мэнд үлдсэн бол гэж үргэлж боддог. Бас хүүг минь залгамжлах үр, хүүхэд үлдээгүйд нь харамсдаг.

-Та ямар мэргэжилтэй вэ. Насаараа сумандаа ажиллаж, амьдарч байна уу?

    -Би Жавхлант сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Хань минь мөн насаараа автотээврийн жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Хань минь өнгөрсөн жил өвчний улмаас бурхан боллоо. Хүү минь аавтайгаа их адилхан хүүхэд байсан. Одоо би тэднийхээ хойноос буян үйлдэхийг хичээхээс өөрийг хийж чадахгүй л сууна даа” хэмээсэн юм. 

       Мөн тэрбээр “Хүү минь бусдын нүдэнд туссан сайхан хүн байсан болохоор хүний нүдний хор,  цагаахан атаархлаас болж биднээс арай эрт явчихсан байх” гэж боддог. Тийм сайхан хүү төрүүлчихээд би бусдаас харамлаж мэддэггүй, тоодоггүй байснаа хожуу ухаарсан. Шувуу хүртэл өндгөө дарж, нууж, харамладаг шүү дээ. Гэтэл би хүүтэйгээ хамт өдрөөс өдөрт өндөр болоход нь баярлаж, дэгдэж, дэрвэж явснаас хайрлаж, хэл амнаас сэрэмжилж чадсангүй дээ. Хүн аливааг дандаа хожимдож ухаарах юм даа” хэмээн гэмшингүй ярьсан юм. Хэрэв Д.Рагчаа агсан өнөөдөр бидний дунд байсан бол 40 настай ханагар эр ээжийнхээ сэтгэлийн нар нь болж, өдөр өдрөөр өсөж байсан шигээ гэрийнхнийгээ  баярлуулж, улсынхаа нэрийг өндрөөс өндөрт бадруулж явах байсан нь гарцаагүй билээ.

 

МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-06 05:59:35
    Цэнд: Х.Баттулга их тусч сайн өөдрөг сэтгэлтэй сайн хүн юмаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-04 07:58:57
    ХАНДАА: УМ МА НИ БАД МЭ ХУМ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-03 12:15:56
    Ооноо: Харамсалтай юм бээ.сайхан хүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-01 10:15:39
    З.Ойдов: Монгол орондоо дахин төрөөрөй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-29 19:22:47
    Л.Лянхуа: Зурагтаар л харж сонин сэтгүүлээс мэдээлэл авч байсан, хошин шогийн тоглолтонд оролцож байсныг харсан тэгээд гадаад руу явчихсан юм байх гэж бодож байтал саяхан бурхан болсныг сонсоод их л харамссан даа . Монгол улсын бахархал болсон хүү байсан юмсан Ум ма ни бад мэ хум
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-29 19:19:54
    Л.Лянхуа: Зурагтаар л харж сонин сэтгүүлээс мэдээлэл авч байсан, хошин шогийн тоглолтонд оролцож байсныг харсан тэгээд гадаад руу явчихсан юм байх гэж бодож байтал саяхан бурхан болсныг сонсоод их л харамссан даа ..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-29 16:22:45
    Цацралмаа: Манайхтай хөрш залгаа айл.Сэржээ энч мундаг сайхан сувилгч даа.аав ээжтэй ммнь олон жил хөрш найз нөхөд орж гараадл явцгаадаг.Рагчаа дүүг хамт нэнэн сургуульд байхын мэднэ.багадаа жаахан хөдөлгөөнтэй сахилгагүй шар хүү байлаа .намайг Цацөө эгч гээл хөөрхөн таарах болгондоо инээгээдл мэндэлдэг хөөрхөн хүү бсн.сүүлд намайг хүнтэй суугаад сэлэнгэд ирээд нэг жил болж бхд сэлэнгиин хуучин захын нэг лангууны ард сууж бсиин.хүүё сайнуу Рагчаа гээл бид2 мэндэлсэн.тэгсэн лангууны араас босож ирсэн хүүхэд юу вэ аймаар өндөр болс Чихсон би бүр гайхсан гээч.Суманд байхдаа хзүхдүүдтэй их эвсэг сагс их тоголдог хүүхэд байсаан.Бурхан болсныг сонсоод би их шоконд орж маш их харамсаж билээ.Сайн аав ээжиин сайхан хүү бурханд хэрэг болсон юм байлгүйдээ.эрт гэгч нь явсан даа хөөрхии.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-29 16:04:56
    Монгол хүн: Сайхан хүн байжээ. Ум ма ни бад ми хум
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-29 11:30:13
    ;;: .
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188