• Өнөөдөр 2024-10-15

Б.БҮЖМАА: МАНАЙ АНГИЙНХАН НАМАЙГ "БАГШ АА, ПАМБАГАР ЦАГААНАА ӨМСӨӨЧ, ХӨЛ ЧИНЬ ДААРАХГҮЙ БАЙНА УУ" ГЭДЭГ БОЛСОН

2023-12-17,   2962

     ӨДӨРЖИН ГАЛ ТҮЛДЭГ БОЛОХООР ХӨӨ, ТОРТОГ БОЛСОН ХАЛТАЙСАН "ЮМ" ГЭРТЭЭ ОРДОГ

     Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын сурагчид -40 хэмийн хүйтэнд нуурын мөсөн дээгүүр 3-4 километр алхаж сургуульдаа хүрдэг. Тэд цан хүүрэг болсон гэж жигтэйхэн, нүд, сормуус нь дэрвийтлээ хөлдчихсөн "амьтад" өмссөн хувцастаа түүртэн барин арайхийж хичээлдээ амждаг гэнэ. Нэг, хоёрдугаар ангийнхныг ангийн багш нь угтан авч, битүү багласан хувцсыг нь тайлалцахгүй бол тэд бээрчихээд хөдөлж чаддагүй ажээ. Хувцас тайлсан даруйд нь цан, цас нь хайлж, ороолт, малгай нь угаачихсан юм шиг нордог учир галд ээж хатаадаг гэнэ. Тэд өвлийн ийм тэсгим хүйтэнд жавар сөрж, эрдэм өвөртлөхөөр сургуулийн галч, ангийн багш хоёрынхоо үүрийн 05:00 цагаас  галлаж  дулаацуулсан тэр жижигхэн модон сургууль руу, анги руугаа  яаран яаран тэмүүлдэг байна. Тэдний нэг хэсэг нь Б.Бүжмаа багштай 2в ангийнхан. Тэд хэнд ч "Бид гал түлэхээс нааш дулаацдаггүй хүйтэн ангид сурч байна. Тэр холоос цан, хүүрэг татуулан барин ирлээ" гэж гомдоллодоггүй. Харин сум, сургуулийн байгаа байдлыг ойлгож, хэрхэн дулаахан, тухтай хувцастай сурч, боловсорч болох вэ гэдгийг хэдийнэ олчихжээ. Багш нь нэг өдөр эсгий гутал ямар дулаахан байдаг тухай, багадаа өмсөж хичээлдээ явдаг байсан тухайгаа ярихад л ангийнхан нь маргаашнаас нь эсгий гутал өмсөж эхэлснээр 10-хан хоногийн дотор Б.Бүжмаа багшийн 25 сурагч бүгд эсгий гутал, ноосон майкаар жигдэрчээ. Одоо тэд хэний ч ангийнхнаас илүү тухтай эрдэм номоо сурч байна. Ийн ангийнхандаа үлгэрлэж чадсан Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2в ангийн багш Б.Бүжмаатай холбогдож, цөөн хором ярилцлаа. 

-Танай ангийнхны эсгий гутал, ноосон майкаар жигдэрсэн зураг олон нийтийн сүлжээнд цацагдаж, олны анхаарал, хайрыг ихэд татаж байна. Та хүүхдүүдээ ямар санал тавьсан юм бэ?

       -Манай сумын сургууль, захиргаа, цэцэрлэг, эмнэлэг гээд бүгд галладаг. Манай сумын бага сургууль 10 ангитай, дунд сургууль мөн 10 ангитай. Өглөө 05:00 цагт сургуулийн хоёр галч ангиудыг галлаж, 08:30 цагт багш нарт ангийг хүлээлгэж өгдөг юм. Бусад сумаас харьцангуй хүйтэн мөн галлагаагаар дулаацдаг учраас хүүхдүүдийн хөл, гар даардаг. Гал түлэхгүй хэсэг азначих юм бол тэдний уруул, ам нь хөхрөөд гар, хөл нь бээрээд бичиж чаддаггүй. Гал түлэхээр хүүхдүүд “Багшаа хөл даараад байна. Хөлөө галд дулаацуулж болох уу” гэцгээдэг юм. Тэгээд би хүүхдүүдийн хөл их даардаг юм байна даа. Яавал тэдний хөл даарахгүй бол гэж бодож байгаад нэг өдөр би хүүхдүүддээ багадаа өмсдөг байсан эсгий гутлынхаа тухай ярьж өгсөн. Хүүхдүүд ч "Тийм гутал байдаг юм уу. Ямар гоё юм бэ" гэхээр нь би тэднийг "Эсгий гуталтай хичээлдээ  ирж болно шүү” гэж хэлсэн. Гэтэл хүүхдүүд маргаашаас нь ганц хоёроороо өмсөөд ирсэн байхаар нь самбарын өмнө гаргаж байгаад бусдынх нь өмнө “....эсгий гутал өмсөөд ирсэн байна. Ямар хөөрхөн харагдаж байна аа. Сайн байна” гэж магтсан юм. Багшдаа “Ямар хөөрхөн харагдаж байна аа” гэж хэлүүлсэн хүүхдүүд бөөн баяр болж, өдөр ирэх тусам эсгий гуталтай ирэх нь нэмэгдснээр 10-хан хоногийн дотор манай ангийнхан эсгий гуталтай болцгоосон. Би хүүхдүүдээ "Маргааш гэхэд бүгд эсгий гуталтай ир" гэж шаардаагүй. Эсгий гуталны тухай ярьж өгтөл манай ангийнхан аав, ээжээсээ эсгий гутал нэхсэн байгаа юм. Ангийнхаа хүүхдүүдийг эсгий гутлаар жигдэрч чадсанд би ч бас баяртай байгаа. Хамгийн гол нь, хүүхдүүдийн минь хөл даарахгүй болж байгаа нь хэчнээн сайхан байна гэж санана. 

-Бусад багш нар болон ангийнхан танай ангийнхнаас үлгэр жишээ авсан уу?

       -Би багш нарт эсгий гутлыг санал болгосон. Зарим нь хүлээж аваад, зарим нь “Эцэг, эхчүүд нь хүүхдээ ямар хувцастай явуулахаа мэдэх биз дээ” гээд тоогоогүй.

Одоогоор манай ангийнхнаас үлгэр жишээ авсан анги байхгүй. Бусад ангийнхан манай ангийн хүүхдүүдийг эсгий гуталтай байна гэж шоолдог гэсэн. Манай ангийнхан түүнийг нь тоодоггүй юм билээ. Үйлдвэрийн гуталнаас нь илүү дулаахан байна гээд хүүхдүүд дуртай өмдөг.

-Танай ангийнхан мөн ноосон майкаар жигдэрсэн байсан. Та санал болгосон уу?

      -Манай эцэг, эхчүүд хүүхдүүдээ ноосон майкаар жигдрүүлье гэдэг санаачлага гаргасан. Энэ улирлын бага боловсролын уриа бол "Дулаан хувцас мянган эрдэм" гэсэн. Хүүхдүүдээ дулаан байлгах тал дээр тал бүрээс нь анхаарсны хүчинд манай ангийнхан бүрэн хичээлдээ суудаг болсон. Өмнө нь заавал 2-4 хүүхэд ханиадтай гэх шалтгаанаар хичээлдээ ирдэггүй байлаа. Хүүхэд дутуу байхад шинэ хичээл заах боломжгүй байдаг. Бас хүүхдүүдээ бүрэн ирэхийг нь хүлээсээр хичээлээ заахгүй байж болохгүй. Манай ангийнхан шиг хичээлдээ бүрэн ирж байгаа анги тун цөөхөн байх. Дулаан хувцасны ачаар хичээлдээ бүрэн суухаас гадна, ханиад томуу хүрэхээс сэргийлж чадаж байгаа.

-Танай суманд эсгий гутал зардаг юм уу. Ангийнхан нь богино хугацаанд яаж эсгий гутлаар жигдэрч чадсан юм бэ?

       -Манай сум 10 дэлгүүртэй. Ганц, хоёрт нь эсгий гутал ирсэн юм шиг байна лээ. 45-65 мянган төгрөгийн үнэтэй байна гэсэн. Бүгд л аав, ээжээсээ миний ярьж өгсөн эсгий гутлыг нэхсэн гэсэн. Зарим нь өнгөрсөн жил өмсөөд муутгасан эсгий гутал чинь л байна шүү дээ. Өөр гутал байхгүй гэхэд нь "Ул наагаад өг" гэж байгаад аав, ээжээрээ гутлаа засуулж байгаад өмсөөд ирсэн байна лээ. 

-Тэгэхээр танай ангийнхан хоцрогдолгүй жигд сайн байгаа гэсэн үг үү?

     -Тийм ээ. Одоогийн байдлаар минутад 100-с доош уншдаг хүүхэд байхгүй. Бүгд хүрдээ цээжилж байгаа. Манай анги “Зөв монгол хүүхэд” уралдаанд сум, бүсээсээ шалгарч, аймагт оролцсон.

-Та өдөрт хэдэн удаа галаа сэргээж, түлдэг вэ. Модноос өөр түлээ түлдэг үү?

     -20-30 минут тутамд гал түлдэг. Манай анги модноос өөр түлээ түлдэггүй. Мод болохоор амархан илчээ алддаг юм. Өдөржин гал түлдэг болохоор хөө, тортог болсон халтайсан “юм” гэртээ харьдаг. Орой ангиа түгжээд гарах хүртлээ гал түлж байгаад явдаг. Гэсэн ч би багшийнхаа ажилд хайртай, дуртай хэвээрээ.

-Зуухны ойролцоо хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан хаалт байдаг уу?

    -Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан зүйл юу ч байхгүй ээ. Бид хүүхдүүдээ сайтар харах үүрэгтэй. "Гал руу нэгнийгээ түлхчих вий, гараа дулаацуулах гэж байгаад түлчих вий" гэж байнга анхааруулдаг. Манай эцэг, эхчүүд манай ангийнханд томхон түлээний авдар хийж өгсөн. Түүн дээр овоолсон модоо өдөржин түлээд л дуусгадаг даа.

-Та хэдэн жил багшилж байна вэ?

     -Би төрөлх сургуульдаа 10 дахь жилээ багшилж байна. Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд есдүгээр ангиа төгсчихөөд, Рэнчинлхүмбэ суманд арваннэгдүгээр ангиа төгсөж, МУБИС-д бага анги, монгол хэлний багшаар суралцаж, төгсөөд сумандаа ирсэн. Багадаа гал түлдэг ангид сурч, боловсорсон бол одоо ч мөн адил галаа түлээд хүүхдүүдэд хичээлээ зааж байна.

Миний ээж орос хэлний багшаар ажиллаж байсан. Ээж минь миний өмнө гал түлээд хичээлээ зааж байсан бол би удахгүй хүүхдийнхээ өмнө гал түлээд хичээл заахаар байна.

-Танай суманд халаалттай сургууль барьж өгөх талаар яригддаг уу?

     -Л.Мөнхбаатар гишүүн 2020 оны сонгуулиар "Шинэ сургууль барьж өгнө" гэж сонгуульд нэр дэвшсэн. 2024 оны төсөвт манай суманд сургууль барьж өгөхөөр тусгасан байна лээ. Гэхдээ хэзээ барьж, бүрэн ашиглалтад орохыг нь мэдэхгүй байна.

-Танай суманд шөнөдөө хэдэн хэмийн хүйтэн хонож байна вэ. Та хүүхдүүдээ дулаан орчинд сурч, боловсрох эрхийг нь  хэрхэн хангаж, анхаарна гэж бодож байна вэ?

     -Манай суманд -43 хэм хүйтэн хонож байгаа. Би паартай шинэ сургууль баригдах хүртэл хүүхдүүдээ эсгий гутал буюу памбагарыг нь өмсүүлнэ гэж бодож байгаа.

Хүүхдүүд минь доороосоо даарахгүй дулаан байвал эрүүл мэндэд нь хэрэгтэй. Хүүхдүүд минь намайг өөр гуталтай хичээлдээ очихоор “Багш аа, та памбагар цагаан гутлаа өмсөөч ээ. Хөл чинь даарахгүй байна уу” гэцгээдэг. Тийм болохоор заримдаа эсгий гутал өмсдөг.

-Танай суманд сурах бичгийн хүрэлцээ, хангамж хэр байна вэ?

     -Дунд ангийнхан түрээсийн сурах бичиг хэрэглэдэг. Бага ангийнханд номыг нь цаанаас нь олгож байгаа. Гэхдээ оны зөрүүгээс болж хичээлийн агууллага өөрчлөгддөг нь багш нарт хичээл заахад төвөгтэй байдаг.

-Алслагдсан сумын сургуулийн багшийн хувьд танд яамныханд болон төр засгийнханд хандаж хэлэх үг байна уу?

     -Эцэг, эхчүүддээ хандаж хэлэхэд, хүүхдүүддээ сайн анхаарал тавьж бай. Үүнээс гадна хүүхдэдээ хичээл зааж байгаа багшийг хайрлаж, хүндэлж сурмаар байна. Өнөө цагийн хүмүүс багшийг үл тоосон, хүндэтгэлгүй харьцдаг болжээ. Энэ цалин авч байгаа юм чинь ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн байдлаар ханддаг нь зохисгүй байдаг гэж хэлмээр байна.

-Баярлалаа. Танай ангийнханд амжилт хүсье.

    -Баярлалаа. 


Б.БҮЖМАА: МАНАЙ АНГИЙНХАН НАМАЙГ "БАГШ АА, ПАМБАГАР ЦАГААНАА ӨМСӨӨЧ, ХӨЛ ЧИНЬ ДААРАХГҮЙ БАЙНА УУ" ГЭДЭГ БОЛСОН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 16:05:48
    Соно: Бо сайд Энх-Амгалан Хөвсгөлөөс сонгогдсон МСС үүсгэн байгуулагч баян гишүүн биз дээ.Идэж ууж суухаар Хөвсгөлөөс сонгогдсон гишүүд хүн бай л даа.Хэддүгээр зуун бэ арай ч дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-13 16:25:43
    zochin: Yasan xuurxun xair xurmeer bagsh suragchid ve Bagsh suragchidiin xoorondiin xaluun dotno xariltsaa tednii bie bienee demjij uramshuulj baigaa unexeer gaixaltai baxarxuushtai Udaxgui ta buxen xaluun dulaan xalaalttai toxilog surguuliin bairtai bolno gedegt naidaj baina
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188