• Өнөөдөр 2025-05-09

БИЛЭГИЙН ДАМДИНСҮРЭНГИЙН ЗЭЭ ХҮҮ Л.ЭНХЦОГТ: Өвөө хар үүрээр хөгжмөө тоглоод, хоногт гурван хайрцаг тамхи татаж, өтгөн хар байхуу уугаад суучихдаг байлаа

2022-04-16,   2860

            Монголын хөгжмийн урлагийн тулгын чулууг тавилцаж, Төрийн дууллыг нь зохиолцсон, аялгуу хөгжмийн жим гаргагч, нэвтэрхий толь, дуурийн урлагийг үндэслэгч, “Хэнтийн өдөр ууланд” симфонийн сод бүтээгч Билэгийн Дамдинсүрэн одоогоос 30 жилийн өмнө бидний дунд амьдарч байлаа. Харин 30 жилийн өмнөөс ...”Билэгийн Дамдинсүрэн энд амьдарч байлаа” гэх дурсгалын самбар, Монголын урлагт өөрийг нь тамгалж үлдээсэн сод бүтээлүүд нь түүнийг төлөөлж, бидэнтэй цуг оршиж байгаа билээ.

Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, удирдаач Билэгийн Дамдинсүрэнгийн зээ хүү Лхаасүрэнгийн Энхцогттой өвөөгийнх нь талаар хуучилснаа уншигч таны өмнө дэлгэж байна. Тэр өвөөгийнхөө тухай ярих гээд, өвөөтэйгөө холбоотой дурсамжийг уудлах гээд битүүхэн гунигтай хоёр хөлөө савчуулан, буурал үсээ байн байн хойшлуулан сууна.

             -Сайхан хаваржиж байна уу, та. Таныг таны өвөөгийн мэндэлсний 100 жилийн ойгоос хойш буюу гурван жил хайлаа. “Дамдинсүрэн сан”-гийн тэргүүнээрээ ажиллахаа больчихсон юм уу?

             -Тавлаг сайхан хаваржиж байна. Сангийн ажил ч дээ, өвөөгийн мэндэлсний 100 жилийн ойгоос хойш дорвитой хийсэн ажилгүй л байна. Тэргүүнээр нь манай дүү ажилладаг юм. Би хөгшинтэйгөө хэдэн ач, зээ нараа хараад олны хөлөөс холхон л амьдарч байна даа. Нас жаахан яваад олны хөлөөс жаахан зугтах амиатай л байна шүү. Чамайг нэгэнт таарсных гэж бодоод асуусан асуултад чинь хариулахад бэлдээд байж байя даа. 

              -Монголын хөгжмийн их суутан Билэгийн Дамдинсүрэн гэвэл алтан үеийнхэн төдийгүй энэ цагийнхан андахгүй. “Билэгийн Дамдинсүрэн энд амьдарч байлаа” гэх товч бөгөөд тодорхой хариулт түүнийг амьдралынхаа сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод өнгөрөөснийг илтгэнэ. Гэхдээ чухам аль нутгийн хүн байсан талаар яриагаа эхлүүлэх үү?  

              -Миний өвөө Билэгийн Дамдинсүрэн говийн хүн байлаа. Гэхдээ өвөө 1919 онд Төв аймгийн Сэргэлэн сумын чигтээ Үнэгтий, Довын голд төрж, өссөн юм билээ. Өөрийнх нь яриагаар яах аргагүй Сэргэлэн сумын уугуул. Өвөөгийн аав нь Цэгмид гэж хөгшин Өмнөговь аймгийн гаралтай хүн байсан гэсэн. Тэгээд Өмнөговь аймгаас Сэргэлэн сумын нутаг руу нүүж, суурьшиж, тэд тэр нутгийн хүмүүс болсон гэсэн. Өвөөгийн аав нь Таван замын байлдаанд Манлайбаатар Дамдинсүрэнгийн хороонд байлдаж явсан дайчдын нэг нь. Тэгээд өвөөг жаахан байхад нь бурхан болж, миний өвөө ээж, хоёр дүүтэйгээ бага залуу насаа өнгөрөөсөн дөө. Жаахан байхдаа ааваасаа өнчирч хоцорсон учраас ээжээрээ овоглосон юм билээ. Өвөө Лувсандорж, Цэрэндорж гээд хоёр дүүтэй байлаа. Том дүү нь бол өөрийнх нь төрсөн дүү мөн. Харин Цэрэндорж гэдэг нь өргөмөл байсан юм билээ. Өвөөгийн ээж нь өлгийтэй байхад нь гандангийн хүрдэн дээрээс олж, хүн болгосон юм гэсэн. Тухайн үед хүрдэн дээрээс хүүхэд олох юу ч биш байж дээ. Тийм нийгэм байлаа шүү дээ. Тэгээд минийх, чинийх гэхгүй өсгөчих сэтгэлтэн олон байсан байгаа юм. Миний өндөр эмээ тэдний нэгэн адилаар хоёр хүүгээ гурав болгоод өсгөсөн хүн. Өвөөгийн том дүү Лувсандорж нь Дундговь аймгийн Адаацаг суманд насаараа мал маллаж амьдарсан нэгэн. Харин бага дүү нь Дуурийн театрын жижиг хэрэгслийн нярваар ажиллаж байгаад бурхны оронд одсон гэдэг.

Өвөөгийн ээж нь өлгийтэй байхад нь гандангийн хүрдэн дээрээс олж, хүн болгосон юм гэсэн

                   -Улаанбаатар руу хэзээ орж ирсэн юм бол?  

              -Өвөөг тав, зургаан настай байхад нийслэлийг бараадсан юм шиг байна лээ. Өвөө зургаан настай байхдаа Төв ганданд ламхай болж шавилан суусан гэдэг. Тэгээд дөрөв, таван жилийн дараа ламхайгаа больж, ээждээ тусалж эхэлсэн гэдэг юм билээ. Өвөөг тав, зургаан настай байхад л нийслэлд орж ирээд гэрийнхэн нь нутаг буцаагүй юм гэсэн дээ.

                   -Яагаад ламхай болсон юм бол. Тэгэхээр таны өвөөгийн бага, залуу нас гандангийн дэнжид л өнгөрч дээ?

               -Тухайн цаг үе нь тийм байсан юм болов уу даа. Магад амьдрал нь тарчиг бор байсан болоод ч тийм зам сонгосон байж болох юм.  Өвөө цээж сайтай, нэг харсан, сонссон юм аа мартана гэж байхгүй. Тийм учраас ламхай болсон ч байж мэдэх. Төв гандангийн Жанрайсиг шүтээний зүүн урдхан талд хурууны хээтэй дуганы багана байдаг даа. Тэнд миний өвөө хүүхэд байхдаа шавилан сууж, ламхай болж байсан түүхтэй. Одоо ганц өндөр багана үлдчихсэн байгаа харагддаг. Өвөөгийн хүүхэд нас нь гандангийн ойролцоо, ганц том дуганы дэргэд өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. Тэндээ л өдөржин байж, номоо сурч, үеийнхэнтэй тоглож, наадаж өссөн байх даа. Гандангийн дэнжид дөрөв, таван жил болоод 10, 11 настай байхдаа ламхайгаа больж, хар бор ажил хийж эхэлсэн гэдэг. Мөн энэ хугацаандаа бага сургуулиа дүүргэсэн байгаа юм. Өвөөг ганданд шавилан суухаа больсны дараа удаагүй байхад нь “Монгол тээх” гэж байгуулагдаж, тэнд сантехникч, ачигч, туслах жолооч, жолоочоор ажиллаж эхэлсэн юм билээ. Өвөө их том биетэй, биерхүү байсан учраас хүүхэд гэлтгүй хүнд, хүчир ажлыг ажрахгүй хийж байсан гэсэн.

-Туслах жолооч, ачигч, сантехникч байсан хүү яаж яваад урлагт хөл тавьчихсан юм бол. Тэгээд бүүр болоогүй Ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, удирдаач болчихсон түүх сонин байх нь дээ.  Хэн түүнийг урлагийн замд хөтөлсөн юм бэ?  

                 -Өвөө хаанаас ч юм олсон хуучин лимбээрээ бага сага оролдож, ганц, хоёр ая дардаг болсон байсан гэсэн. Айлын хашааны завсраас эвдэрхий лимбэ олж, додомдож өөрийн болгож авсан гэж ярьдаг байх аа. Тэгээд нэг намар хамар хашааны айлынхаа найран дээр алдарт хуурч Д.Түдэв гуайн лимбийг зориглон авч, ая тоглосон юм билээ. Тэр үед томчуудын хараанд өртөж, урлагт хөл тавьж байсан түүхтэй. Найрын үеэр хуурч Д.Түдэв гуай өвөөг урамшуулж, “Хөөрхөн лимбэддэг, сонсголонтой хүү байна. Маргааш Төв театрт яваад очиж шалгуулаарай” гэж хэлсэн гэсэн. Ингээд л урлагийн хүн болох замынх нь эхлэл тавигдсан байх гэж би хувьдаа ойлгож, боддог. Улсын төв театрт шалгуулж, дагалдан хөгжимчнөөр ажилд орж алдарт хуурч Д.Түдэв, С.Түвдэн, лимбэчин Л.Маам, шанзчин Д.Ишдулам, О.Дашдэлэг нараар хөгжимдөх арга ухаан заалган суралцсан эхэлсэн гэдэг. Өвөө төрөлхийн суут авьяастай. Тэр авьяасыг нь суутнууд нээж, өнгөлж өгсөн байгаа юм. Хэрэв өвөө тэр айлын найран дээр очоогүй бол, айлын хашаанаас лимбэ олоогүй бол ямар ч хүн болох байсан юм билээ. Айлын найран дээр алдарт хуурч Д.Түдэв, С.Түвдэн гуайтай таарсан нь их аз шүү. Өөрөө ч үүнийгээ ярьдаг байсан даа.

-Өвөө, эмээ хоёр тань хэдэн онд ханилж, таны ээжийг өлгийдөж авсан байдаг юм бэ. Таны ээж ганц охин нь гэдэг шүү дээ?

             -Тийм ээ, миний ээж өвөөгийн ганц охин нь. Манай эмээ Цэрэндулам гэж Бөмбөгөр ногоон театрын хөгжимчин хүн байсан юм билээ. Тэд тэр үед л танилцаж, гэр бүл болоод ганц охинтой болсон нь миний ээж. Эмээ хийл, хуучир зэрэг утсан хөгжим тоглодог байсан гэсэн. Харамсалтай нь, залуудаа өөд болж, өвөө, ээж хоёр нялхаараа өнчирч хоцорсон байгаа юм. Эмээгээс хойш миний өвөө хүнтэй ханилаагүй, ганцаараа насыг барсан даа. Амьдралынхаа бүхий л цаг хугацааг охиныхоо төлөө өнгөрүүлж, охиныхоо төлөө л амьдарсан хүн. Залуу улсад ярьсан юм бишгүй л байдаг байлгүй. Ямартай ч өвөө ганц охиноо хойд ээжийн гар харуулахгүй гэх хатуу зарчмыг барьж амьдарсан. Тэрэндээ ч хүрсэн. Эхнэрээсээ хар залуугаараа өнчирч хоцроод, ганц охиноо хүний дайтай хүн болгоё л гэж бодож явсан байх гэж боддог.

-Таны өвөө ямар зан араншинтай хүн байсан бэ. Хатуу чанга хүн шиг санагдлаа?

Л.Энхцогт өвөөгийнхөө хамт 

            -Ганц охиныхоо, ач, зээ нарынхаа хувьд уул шиг түшигтэй хүн байсан юм шүү. Хоол унд сайхан хийнэ. Балчир хүүхдүүдтэй тоглож, тэднээр наадаж, алиалах, хошигнох дуртай хүн байлаа. Байгалийн сайхныг мэдрэх, ан амьтдыг харж сэтгэлээ баясгах дуртай байсан даа. Өөрөө ан хийгээд байхгүй ч амьтдад дуртай, заримдаа эрчүүдтэй явж ан хийхэд нь хамт нүдээ хужирлаж, сэтгэлээ баясгадаг байсан. Өвөө биерхүү, том хүн хэрнээ усанд сэлэх дуртай. Бид сүүлд өвөөг 60 нас дөхчихсөн байх үед нь гол руу хамт явсан юм. Тэр үед өвөө жараахайнаас ч хурдан сэлж байгаа юм шиг санагдсан шүү. Тийм л овсгоотой, сэргэлэн хүн байсан юм. Гэхдээ өвөө яггүй чанга хүн байлаа. Бидний тоглох тоглоомыг хязгаарлана, бүх зүйл цагийн хуваарийн дагуу байна. Би түүний хамгийн том зээ хүү нь учраас ихэнхдээ хань бараа болж очдог байлаа. Тэгээд өвөө хичээл тарснаас хойш тэдэн минутын дараа гэртээ ирсэн байх ёстой гэдэг байлаа шүү дээ. Өвөөгийн үгийг үг дуугүй биелүүлэх нь бидний үүрэг. Энэ мэтээр бид өвөөдөө багагүй чангалуулдаг байсан. Гэхдээ тэглээ гээд муудсан юм ер байхгүй. Өвөө Сонгинын амралтад очиж их амардаг байсан. Түүнд зориулсан тусгай өрөөтэй, хөгжим хэрэгсэл нь цөм байдаг байсан юм.

-Та өвөөгийнхөө анхны уран бүтээлийн талаар яриа дэлгэхгүй юу. Ер нь урын сандаа хэчнээн бүтээлтэй юм бол?

           -Өвөөгийн анхны уран бүтээл нь Халх голын дайны үе буюу 1939 онд төрж байсан юм билээ. “Халх голын бургас” хэмээх анхны дуугаа өлгийдөж авсан талаар нь баримтад кинонд ч өгүүлсэн байдаг. Түүнээс хойш “Малчид”, “Шинэ жил”, “Сүхбаатарын туг”, “Монгол нутаг”, “Энх тайвны төлөө эхийн дуу” зэрэг  олон ч нийтийн дуу бичсэн дээ. Өвөө 1941-1954 онд Улсын төв театрт хөгжмийн удирдаачаар ажиллаж байхдаа “Шарай голын гурван хаан”, “Хатанбаатар Магсаржав”, “Мандухай сэцэн хатан”, “Талын баатар”, “Амарсанаа”, “Цогийн идэр нас”, “Ийм нэгэн хаан байжээ”, “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Зам”, “Далан худалч” зэрэг хөгжимт жүжгийн аялгууг зохиосон байдаг. Энэ мэт нэрлээд байвал чи ч бичиж барахгүй, би ч хэлж дуусахгүй бүтээл олон бий. Монголын үндэсний анхны дуурь болох “Учиртай гурван толгой” дуурийн хөгжмийг 1942 онд зохиосон байдаг шүү дээ. “Цогт тайж” киноны хөгжмийг 1945 онд Л.Мөрдорж гуайтай хамтран бичсэн байдаг. Л.Мөрдорж гуай өвөө хоёр нэг нутгийн, нэг жилийн хүмүүс. Тэд хамтраад хоёр ч том уран бүтээлийн ард гарсан байдаг билээ. Ер нь олон талаараа хамтарч ажиллаж, найзалж, нөхөрлөж явсан улс даа.

            Мөн өвөө “Нөмрөг хадны цуурай”, “Ичээнд нь”, “Солонгын таван өнгө”, “Хүний сайхан сэтгэл”, “Өнөр бүл”, “Говь Хянганд тулалдсан нь”, “Сахиул уу, сахиус уу”, “Фронтод явах өргөдөл”, “Ацаг шүдний зөрөө”, “Хөх өвсний нуур хөлгүй”, “Сэрүүн дуганы мөхөл”, “Аянгат цагийн дууль”, “Эцгийн голомт” зэрэг киноны хөгжмийг хүмүүс андахгүй байх. Өвөө “Жаргалын зам”, “Тэмцэл”, “Амарсанаа”, “Мартагдашгүй 42 хоног” дууриуд, “Шуурга”, “Нуурын домог” бүжгэн жүжиг, “Хэнтийн өндөр ууланд” хийлийн гоцлол, төгөлдөр хуурын аяз, “Хасбаатар” симфони найраглал, “Миний эх орон” симфони удиртгал зэрэг олон шилдэг бүтээл туурвисан шүү дээ. Түүнчлэн 1950 онд Төрийн дууллыг Л.Мөрдорж гуайтай хамтран зохиосон байдаг. Өвөө уран бүтээлээ ихэвчлэн гэртээ хийдэг байсан юм. Ганцаараа байдаг байсан учраас уран бүтээлээ хийхэд дөхөм, бодож боловсруулахад саад байдаггүй байсан болов уу гэж боддог.

            Өвөө 1935 оноос Улсын Төв театрт хөгжимчин, 1941-1954 онд хөгжмийн удирдаачаар ажиллаж байсан. Цээж сайтай учраас театрт тоглодог бүх жүжгийн бүх дүрийнх нь үгийг цээжээр мэддэг байсан гэсэн. Хаанаас нь ч асуусан бүгдийг нь мэддэг байсан талаар хамт ажилладаг байсан хүмүүс нь ярьдаг байлаа. Тэгээд жүжигчинд нь ар гэр, хувийн, хувьсгалын ямар ч асуудал тулгарсан өвөө хувцсыг нь өмсөөд өмнөөс нь тоглочихдог байсан гэсэн. Үүгээр ч зогсохгүй өвөө циркийн номер үзүүлдэг, жүжиглэдэг, тал бүрийн авьяастай хүн байсан юм.

-Төрийн дууллыг зохиосон талаар нь та яриад өгөхгүй юу?

             -Нууц нэртэй уралдаан зарласан байдаг юм билээ. Тэр уралдаанд өвөөгийн хөгжмийн эхлэл хэсэг, Л.Мөрдорж гуайн дахилт, сүүл хэсэг нь уралдаан зохион байгуулагчдад таалагдсан юм шиг байна лээ. Маршил Чойбалсан “Энэ хоёр уран бүтээлийг нийлүүлчихвэл их аятайхан дуулал бий болох нь” гэж ярьсан гэдэг. Тэгээд тэр хоёрыг хөгжмөө нийлүүлж өг гэсэн юм гэнэ лээ. Өвөө Л.Мөрдорж гуай дээр очоод “Миний цээж хэсэг, чиний бөгс хэсэг сайн байна гэнэ. Явж нийлүүлж өгье” гээд инээж байсан гэдэг. Ингээд л Төрийн дуулал бүтсэн түүхтэй. Түүнийг нууц уралдаанд оролцсоныг нь илтгэх хөгжмийн ноорог нь эх хувиараа манайд байдаг. Өвөөгийн нууц нэр нь шувуу, морь байсан юм шиг байна лээ. Шувуу, морь зураад, “1950 оны хоёрдугаар сар, Монгол Улс, Сүлд дуу” гээд хуучин монгол бичгээр биччихсэн байдаг.

-Таны өвөө ямар бүтээлдээ илүү хайртай байсан бол?

              -“Хасбаатар” симфони найраглалд нь ээж их хайртай, дуртай байсан. Тэгэхээр өвөө энэ найраглалын талаар ээжид аминчхан зүйл захиж үлдээсэн байж магадгүй юм даа. Бусдаар тэр энэ бүтээлдээ хайртай гээд хэлчих зүйл алга аа. Оюун санаа, бодол, тархиа “шатааж” гаргаж байгаа бүтээл бүрдээ л хайртай байсан байлгүй дээ гэж бодох юм. Өвөө ер нь охиндоо ч зориулсан уран бүтээл хийгээгүй хүн шүү. Миний ээжийн нэр орсон, ээжид зориулсан бүтээлийн талаар би лав сонсож байгаагүй. Өвөө хамгийн сүүлд “Чингүнжав” дуурь бичиж байсан гэдэг. Бидэнд хэлэхдээ дуусгачихсан гэсэн. Гэхдээ бид өнөөдрийг хүртэл хайгаад олохгүй байгаа.

-Өвөөгийнхөө гэр рүү орохоор юу үнэртдэг байсан бэ, танд. Уран бүтээлээ туурвих зуршил нь юу байсан бол?

               -Зохиолоо ихэвчлэн үүрээр бичдэг байлаа, өвөө. Өвөө 04:00 цаг гэхэд босчихсон, хөгжмөө дуугаргаад л сууж байдаг байсан. Дөчин мянгатын байрных нь хөршүүд өвөөг андахгүй. Хөршүүд нь заримдаа “Унтуулахгүй байна” гээд бухимдана, зарим нь хөгжмийн дуунаар “Өглөө 06:00 цаг болчихсон байна” гээд орноосоо ховх үсэрч босоод, 04:00 цагт ажилдаа явчихсан байдаг байлаа шүү дээ. Гэтэл нөгөө дээд давхрынх нь хөгжимчин өвгөн нь хөгжмөө нүдсээр байгаад хүмүүсийг буруу цагт босгочихсон байгаа юм. Ийм инээдтэй, хөгжилтэй, дурсамжтай түүх олон бий. Өвөө байгальд гарч, байгалийн салхи, дуу чимээнээс уран бүтээлийнхээ сэдэв, санааг сорчлон түүдэг байлаа. Өвөө хоногт гурван хайрцаг тамхи татаж, маш өтгөн баахуй цай уудаг байсан. Тэрийгээ зүгээр ч нэг  уухгүй лимонтой ууна. Заримдаа бор дарс хүртэнэ. Өвөөгийн гэрт тамхины үнэр гүн шингэчихсэн байдаг байлаа. Хөгжим, орны толгой, түүний гар хүрч болох бүхий л эд зүйлс тамхины цогонд түлэгдчихсэн байгаа харагддаг байсан. Одоо ингээд бодохоор өтгөн хар цай, гүн шингэсэн тамхины үнэр л түүнийг санагдуулж, түүнтэй хамт байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байна даа. Өвөөгийнхөө тамхинд л гүйж хүн боллоо шүү дээ. Хоногт гурван хайрцаг тамхи татдаг байсан гэхээр намайг хэдий хэр тамхинд гүйснийг гадарлахад дөхөм байх болов уу (инээв). Өвөө сүүлд киноны хөгжим их бичсэн дээ. Надад хэлэхдээ “Киноны хөгжим маш хэцүү” гэж байсан. “Яагаад хэцүү байгаа юм бэ. Та том хэмжээний бүтээл хийдэг хүн шүү дээ. Киноны богинохон ая хийхэд хэцүү нь юу байна вэ” гэхэд “Тэр тусмаа хэцүү. Киноны тэрүүхэн хэсэг зурваст, 4-5 секунтын дотор л хүмүүний сэтгэлийг хөдөлгөх ая бүтээнэ гэдэг амар биш” гэж хэлж байсан.

Өвөө хоногт гурван хайрцаг тамхи татаж, маш өтгөн баахуй цай уудаг байсан.

-Өвөө тань 13 дугаар хорооллын байрандаа хэзээ нүүж очсон байдаг юм бэ?

                -Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад гуай ярьж, хөөрч байж өвөөд хоёр өрөө байр авч өгч байсан юм. 13 дугаар хорооллын гурван өндөр дөнгөж ашиглалтад орж байхад нь миний өвөө нүүж очиж байсан. Өвөө амьдралынхаа сүүлийн жилүүдийг тэр байрандаа өнгөрүүлж, тэндээ насан эцэс болсон доо. Тэгээд хоёрдугаар байрных нь булан дээр “Билэгийн Дамдинсүрэн энд амьдарч байсан” гэж бичсэн байдаг юм. Өвөөгийн тэр байранд одоо манай дүү амьдардаг. Тэр байрны ойролцоо очихоор өвөөтэй холбоотой дурсамж, намайг хичээлээ тарж очихыг хүлээж байдаг байсан дүр нь нүдэнд харагдаад байдаг юм. Би ч тэгээд наймдугаар ангиа төгсөөд өвөөдөө бага очсон хүн дээ. Их сургууль, оюутан, амьдрал ахуй гэж явсаар өвөөдөө очих минь багассан. Нэг бодлын наймдугаар ангийн хүүхэд юу гэж л гэрт тогтох вэ дээ. Одоо өөрөө хөгшрөөд, том болсон ач, зээгээ хараад, өвөөгийнхөө сэтгэлийг ойлгох шиг л болж байна.

-Өвөө тань хойно сургуульд сурч байсан юм билээ. Яагаад сургуулиа төгсөөгүй юм бол. Энэ талаар танд юу гэж хэлж байсан бэ?

             -Өвөө 1954-1956 онд ЗХУ-ын Ленинград хотноо Н.А.Римский-Корсаковын нэрэмжит хөгжмийн дээд сургуульд хөгжмийн зохиолчийн ангид О.С.Чишко багшийн удирдлага дор суралцсан. Хоёр жил сургуульдаа суралцаад, хэрэг тариад Монголдоо буцаж ирж байсан юм билээ. Оросын нэг цагдааг алгадаад, хэрэг мандуулсан гэж ярьдаг бил үү дээ. Эх орондоо ирээд гурван жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэдэг. Тэгээд ялаа эдлээд, жил гаруйн хугацаанд суугаад байхад нь Улс хувьсгалын хэдэн жилийн ой гэлээ дээ, ямар ч гэсэн тэгш ой болсон юм билээ. Ойн тоглолтыг найруулах хүний эрэлд гарсан гэдэг. Маршил Чойбалсан “Тоглолт найруулах хүн хэн байна” гэхэд тухайн үеийн Соёлын сайд нь “Та өөрөө шоронд хийчихсэн шүү дээ” гэх утга бүхий зүйлийг ярьж, өвөөг хугацаанаас нь өмнө суллаж байсан гэсэн. Тэгээд наадмын дараа Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт уран сайхны удирдагчаар томилогдож байсан гэсэн. Хөдөөгийн драмын театрыг театрын хэмжээнд болгоод буцаад БНХАУ-ын Бээжин хотноо Хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангийг дүүргэсэн. Ингэхдээ нэг инээдтэй юм байдаг нь миний ээж, өвөө хоёр БНХАУ руу сургуульд явахдаа нэг ангид хэлний бэлтгэлд сууж байсан гэдэг.

-Танай уудамд өвөөгийн тань хөгжмийн нотыг үргэлжлүүлж буй хүн бий юү?

              -Урлагийн салбарт арын хаалга гэж байдаггүй гэж би боддог. Одоогийн байдлаар манай удамд урлагт хөл тавьсан хүн алга байна. Цаг нь ирэхээр төрөх нэг нь төрөх л байх гэж горьдох юм.

-“The voice Mongolia” шоуны шилдэг оролцогч Э.Дашнямыг танай удмын хүн гэдэг юм билээ. Өвөөгийн тань зээ хүү гэсэн шүү дээ?

             -Э.Дашням гэж залуугийн тухай би сонсож байсан. Гэхдээ яг ямар учиртай хүн бэ гэдгийг нь бид мэдэхгүй. Бид нэг ч удаа уулзаж үзээгүй, биесээ танихгүй хүмүүс. Бидний мэдэхээр өвөө ганцхан охинтой л байсан. Гэхдээ ганц бие залуу эр хүнд нууж байсан зүйл байсан үгүйг бид мэдэхгүй шүү дээ. Ямар ч байсан өвөөг амьд байхад, ээжийг эсэн мэнд байхад хэн нэгэн ирж уулзаж байгаагүй. Төөргөөрөө болох байлгүй л дээ гэж бодож сууна. Өөрөөр ч надад ярих зүйл алга даа. Товчхондоо бол бид бүл цөөтэй хүмүүс...

...”Билэгийн Дамдинсүрэн гэх суут хүмүүний үр садтай хийж буй ярилцлага энэ хүрээд өндөрлөлөө. Учир нь, Л.Энхцогт ах Ардын жүжигчин Д.Чимэд-Осорын хүү Ч.Баатарт “Хүний сайхан сэтгэл” киноны гар бичмэлээр бичсэн нотыг эх хувиар нь хадгалуулахаар яарч байсан юм...

 


БИЛЭГИЙН ДАМДИНСҮРЭНГИЙН ЗЭЭ ХҮҮ Л.ЭНХЦОГТ: Өвөө хар үүрээр хөгжмөө тоглоод, хоногт гурван хайрцаг тамхи татаж, өтгөн хар байхуу уугаад суучихдаг байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-04 18:19:03
    MONGOLIA NEWS: Сайн мэдээ! Энэ нь Нэгдсэн Үндэстний Байгууллага нь COVID 19-ийн санхүүгийн нөлөөлөлд өртсөн хүн бүрт ECT BANKS-аар дамжуулан 205,000 долларын санхүүгийн бизнесийн дэмжлэг үзүүлж байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. Сонирхсон өргөдөл гаргагч [email protected] WhatsApp хаягаар өргөдөл гаргана: + 19083082601 АНУ-ын НҮБ-ын Төлбөрийн нэгжийн албанаас
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-16 19:05:44
    Зочин: Энхцогт гэдэг энэ хүний өвөөтэйгээ хамт гэрийн гадна авахуулсан зураг нь тэр Дашням гэж войс оф монголиад орж байсан залуугийн царайтай их төстэй л юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 15:27:38
    Хүрэлбаатар: Гарамгай хүн, гайхамшигт бүтээл! Одоогоос 40 шахам жилийн өмнө би Тэрэлжид гадаадын арав гаруй хүнийг дагалдан яваад , автобус эвдэрч засварлах зуур тэд нар уйдаад, энд тэнд хэвтээд байхлаар нь авч явсан хөгжим тоглогчоороо Хэнтийн Өндөр Уулс аяыг тоглуултал, бүгд босон харайн ирээд намайг тойроод зосчихож билээ...Тийм увьдастай ая, өөр хэлэх үг алга.....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 15:27:37
    Хүрэлбаатар: Гарамгай хүн, гайхамшигт бүтээл! Одоогоос 40 шахам жилийн өмнө би Тэрэлжид гадаадын арав гаруй хүнийг дагалдан яваад , автобус эвдэрч засварлах зуур тэд нар уйдаад, энд тэнд хэвтээд байхлаар нь авч явсан хөгжим тоглогчоороо Хэнтийн Өндөр Уулс аяыг тоглуултал, бүгд босон харайн ирээд намайг тойроод зосчихож билээ...Тийм увьдастай ая, өөр хэлэх үг алга.....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 11:12:32
    Дами: Зээ охин Сувдаатай хамт сурч байлаа: Их том биетэй, сайхан хоолойтой Сүрлэг хүнийг харж байлаа.Охинтой нь хамт ажиллаж байлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-13 22:28:07
    Эрдэнэчулуун: Энхцогтыг сайн танина.утсыг олж өгч чадна миний утас 99001922
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-13 13:56:57
    Энхбаатар: Дамбийнямд: ergelt.mn хэмээх цахим хуудасны ажилтнаас энхцогтыг лавлан асууж уулз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-12 12:16:13
    Дамбийням: Энхцогтыг яаж олж уулзах вэ бид 2 хар багын найз сайнаар яривал садан болох улсууд бгаа юм уулзалгүй бараг 50 жил боллоо саяхан 1 утасны дугаар олсон тэр нь болохгүй юм
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188