- Сайн байна уу, улсын баяр наадамд түрүүлсэнд баяр хүргэе. Түрүүлсэн агшинд юу бодогдож байв?
- Сайн байна уу, баярлалаа. Түрүүлсэн тэр мөч үнэхээр мартагдашгүй байсан. Аав маань миний барилдахыг ирж үзсэн. Салют буудаж, үзэгчид алга ташиж, ах дүүс маань утсаар баяр хүргээд үнэхээр сайхан байсан. Бас нэг зүйлд их бэлгэшээсэн нь би энэ удаагийн наадамд улсын заан Б.Серик ахынхаа дээлийг өмсөж барилдсан юм. Тэр нь ч надад их урам, сэтгэлийн тэнхээ өгсөн гэж бодож байна.
- Барилдаан дээр ямар мэхийг түлхүү хэрэглэдэг вэ?
-Би голдуу давхар хавах, хонгодох, сугадаж мушгих мэхийг барилдаандаа хэрэглэдэг. Энэ удаагийн наадамд долоо давж түрүүлэхдээ ч ихэнхдээ тэдгээр мэхийг ашигласан. Сүүлийн даваанд Говь-Алтай аймгийн бөх Тэмүүлэнтэй барилдсан. Тэр барилдаанд давхар хавах мэхээрээ амжилт гаргаж, түрүүлж чадсан.
- Цагаан сарын бөхийн барилдаанд улсын начин Амарсайхантай барилдаж байгаа бичлэг олон хүнд хүрсэн. Тэр үед юу болсон юм бэ?
- Тэр үеийг одоо бодоход өөрт минь их сургамжтай. Цагаан сарын барилдаан дээр том бөхчүүдийн тоо дутсан учраас биднийг дундаас оруулсан юм. Нэгийн даваанд улсын начин Амарсайхантай таарсан. Мэдээж их туршлагатай, хүчтэй бөх болохоор хичээгээд л барилдсан ч унасан. Гэхдээ тэр барилдаанаас олон зүйл сурсан. Хожим нь бичлэг нь олон хүнд хүрээд хүмүүс “Сайхан барилдсан байна шүү” гэж хэлэхэд их урам орсон.
-Үндэсний бөхөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
- Миний өвөө Б.Журнай аймгийн начин хүн. Намайг таван настай байхад анх үндэсний бөхийн бэлтгэлд явуулж байсан. Түүнээс хойш тасралтгүй бэлтгэл хийж ирсэн. Бас улсын заан Серик ах маань миний үеэл ах. Бага байхаасаа ахынхаа барилдааныг үзэж, дотор нь орчихсон мэт догдолж сууж өгдөг байлаа. Ах маань уначихаар “Өнөөдөр бөх үзэхгүй” гээд гомдсон хүүхэд шиг гараад явчихдаг байлаа шүү дээ. Тэгээд л “Би заавал бөх болно” гэж боддог байсан. Голд нь бас морь уях гэж үзсэн. Энэ зун морио уяж байтал Серик ах ирээд “Чи бол морь уяад явах хүн биш ээ” гээд намайг авч явсан даа /инээв/.
- Танайх ам бүл хэдүүлээ вэ?
- Манайх ам бүл наймуулаа. Би дээрээ хоёр ахтай, нэг дүүтэй. Ах нар маань чөлөөт бөхөөр хичээллэдэг. Багаасаа бид гурав хоорондоо ноцолдож, бие бялдраа хөгжүүлдэг байлаа. Ах нар, ээж аав, ойрын хүмүүс маань бүгд намайг урамшуулж, дэмждэг. Энэ бүхэн намайг бөх болох хүсэл тэмүүлэлд түлхэц болсон гэж боддог.
ӨСВӨРИЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛСЭН Р.ОМАР: УЛСЫН НААДАМД Б.СЕРИК АХЫНХАА ДЭЭЛИЙГ ӨМСӨЖ, БАРИЛДААД ТҮРҮҮЛСЭНДЭЭ БЭЛГЭШЭЭЖ БАЙГАА |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |