“Монголд очиж үзэх юм сан. Саруул талаар нь салхи татуулан давхих юм сан” гэж хэчнээн жил бодон бодон, аялалд зориулж мөнгө хадгалж байж ирсэн жуулчин “Энэ Монголд чинь бие засах ч газар байдаггүй юм уу. Яах гэж тэр холоос энэ хүртэл ирэв ээ” гээд говьд оччихоод уйлж байсан гэдэг. Жил болгон л “Жуулчин авна, жуулчин татна. Ирсэн болгонд нь хонь бэлэглэнэ” гэж ярьдаг ч бодит байдал дээр Монголд ирсэн жуулчид уйлахаас наагуур болоод буцдаг. Тэднийг дагуулж очсон байгаль, уул, ус, ургамал, хад нь хүртэл сайхан ч даанч тэр сайхан болгоныг тойроод битгүү хог, ялгадас, хоолны үлдэгдэл, түүн дээр шавсан ялаа, шумуул гээд хүний буруутай үйлдлээс болсон бохир заваан байдал нь жуулчдын сэтгэлийг гонсойлгодог. Үнэндээ тэд Улаанбаатар хотоос гараад хэдхэн километр давхиад зутарч эхэлдэг. Ядаж л тухтай бие засах газаргүй, аятайхан хоол аваад идчихье гэхээр тэнгэр тулсан үнэтэй. Дээрээс нь гадаадын жуулчдыг "шулах" гэсэн монголчуудын дээрэлхүү, шуналтай зан тэднийг дахин Монголд ирэхээргүй болгоод буцаадаг нь бодит үнэн. Сүүлийн жилүүдэд дугуйтай аялагчид Монголоор их явдаг болсон. Хөдөөнийхөн жуулчдыг буцах мөнгөгүй болтол нь дээрэмддэг, газрын зураг, камер, унадаг дугуйг нь хулгайлдаг, "өгөхгүй" гэвэл эвхэрч унатал нь зодож байгаад булаадаг, өмсөж яваа цамц, гутлыг нь хүртэл үнэгүй авах гэж улайрдаг зэрлэг, балмад зангаасаа салаагүй байна. Жуулчдыг зодож, нүдээд явгалах, халаасыг нь хоослох бол энүүхэнд болжээ. Хамгийн аймар нь, эмэгтэй жуулчдыг хойд, урдаас нь татаж чангаадаг, тэвэрч, үнсэх гэж хүч хэрэглэдэг, хүчингийн гэмт хэрэг ч жил бүрийн зун нэмэгддэг гэнэ. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл, Монголд аялж байсан гадаад эмэгтэй өөрийгөө бэлгийн дарамтад өртсөн тухай олон нийтийн сүлжээгээр цацсан.
Дотоод, гадаадын жуулчдын саатах дуртай эл газар өдгөө “Элсэн жорлон” болж хувирсан тухай нутгийн болон жуулчид ярьж байна. Тус газарт очиход бие засах ариун цэврийн газар байхгүй учир аялагчид элсэн манхан дунд бие засч, түүнийгээ элсээр булдаг нь нууц биш аж. Мөн тус газарт хоолны гэр ажиллуулдаг бизнес эрхлэгчид ойр орчмын хогийг цэвэрлэх бүү хэл нэмж хог тарьж, байгальд бие засаад элсээр булдаг байна. Үүнээс болоод салхитай үед элс шуурч доороос нь нойлын цас гарч хийсэх явдал жирийн нэг үзэгдэл болсон гэнэ. Энэ бол ердөө л нэг жишээ. Иймэрхүү газраар гадаадын жуулчдыг дагуулаад аялахад сэтгэлд нь хүрэхгүй нь мэдээж.
Жуулчдын үзэхийг хүссэн байгалийн үзэсгэлэнт газар очиход энхэл донхолтой замаар давхиж, элэг бөөрөө доргитол явдаг. Монголд жуулчид ирээд аялж зугаалах, цэнгэх, буудаллаж хоноглох, үзвэр үйлчилгээг тэгш хүртэж чаддаггүй. Тэр дундаа хөдөө орон нутагт аялал жуулчлалын сал¬бар огт хөгжөөгүй гэхэд болно. Ялангуяа модон жорлонгийн асуудал Монголын зорьж ирсэн гадаадынхны нүдийг бүлтийлгэхэд хүрдэг. Ойр орчмоор нь нойлын цаас хөглөрч, хоолны үлдэгдлээ овоолж хаяснаас үүдэн өмхий үнэртэж, зуны халуунд хамаг ялгадас нь нүдэнд ил харагдаж, ялаа, батгана шавж үнэр танар нь хэтийдсэн модон жорлонгоор үйлчлүүлэхэд гадаадынхан огьж бөөлжөөж уйлах шахам болдог байна. Үүнээс гадна жуулчдад хөтөч хийж яваа залуус замдаа архидаж хоорондоо зодолдож нэгнийгээ гэмтээж байсан тохиол хүртэл бий. Тиймээс жуулчдыг чанартай газраар зөв болсон үйлчилгээтэй газраар аялуулдаг больё. Тэгэхгүй бол бид муу нэр зүүж, дэлхийд шившиг болох нь ээ. Юу юугүй жуулчид ороод ирнэ, ядаж модон жорлонгоосоо салаад хүлээж байх юмсан даа, Б.Батбаатар сайд аа.
Гадны улс орнууд авто замын дагуу 100 км тутамд дэлгүүр, цайны газар, боловсон ариун цэврийн өрөө, хогийн цэг, хөнгөн хоол, зуушны мухлаг, авто засварын газар, сүүдрэвч, сандал ширээ, амрах цэг, шатахуун түгээх станцыг байгуулсан байдаг. Тэр битгий хэл амрагчдын очиж буудлах цэгүүдийг тодорхой заан өгч, зам, зогсоолыг тохижуулан, цэвэр ус, цахилгаан авах, хог хаягдлыг хаях цэгийг бий болгосон байдаг. Гадаадын жуулчид яг л тийм боловсон орчин угтана гэж бодоод иртэл бие засах газар ч олдоггүй ичгэвтэр байдалтай угтдаг. Дотоодын аялагчдын очдог газруудад боловсон ариун цэврийн газар, био “ОО” байхгүйгээс иргэд дуртай газраа хүндэрч, “ОО”-ийн цаасны хог болон ялгадасыг бий болгож байгаа билээ. Энэ бүхнийг ил модон жорлонгоор шийдэж байгаа нь үнэхээр оновчгүй арга. Хөрс, гүний усны ундаргыг бохирдуулж, цэвэр агаарыг шивтэр, шээсний өмхий үнэр, хортон шавьж, нян, бактер үржүүлэн бохирдуулах үндэс болдог. Төр засгийн бодлого, төлөвлөлт, зохицуулалтгүй байдлаас болж байгаль сүйрч дуусах шинжтэй. Сэтгэлгүй хүмүүсийн хийсэн ажил нь салхинд хийсэн шавар, шавхайтай холилдож, бодлогогүй шийдвэр нь бороонд урсаж байна. Үерийн уснаас үлдэж буй зүйл нь бөөн хог. Бохир нян, бактертай шавар л байгаа. Орчин үед дэлхий дахины хөгжлийн ерөнхий чиг хандлага нь зохистой хэрэглээ бүхий байгаль орчин, нийгэм, соёлд ээлтэй ухаалаг соёлтой аялал, жуулчлалыг өөр өөрсдийн улс орны өвөрмөц онцлог шинж төрх, нөөц баялагаа хадгалах замаар хөгжүүлэх шинжтэй болж байх юм. Гэтэл манай улсын аялал , жуулчлал, тэр тусмаа дотоодын аялал жуулчлал ямар ч хайхрах эзэнгүй, хариуцсан яамны бодлогогүй “Урсгалаараа” хөвж явна.
ЖУУЛЧИД ӨМХИЙ ҮНЭРТСЭН МОДОН ЖОРЛОН, ХОГOНДОО ДАРАГДСАН ТАЛ ҮЗЭХ ГЭЖ ИРЭЭГҮЙ ШҮҮ, Б.БАТБААТАР САЙД АА |
|
2025-07-25 11:32:18
2025-07-25 11:25:06
2025-07-25 11:13:43
2025-07-25 11:03:35
2025-07-25 11:00:36
2025-07-25 10:57:00
2025-07-25 10:40:03
2025-07-25 10:31:56
2025-07-25 10:21:35
2025-07-25 10:13:00
2025-07-25 09:59:51
2025-07-25 09:55:29
2025-07-25 09:31:31
2025-07-25 08:54:45
2025-07-25 08:41:06
2025-07-25 08:07:49
2025-07-25 07:45:16
2025-07-25 07:00:47
2025-07-25 07:00:00
2025-07-25 07:00:00
2025-07-25 07:00:00
2025-07-25 07:00:00
2025-07-25 07:00:00
2025-07-25 07:00:00
2025-07-25 06:00:00
2025-07-25 06:00:00
2025-07-24 19:10:13
2025-07-24 19:02:52
2025-07-24 17:03:02
2025-07-24 15:50:11
2025-07-24 15:41:01
2025-07-24 15:10:02
2025-07-24 15:09:50
2025-07-24 15:06:35
2025-07-24 15:04:36
2025-07-24 15:02:11
2025-07-24 12:50:24
2025-07-24 12:23:51
2025-07-24 12:02:55
2025-07-24 11:49:40
2025-07-24 11:41:47
2025-07-24 11:41:31
2025-07-24 11:11:37
2025-07-24 11:01:36
2025-07-24 10:36:28
2025-07-24 10:19:31
2025-07-24 10:01:00
2025-07-24 09:58:37
2025-07-24 09:54:06
2025-07-24 09:51:07
2025-07-24 09:46:30
2025-07-24 09:35:42
2025-07-24 09:04:54
2025-07-24 08:23:36
2025-07-24 08:11:52
2025-07-24 08:03:46
2025-07-24 07:47:11
2025-07-24 07:00:00
2025-07-24 07:00:00
2025-07-24 07:00:00
2025-07-24 07:00:00
2025-07-24 07:00:00
2025-07-24 06:00:00
2025-07-24 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |