• Өнөөдөр 2024-05-13

Н.АЛГАА: Хайгуулын ажлыг эрчимжүүлэхгүй бол хөрөнгө оруулалт татах уул уурхайн төсөл алга

2021-06-09,   672

-Ашигт малтмалын тухай хуулийг бүхэлд нь шинэчлэх хуулийн төслийг УУХҮЯ ирэх намар УИХ-д өргөн барина-

Уул уурхайн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын талаар Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч асан Н.Алгаатайтай ярилцлаа.

-Уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал хэр байгаа талаар яриагаа эхлүүлье?

-Геологи, уул уурхай хамт яригдах учир эрдэс баялгын салбар гэх нь зөв байх. Өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ гэхээр геологи, хайгуулын ажил их удаан өрнөж байгаа. 2018 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгодог болсноос үүдэн энэ үйл ажиллагаа удааширсан. Тус хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө өргөдөл, сонгон шалгаруулалт гэсэн хоёр аргаар олгодог байсан шүү дээ. Сонгон шалгаруулалт зарлахад 30 хоног шаардана. Дараа нь орон нутгаас зөвшөөрөл авна гэх зэрэг их хугацаа шаардсан ажил. Хайгуулын ажил үндсэндээ зогсонги байдалд орчихсон байгаа. Тиймээс уул уурхайн төслийн ажил байхгүй гэсэн үг. Орд газраа олж байж хөрөнгө оруулна шүү дээ. Тэгэхээр уул уурхайн салбарт хөрөнгө оруулъя гэвч бэлэн болсон төсөл алга байна. Том “Тавантолгой”-гоос өөр юм байхгүй. Ураны орд газруудад гаднын хөрөнгө оруулалт хийгдэхгүй байна. Ураны ганц төслийг ашиглалтад оруулах гээд “Арева”-тай хэчнээн жил зовж байгаа билээ. Дорнод аймгийн Мардайн ураны уурхай зэрэг бусад ураны төслүүд зогсчихсон. Цөмийн энергийн тухай хуулинд Монгол Улс өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн эсэхээс хамаарч, тухайн орд эзэмшдэг компанийн 51-ээс доошгүй хувийг төр эзэмшинэ гэж заасан. 51 хувь нь төрд байхад ямар хөрөнгө оруулалт хийгдэх вэ дээ. Гэтэл “Арева” гэдэг Францын компани хэчнээн жил болж байгаа билээ. Ураны төсөл нь урагшлахгүй байна. Том Тавантолгой яах вэ, хүчээр явж байна. Өөр уул уурхайн төсөл алга. Хайгуулын ажил зогсчихоор хөрөнгө оруулалт дуудаад дуудаад төсөл нь байхгүй учир орж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр хайгуулын ажлыг эрчимжүүлэхгүй бол эрдэс баялгын салбарт хөрөнгө оруулах төсөл алга.

-Ашигт малтмалын тухай хуулийг дөрөв дэх удаагаа шинэчлэн найруулах гэж байна. Энэ ажил ямар шатанд яваа вэ?

-Зэс, алтны хэд хэдэн дунд хэмжээний ордуудын хайгуулын ажил дуусах гэж байна. Оюутолгой, Тавантолгой шиг томоохон хөрөнгө оруулалт татах хэмжээний орд бол биш. Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилье гээд ажлын хэсэг байгуулсан.

Монгол Улсын Үндсэн хуульд стратегийн ач холбогдол бүхий орд газруудын үр шимийг ард түмэнд хүртээх чиглэлээр нэмэлт өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулах ёстой. Өөр бусад хуулиудад мөн адил өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ашигт малтмалын тухай гурав дахь хууль 2006 онд батлагдсан. Үүнээс хойш олон жил өнгөрсөн байна. Энэ хуулинд маш их өөрчлөлт орсон. Барагцаагаар 200 гаруй өөрчлөлт орсон болов уу. Өөрөөр хэлбэл, энэ хууль амьдрах чадваргүй байна гэсэн үг. Тиймээс энэ хууль шинэчлэгдэх гэж байна.

Хэрэв шинэчлэн найруулах Ашигт малтмалын тухай хууль урт хугацаанд өөрчлөгдөхгүй, тогтвортой байж чадвал уул уурхайн хөрөнгө сэргэх магадлал өндөр байна. Гэхдээ төрийн оролцоо бага байж гэмээн хөрнгө оруулалт орж ирнэ.

-Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан гэлээ. Хэзээ УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байна вэ?

-Ашигт малтмалын тухай хууль бүхэлдээ шинэчлэгдэнэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Ашигт малтмалын тухай хууль шинэчлэлт оруулах хуулийн төслийг УИХ-ын ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байна лээ. Амжих үгүйг нь хэлж мэдэхгүй байна.

-Ирэх намартаа багтаад энэ хуулийг бүхэлд нь шинэчилж чадвал үр дагавар нь юу байх вэ?

-Ямар хууль батлахаасаа л хамаарна. Шийдэгдээгүй хэд хэдэн асуудал бий. Хайгуул хийе гэвч орон нутгууд татгалзах асуудал гардаг. Байгалийн баялаг гэдэг орон нутгийн өмч биш шүү дээ. Америкийн 50, Австралийн таван муж зэрэг улс орнууд шиг тус тусдаа хууль, эрх мэдэлтэй байх юм уу. Эсвэл Монгол Улс нэгдмэл улс уу гэдэг асуудал хурц болоод байгаа. Яагаад гэвэл зарим аймгууд “Бид уул уурхайгүй аймаг болно. Манайд байгалийн баялаг байхгүй, олборлохгүй” гээд зарлан тунхаглаад байна. Үүний цаана монголын нийт ард түмний баялаг яригдаж байгаа шүү дээ. Зөвхөн тухайн аймгийн баялаг биш. Үр шимийг нь нийт ард түмэн хүртэх ёстой. Энэ мэт нарийн бодлогын асуудал бий. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг ямар аргаар, түргэн шуурхай олгох вэ. Яаж ил тод байлгах вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг, шаардлагуудыг маш тодорхой зааж өгөх ёстой. Түүнчлэн АМНАТ-ын төлбөр нь аль алиндаа дарамтгүй, тооцоход амархан, хөрөнгө оруулалт татаж байгаа бусад орнуудтай өрсөлдөхүйц хэмжээний хувь хэмжээтэй байх ёстой. Байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал мөн хэл ам дагуулдаг. Өнөөдрийн Ашигт малтмалын тухай хуулийн шүүмжлэл дагуулдаг хэсгүүд бол дээрх ярьсан асуудлууд юм. Мэдээж төрийн болон нийтийн эрх ашиг гэж бий. Хөрөнгө оруулагч болон иргэний нийгмийн ашиг сонирхол гэж бий. Үүнийг ямар нэгэн байдлаар аль нэг талд нь давуу эрх эдлүүлэхгүйгээр, ашиг сонирхолд нь давуу эрх тусгахгүй байж гэмээн хууль урт хугацаанд тогтвортой хэрэгжинэ. Энэ их чухал асуудал. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөл гарсны дараа оролцогч талуудын санаа бодлыг сайн тусгах ёстой. Тодорхой хэмжээгээр нийгмийн зөвшилцөлд хүрэхгүй бол тухайн хууль байнга шүүмжлэлд өртөж, удаа дараа өөрчлөгдөнө. Тэгж болохгүй.

-Ашигт малтмалын тухай хууль гурван ч удаа өөрчлөгдсөн. Ямар учраас тогтворгүй байдаг юм бэ?

-Ашигт малтмалын тухай 1994, 1997, 2006 оны гурван хууль бий. Одоо дөрөв дэх удаагаа шинэчлэгдэх гэж байна. Энэ нь тогтвортой байдал мөн үү гэвэл үгүй. Яагаад ингэж их өөрчлөгдөөд байгаа юм бэ гэвэл үргэлж улс төрийн шийдвэрээр явж ирсэн бөгөөд популизмын нөлөө мөн багагүй байсан. Тэгэхээр энэ байдалд цэг тавих цаг нь болсон. Яагаад гэвэл уул уурхайн салбараас экспортын орлого олох боломж ойрын 10-20 жил үргэлжилнэ. Уул уурхайн бус салбараас экспортын орлого олъё гэвч наад захын жишээ татахад бид малын түүхий эдийг их хэмжээгээр экспортолж чадахгүй байна. Тэгэхээр одоохондоо уул уурхайгаас хараат байхаас өөр аргагүй байгаагаас гадна энэ салбараас ирсэн мөнгө, татварын орлогын зөв менежмент хийх нь чухал юм. Уул уурхайн салбараас орж ирж буй татварын мөнгө төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлж байна. Үүнийг хэнд яаж хүртээх вэ гэдэг чухал. Сүүлийн үед халамж хэлбэрээр их тараадаг боллоо. Хүний хөгжилд зориулж чадахгүй байна.

-Ашигт малтмалын тухай хуулийг бүхэлд нь шинэчилнэ гэвэл эдийн засаг сууриараа хөдлөх нь гэж ойлгох нь зөв үү?

-Хайгуул идэвхжиж, орд газруудыг шинээр нээхэд их хугацаа шаарддаг. Жишээ татахад, Тавантолгойн орд нээгдээд хагас зуун жил болж байж ашиглалтад орлоо. Цагаансуварга орд социализмын үед нээгдсэн болов ч одоог хүртэл ашиглалтад ороогүй байна. Ер нь бол уул уурхайн төсөл эрсдэл ихтэй байдаг. Мөн эрдэс баялгын үнэ улс орны бодлого, бүс нутгийн байдал, эрэлт нийлүүлэлт гэх зэрэг олон хүчин зүйлээс хамаарч таамаглах аргагүйгээр өөчрлөгддөг. Хайгуулын хувьд мөн л 100 хувь эрсдэлтэй. Жишээлбэл, тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа явуулж байтал гэнэт зөвшөөрлийг нь хурааж аваад байвал хэн хөрөнгө оруулах вэ дээ. Ер нь Ашигт малтмалын тухай хууль их хэцүү. Тэр хэрээр эдийн засгийн үр дагаварт нөлөөлж байдаг.

Олон улсад цахилгаан машины үйлдвэрлэл хөгжиж буйтай холбоотойгоор зэс болон газрын ховор элементийн хэрэгцээ их байна. Тиймээс энэ төрлийн ашигт малтмалыг хайж, экспортоо нэмэгдүүлэх нь бас нэгэн боломж юм. Энэ боломжийг алдаж болохгүй.

-Манай улсад цаашид үр ашгаа өгөх стратегийн ямар томоохон ордууд байна вэ?

-Хармагтайн орд дөнгөж хайгуул хийгээд явж байна. Цагаансуварга байж болно. Гэхдээ төрд авна гэж нэг үзээд, авахгүй ч гэж нэг үзээд, бэлэн болчихсон хэрнээ ашиглалтад ороогүй байна. Ийм төсөлд яаж хөрөнгө оруулалт орох билээ. Жижигхэн орд шүү дээ. Тийм ч урт хугацаатай төсөл биш. Богино настай. Хармагтайн ордын хувьд төрийн өмчит, хувийн гэсэн хоёр орд байна. Аль нь Хармагтайн орд гэж яриад байгаа нь юм бүү мэд. Тусгай зөвшөөрөл нь хоёр өөр нэртэй байдаг юм билээ. Дээхэн үед Хармагтайн илрэл гэж байсан. Үүн дээр “Эрдэнэс силвер ресорс”, “Занаду” зэрэг хэд хэдэн компанид тусгай зөвшөөрөл бий.

-Хэруга ордын тухайд бас их яриа гардаг...?

-Оюутолгой ордын 80 орчим хувь нь газрын гүнд байгаа. Үүний нэг нь Хэруга  орд. Түүнд л хүрэх гэж далд уурхайн санхүүжилт гээд мөнгө зараад байгаа юм. Гүний уурхайн олборлолт 2022 онд эхлэх юм бол их хэмжээний хүдэр гаргаж авна.


Н.АЛГАА: Хайгуулын ажлыг эрчимжүүлэхгүй бол хөрөнгө оруулалт татах уул уурхайн төсөл алга
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188