• Өнөөдөр 2025-12-17

БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ

2025-12-17,   49

      Улсынхаа нэрийг дэлхийд шившиглэсэн “домог”-т дипломатуудын дуулиант хэрэг олон бий. Хамгийн сүүлд л гэхэд, Улаан-Үд дэх Консулын газрын атташе Т.Мөнхбат хар тамхи зөөж байгаад Германы цагдаа нарт баригдаж, 2019 онд 3.9 жилийн ял сонссон. Истанбул дахь Дэд консул Б.Баттүшиг дипломат дугаартай машиндаа 70 кг хар тамхи ачаад, Чехээс Герман руу оруулж байгаад баригдаж, 2020 онд 11 жилийн ял авсан. Аав нь Улсын дээд шүүхийн шүүгчээр 11 ажилласан, хүргэн ах нь Батлан хамгаалахын дэд сайд байсан ч Германы шүүхийг яаж ч чадаагүй, Б.Баттүшиг ачигдаж байв. 
 
Тэгвэл дипломатын гэх бас нэгэн том хэрэг 2019 онд дэгдсэн. Тодруулбал, 2019 оны арванхоёрдугаар сард гадаадад суугаа Элчин сайдуудын нэгдсэн уулзалт Улаанбаатар хотод болсон. Уулзалтад оролцохоор Францаар ирсэн Элчин сайд А.Баттөрт АТГ-ынхан хилийн хориг тавьсан байдаг. Хэд хоногийн дараа 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд АТГ-ын мөрдөгчид Франц дахь ЭСЯ-нд очиж нэгжлэг хийсэн. Тодорхой нотлох баримтууд олж авсан тул 2020 оны нэгдүгээр сарын 13-нд АТГ-аас Элчин сайд А.Баттөрийг баривчилсан. Маргааш нь СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Баттөрийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргаж байв. Тухайн үед Франц дахь Элчин сайд А.Баттөр нь визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдийн дансаар дамжуулж авсан, тэр мөнгөө оффшор данс руугаа шилжүүлж мөрийг нь балласан, улмаар усан үзмийн талбайтай эдлэн газар, тансаг байр худалдан авч мөнгө угаасан гэх хэрэгт холбогдсон тул АТГ-ынхан ийнхүү баривчилсан гэгдэж байв. 
 
       Элчин сайд А.Баттөрийн асуудал ингээд дууссангүй. Польш улсын цагдаагийн газраас олон улсад эрэн сурвалжилж буй Монголын дипломат албаны 69 иргэний нэр нийтэд ил болсон. Тухайн нэрсийн жагсаалт дунд Элчин сайд А.Баттөрийн эхнэр Ц.Баярмаа, мөн түүний зөвлөх М.Батсайханы нэр гарч ирсэн. Ингэснээр А.Баттөрийн асуудал улам ч хүндэрсэн. Эхнэр Ц.Баярмаа, зөвлөх М.Батсайхан хоёр нь Европыг хэрсэн хууль бус тамхины “мафи”-ийхантай хамтарч ажилладаг гэх хэргээр Польшийн цагдаагийнханд эрэн сурвалжлагдсан мэдээлэл бий. 
 
Гайхмаар нь, оффшорт мөнгө угаасан гэх асар ноцтой хэрэгт холбогдож, дуулиан шуугиантай баривчлагдсан Элчин сайд А.Баттөрийн хэрэг хэрхсэн нь тодорхойгүй, бүр огт ор мөргүй мартагдсан. Эхнэрийнх нь Польш дахь хэрэг ч мөн ялгаагүй мартагдсан. Өнөөх хилийн хоригтой байсан А.Баттөр Франц руу буцаж яваад, Элчин сайдын бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад 2021 оны долдугаар сард буцаж ирсэн. Буцаж ирээд ч хоосонгүй, Гадаад харилцааны яамны Европ, Африкийн газарт зөвлөхөөр томилогдсон байдаг. 
       Гэтэл дөрвөн жил нам гүм байсан А.Баттөр Болгарт Элчин сайдаар томилогдохоор болжээ. Тэгэхдээ, Гадаад харилцааны сайд А.Батцэцэг өөрөө А.Баттөрийг томилох санал оруулж, зүтгүүлжээ. Мэдээж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 75 жилийн дипломат харилцаатай Болгар руу АТГ-ын хаалга татаж байсан, хэрэг нь хэрхсэн нь тодорхойгүй АН-ын гишүүн А.Баттөрийг яагаад Элчин сайдаар илгээж байгаа вэ, хэний "гуйлга" вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хариулт хайж үзье. 
 
Нэгдүгээрт, 2004-2006, 2016-2017 онд хоёр удаа Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил ажилласан. Ц.Мөнх-Оргил эхнийх дээрээ буюу 2004-2006 онд дэд сайдаараа А.Баттөрийг дэргэдээ авч ажиллуулсан. Учир нь, Ц.Мөнх-Оргил, А.Баттөр хоёр Москвагийн Олон улсын харилцааны сургуулийг 1988, 1989 онд нэг жилийн зайтай төгссөн, нэг нэгнээ эртнээс мэдэх оюутан цагийн найзууд. Дараагийнх дээр нь буюу 2016-2017 онд Ц.Мөнх-Оргил дэд сайдаараа Б.Батцэцэгийг дэргэдээ авч ажиллуулсан. Өөрөөр бол, Ц.Мөнх-Оргил бол А.Баттөр, Б.Батцэцэг хоёрын хэн, хэнийг нь Гадаад харилцааны яамтай холбосон "гавьяа"-тай хүн. Түүний ачаар Б.Батцэцэг Гадаад харилцааны яамтай салшгүй холбогдож, Гадаад харилцааны дэд сайд, сайдаар ес дэх жилдээ ажиллаж буй. Тиймдээ ч Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ц.Мөнх-Оргилийн "ач"-ийг хариулж, өөрийг нь Францад, мөн түүний "гуйлга"-аар оюутны найз А.Баттөрийг нь Болгарт тус тус Элчин сайдаар томилж байж болох юм. 
 
Хоёрдугаарт, А.Баттөр Ховдын уугуул бөгөөд хэзээнээсээ л экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн гэгдэж ирсэн, хоёр насны зөрүүтэй найзууд. Тухайлбал, дээр дурдсанчлан 2004 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болж, Засгийн газартаа Гадаад харилцаааны сайдаар Ц.Мөнх-Оргилыг, дэд сайдаар нь А.Баттөрийг авсан. 2013 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож, улмаар Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар А.Баттөрийг Н.Алтанхуягийн Засгийн газарт Батлан хамгаалахын дэд сайдаар томилуулсан. Тухайн үед Ц.Элбэгдорж гадаад айлчлалдаа Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөрийг тувт дагуулж явдаг байв. Дараа нь, 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнхөө Аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал хариуцсан зөвлөхөөр А.Баттөрийг томилж дэргэдээ авсан. Ингээд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс буухаасаа хэдхэн хоногийн өмнө буюу 2017 оны тавдугаар сард өөрийн зөвлөх А.Баттөрийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоор дамжуулан Францад Элчин сайдаар томилж явуулсан байдаг. Товчхондоо, А.Баттөрийг албан тушаалд дэвших бүрд ард нь Ц.Элбэгдорж байж ирсэн. Тэгэхээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг А.Баттөрийг Болгарт Элчин сайдаар илгээж буй нь Ц.Элбэгдоржийн “гуйлга” ч байж болох юм. 
       Ямартай ч, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг А.Баттөрийг Болгорт Элчин сайдаар томилж буй тодорхой үндэслэл, тэр тусмаа АТГ-т шалгагдаж байсан оффшорын гэх хэрэг нь хэрхсэн, хэрхэн шийдэгдсэнийг нь олон нийтэд тайлбарлах нь зүйтэй биз ээ. 
 

БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188