• Өнөөдөр 2025-12-15

ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ

2025-12-15,   249

       Нийслэлд 247 шатахуун түгээх станц бий. УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын “Сод Монгол”-ын 43, УИХ-ын гишүүн асан О.Содбилэгийн “Петро стар”-ын 39, УИХ-ын гишүүн асан Б.Баттөмөрийн “Тэс”-ийн 38, УИХ-ын гишүүн П.Батчимэгийн ах, дүү нарын “Шунхлай”-н 35 мэтээр. Уг нь Улаанбаатарыг шатахуунаар хэл амгүй хангахад хангалттай тоо. 
 
Тэгвэл АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням доороо шатахуун хариуцсан дөрвөн даргатай ажиллаж байгаа. Нэмэлтээр, Ерөнхий сайд Г.Занданшатарын шатахуун хариуцсан зөвлөх Г.Өлзийбүрэн АҮЭБЯ руу гүйдэлтэй болж, Г.Дамдиннямын хажууд л сууж байдаг болсон. Уг нь шатахууны асуудлыг цэгцлэхэд дарга нарын тоо ч бас хангалттай баймаар. Гэвч шатахуун хариуцсан дарга нар чадваргүйнх үү, эсвэл шатахууны хэдэн магнатууд том толгойтойнх уу, ямартай ч нийслүүд шар нь анивчсан машинтайгаа шатахуун хайж дугаарласаар байна. 
 
1. Ерөнхий сайдын зөвлөх Г.Өлзийбүрэн
 
       Дээр дурдсанчлан, Ерөнхий сайд Г.Занданшатарын шатахууны асуудал хариуцсан зөвлөхөөр Г.Өлзийбүрэн ажилладаг. Зөвлөх төдий ч биш, шатахууны асуудлыг Г.Дамдиннямтай хамт “хариуцаж” байгаа гэх хилсдэхгүй. Хэд хоногийн өмнө АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогчдыг цуглуулж хурал хийхдээ хажуудаа Г.Өлзийбүрэнг суулгачихсан “Та нар хуулийн дагуу ажиллаж чадахгүй зохиомол хомсдол үүсгээд байвал засгаас БЭТ томилуулж чадна. Шатахууны картел үүсгэж байгаа компаниудыг шалгуулна. Ерөнхий сайдын зөвлөх энд ирчихсэн сууж байна шүү” гэж зад загнасан. Шатахууны магнатуудыг загнах гэхээр Г.Дамдинням балчирдаад, Г.Занданшатар зөвлөх Г.Өлзийбүрэнгээ сүр бараа болгож илгээсэн хэрэг л дээ. Том гар гэдэг нь ойлгогдож буй байх. 
 
Ерөнхий сайдын зөвлөх Г.Өлзийбүрэн өөрөө МАН-ынх, харин эхнэр нь АН-ынх буюу УИХ-ын гишүүн С.Одонтуяа. Тиймдээ ч аль ч нам засаг барьсан ажилтай, албан тушаалтай байдаг зальтай ч, зайтай ч эр. Жишээ нь, Г.Өлзийбүрэн Нийслэлийн МАХН-ын хорооны дэд дарга байсан. Тэр байтугай, Сү.Батболдын Засгийн газрын үед “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захиралд яригдаж байлаа. Гэтэл 2012 онд АН засаглаж эхэлмэгц Газрын тосны газрын даргаар томилогдсон. Хэдэн жил сураг алдарч байгаад өмнөх Засгийн газарт АН-ын сайд буюу АҮЭБ-ийн сайд Ц.Тувааны зөвлөхөөр ажилласан. Засгийн газар огцормогц шинэ Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхөөр томилогдчихож байгаа юм. 
 
Гэхдээ Г.Өлзийбүрэн бэрийнхээ нэр дээр шатахуун импортын компанитай, Ерөнхий сайдад шатахууны асуудлаар зөвлөхөд ашиг сонирхлын зөрчилтэй нөхөр. Тухайлбал, бэр Б.Алтантариа нь шатахуун импортлогч “Веллком” ХХК-ийг П.Баярцог, Ц.Амраа хоёртой хамтран эзэмшдэг. Ц.Амраа нь Г.Өлзийбүрэнг Газрын тосны газрын дарга байхад дэд даргаар нь ажиллаж байсан. Харин П.Баярцог нь Г.Өлзийбүрэнгийн ойрын хүн бөгөөд “Эко ресурс” ХХК-ийн эзэн. Ноцтой нь, УИХ-ын гишүүн С.Одонтуяа өмнөх Засгийн газарт Байгаль орчны сайд байхдаа гэр бүлийнхээ бизнесийн хамтрагч П.Баярцогийн “Эко ресурс” ХХК-ийн 32 мянган ширхэг “Нүүдэлчин” утаагүй зуухыг нийслэлд шахах гэж зүтгүүлээд бүтэлгүйтсэн байдаг. 
 
2. АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв
 
    АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн хувьд, Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул, Ч.Хүрэлбаатарын төрд хөтөлж оруулсан хуурай дүү нарынх нь нэг. Тодруулбал, 2022 оны намар Ч.Хүрэлбаатар Эдийн засаг, хөгжлийн сайд болмогцоо нутгийн дүү Б.Дашпүрэвийг яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилж дэргэдээ авсан. Удалгүй Эдийн засаг, хөгжлийн яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга болгож дэвшүүлсэн байдаг. Гэтэл Б.Дашпүрэв 2024 оны УИХ-ын сонгуульд Ч.Хүрэлбаатар ахтай хамт нэр дэвшинэ гэж хөөрцөглөөд, Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаа сайн дураараа өгсөн. Ингээд Ч.Хүрэлбаатараас хормойдон Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн малчдад гурил будаа аваачиж тарааж, Увсын оюутнуудын дунд спортын наадам хүртэл зохион байгуулж, халаасаа сэгсэрсэн. 
 
Гэвч МАН-аас Б.Дашпүрэв нэр дэвших мандат хүртээгүй. Арга буюу Ч.Хүрэлбаатар ахынхаа штабт ажилласан. Гэтэл Ч.Хүрэлбаатар нь ч унасан. Ажилгүй жил болж байтал “аз” болж өнгөрөгч зургадугаар сард Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаж, Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, УИХ-ын гишүүн Г.Дамдинням Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсон. Улмаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нутаг нэгт, нас чацуу Б.Дашпүрэвийг яамныхаа Төрийн нарийн бичгийн даргаар томилуулж, дэргэдээ авсан байдаг. 
3. АҮЭХЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай
 
     АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай МАН-ын “бүтээгдэхүүн”. Жишээ нь, 2016 оны УИХ-ын сонгуулиар одоогийн МАН-ын генсек Я.Содбаатарын штабт ажиллаж, арын албыг нь зохицуулж байсан. Мөн 2016 онд одоогийн УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, МАН-ын дарга Н.Учралын хоёр зөвлөх болох Д.Онолт, А.Зулхүү, ЕТГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Батцэцэг дөрөвтэй хамтран МАН-ын Залуучуудын холбоог байгуулж явсан нэгэн. 
4. АМГТГ-ын дарга П.Баянбаатар
 
      АМГТГ-ын дарга П.Баянбаатар нь Боловсролын сайд асан Ё.Отгонбаярын туслах байсан залуу. Хоржоонтой нь, П.Баянбаатарын өмнө Ё.Отгонбаярын туслахаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ажиллаж байсан. Өөрөөр бол, АҮЭБ-ийн сайд Г.Дамдиням өөрийг нь залгамжлан Ё.Отгонбаярын “цүнх”-ийг барьж явсан П.Баянбаатарыг АМГТГ-ын даргаар томилж, дэргэдээ авчихаад буй хэрэг л дээ. Тэгээд болоогүй, Г.Дамдинням, П.Баянбаатар хоёр “Монголын мэтгэлцээний нэгдсэн нийгэмлэг”-ийг 2018 оноос хамтдаа удирдаж ирсэн. 
 
5. АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат
 
     АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбаттухайд, 2016-2019 онд УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын даргаар ажиллаж байсан. Гэвч 2020 онд үндэслэлгүй хөрөнгөжсөн, хөрөнгөө нуун дарагдуулсан гэх хэргээр АТГ-ын хаалга татаж, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Тухайлбал, БЗД-т таван өрөө орон сууц худалдаж авсан, Нүхтийн аманд хувийн хаус бариулсан гэх хэргүүдээр шалгагдаж байв. Улмаар 2024 онд шүүхээс Ч.Чулуунбатын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний газрын даргаар ирчихээд буй. Мөн эхнэр Н.Наранцацрал нь АМГТГ-т хамт ажилладаг. 

ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 08:24:22
    Ннэг: Хэрэг аога
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188