Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зориулалтаар авсан зээлээ төлөөгүй 230 хүний нэрийг нийтэд зарлаж, улмаар АТГ-аас шалгаж эхлээд буй. Тэд зээлээ эргэн төлөөгүйгээс болж Боловсролын зээлийн сангийн орлого 27 тэрбум төгрөгөөр тасарч, дараа дараагийн оюутан, залуучуудад сургалтын төлбөрийн зээл олгох боломжгүйд хүрээд буй. Иймд бид зээлээ төлөөгүй “зугтсан” 230 хүнээс хамгийн их хөрөнгөтэй болон өндөр албан тушаал хашиж байсан зарим хүнийг нь онцлон танилцуулж байна.
Чимидийн Сайнзаяа- 1998 онд АНУ-ийн Йелийн Их сургуульд Хууль, эрх зүйн чиглэлээр суралцахаар 39.880 ам.долларын зээл авсан.
Ч.Сайнзаяа нь Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн охин. Ч.Сайнзаяа өдгөө төрсөн ах Ч.Батцогт, хүргэн ах М.Энхтайван нарын хамт “Агротех-Импекс” ХХК-ийг эзэмшдэг. Мөн “Чимид энд эссошиэйтс” ХХК-ийг дангаараа эзэмшдэг. Харин түүний төрсөн ах Ч.Батцогт нь 2020 оны УИХ-ын сонгуулиар АН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшсэн бөгөөд тухайн үед 3.4 тэрбум төгрөгийн дөрвөн орон сууцтай, “Соёмбо инвестмент корпораци” ХХК, “Соёмбо өргөө” ХХК, “Таф инвест трейд” ХХК, “Болор мэнд” ХХК, “Агротек импекс” ХХК, “Эко тек мон евро лимитед” ХХК, “Мон инвест менежмент лимитед” ХХК-уудыг эзэмшдэг хэмээн мэдүүлж байв. Харин хүргэн ах М.Энхтайван нь “Базовый менежмент” ХХК, “Жангар пикчерс” ХХК, “Коллежаэт” ХХК, “Монголиан дэири уорлд” ХХК болон “Русская гимназия сургууль”-ийг эзэмшдэг.

Пүрэвдоржийн Хангал- 2003 онд Нидерландын Маастрихтын удирдлагын Их сургуульд Бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцахаар 9.473 ам.долларын зээл авсан
П.Хангал нь Төрийн өмчийн хорооны дарга, ТЕГ-ын дарга, УИХ-ын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан Л.Пүрэвдоржийн хүү. П.Хангал өмнө нь НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан, Ховд аймгаас 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч ялагдсан. Өдгөө П.Хангал төрсөн дүү П.Хурцын хамт Зайсангийн амыг хаус хотхон, орон сууцны хороолол, оффисын барилгаар дүүргэж байгаа. Тодруулбал, П. Хангал өдгөө “Ханхур холдинг” ХХК-иараа Зайсан толгойн зүүн хойно 16 давхар, зургаан блок шилэн барилга бүхий “Seven star residence & shopping mall” гэх орон сууцны хороолол, үйлчилгээний цогцолбор барьж байгаа.
Өмнө нь П.Хангал “Сипоко” ХХК-аараа ХААИС-ийн зүүн талд 14 хаус, зургаан блок орон сууц бүхий “Энхжин” хотхоныг барьж худалдсан. Мөн “Жинхэнэ уянга” ХХК-аараа “Бурхантай цэцэрлэгт хүрээлэн”-гийн урд 10 хаус бүхий 100 айлын “Гэрэлт” хотхон болон “Golden Buddha-Zaisan central” гэх 16 давхар орон сууц, үйлчилгээний цогцолбор бүхий барилга барьж, худалдсан.
Цэвэграшийн Эрдэнэчулуун- 2002 онд АНУ-ын Пенсильваны Их сургуульд Бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцахаар 51.494 ам.долларын зээл авсан.
Ц.Эрдэнэчулуун нь УИХ-ын гишүүн асан Л.Шаравдоржийн эхнэр. Ц.Эрдэнэчулуун 2020 оны УИХ-ын сонгуульд Ногоон намаас нэр дэвшсэн бөгөөд тухайн үед 7.7 тэрбум тэрбум төгрөгийн 13 орон сууцтай, үйлчилгээний есөн барилгатай, 18 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлж байсан. Ц.Эрдэнэчулуун “Гандирс” ХХК, “Говь маркет” ХХК, “Шанх майнинг” ХХК, “Тексоурс” ХХК-уудыг эзэмшдэг. “Гандирс” ХХК нь УИД-ийн зүүн талд байрлах “Гандирс” барилгыг эзэмшдэг. Харин “Шанх майнинг” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Тээвэрчдийн хотхон барих” төслөөр Хөгжлийн банкнаас 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан ч эргэн төлөөгүй тул “найдваргүй зээлдэгч” хэмээн нэр нь зарлагдсан байдаг.
Сэдбазарын Отгонбат -2003 онд Нидерландын Маастрхитын удирдлагын Их сургуульд Бизнесийн удирдлагын мэргэжил эзэмшихээр 9.473 ам.доллар зээлсэн.
С.Отгонбат нь Эрчим хүчний сайд асан Д.Зоригтын зөвлөх, “Оюу толгой” ХХК-ийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Одоо “Перфектпитч” ХХК, “Алтернативклин энержи” ХХК, “Оттеген холдинг” ХХК, “Бизнес инвест девелопмент моторс” ХХК, “Инсур” ХХК, “Лето мьюзик” ХХК, “Монголын хөх тэнгэр” ХХК, “Проперти лаб” ХХК, “Сим” ХХК, “Яанг призедентс организешн монгол” ТББ, “Бизнес инвест деведлопмент технологи” ХХК, “Бид санхүүгийн нэгдэл” ХХК, “Бид ассет” ХХК-уудыг эзэмшдэг.Харин С.Отгонбатын төрсөн ах С.Манлай нь ИНЕГ-ын Дэд даргаар ажилладаг бол, С.Ононбат нь “Он Энд офф продакшн” ХХК-ийн захирал, найруулагч продюсер гэдгээрээ олонд танигдсан.
Юра Нямдорж- 2005 онд Япон Улсын Гунма Их сургуульд материал судлалын мэргэжлээр суралцахаар 32.030 ам.долларын зээл авсан.
Ю.Нямдорж нь “Бат тэм интер” ХХК, “Зэт Ди Эн Смарт энержи” ХХК, “Санпо мирай” ХХК,“Ёрозуяа мирай” ХХК, “Эн Би Эл трейдинг” ХХК-уудыг эзэмшдэг. “Зэт Ди Эн Смарт энержи” ХХК нь лаборатори, стандартчилал, хэмжил зүйн багаж хэрэгсэл нийлүүлдэг бөгөөд энэ салбартаа толгой компани. Одоогоор төрийн 16 тендерт оролцоод буй. Харин Ю.Нямдоржийн хадам аав Ц.Баянсан нь Увс аймгийн Улаангом Политехник коллежийн захирал, “Эрдмийн эхлэл” ЕБС-ийг үүсгэн байгуулагч, Гавьяат багш гэдгээрээ алдартай.
Доржхайдавын Орлох- 1998 онд Австралийн Монашийн Их сургуульд Физикийн чиглэлээр суралцахаар 40.631 ам.долларын зээл авсан.
Д.Орлох нь Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн захирлаар 2021 он хүртэл ажилласан. Өдгөө “Физик технологийн кансалтинг” ХХК-ийн захирал, “Физик технологийн хүрээлэнг хөгжүүлэх сан”-гийн тэргүүнээр тус тус ажилладаг.
Хулан Мягмаржав- 2004 онд ОХУ-ын Темирязовын хөдөө аж ахуйн академид Агро химич мэргэжил эзэмшихээр 3000 ам.доллар зээлсэн.
Х.Мягмаржав нь Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөцийн удирдлагын тэнхимийн эрхлэгчээр ажилладаг, хурандаа цолтой. Газар тариалангийн “Жаргалант хоолт” ХХК, “Бэтэшугар” ХХК-уудыг эзэмшдэг.
Хадбаатар Бат-Ялалт- 2000 АНУ-ын Оклахомагийн Их сургуулийн Хууль, эрх зүйн чиглэлээр суралцахаар 49.251 ам.долларын зээл авсан.
Х.Бат-Ялалт нь “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн гэдгээрээ олон танигдсан. “Иргэдийн шударга хяналт” ТББ, “Ард түмэн сэтгүүл” ХМБ, “Ардын заргач” ХХК, “Зөв Монголын төлөө” ТББ, “Мандтугай сонин” ХМБ, “Хүний эрх судлалын академи” ТББ, “Монголын чөлөөт хуульч өмгөөлөгчдийн холбоо” ТББ-г тус тус эзэмшдэг.
БОЛОВСРОЛЫН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨЛГҮЙ “ЗУГТАГСАД”-ЫН ХЭН НЬ ХЭН БЭ |
|