• Өнөөдөр 2024-04-27

ХӨНДӨХ СЭДЭВ: 9911-тэй гар утасны дугаар 150 сая төгрөгийн үнэтэй байна

2022-07-25,   708

                  Монголчууд тоонд ач холбогдол өгдөг ч сүүлийн үед бүр ч их ач холбогдол өгөх боллоо. Тэр тусмаа барьж байгаа гар утасны дугаар, унаж байгаа машины улсын дугаараа бусдад гайхуулах дон шүглэсэн гэмээр. Тухайлбал, 9911-тэй утасны дугаар барьсан хүн амьдралын боломж сайжирсан. Төрийн томоохон албан тушаал хашиж байгаа. Эсвэл бизнесийн салбарт амжилт гаргаж байгааг илтгэх болжээ. Үүнээс үүдэн 9911, 8811  гэх мэт  гар утасны дугаар тэнгэрт хадсан үнэтэй болоод удаж байна. Мөн автомашины улсын дугаарын үнэ ханш сүүлийн үед 20-30 сая төгрөгт хүрсэн. Энэ мэтчилэн  тансаг зэрэглэлийн орон сууц, унаж яваа машин, утасны дугаар зэргээс харж тухайн хүний зиндааг тодорхойлдог болжээ. Энэ үзэгдэл  нь нийгэм дээд, доод гэсэн хоёр хэмжүүрт хуваагдаж ялгарах хэвийн зүйл мэт оршсоор байна. Гэтэл монгол хүний хэнээс ч юунаас ч хоцрохгүй, бусдад муугаа үзүүлэхгүй гэсэн сэтгэлгээнээс үүдэлтэй бизнесүүд болж дэлгэрчээ. Тухайлбал, 9911-тэй дугаарыг түрээслэдэг, худалдан авч чадахгүй машинаа түрээсэлж бусдад сайн, сайхан яваа гэж харуулахын тулд хэдэн сарын цалингаа хэдхэн хоног ганган машин унахад зарцуулж, дүр эсгэж амьдардаг болчихжээ.

-ХҮНИЙГ МӨН ЧАНАР БУС ХЭРЭГЛЭЭ НЬ ТОДОРХОЙЛДОГ НИЙГЭМД БИД ЖҮЖИГЛЭН АМЬДАРЧ БАЙНА- 

                   2000-аад оны эхэн үед гар утас гэх зүйлийг мэддэг болж, хэрэглээндээ хэвшүүлдэг болсон. Үүнээс үүдэлтэй харилцаа холбооны технологиуд өнөөдрийг хүртэл хугацаанд хялбархан бөгөөд хурдацтай хөгжиж байна. Үүний ачаар гар утас, утасны дугаар олон төрлөөр гарч тодорхой цензур тогтоох болжээ. Тэр дундаа 9911-тэй дугаар. Монгол тооны бэлгэдэл гэдэг зүйл байдаг. Энэ бэлгэдлээр нэгээс бүх зүйл эхэлж, өсөн дэвжиж арвижиждаг гэх нийтлэг ойлголт бидний дунд бий. Тэгвэл монгол бэлгэдэл утасны дугаарын тоонд нөлөөлөх болсон хачирхалтай. Баячууд нь бүгд 9911, 8811-тэй утасны дугаар барьж, зиндаа болгов уу эсвэл хамгийн зөв маркетинг хийж чадсан эсэх нь сонирхолтой. Нийгэм өөрөө тухайн хүний мөн чанарыг бус хэрэглээгээр нь дүгнэдэг болчихжээ. Хамгийн сүүлийн үеийн утас, 9911-тэй дугаар, үнэтэй машин уначихсан байвал хэн хүнээс ч илүү сайхан амьдардаг, хангалуун баян гэдэг ойлголт дэлгэрчхэж.
             Тэр ч утгаараа бусдад чинээлэг, баян харагдах хүсэлдээ хөтлөгдөн хэдэн сарын цалингаа хэдхэн хоногийн хэрэглээ болгож хэтэрчихсэн сонголт хийдэг олон хүн байна. Цахим орчинд машин түрээс, машины түрээс дугаар түрээсэлнэ гэх зар анхаарал татсан юм. Тэгсэн энэ чиглэлээр мэргэшсэн байгууллагууд хүртэл бий болж, цаг үеэ мэдэрсэн үйл ажиллагааг явуулаад хэрэглэгчдэдээ танигдаад эхэлжээ.
 
          “Хүний доор орчих вий” гэсэн үзлээс үүдэн бид аз жаргалын төлөө биш, өнгөлөн далдлалт хийж, өөрийгөө хуурч, аргацааж байгаа нь харамсалтай. "9911-тэй дугаар зарна" гэсэн зараар холбогдож асуутал "Дугаараа зарахгүй. Нэг болон түүнээс дээш сараар түрээслэдэг" гэв.
 
-Танай байгууллага дугаар борлуулж, түрээслэдэг үү?
                             -Манайхыг хүмүүс андахгүй. Машины болон утасны дугаар түрээслэх үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Чи хэдэн төгрөгт дугаар авах сонирхолтой байна. Алтан, мөнгөн, хүрэл, энгийн хэрнээ адил тоотой гээд янз янз байгаа шүү. 
 
-Алтан дугаарыг 1-2 сар түрээслэбэл хэдэн төгрөгийн үнэтэй вэ?
                            -Алтан дугаар дотроо олон янз бий. Төрөлтэй гэж ойлгож болно. Тухайн хүний мөнгөнд нь тааруулаад л түрээслэнэ. Яахав дундаж гэвэл сарын 1-1.5 саяас эхэлнэ дээ. Худалдаж авна гэвэл тохирч болно, бартердаж болно. Хүмүүс байр, машин оролцуулж авдаг.  
 
-Тухайн хүний хэрэглээ, мөнгөнөөс шалтгаалан түрээслэдэг гэсэн үг үү?
 
                               -Тийм ээ, энэ чинь угаасаа бизнесийн нэг арга. 100 гаруйсаяар дугаар авч чадахгүй болохоор түрээслэбэл хямдхан тусна. Аль алиндаа амар. 
                  
                  Мөн 9911, 9910 гэсэн дугаар барьцаалсан зээл олгоно гэх байгууллагууд ч бий болчихжээ. Жирийн иргэн зээл авах гэж өчнөөн бичиг баримт цуглуулан, банканд дугаарлан багагүй цаг зарцуулдаг. Харин 9911, 9910 гэсэн утасны дугаартай хүнд зээл олгох нөхцөл нь утасны дугаар нь байхад хангалттай гэдэг хачирхалтай. Энэ мэт бидний анзаардаггүй хэрнээ амьдралд багагүй нөлөөлж буй зүйлсийн нэг нь утасны дугаар болжээ. 

-АВТОМАШИНЫ АЗЫН ДУГААР 400 САЯ ТӨГРӨГ ДАВЖ БАЙСАН ТҮҮХТЭЙ -

             400 гаруй сая төгрөг автомашины дугаар авахад зарцуулна гэдэг чинээлэг хүний хийж буй сонголт. Автотээврийн Үндэсний төвөөс 2021 оны хоёрдугаар сард зарласан автомашины дугаарын дуудлага худалдаагаар 0001 УАР улсын дугаар 427 сая төгрөгийн үнэлгээг давсан. 0001 гэсэн улсын дугаартай машин унах, жирийн дугаартай машин унахын ялгаа юунд байна вэ. Юунд ч биш зөвхөн зиндаархал буюу харагдах байдал юм. 0001 гэх тооны бэлгэдэлдээ биш зөвхөн бусдаас илүү гарах, өвөрмөц байж ялгарах гэсэн бодлоос эхтэй гэлтэй. Гэтэл 400 гаруй сая төгрөгийн автомашины дугаартай байлаа гээд жирийн дугаараас ялгарах зүйл байхгүй. Амьдралаа авч явахын тулд өдөр хоногийг арай хийж аргацаадаг ажилчин хүний хувьд 400 гаруй сая төгрөг цуглуулах нь насаараа ажиллаад ч олохгүй тийм их хэмжээний мөнгө. 

-ТООНД ХЯЗГААР БАЙХГҮЙ, ХАРИН АМЬДРАЛД ХЯЗГААР БИЙ-

             Сайн, муу гэсэн хоёр хэмжээс дунд төөрч яваа хэн бүхний толгойд сайхан амьдрах мөрөөдөл бий. Боломж ч бас бий. Харин ялгаварласан зиндаанаас болж өөрт ойр жаргалыг холдуулж зовлонг хайж байх шиг. Хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж, аз жаргалтай байж болох хором бүхнээ зовлонгийн зам руу хөтлөөд байх шиг. Зүгээр л нийгмийн хэм хэмжээнд баригдалгүй, хэн нэгний харьцуулалтгүй, өөрийн үзэл бодлоор оршиж буй хүн хэд байдаг бол. Энэ мэт монгол хүний бусдаас дутахгүй гэсэн зан буруу зүйл рүү хөтлөх увайгүй зан болон хувирч байна.
           Амьдрал энгийн байх тусмаа амттай гэх үг байдаг. Элдвийн зүйлд сатаарч нийтээрээ бичигдээгүй хууль мэт зүйлд баригдаж амьдрахаа болих хэрэгтэй. Орчин үед энгийн байх чинь содон болж, содон байх нь энгийн болчихлоо. Тэргүүлэгч, манлайлагч, мундаг хүн бүр 9911, 8811-тэй үнэтэй утасны дугаар барьдаггүй байх. Хэн бэ гэдгийг тухайн хүний барьж буй утасны дугаар тодорхойлохгүй, харин хүн чанар нь тодорхойлно гэдэг билээ. 
 

ХӨНДӨХ СЭДЭВ: 9911-тэй гар утасны дугаар 150 сая төгрөгийн үнэтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188