• Өнөөдөр 2024-04-24

БУДАН ЦООХОР АЗАРГА МИНЬ ХОРВООГООС БУЦСАН НААДАМ

2021-07-01,   882

     Ээж маань биднийг сургууль цэцэрлэгт оруулна гээд аймгийн төвд суурьшиж, аав хөдөө малаа маллаж үлдсэн болохоор сургууль амрав уу, үгүй юу хоёр ах хөдөө явчихна. Эгч, ээж бид гурав аймгийн төв дээр гэрээ сахиж үлдэнэ. Наадмын урд өдрөөс эхлээд эгч маань ээжийн оёсон дээлийг өмсөж, нааш цааш холхино. Толинд харж үл мэдэг инээмсэглэнэ, дуу аялна, байс гээд л үс гэзгээ оролдож зогсоно. Нэг харахад л шинэхэн дээлээ ганган даашинзаар сольчихсон толины өмнө эргэлдэж байна. Харин би эгч шигээ догдолж, баясдаггүй байлаа. Миний наадамд явах дургүй шалтгаан нь морь. Мориноос ухаанаа гартал айдаг болохоор хөдөө явдаггүй, ээждээ эрхэлж, буу, сэлмээр тоглосон шигээ зуныг өнгөрөөнө. Тавдугаар ангиа төгсдөг зун шиг санагдаж байна. Хоёр ахыг дагаад хөдөө явахаар болов. Манай сум аймгаас 280 км зайтай болохоор олдсон машинд нь олуулаа сууж, хүн хоорондын зайг хүүхдээр чигжиж явна. Ямар сайндаа замд сэгсчиж, донсолсон ч зай гардаггүй байлаа.
 
АНХ УДАА МОРЬ УНАЖ ҮЗСЭН МИНЬ
 
                Таанын цагаан толгой зөөлөн салхинд найгаж, талын болжмор хормой дор жиргэсэн сайхан өдөр хөдөө гэрийн үүдэнд бид гурав буулаа. Аав ч хүүхдүүд ирнэ гээд хонь гаргачихсан угтав. Анх удаа хөдөө очиж үзэж байгаа болохоор гэрээсээ гарна, хол явна гэхээс зүрх үхнэ. Аав намайг “Миний хүү чинь яасан том эр болоо вэ. Аав нь сайхан гэдэс чанаж өгөе. Өө нээрээ аав нь өчигдөр хонио үдлүүлэх зуур урд хоолойд хэсэг аргал бөөгнүүлчихсэн байгаа. Миний хүү гүйгээд аваад ир” гэв.
 
                    Анхны даалгавар минь аргал авч ирэх байлаа. Манай говийнхон уудам, цэлгэр талд байдаг болохоор ч тэр үү, багагүй хол зайг “Энүүхэн энд”, “Ердөө тэнд” хэмээн ярьцгаана. Аавын хэлсэн урд хоолойд хүрэх гэж хэчнээн ч удаан явсан юм бүү мэд. Гэнэт л хажуугаас чоно гараад ирэх вий гэж айхдаа гэр рүүгээ эргэн, эргэн харж, нүд дүүрэн нулимстай явснаа маш тод санаж байна. Магад амьдралдаа туулсан хамгийн хэцүү, хол зам тэр байсан байх. Хэсэг, хэсгээр нь овоолсон аргалыг нь бушуухан шуудайлж аваад, айдсаа дарах гэж чанга, чанга дуу аялсаар буцав. Нулимсаа арчиж, айгаагүй дүр үзүүлсээр гэртээ орсон санагдана.
 Саяхан гавьяа байгуулсан юм шиг толгой өргөж суусан би ичсэндээ час улаан нүүртэй болж хувирав. Хомоол гэдэг юм уутлаад иржээ гэж бодсоноос аргал гэж юу байдгийг олж мэдсэнгүй
         Том ах сувиа үхрээ услахаар аль хэдийн худаг руу явчихсан байлаа. Нэг их том ажил бүтээчихсэн мэт цээж дүүрээд л байж сууж чаддаггүй. Магтуулмаар ч юм шиг, үнсүүлмээр ч шиг санагдана. Илүү гэрт гал өрдөхөөр гарсан аав “Иш миний хүү анх удаа хөдөө ирж байгаа юм чинь аргагүй ээ. Дандаа хомоол түүгээд ирсэн байх юм” гэж дуу алдав. Саяхан гавьяа байгуулсан юм шиг толгой өргөж суусан би ичсэндээ час улаан нүүртэй болж хувирав. Хомоол гэдэг юм уутлаад иржээ гэж бодсоноос аргал гэж юу байдгийг олж мэдсэнгүй. Бага ах “Ээжийн эрх хүүхэд ингээд сайран хацартай хөдөөний бор жаал боллоо доо” хэмээн намайг баахан шоолов. Ахдаа гомдсон би гэрийн хаяагаар аймгийн зүг ширтэж, ээж эгч хоёрыгоо хачин их санаж билээ. Гарын уртай, нутаг усандаа “Уран Галаа”  гэж хүндлэгддэг болохоор аав хүүхдүүдийнхээ эмээлийг өөрөө хийнэ. Хоёр ахын эмээл аль хэдийн хуучирч, гөлөм нь дарайжээ. Харин аав надад будагных нь үнэр гараагүй шинэхэн эмээл бэлдсэн байв. Аав “За миний хоёр хүү мордохгүй бол айлын үхэр, адуу усан дээр ирчихэж. Муу ах чинь ганцаараа дийлэхгүй. Ядаж хорь байгаад өг” гэх нь тэр. Зугтмаар санагдлаа. Нүүр халуун оргиод, хамаг бие салгалаад хэлэх юм биш. Аавын хонинд унах дуртай цодгор хээрийн нуруунд миний эмээлийг тохжээ. Аав “Миний хүү битгий ай. Айвал морь нь мэдчихдэг юм. Шогшоод эхлэхээр нь дөрөөн дээрээ босож жийгээрэй. Бууж мордохдоо дөрөөгөө мөчидлөж байгаарай” гэж захив. Ах миний цулбуураас хөтлөөд бид хоёр худаг руу хөдөллөө. Нуруу туялзаж, бөөр савлаад тийм ч гоё мэдрэмж авсангүй. Худгийн цаадах уул доор нэг, дээр нэг харагдаж, зэрэглээнд орсон үхэр хэлбэрээ алдан намилзана. Гоё ч юм шиг санагдаад аавын хэлснээр дөрөөгөө жийгээд бослоо. Нисээд ч байгаа юм шиг нэг л сайхан санагдана.
 
       Худаг дээр очтол том ах гараараа л дохиж зангаад байна. Тэр нь “Айлын малыг хорьж бай” гэсэн санаа аж. Зуны аагим халуунд худаг ширгээд хэцүү. Тал талаас, айл айлын мал салхидаж явсаар худаг дээр шавчихна. Малаа усалж гаргаад том ах бид хоёр сувиа үхрээ Билүүн уулын зүг тууж явлаа. Гэнэтхэн босож цодгор хээр маань намайг аваад давхичхав. Яах учраа олсонгүй айсандаа баахан орилов. Уулийн цуурай намайг шоолох шиг өөдөөс уйлж, тэр хавийн үхэр мал, араатан шувууд гайхсан янзаар ширтэж байх санагдаж билээ. Газар жирэлзээд болдоггүй. “Чу,чу” гээд морио ташуурдаад л байлаа. Өөрөө давхиж буй морийг нэмж ташуурдсаар байгаад нэлээн хол давхижээ. Үргэсэн морины нуруун дээр ёстой л хийморийн дарцаг шиг дэвж явсандаа.

         Хоёр ах хойноос давхисан ч гүйцэхгүй байгаа бололтой “Амаа тат, амаа татаач ээ” хэмээн хашхирна. Ганц үг ган хийлгэж ч чадахгүй, яах аа мэдэхгүй байхад “амаа тат” гээд байхаар нь шар хөдлөөд “Өөрөө амаа тат” хэмээн хашхирав. Арга ч үгүй дээ “Морь чинь давхиад байвал амийг нь татаарай” гэж хэн ч надад хэлээгүй юм чинь. Гэнэтхэн нэг мэргэн ухаан орж ирлээ. Аавын хэлсэн “Дөрөөгөө мөчидхөн болгож бууж, мордоорой” гэдэг үгийг санаад мориноосоо үсрэхээр шийдэв. Хоёр дөрөөгөө мөчидхөн болгох төдийд үсэрсэн үсрээгүй газар тэрийтэл уналаа. Ахаар зодуулж, ааваар загнуулна  даа гэж бодохоор босож чаддаггүй. Уйлах, инээх хоёрын дунд дэмий л хөх тэнгэр ширтэнэ.

       Нэг мэдсэн хацраас хүчтэй чимхэж байгаа ч юм шиг, ширүүн алчуураар үрээд ч байх шиг болоод сэрлээ. Унасан даруйдаа айсандаа ухаан алдаж, хэнз тугал маань намайг долоож байсан нь тэр ажээ. Ингээд хөдөөний амьдралд тэнцээгүй би гурав хоног халуурч хэвтээд аймгийн төв рүүгээ буцсан юм. 
 
ҮЕЭЛ МААНЬ МОРЬ УНАЖ ТҮРҮҮЛСЭН ҮНЭХЭЭР САЙХАН, АНХНЫ НААДАМ
 
         Ирэх жил нь би эмээгийндээ амрахаар боллоо. Дорноговь аймгийн Дэлгэрэх сум тэр чигтэй Галсан тайж, банди адуутай. Манайханд морь уяхгүй айл, унахгүй хүүхэд гэж үгүй. Наадам дөхөөд л морины ажил, их бага сунгаа гээд хөл хөдөлгөөн болно. Үеэл маань бусдын дунд орж хурдан морь унана. Харин би уртхан шилбүүр унана. Үсэргээ, сунгаанд явж буй хүүхдүүдийн дэргэдүүр тоосон ч шинжгүй шилбүүрээ унаад гүйчихнэ. Тэд намайг шоолж, элгээ хөштөл инээхэд нь би гомддоггүй байлаа. Гомдлоо гээд ч яах вэ дээ тэдний адил морь унаж чадахгүй юм чинь. Хааяа намайг морьтойгоо элдчихнэ. Зүрх чичрээд, толгой эргэсэн ч айсандаа хамгийн хурднаараа гүйнэ.
         Эмээгийн хоёр талд гарч, хоормог, тараг эргүүлсээр наадам боллоо. Ахын машинд олуулаа сууж сумын төв оров. Би усан буу, үлээдэг сэнс зэрэг тоглоомоор тоглож, байс гээд хуушуур идэж явлаа. “Соёолон нас эргэлээ" гээд наадмын талбайд байсан хүмүүс яах ийхийн зуургүй алга болцгоов. Морьтой нь морио, машинтай нь машинаа, дугуйтай нь дугуйгаа унаж явган нь гүйсээр морь барианд хүрэх нь тэр. Заа даа явган хүн ч цөөхөн байсан даа. Сумын төвийн зүүн урд орших Хонгорын овооны бэлээс дурандахад барианы зурхай атгаад авмаар ойрхон харагдана. Би Эрдэнэбилэгт ах, Дүүрэнжаргал эгч хоёртой энд ирсэн юм.
 
          Тэд байсхийгээд л морь ирэх зүгт дурандана. Харин би “пальнет тав” мотоциклийн сүүдэрт хонин гүрвэлээр тоглож суулаа. Гэнэтхэн л эгч маань уулга алдаад явчихлаа. “Мөн байна, Энхээгийн ногоон морь түрүүлээд ирж байна, тэр хар даа Өндгөөгийн жаал байна” гээд л уйлаад эхлэв. Би бүр гайхаж хоцорлоо. Баярлаад байгаа, уйлаад байгааг нь ч ялгасангүй. Хүргэн ах хүртэл нүдэндээ нулимс цийлгэнүүлэн сууж байна. Тэгэхээр нь өөрийн эрхгүй тэднийг дагаад уйллаа. Уйлах уйлахдаа эхэр татаж уйлав. Тэгсэн ах “Дуугүй бай гэм. Үеийнхэн чинь хурдан морь унаж, үеэл чинь түрүүлж ирж байхад шилбүүр унаж явахаасаа ичээч” хэмээн зэмлэв. Юу ч ойлголгүй байж байгаад тэднийг дагаж уйлсан болохоор гэнэтхэн өөрөөсөө ичиж, ичсэндээ час хийтэл хөхрөв. 
                Хавийн амьтан намайг энэ хүүхэд наршчихаж гэж харсан байх. Уулын бэлээс хөдлөөд барианы зурхайд очтол үеэл Мөнхүүш  (Ц.Мөнхболд) маань ихээ додигор зогсож байна. Нуруугаа үүрсэн алхаа гишгээ, элгээ тэвэрч зогссон дүр төрх нь хэзээний том хүн. Үг яриа нь бол бүүр гүйцэгдэхгүй. Ёстой л бүлт, бүлт үсэрнэ. Хацар, нүүр нь халтайчихсан. Гадаа тоглохдоо шороо үмхсэн нялх хүүхэд шиг харагдаж байлаа. Хамаатны ах дүү бүгд үеэлийг маань өхөөрдөн магтацгааж, зарим нь мөнгө, зарим нь бэлэг авч өгч байлаа.
 
         Гандсан сухайн шилбүүр бид хоёрыг тоох хүн байдаггүй. Шар хөдлөөд ахын мотоциклийн ард хуйваар нь даруулсан байсан шилбүүрээ авлаа. Би түүнийг “эрвэгэр зээрд” хэмээн дууддаг байсан юм. Нэг ч бэлэггүй үлдсэндээ үеэлдээ атаархаж, томчуудад гомдон эрвэгэр зээрдээ унаад давхиж өглөө. Хаашаа ч юм бүү мэд яваад аль болох хол явж, ганцаараа баймаар санагдав. Нэг мэдэхэд бүрий болсон байлаа. Эргэн тойрон хашхираад ч хариу байсангүй. Маш их айж, чаддагаараа уйлав. Уйлсаар байгаад толгой өвдөөд нэг мэдэх нь ээ унтаад өгчээ. Хээр хоносон намайг үүр цүүрээр олж авсан ах, эгч хоёр маань “Айлын хүүхэд алдахаа шахлаа” гээд их сандарсан байдалтай, уут дүүрэн бэлэг барьсаар ирэв. Би ч загнуулахаас айсангүй, Нөгөө бэлэг рүү нь нүд унаж хурдхан идэх юмсан гэж шүлсээ залгина. Өлссөн байсныг ч хэлэх үү.   
Тэр олон дундаас миний “эрэвгэр зээрд”-ийг хугалчихсанд нь гомдоод байдаг юм. Миний анхны үзсэн анхны наадам ийм л хөгтэй байж билээ.
          Хүргэн ах “Чи чинь яачихдаг хүүхэд вэ” санаа зовоод унтаж чаддаггүй. Шөнөжин хайлаа. Алив явъя” гэсээр намайг өргөж аваад, эрвэгэр зээрдийг минь голоор нь хуга гишгээд шидэж орхив. Зуны гурван сар хань болдог ганц сайн найзыг маань хугалаад хаячихсанд нь шаралхаад ахын чихнээс нь хазчихаж билээ. Хожим сонсоход намайг хайж сандарсан ах дүү нар маань нутгийн нэг өвгөн лам дээр очиж л дээ. Тэр гавж “Гүй ээ та нар чинь буруу хайгаад байна шүү дээ. Хөөрхий хүү их айчихсан байна. Хонгорын овооны зүүн урд шарилд харагдаад байна. Очиж авахдаа хажууд нь заавал мод хугалж хаяарай” гэсэн юм билээ. Гэхдээ л тэр олон дундаас миний “эрвэгэр зээрд”-ийг хугалчихсанд нь гомдоод байдаг юм. Миний анхны үзсэн анхны наадам ийм л хөгтэй байж билээ.
 
ХАМГИЙН САЙХАН БАС "ХАГАЦЛЫН" НУЛИМСТАЙ НААДАМ
 
                  Түүнээс хойш би морь, шилбүүрийн аль алинд ойртохоо ч байсан. Магадгүй “Эрэвгэр зээрд” маань энэ насанд минь заяасан ганц сайхан хүлэг минь байсан байх л даа.
 
      Цаг хугацаа хөндлөнгийн гол шиг үерлэсээр тэр л наадмаас хойш 21 жилийн дараа би Дэлгэрэхэд дахин очсон юм. Дэртийн талд униар татаж, агь ганга хоолойд аргана. Миний шилбүүрийг хуга өшиглөсөн хүргэн ах намайг очсонд их баярлаж билээ.
 
         Хот хүрээнээс очиж байгаа болохоор айл бүрт чихэр, боорцог ах нартаа хатуу идээ авсан болохоор ах хачин баярлав. Лонхтой архи талдаа орохын үест хүргэн ах “Манай энэ нэг гандсан шилбүүр унаад л явдаг жоохон хүүхэд байж билээ. Одоо ч сайхан залуу болж ээ” хэмээн намайг явуулна. Хариуд нь би “Та миний хамгийн хайртай мориноос минь салгасан болохоор таныг харах бүрт дургүй хүрч, холоо явсны чинь араас чулуу шиддэг байж билээ” хэмээн егөөдөв. “Нээрээ л би дүүгийнхээ сайхан хүлгийг нь үгүй хийсэн дээ” хэмээн хэг, ёг инээх ах хоймроо залсан арслантай авдраа ухаж гарав. “Аан энэ байна” гээд нэгэн шаазан унага гаргаж ирээд “За миний дүү эрийн цээнд хүрч, том  залуу болжээ. Чи ямар хүүхэд байхдаа морь унаж үзсэн биш, ах нь чамд будан цоохор азаргаа бэлэглэе. Сумын наадмаас долоон жил айраг, түрүү хүртсэн буян юм шүү. дээдэлж яваарай. Үрээгээ танихгүй олон адуутай, үрсээ танихгүй өнөр өтгөн болоорой дүү минь” гээд тортог даасан хадагтай хамт надад барилаа.
 
Хүүхэд цагийн гомдол тайлагдах шиг цээж дүүрэн огшоож хариу дуугарч чадсангүй. Маргааш нь цоо шинэ дээл, хором өмсөж шилээбэн малгай хазгай тавиад наадамд явахаар боллоо. Ах архины халуунд ам гараагүй бөгөөд үнэхээр л будан цоохор азарганыхаа хурдан бор үрээг гаднаа уяжээ. Будан цоохрын нуруунд мордож,
 
“Будантай юу буурал хорвоодоо
 
Бүүвэйлж өсгөсөн ээж минь ээ хө” хэмээн аялсаар морьд мордож буй газар руу ергүүллээ. Олон жил уралдсан болохоор тэр үү, азарга маань соёолон үрээний давхил дагаж давхих гээд тогтож өгдөггүй. Хүүхэд байсан бол аваад давхичих чадалтай, давилуун байлаа. Нүднээс нь саяхан мордсон соёолонгийн тоос харагдах бөгөөд, том нулимс унагах нь тэр. Би ч яах вэ морьтой наадаж үзсэн биш, харин хөгшин азарга минь нэг санаагаа амрааж давхиг дээ гэж бодлоо. Олмоо суллаж, эмээлийг нь авлаа.

    Хангинатал үүрсэж, газар цавчлаад эхлэв. Цулбуураа салгаж аваад, хазаарынх нь толгойд жолоог нь сойж, ташаан дээр нь “Чу” хэмээн алгадаад хоцров. Будан азарга маань зэрэглээн дунд зулын гол шиг дөлөрсөөр бараа тасрах. Би ч гэсэн нэг сайн уйлаад авлаа. Чухам эр хүний уярлыг хөндөж чаддаг хүлэг морь яалтчгүй чандмань эрдэнэ гэдгийг тэр үед л ойлгов.

Наадам ч үзсэн юмгүй эмээлээ үүрээд ахынх руу алхав. Тэр наадам миний үзсэн хамгийн сайхан наадам, хамгийн гунигтай хагацал байлаа. Будан цоохор азарга маань өөрийгөө сойж соёолон морьдын цээжинд ирж яваад гэнэтхэн бахардаж, эргэж сэрээгүй юм. Эрвэгэр зээрдээсээ хойш минийх гэж өмчилсөн ганц адуу минь ийнхүү бурхдын зараалд явахаар одсон нь тэр ээ.

БУДАН ЦООХОР АЗАРГА МИНЬ ХОРВООГООС БУЦСАН НААДАМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188