• Өнөөдөр 2024-10-06

Б.Анура: Цэвэр усны хомсдолд орж болзошгүй 20 улсад Монгол орон багтдаг

2020-09-07,   3070

Гол, ус ширгэж буйг бид шагшин ярьцгаах атлаа цэнгэг усаа хайрлаж, хамгаалах, аргилан гамнах тал дээр бодитой ажил хийж чаддаггүй. Өнгөрсөн  оны байдлаар 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэсэн байна. Харин экологийн цагдаагийн алба байгуулагдсан цагаасаа хойш “Ирлээ, явлаа, цэвэр”, “Хогоор бүү хорло” зэрэг байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх нөлөөллийн аянуудыг хэрэгжүүлээд байгаа билээ. Тэгвэл энэ удаад ЦЕГ-ийн Экологийн цагдаагийн албанаас “Цэнхэр алт”, “Ой мод” хэмээх хэсэгчилсэн арга хэмжээг эхлүүлээд байна. Энэ талаар Экологийн цагдаагийн албаны УСХАХ-ийн мэргэжилтэн Б.Анурагаас тодрууллаа. 
 
-ЦЕГ, Экологийн Цагдаагийн албанаас олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. “Цэнхэр алт” арга хэмжээ ямар зорилготой вэ? 
-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, иргэд, олон нийтэд эх дэлхийгээ хайрлах, уламжлалт ёс заншлаа дээдлэх мэдлэг олгож, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлнэ” хэмээн тусгасан. Энэ хүрээнд  ЦЕГ, Экологийн Цагдаагийн алба, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн төсөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Усны газар, хамтран дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, байгаль орчны тогтвортой менежментийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах  нөхцөлийг бүрдүүлэх энэ сарын 3-наас “Цэнхэр алт”, “Ой мод” хамгааллын хэсэгчилсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулж байна. Сарын хугацаанд үргэлжлэх уг арга хэмжээний хүрээнд ойн нөөцийн хомсдол, усны бохирдлын эх үүсвэр түүний учир шалтгааныг арилгах, бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олон нийтэд мэдээлэл өгөх,иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх зорилттой ажиллаж байна. 
-“Ой мод” арга хэмжээ зохион байгуулахад олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Энэ оны эхний найман сарын байдлаар ойн сан мөн байгаль орчныг бохирдуулсан гэмт хэрэг хэчнээн бүртгэгдсэн бэ?
-Улсын хэмжээнд оны эхний сард хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 1189 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан. Үүнээс харахад өнгөрсөн оны мөн үеэс 771 буюу 1.8 дахин өссөн. Мөн гэмт хэргийн шинжтэй 813, зөрчлийн шинжтэй 315 гомдол, мэдээллийг буюу хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Шийдвэрлэсэн хэрэг зөрчлийн 87.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй бол 12.1 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл байсан. Үүнээс хууль бусаар мод бэлтгэх 56, ой хээрийн түймэр тавих гурав, байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг дөрөв бүртгэгдсэн.
-Усны нөөцийг хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэхийн тулд бид юу хийх шаардлагатай вэ?
-Хамгийн эхлээд иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Бид усаа хайрлаж хамгаалах хэрэгтэй. Иргэн хүний ухамсар хамгийн чухал гэдгийг л онцолмоор байна. Үүнээс гадна Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд усны нэгдсэн бодлого, усны нөөцийг нэмэх, ашиглалтыг сайжруулах, Усны тухай хуульд заасны дагуу усны асуудлаарх салбар дундын зохицуулалт хийх шаадлага тулгараад байсныг  энэ онд шийдвэрлэж “Усны газар”-ыг шинээр байгуулан бодлогын хүрээнд дэмжин ажиллаж байна. БОАЖЯ-ны харьяанд усны 21 сав газрын захиргаа орон нутагт ажиллаж байгаа ч чадавх нь сул, Усны мэргэжлийн байгууллагуудын хүний нөөц, машин, тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай. Хамгийн гол нь иргэд өөрсдөө гол мөрнөө хайрлах, усаа хайрлаж, гамтай хэрэглэх зайлшгүй шаардлагатайг дахин хэлмээр байна.
 

Б.Анура: Цэвэр усны хомсдолд орж болзошгүй 20 улсад Монгол орон багтдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-04 22:10:44
    Зочин: Экологийн цагдаагийн газар нь цагдаагийнхаа ажлыг бус байгаль орчны төрийн захиргааны байгууллагын ажлыг өмнүүр хийж гүйж хийгээд л байх юм. Цагдаагаас гарцгааж яБайгаль орны яаманд очицгоовол яасан юм. Завтай, орон тоотой, рeклам нь дэндсэн удирдлагатай нөхдүүд байх юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-04 01:12:26
    Bathuu odontuya: Oi modoo hamgaalaj heregtei.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-02 22:35:16
    Хишгээ: Үүнийг Би гайхаад байдаг юм. Дэлхийн цэвэр усны 4 орчим хувь, бас хагалбар газрын эх байсаар байхад хомсдол гэсэн ойлголт төрүүлэх гээд байдаг нь Сонин шүү. Миний бодол.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188