• Өнөөдөр 2024-04-28

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Наадмын амралтын архидалт ба мэс заслын ширээн дээрх өвчтөнүүд

2022-07-18,   829

 
      ГССҮТ-ийн хүлээн авах хэсэгт хөл хөдөлгөөн их, наагуур цаагуур холхих хүн олон байв. Цаашилбал, эмнэлгийн гадна талбайд байрлах сааданд нэг эмэгтэй хүүхдээ тэвэрчихсэн уйлж суугаа харагдах аж. Хүлээн авах тасаг руу орж байгаа иргэд бүгд л яарч, найдлага тээж бэртэж гэмтсэн нэгээ зөөх нь олонтаа үзэгдлээ. Ингэхдээ хүлээн авах тасгийн хаалганд  машинаа тулган байрлуулж сандарч, тэвдэж арай хийж эмнэлгийн үүдээр орно. Харин гадна талбайд шинжилгээний хариу хүлээх иргэд энд тэнд бөөгнөрөн сууна. Хүүхдээ тэврэн уйлж байгаа эмэгтэйд золгүй зүйл тохиолдсон нь илт. Хажуугаар нь зөрөн өнгөрөх иргэд гайхсан нүдээр харж, зарим нэг нь өрөвдөж яах учраа олохгүй өнгөрч байлаа.

-АМИНААС “ҮНЭТЭЙ” АРХИДАЛТ -

        “Уйлж буй эмэгтэйд юу тохиолдсон юм бол” гээд сааданд очиж  сууж хэсэг ажиглав. Өмсөн хувцас байгаа байдлыг нь харвал хөдөө аялалд явж байгаад шууд ирсэн гэлтэй. Чөлөөт загварын биеийн тамирын, усны гутал өмссөн байлаа. “Юу тохиолдсон болоод ингэтлээ их уйлж байгаа юм бол доо” гэж бодож суух хооронд түүний утас дугарч сая нэг юм энд юу болж байгааг мэдэх байгаа мэт гайхаж утсаа авав. Охиныхоо нулимсыг арчиж, гүнзгий амьсгал аваад, сөөсөн хоолойгоор “Байна уу, ах нас барчихлаа. Хоёр хүүхэд нь  эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байна. Хүслэн нэг юм арай гайгүй ухаан санаа нь орж гараад байх шиг байна. Ээж хол шидэгдээд дуугарахгүй байсан гээд уйлаад байгаа” гээд нулимсаа тэвчин ярив. Энэ ярианаас түүнд тохиолдсон зүйлийг гадарласан юм. Тэгээд утсаар ярьж дууссаны  дараа  түүнтэй ярилцаж, юу болсон талаар тодруулав. Эхэндээ “Эгч нь үнэхээр ярьж чадахгүй байхаа” гээд уйлж байснаа сүүлдээ нулимсаа залгиж болсон явдлыг ярьж эхлэв.
        Тэрбээр “Би эхээс тавуулаа.  Манай том ах маань өчигдөр шөнө гэр бүлийнхэнтэйгээ аяллаар явж байгаад осолд орсон. Зүгээр ч нэг бэртэж гэмтээд өнгөрсөнгүй. Эхнэртэйгээ цуг нас барчихлаа. Гурван хүүхэд нь эрчимт эмчилгээний тасагт хоёр нь ухаангүй. Нэг нь ухаан санаа нь орж гараад хэцүү байна. Манай гэр бүлийнхэн хөдөө явж байсан ийм зүйл болсныг сонсоод шөнөжингөө яваад өглөө хотод ирсэн. Зөв зүгээр, инээгээд салсан ах минь согтуу эмэгтэйн урсгал сөрж орсон үйлдлээс болоод машинтайгаа  шидэгдэж гурван хүүхдээ орхиод явчихлаа. Одоо цаашдаа яах ёстойг ч мэдэхгүй байна. Үнэхээр их харамсаж сэтгэл өвдөж байна. Осол гаргасан талаас одоо болтол холбогдоогүй. Цагдаа нарын өгсөн мэдээллээр жолооны үнэмлэх байхгүй, согтуу эмэгтэй машин барьж явсан гэсэн. Осол гаргасан талаас жолоо барьж явсан эмэгтэй болон урд талын суудалд явсан залуу хоёр газар дээрээ нас барсан. Юм л бол том ах маань ингээрэй, тэгээрэй гэж зааж өгдөг гэтэл одоо тэгж хэлэх хүн алга. Яах учраа мэдэхгүй юм. Хөгшин ээж минь том ахынд байдаг болохоор хэцүү байхдаа. Ядаж байхад дүү нарын биеийн байдал муу байна. Эрчимт эмчилгээний тасгийн үүдэнд манай хамаатнууд байгаа. Би бүр яахаа мэдэхгүй уйлаад л сууж байна. Айлын бага гэж ах эгч нартаа эрхэлж өссөнөөс анх удаа л ийм том хагацал дунд уналаа” хэмээн нулимс  дуслуулан ярьсан юм.
 
      Түүний яриаг сонсоод яагаад ч юм гуниг төрж харамссан. Хэн нэгний хайнга үйлдлээс болоод элэг бүтэн гэр бүл эмтэрчихсэн гэхээр дотор давчдаж гомдохгүй байхын аргагүй. Хэрвээ тэр эмэгтэй урсгал сөрж, согтуугаар жолоо бариагүй бол нэг ч гэсэн гэр бүл элэг бүтэн энхрий үрстэйгээ инээлдээд байж байх байлаа. Баяр наадмын өдрүүдэд Улаанбаатараас хөдөө явах замын хөдөлгөөн нэмэгдэж нэг хэсэгтээ л хот эзгүйрдэг. Энэ үетэй зэрэгцэн архидан согтуурч нэгнийгээ бэртээж гэмтээх үйлдлүүд ч тасардаггүй. Баяр наадам болохоор л омогшиж архидан согтуурхаа хэзээ болих вэ. Амралт нэртэй архидалтаас болж хохирч  үлдэх хүний тоо нэмэгдсээр л байна. Ямар нэгэн баяр болмогц "Муугийн ёс биш монголын ёс ширээн дээр заавал архи байх ёстой" гэх үзлээс үүдэлтэй архидалт хэвийн зүйл мэт болжээ. 

-ГССҮТ-ИЙН АЧААЛАЛ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 10.7 ХУВИАР ӨССӨН-

        Биднийг ГССҮТ-ийг зорин очиход үйлчлүүлж буй иргэд олон байсан. Үзлэгийн өрөө, хэвтэн эмчлүүлэх тасгийн үүдэнд оочирлон зогсох иргэдийн дүр зураг тухайн эмнэлгийн ачааллыг харуулсан гэхэд хилсдэхгүй байх. Иймд бид баяр наадмын өдрүүдээр ачаалал хэр их байсан талаар ГССҮТ-ийн Статистик тандалт судалгааны төвийн тархвар судлаач Х.Мөнхзултай уулзаж тодруулсан юм. 
Тэрбээр “Энэ оны  долдугаар сарын 11-15-ны өдөр Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаас нийт 2259 иргэн осол гэмтлийн улмаас тусламж үйлчилгээ авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.7 хувиар өссөн. Тодруулбал, 2021 оны долдугаар сарын 11-15 өдрүүдэд Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаас нийт 2039 иргэн осол гэмтлийн улмаас тусламж үйлчилгээ авч байсан. Нийт тусламж үйлчилгээ авсан иргэдийн 36.8 хувь 831 нь 0-18 насны хүүхэд эзэлж байна. Ерөнхийдөө манайд үйлчлүүлж буй иргэдийн осол, гэмтлийн тэргүүлэх таван шалтгаан нь:
  • Уналт- 43 хувь
  • Амьгүй механик хүчинд өртөх буюу хутга, мэсэд өртөх нь - 18 хувь
  • Амьтай механик хүчинд өртөх буюу амьтанд хазуулах, хатгуулах нь -15 хувь
  • Зам тээврийн осол- 12.5 хувь
  • Хүчирхийлэлд өртөж бэртэж гэмтсэн нь - 8.5 хувь
     Нийт осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн 80-85 хувь нь санамсаргүй байдлаас үүсдэг тул иргэд аялал зугаалгаар явах үедээ учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалж, анхаарал болгоомжтой байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх нь чухал./Ялангуяа гол усны хажууд/  
Мөн хүүхдийнхээ хажууд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хүүхдэдээ тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Осол гэмтлийн улмаас тусламж үйлчилгээ авсан иргэдийн тэргүүлэх таван онош нь
  • Толгойн гэмтэл -19 хувь
  • Тохой ба шууны гэмтэл -17 хувь
  • Шагай ба тавхайн гэмтэл -13.5 хувь 
  • Өвдөг ба шилбэний гэмтэл- 12.1 хувь
  • Бугуй ба сарвууны гэмтэл -10.5 хувь
      Аялал зугаалгын улиралд бэртэж гэмтэж буй хүмүүс дийлэнхдээ анхаарал болгоомжгүй байдлаас болдог учир эрсдэл учруулахгүйн тулд сонор сэрэмжтэй байгаарай гэж хүсэж байна” гэсэн юм.

-СОГТУУ БОЛОХООР Л  БЭРТЭЭСЭН ГЭХ ӨӨДГҮЙ ХЭДЭН ҮГС -

              Монголчуудын тэмдэглэлт баяр дуусдаггүй гэх хошигнол байдаг. Гэтэл энэ нь үнэн юм.  Архи зохидог, зохидоггүй гэж өөрсдийгөө дүгнэж хөөргөөд “Уучихаараа л зэрлэг болдог юм” гэж өмөөрдөг. Найзуудаараа инээлдэн тойрч суучхаад маргааш өглөө нь нэгнийхээ аминд хүрсэн харамсалт хэргүүд цөөнгүй. Хамаг буруу нь ердөө “Надад архи зохидоггүй юм. Эрүүлдээ сайн хүн” гэх цөөн хэдэн үгс.  Нийгэмд болж буй үймээн самуун, гэр бүл салалт, хүчирхийлэлд хамгийн их буруутай зүйлийг архи гэж хээв нэг хэлцгээдэг. Архи амьгүй, хүн л авч ууж буруу үйлдлийг хийдэг. Гэтэл бид ер тооддоггүй. 
 
           ГССҮТ-ийн хүлээн авах хэсэгт үйлчлүүлж байгаа иргэдийн дунд архи үнэртүүлчихсэн, бүр болоогүй мэдээллийн ажилтанд хандаж “Манай найзын гараас цус алдаад байна. Бушуухан оёдол тавиулмаар байна” гэж уурлах нэгэн ч байсан. Тун харамсалтай. Өөрөөс нь өмнө нь ирж, үйлчлүүлэх цагаа хүлээгээд сууж буй иргэдийн бухимдлыг төрүүлж, адилхан л өвдөж байгаа хүмүүсийг үл хүндэтгэн хэрүүл маргаан үүсгэж буй хүмүүс л тэнд согтуу байв. Хэсэг намжаад чимээгүй болчихоор нь баярлах хүн олон. Тэгтэл чанга гэгч нь бахархалтайгаар “Манай хоёр найз хоорондоо муудалцаад, нэгнийхээ гарыг огтолчихсон” гээд коридороор дүүрэн инээж олны дургүйцлийг хүргэнэ. Тэнд үйлчлүүлж буй иргэд бүгд л ямар нэгэн байдлаар гэмтсэн эсвэл нэгнийхээ бэртлийг үзүүлэхээр ирсэн байж таараа. Өөрийгөө биш юмаа гэхэд бусдыг хүндлэх, өрөвдөх, хайрлах ухаан согтуу хүмүүст алга. Архидалт монголчуудыг зэрлэгшүүлж байна.
 

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Наадмын амралтын архидалт ба мэс заслын ширээн дээрх өвчтөнүүд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188