• Өнөөдөр 2026-08-23

ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ

   ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож буй НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Уур амьсгалын өөрчлөлтийн газрын Дасан зохицол, тэсвэрлэх чадварын хэлтсийн дарга Мирей Аталла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

   Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийг 2030 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцолсон байна.Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр, Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг олон улсын хөгжлийн баримт бичгүүдтэй нягт уялдаж байгааг дурджээ.Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, усны хомсдол болон гамшгийн эрсдэл харилцан уялдаатайгаар нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд байгаль орчны бодлого болон гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг илүү нягт уялдуулах шаардлага тулгарч байгааг талууд онцолсон юм.

   Энэ хүрээнд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Ази, Номхон далайн бүс нутаг, тэр дундаа Зүүн хойд Азид хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Тодруулбал, гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх, аюулт үзэгдлийн эрт зарлан мэдээлэх тогтолцоог хөгжүүлэх, экосистемд суурилсан гамшгийн эрсдэлийг бууруулах, ган, газрын доройтол, цөлжилтийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн байна.

   Мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс техникийн зөвлөх үйлчилгээ, олон улсын сайн туршлага, сургалтын дэмжлэг авах, байгаль орчин болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээрх бүс нутгийн түншлэлийн сүлжээнд мэргэжилтнүүдийг хамруулах асуудлаар санал солилцсон байна.Түүнчлэн Ногоон уур амьсгалын сан, Даян дэлхийн байгаль орчны сан, Дасан зохицох сан зэрэг олон улсын санхүүжилтийн эх үүсвэрт хамтарсан төсөл боловсруулж, хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцжээ.


ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188