• Өнөөдөр 2026-08-09

Увс аймагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт, судалгааг зургаа дахь жилдээ зохион байгуулжээ

    Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв болон ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг Увс аймгийн Ханхөхийн нурууны Цалуу-Баянголын өр голомтод тарваган тахлын байгалийн голомтын тандалт, судалгааг зохион байгуулжээ.

   Тус судалгааг 2026 оны долдугаар сарын 15-наас эхлэн 15 хоногийн хугацаанд хийж, тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил болон хүн амд халдвар тархах эрсдэлийг үнэлэх зорилгоор хээрийн болон лабораторийн шинжилгээ, тандалтын ажлуудыг гүйцэтгэсэн байна.Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2017 оноос хойш тасралтгүй хэрэгжиж буй энэхүү хамтарсан судалгаа нь 2026 онд арав дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд Увс аймагт зургаа дахь жилдээ хэрэгжиж байгаагаараа онцлог юм.

   Судалгааны үр дүнг танилцуулах өргөтгөсөн уулзалтад Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр, холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд болон Монгол, ОХУ-ын хамтарсан судалгааны багийн төлөөлөл оролцсоэ байна. Уулзалтын үеэр тарваган тахлын байгалийн голомтот бүсэд зорчих иргэд, дотоодын аялагчид болон жуулчдад сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Түүнчлэн тарвага агнах, өвчих, махыг нь хэрэглэх, үхсэн болон өвчилсөн тарвагатай харьцах зэрэг халдвар авах эрсдэлтэй үйлдлээс татгалзахыг зөвлөв.

   Мөн тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, байгалийн голомтын тандалт, хяналтыг сайжруулах, халдварын эрсдэлийг бууруулах чиглэлээр цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар талууд санал солилцсон байна.Монгол, ОХУ-ын хамтарсан энэхүү судалгаа нь тарваган тахлын байгалийн голомтын идэвхжлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Увс аймагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт, судалгааг зургаа дахь жилдээ зохион байгуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188