• Өнөөдөр 2026-05-12

Талбай дүүрэн номтой “Номын баяр”

2026-05-12,   254

     Номын баяр болох бүрт бид номын тухай их ярьдаг. Гэхдээ ихэнхдээ номын доторх ертөнцийн тухай биш, гаднах төрхийн тухай яриа өрнөнө. Хавтас нь ямар болсон, цаас нь хэр чанартай, хэвлэл нь ямар өнгөлөг, ямар гоё харагдаж байгаа тухай. Харин хамгийн чухал зүйл болох агуулгын тухай яриа улам багассаар байна. Манайд аажмаар нэг аюултай үзэгдэл бий болсоор...

    Бид номыг уншихаасаа илүү хардаг болсон. Контентыг ойлгохоосоо илүү хэрэгжүүлдэг болсон. Санааг эргэцүүлэхээсээ илүү хурдан дамжуулдаг болсон. Энэ бүхэн эхэндээ асуудал шиг харагддаггүй. Харин ч эсрэгээрээ, талбай дүүрэн ном, соёлын амьдрал идэвхтэй мэт санагдана. Маш их мэдээлэл, маш олон ном хэвлэгдэжээ. Өдөр бүр шинэ контент төрж, хүмүүс байнга ярьж байна. Гэвч энэ их хөдөлгөөний цаана агуулгын хоосрол аажим аажмаар үүссээр. Хүн бүхэн ярьдаг ч шинэ санаа төрөхөө больдог. Ном маш олон хэвлэгддэг ч уншигчийн дотор юу ч үлддэггүй. Контент тасралтгүй үйлдвэрлэгддэг ч маргааш нь бүгд мартагддаг. Мэдээлэл асар хурдтай тархдаг ч хүмүүс түүнийг дотроо боловсруулж боддоггүй. Учир нь оюуны зах үгүй болж эхэлж байна.

     Оюуны зах гэдэг нь санаа, агуулга, эргэцүүлэл, сэтгэлгээ үнэлэгддэг орон зай юм. Тэнд хүний бодол үнэ цэнтэй байдаг. Тэнд зохиолч, орчуулагч, редактор, судлаач, нийтлэлчийн хөдөлмөр зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд бус нийгмийн оюуны амьдралд оруулж буй хувь нэмэр гэж үнэлэгддэг. Харин ийм зах үгүй болоход хамгийн түрүүнд агуулга үнэгүйддэг. Эргэцүүлэл үнэ хүрэхээ больдог. Урт хугацааны хөдөлмөр шаардсан чанартай бүтээл “ашиггүй” мэт харагддаг. Гүн текст тэвчээр шаарддаг учраас эрэлтгүй болно. Ингээд нийгэм аажмаар зөвхөн харагдах зүйлээр амьдарч эхэлдэг.

Тэнд богино уриа урт бодлыг ялна, гоё дүрс сайн утгыг дарна, шуугиан үнэнийг орлоно, хурд чанарыг устгана. 

   Хүмүүсийн анхаарал улам богиносож, нэг нүүрээс урт текст унших тэвчээргүй болно. Төвлөрч бодохоос залхана. Төвөгтэй санааг “уйтгартай” гэж үзнэ. Бүхнийг богино, амархан, шууд тайлбарлуулахыг хүсдэг болно. Эцэст нь нийгэм бодохоо больж, зөвхөн хариу нэхдэг болдог.

    Контентгүй нийгмийн хамгийн аймшигтай шинж нь мэдлэггүйдээ биш. Харин өөрийгөө мэдлэгтэй гэж итгэдэгтээ байдаг. Учир нь мэдээлэл ихтэй учраас хүмүүс “бид бүгдийг мэддэг” гэж боддог. Гэтэл үнэндээ холбоос уншсан ч ном уншаагүй, ишлэл харсан ч санааг нь ойлгоогүй, мэдээлэл авсан ч дотроо боловсруулаагүй байдаг. Тийм нийгэмд хэл хүртэл ядуурдаг. Өгүүлбэр богиносч, нарийн мэдрэмжүүд алга болдог. Хүн өөрийн дотоод ертөнцийг илэрхийлэх чадваргүй болж эхэлдэг. Ингээд нийгэм бүхэлдээ гүн биш, хурдан, түр зуурын, мартагддаг, амархан удирдагддаг шинжтэй болдог. Яагаад гэвэл контент гэдэг зүгээр мэдээлэл биш байсан. Контент бол нийгмийн ой санамж байсан. Хамтын ухамсар байсан. Хүмүүсийг хооронд нь утгаар холбодог гүүр байсан. Ирээдүйгээ төсөөлөх чадвар байсан. Өөрийгөө ойлгох толь байсан. 

     Тиймээс контентын асуудал бол зөвхөн хэвлэлийн салбарын асуудал биш, ёстой нөгөө үндэстний оюуны дархлааны асуудал юм. Ийм үед төрийн бодлого асар чухал болдог. Учир нь зах зээл дангаараа агуулгыг хамгаалж чаддаггүй. Зах зээл хамгийн түрүүнд хурдан хэрэглэгдэх, амархан борлогдох, шууд анхаарал татах зүйл рүү тэмүүлдэг. Харин сайн контент бол ихэвчлэн удаан хөдөлмөр, тэвчээр, эргэцүүлэл дээр төрдөг. Шууд ашиг авчирдаггүй ч урт хугацаанд нийгмийг өөрчилдөг. Тиймээс төр зөвхөн хэвлэлийн үйлдвэрлэлийг дэмжих биш, агуулгыг үнэлдэг орчныг хамгаалах ёстой. Сайн орчуулга, сайн редактор, сайн судалгаа, сайн зохиол, чанартай нийтлэл, урт хугацааны оюуны хөдөлмөрийг үнэлдэг бодлого хэрэгтэй. Контентыг зөвхөн бараа бүтээгдэхүүн гэж харах биш, үндэсний соёлын аюулгүй байдал гэж ойлгох шаардлагатай. Учир нь оюуны захгүй газар жинхэнэ контент төрдөггүй. Зөвхөн хэрэглээний материал үйлдвэрлэгддэг. Харин агуулгаа үнэлдэг нийгэмд хүмүүс зөвхөн мэдээлэл хэрэглэдэггүй. Тэд боддог. Эргэлздэг. Харьцуулдаг. Өөрсдийгөө ойлгодог. Ирээдүйгээ бүтээдэг. Энэ удаагийн Номын баяр зөвхөн олон ном худалдаалагдсан өдөр биш байгаасай. Харин бид “ном гэж юу вэ, контент гэж юу вэ, оюуны хөдөлмөр ямар үнэ цэнтэй вэ” гэдгээ дахин бодож эхлэх өдөр байгаасай.

“Монсудар” хэвлэлийн газрын захирал, Р.Энхбат


Талбай дүүрэн номтой “Номын баяр”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-05-12 13:40:26
    Уншигч: Тэгвэл том компанийн зангараг заагаад номын баярт битгий оролцооч. Яг цагаа тулахаар орлого ашгаа бодоод оролцохгүй байж чадахгүй шүү дээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188