• Өнөөдөр 2026-06-30

Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА

2026-06-30,   148

   Нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн 12д ангийн сурагч Н.Мөнхжавхланг энэ удаагийн “Монголын гэрэлт ирээдүй” буландаа онцолж байна. Түүний хувьд нийгэм судлал, математик, монгол хэлний хичээл ЭЕШ-ийн 800 оноо авсан юм.

 - ЭЕШ-даа гурван хичээл дээр 800 оноо авсанд баяр хүргэе. 800 оноо авсан гэдгээ мэдэх үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

           -Нэг жил орчим хугацаанд цаг гарган бэлдсэн. Шалгалтаа өгөөд, анхны оноогоо шууд хардаг гэдгийг багш нараасаа мэдсэн. Нэг танхимд хамт шалгалт өгсөн хүүхдүүдтэй 100-аас хэд авсан гэдгээ харах гэж явахдаа их догдолж байсан. Анхны оноо маань өндөр байсан болохоор бараг 800 авчихсан байх гэдэгтээ итгэлтэй байсан. Тэр оройдоо хэмжээст оноогоо хүлээгээд унтаж чадахгүй байсан. Гэхдээ маргааш нь шалгалт өгөх болохоор өөрийгөө тайвшруулж 800 авч чадна гэсэн найдвартай унтсан. Өглөө босоход багш нар маань баяр хүргэсэн байхыг хараад маш их баярласан. 

-Гурван хичээл дээр 800 оноо авна гэсэн тооцоолол байв уу?

         -Нийгэм судлал, математик хичээлийн давтлагад сууж, голчлон бэлдсэн учраас энэ хоёр хичээлдээ 800 авна гэсэн зорилготой байсан. Дөрөвдүгээр сард болсон эх хэл бичгийн шалгалтад 800 оноо авсан болохоор гурван 800 оноотой болж байгаа юм.

-Багш, гэр бүлийнхэн нь их баярласан байх даа?

        -Анхны оноо бүрийг тухайн оройдоо мэдэж байсан болохоор хэмжээст оноо хэд болохыг барагцаалж байсан.  Гэрийнхэн маань баярлаад л, догдлоод л байсан. Багш маань шалгалт өгсөн сургуулийн гадаа өглөөнөөс орой болтол шавь нараа  хүлээж байсан. Оноо өндөр авсан байвал тэр хавиар баярласандаа гүйгээд л, үгээр хэлэхийн аргагүй л баярлаж байсан даа.

-Шалгалтандаа хэр хугацаанд бэлдсэн бэ, хэдэн хичээлээр ЭЕШ өгсөн бэ?

       -Би нийт таван хичээлээр ЭЕШ өгсөн. Есдүгээр сарын 1-нээс л энэ жил тийм чухал шалгалттай, түүнд их бэлдэх хэрэгтэй бодолтойгоор хичээлдээ шамдан орсон. Багш нар маань ч олон хэрэгтэй зөвлөмж, зөвлөгөө өгч байсан.

-Бэлдэхдээ юунд хамгийн их анхаарч, ямар арга барилаар бэлдэв?        

          -Шалгалт өгөх хугацаа яг тухайн үед богинохон санагддаг. Үүнд дасах гэж минут тавиад л өмнө жилүүдийн материалууд дээр ажиллаж байсан. Мөн хариултын хуудас бөглөхөд хугацаа их алдахгүйн тулд байнга түүн дээр бэлддэг байсан.

-Шалгалтанд бэлдэхэд, шалгалтаа өгөхөд хамгийн анхаарах ёстой зүйл нь юм байсан бэ?

       -Сайн нойртой байх их чухал. Үеийнхнийгээ хараад байхад шөнөжин сууж хичээлээ хийгээд л өөрсдийгөө ядраагаад байдаг. Тэгэх ер нь буруу. Эрт унтаж, нойроо сайн авах чухал. Бас нэг асуудал байдаг шалгалт өгөхдөө бид их сандардаг. Сандарсандаа хамаг бэлдсэн юмаа мартах эрсдэлтэй. Дараа нь хийж чадах байсан зүйлээ тухайн үедээ сандарснаасаа болж орхисон байх тохиолдол байдаг. Миний хувьд ЭЕШ-д өгөхдөө сандраагүй. Багш нар,  гэрийнхэн маань бүгд надад итгэж байсан. Шалгалтруу ороход тэврээд, амжилт хүсээд оруулж байсан болохоор зоригтой өөртөө итгэлтэй байсан. Бэлдсэн зүйлүүд л орж ирнэ гэсэн бодолтой байсан учраас сандрах зүйл байгаагүй.

-Энэ амжилтад багшийн оролцоо тун чухал. Багшийнхаа талаар ярихгүй юу, та нарт юуг хамгийн их захиж байв?

  -Багш нар олон олон ЭЕШ-ыг үзсэн. Олон хүүхдийг бэлтгэж оруулсан учраас тэр бүрдээ хуримтлуулсан туршлагаа хуваалцаж, их ажиглагддаг алдаа бүрийг залруулж байсан. Хамгийн гол нь битгий сандраарай, цагийн менежмент сайн хийгээрэй гэж захиж байсан.

-Энэ жилийн ЭЕШ олон маргаан дагуулаад байгаа шүү дээ. Чамд хүндрэлтэй зүйл гарсан уу, шалгалт өгсөн сурагчийн зүгээс шүүмжлэлтэй хандах зүйл байсан уу?

        -Таван хичээлээр шалгалт өгөхдөө голлож бэлдсэн хоёр хичээл маань ерөнхийдөө дажгүй материал байсан. Бусад гурван хичээл дээр боломжит оноогоо авахад л болно доо гэж өөрийгөө тайвшруулаад орсон. Хүнд, хөнгөн байсан гэж хэлэхэд хэцүү. Тууштай бэлдэсний үр дүн. Бусдаас ирэх шүүмжлэл байгаагүй. Манай сургуулийнхан бүгд бие биедээ амжилт хүсээд орж, гарч ирэхэд ч хүмүүс баяр хүргэн угтаж байсан.

-ЭЕШ-д бэлдэж байгаа хүүхдүүд юун дээр илүү анхаарах ёстой гэж бодож байна вэ, дүү нартаа зөвлөгөө өгөхгүй юү?

         -Сургууль, мэргэжлээ эрт сонгосон байх их чухал юм билээ. Тэгэж байж ямар ямар хичээл дээр, хэрхэн бэлдэх арга барилаа олчихно. ЭЕШ-д бэлдэж буй хүүхдүүдэд багш нарынхаа зөвлөгөөг сайн дагаж, өөрийгөө аль болох тэвдүүлэлгүй, тайван бэлдэж, цаг хугацааг дэмий зүйлд бүү алдаарай гэж хэлье.

 

 


Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188